| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2205017552125 |
| Дугаар | 2023/ДШМ/19 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ДШМ/19
2023 01 03 2023/ДШМ/19
Ж.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дүгээр сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/803 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Анхбаярын бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаар эсэргүүцлээр Ж.Б-д холбогдох ............ дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн талын авто замын орчим тээврийн хэрэгслийн зорчих хэсэг рүү чулуу шидсэний улмаас “Тоёота приус” 20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж Ш.Б-д 250.000 төгрөгийн, “Тоёота приус” 41 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг хонхойлгон гэмтээж М.Ш-д 288.000 төгрөгийн, нийт 538.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ж.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор М.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Б нь нэг цаг хугацаанд хууль бус үйлдэл нь төгсөөгүй байхдаа бусдын буюу 2 хохирогчийн эд хөрөнгөд бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзэв. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/803 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагдагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.
Прокуророос, Ж.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн талын авто замын орчим тээврийн хэрэгслийн зорчих хэсэг рүү чулуу шидсэний улмаас “Тоёота приус” 20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж Ш.Б-д 250.000 төгрөгийн, “Тоёота приус” 41 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг хонхойлгон гэмтээж М.Ш-д 288.000 төгрөгийн, нийт 538.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Ж.Б-ы үргэлжилсэн үйлдэл нь тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж байж гэмт хэрэгт тооцогдох бөгөөд харин үйлдэл тус бүр гэмт хэргийн шинжийг хангаагүй байхад учруулсан хохирлыг нэмж бага хэмжээнээс дээш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Ж.Б-ы гэмт үйлдэл нь төгсөөгүй буюу автомашины зорчих хэсэг рүү нэг цаг хугацаанд чулуу шидэж буй уг үйлдлийн улмаас 2 автомашинд нийт 538.000 төгрөгийн хохирол учруулсан байхад анхан шатны шүүх тус тус гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Ж.Б бусдын эд хөрөнгөд халдаж, гэмтээж буй хууль бус үйлдэл таслан зогсоогдохоос өмнө буюу хууль бус үйлдэл төгсөөгүй байхад нэг цаг хугацаанд бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурдсан алдаа, зөрчил нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хамаарч байх тул прокурор М.Анхбаярын бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/803 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/803 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ