| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03181/И |
| Дугаар | 182/ШШ2024/04664 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/04664
2024 11 12 182/ШШ2024/04664
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 185,313,315 төгрөгийг гаргуулах тухай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн
Хариуцагчийн төлөөлөгч Н.Цэд
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь .... ХХК-тай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Зэс молибдены ордын 3 байршил дахь хүдрийн биет ордын дээжид иж бүрэн технологийн туршилтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХАГ-21/07 тоот Ажил гүйцэтгэх гэрээ /цаашид ХАГ-21/07/г байгуулсан.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай компани өөрийн Эрдэс боловсруулалт, судалгааны лабораторид "Эрдэнэтийн овоо зэс молибденийн ордын Баруун хойд, Төв, 12-р овоолго гэсэн нийт 3 байршил дахь исэлдсэн хүдрийн 4,07 тн дээжид баганан уусгалтын задгай болон битүү циклийн 2 туршилтыг гүйцэтгэж, тус бүрийн туршилтын ажлын тайланг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн болно.
ХАГ-21/07 тоот гэрээний 4.2-т зааснаар төлбөрийн урьдчилгаа болгон нийт үнийн 50% төлөх, шинжилгээний тайланг хүлээлгэн өгснөөс хойш ажлын 5 хоногийн дотор гэрээний үнийн үлдэгдэл 50 хувийг төлөхөөр тохиролцсон. Харин Захиалагч .... ХХК нь ХАГ-21/07 тоот гэрээний үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй.
Талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харилцагчтай тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн бөгөөд уг тооцоогоор .... ХХК нь ХАГ-21/07 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 123,542,210 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан. ХАГ-21/07 тоот гэрээний 7.3-т Захиалагч нь гэрээт ажлын үнийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд үлдэгдэл төлбөрийн 0.3%-ийн алдангийг Гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу бид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан ажил хүлээлцэх акт үйлдсэн өдрөөс хойш алданги тооцож байна. Алдангийн хэмжээ 61,771,105 төгрөг болно.
Захиалагчийн зүгээс цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн хүндрэлээс шалтгаалж төлбөрийн хугацааг хойшлуулах хүсэлт ирүүлж байсныг харгалзан бид мөнгөн төлбөрийн гүйцэтгэлийг хүлээж байсан ч ямар нэг хэмжээгээр төлөлт хийгээгүй, энэ талаар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байна.
Иймд .... ХХК-аас гэрээний үндсэн үүрэгт 123,542,210 төгрөг, алданги 61,771,105 төгрөг, нийт 185,313,315 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Талууд эвлэрэн хэлэлцсэн учир эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 61,771,105 төгрөгийг татгалзаж, хариуцагч .... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 123,542,210 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 23,542,210 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, нөгөө талаас хариуцагчийн төлөөлөгч Н.Цэд нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 61,771,105 төгрөгийг татгалзаж, хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 123,542,210 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 23,542,210 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ....ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,084,517 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 775,661 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ....ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ....ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .... ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 185,313,315 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ....ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 61,771,105 төгрөгийг татгалзаж, хариуцагч .... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 123,542,210 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 23,542,210 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ....ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ....ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,084,517 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 775,661 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ....ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ