Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05073

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05073

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            нэхэмжлэгч: *** хаягт оршин суух, рд:***,  ***нэхэмжлэлтэй,

 

            хариуцагч: ***  хаягт оршин суух, рд:***, *** холбогдох,

 

             7 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд

       ***

       шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан  7 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 4 250 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... *** миний бие***-д ажилладаг өгөөд урьд нь хэд хэдэн ажил хийж байсан ***тэй харилцан тохиролцож өргөн 2.8 м, өндөр нь 3 метр хэмжээтэй түр хашааг 1 хашааг нь 350,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Түр хашаа нь барилга барихад түр ашигладаг сэндвич хашаа бөгөөд барилгын ажил дуусахад буулгах зориулалттай. ***ийн захиалсан хашаа нь хүрэхгүй байсан тул нэмж хашаа хийлгэхээр захиалж, ***ийн хэлсэн ёсоор 2022 оны 06 дугаар 25-ны өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөг авч захиалсан хашааг бүрэн хийж, Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын газарт нь хашааг суулгаж өгсөн. Хийсэн хашааны үлдэгдэл төлбөр болох 6,700,000 төгрөгийг *** нь одоог хүртэл төлөөгүй, төлнө гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. ***тэй олон удаа утсаар ярьж, уулзсан бөгөөд тэгэх бүрдээ бичлэг хийж авсан ба баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Байнга мөнгө өгнө гэж хойшлуулсаар байгаад уулзахдаа өөрийн унаж явсан Приус-30 маркийн авто өгч зөрүүг нь авч болно гэсэн боловч уг тохиролцоогоо мөн хэрэгжүүлээгүй. Иймд иргэн ***өөс барилгын түр хашаа хийлгэсний үлдэгдэл төлбөр болох 6,700,000 төгрөг, хууль зүйн туслалцааны төлбөр 1,000,000 төгрөг, нийт 7,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ***, *** нарын хооронд хэлцлээр тохиролцож, төлбөрийг өгч авалцсан. Мөн хэлцлээр тохиролцсон хашааг бүрэн хүлээлгэж өгсөн. Тэгэхээр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 96 дугаар зүйлд гэрээ байгуулсанд тооцох тухай заалтууд байгаа. Эд хөрөнгө шилжүүлснээр, гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн бол гэрээ байгуулсанд тооцно гэж байгаа. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч талын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдлыг гаргана гэж заасан байгаа. *** нь эд хөрөнгийн доголдолтой байна гэж үзэж байгаа бол тухайн хашааг хүлээж авахгүй байх боломжтой байсан. Гомдолтой байсан бол 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах боломжтой байсан. Гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа. Хэтэрсэн хугацаа нь 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хашааг жил гаруй хугацаанд ашигласан, одоо ч гэсэн ашигласаар байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн гэрээнээс сөрөг нэхэмжлэл гаргахгүй байх нөхцөлүүдийг хуульд заасан байдаг. Үүрэг гүйцэтгэгч тал буруутай байх юм бол сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийг татгалзах ёстой. *** нь хашааг бүхэлд нь хүлээж авчхаад үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, хашааг жил гаруй хугацаанд ашиглаж, элэгдэл хорогдолд оруулчхаад урьдчилгаанд өгсөн 2,000,000 төгрөгийг шаардаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл *** нь төлбөрөө төлөөгүй байж 2 жилийн дараа сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү… гэв.

 

3.Хариуцагч хариу тайлбартаа ...хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,700,000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *** нь ***тай 2022 оны 06 дугаар 25-ны өдөр барилгын түр хашаа бариулахаар тохиролцсон. Уг хашааны хэмжээ 2.8 м өргөнтэй, төмөр ханын хэмжээ 1.5 мм-ээс дээш зузаантай байхаар тохиролцсон боловч уг тохиролцсон төмрөөр хийгээгүй, 0.2 мм зузаантай хамгийн нимгэн төмрөөр хийсэн. Нэг хашааг 350,000 төгрөгөөр тохиролцож, 1 жилийн баталгаа өгнө. Энэ хугацаанд эвдрэл гарвал засаж, сольж өгөхөөр тохиролцсон. Хашааг авч ирэх үед нь тохирсон хэмжээгээр хийгээгүй байна гэж мэдэгдсэн. “Өөр эвдрэл гарвал 100 хувь хариуцна” гэж *** хэлсэн. Хашааг хийснээс 3 хоногийн дараа гагнаас салж, салхинд унасан. ***аас засаж, сольж өгөхийг шаардахад ирээгүй. Түүнийг хайж 100 айлаар зөндөө явсан. Шүүхэд өгөхөөс нь өмнө ***ыг хайхад хаяг нь олдохгүй байсан. 2023 оны 06 сард “иргэний үнэмлэхийхээ зургийг явуулаач” гэж мессеж бичихэд надад хариу өгөөгүй. ***ын хийсэн хашаа нь тохиролцсон хэмжээндээ хүрэхгүй, унаж эвдэрч засвар орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Сөрөг шаардлагын хувд ***тай тохиролцож барилгын түр хашаа хийлгэсэн боловч уг хашаанууд нь чанарын шаардлага хангахгүй, маш муу материалаар хийгдсэн. Амаар тохиролцсон тохиролцооны дагуу ***ад урьдчилгаа болгож өгсөн 2,000,000 төгрөг, мөн эвдэрсэн хашааг Шинэбаяр гэдэг хүнээр засаж янзлуулсан ажлыг хөлс болох 250,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөгийг ***аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Өмгөөлөгч О.Баяраатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлс болох 2,000,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 4,250,000 төгрөгийг ***аас гаргуулж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

шүүхэд гаргасан нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

2023.10.31, БД1287 дугаар нэхэмжлэгч ***аас Р.Батбаярт олгосон итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 4 дүгээр тал/

11 ширхэг хашааны фото зураг /хэргийн 5-15 дугаар тал/

Залруулга хариу тайлбар /хэргийн 66 дугаар тал/

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 67-68 дугаар тал/

8 ширхэг фото зураг /хэргийн 69-76 дугаар тал/

2023.10.05-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 77-79 дүгээр тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 80 дугаар тал/

Өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хэргийн 120 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 128-130 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

5.хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн  

Хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 20 дугаар тал/

Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хэргийн 24 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 30-35 дугаар тал/

2023.12.12-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 82-99 дүгээр тал/

Сөрөг нэхэмжлэл /хэргийн 102 дугаар тал/

БГД-ийн 14 хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 111 дүгээр тал/

Мобикомын үйлчилгээний гэрээ /хэргийн 112-116 дугаар тал/

Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хэргийн 131 дүгээр тал/

Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /хэргийн 181 дүгээр тал/

Юнител ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 197 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

6.шүүхээс бүрдүүлсэн

2024.01.17-ны өдрийн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 58-62 дугаар тал/

2024.01.24-ний өдрийн зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 118-119 дүгээр тал/

*** нарын гэрчийн мэдүүлэг /хэргийн 143-148 дугаар тал/

2024.02.28-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 170-172 дугаар тал/

2024.03.27-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 199-203 дугаар тал/

2024.04.01-ний өдрийн №1/090 тоот Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 228-231 дүгээр тал/ зэрэг баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ...хашааны үнийн үлдэгдэл 6700 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1000 000 төгрөг нийт 7700 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч хашааны үнийн үлдэгдлийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...худалдсан хашаа нь доголдолтой чанарын шаардлага хангаагүй тул гэрээний үнэд шилжүүлсэн 2000 000 төгрөг болон уг хашааны доголдлыг засахад гарсан зардал учирсан хохирол 2 250 000 төгрөг нийт 4 250 000 төгрөг нэхэмжилнэ... гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2022 оны 06 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчийн захиалгаар 2.5м өндөр хэмжээтэй 16ш хашаа, нэмж 12 ш хашаа нийт 28ш барилгын түр хашаа 1ш хашааг 350 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилгын газарт зориулж хийж суурилуулж өгөх, хариуцагч 28ш хашааг хүлээн авч хашааны үнэ нийт 9800 000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан ...нэг хашааг 350 000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон... гэх тайлбар, талуудын хоорондоо харилцсан захидалд үзлэг хийсэн тэмдэглэл баримтаар тогтоогдож байна. /хэргийн 30, 199 дүгээр тал/

 

4.Талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.

 

5.Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

6.Талуудын тохиролцоо гэрээний дагуу хариуцагч хашааны үнийн урьдчилгаа 2000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, хариуцагчийн захиалгын дагуу нэхэмжлэгч 28ш хашааг хийж гүйцэтгэн хариуцагчид 2022 оны 09 сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

 

7.Хариуцагч хашааны үнэ болох үлдэгдэл 6700 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан.

 

8.Хариуцагч нэхэмжлэгчийн худалдсан хашаа чанарын шаардлага хангахгүй доголдолтой байсан тул гэрээний үнэд шилжүүлсэн 2000 000 төгрөг, тухайн доголдолтой буюу эвдэрсэн хашааг засахад гарсан зардал өмгөөлөгчийн хөлс төлсөн хохирол зардал нийт 4250 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

Учир нь талуудын хооронд харилцсан захидалд үзлэг хийсэн тэмдэглэл баримтад ...2022.09.20-ны өдөр 13:16 минутад нэхэмжлэгчээс хариуцагчид бичсэн захидалд –үлдэгдэл 2500 000, нэмж 8 хашаа 2800 000нэмж 4 хашаа 1400 000нийт 6700 000. 5028571217 ***..., хариуцагчаас нэхэмжлэгчид бичсэн 2022.10.24-ны өдөр 11:53 минутад –дүү битгий санаа зовоо ах нь энэ ажлаараа л гадуур яваад байна тун удахгүй, 2022.10.30-ны өдөр 10:32 минутад – оройн мэнд дүү ах нь худал хэлээгүй санаа бүү зов мөнгийг чинь дутаахгүй өгнө маргааш худлаа жоохон тэсч бай тун удахгүй, 2022.11.10-ны өдөр 17:42 минутад – мэдэж байгаа түр хүлээгээдэхээ тун удахгүй ах нь дуусгана, би өнгөө санаа зовох хэрэггүй одоохондоо амжихгүй болоод байна удахгүй,  2023.01.10-ны өдөр 14:42 минутад – одоо удахгүй ээ,  2023.01.14-ний өдөр 14:13 минутад – ...хөрөнгө мөнгөтэй саад гараад байна, би өгөхгүй гээгүй өгнө удахгүй өгнө... гэх байдлаар 6700 000 төгрөгийг төлбөрийн үлдэгдэлтэй түүнийг удахгүй өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч илэрхийлж байсан нь тогтоогдож байна.

 

9.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо хэмжээ чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 251.2-т хэрэв гэрээнд чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.

 

10.Талууд бичгээр гэрээ байгуулаагүй ба хашаа хөрөнгийн зузаан нимгэн чанарын талаар өөр өөрсдийн байр сууринаас тайлбарлаж байгаа боловч нотлох баримтаар нотлоогүй, зохигч талуудын тайлбар эргэлзээгүй хангалттай баримтаар тогтоогдоогүй тул талууд хашааны төмөр хөрөнгийн чанарын талаар гэрээнд заагаагүй гэж үзнэ.

 

11.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д ...эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-т заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй, мөн хуулийн 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолно... гэжээ.

 

12.Хариуцагч 2023 оны 02 сарын 03, 2023 оны 07 сарын 20-ны өдрийн захидалдаа “хамгийн хямд нимгэн төмрөөр хийгдсэн, хийж байхад л салж унаад байсан шүү би хамт босголцоогүй бол хэд хоноод унах байсан, салж унасан асуудлаа яах бэ би нэг ч төгрөг дутаахгүй өгнө” гэжээ. Энэхүү үзлэг хийсэн тэмдэглэл баримтаар хариуцагч тухайн хөрөнгө доголдолтой чанарын шаардлага хангахгүй нимгэн төмрөөр хийгдсэн салж унаад байсан болохыг мэдсэн атлаа түүнийг хүлээн авсан, эд хөрөнгийн доголдлыг арилгуулах талаар ямар нэг шаардлага гаргаагүй нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

13.Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 254.7, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас 6700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1000 000 төгрөг, хариуцагчийн 4 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

14.Өмгөөлөгчийн хөлс нь гэрээнээс учирсан хохирол төлбөрт тооцогдохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97900 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 122 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

16.Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн хашаа хөрөнгө тайрсан, эвдэрч ашиглалтгүй болсон талаар дүгнэсэн боловч тухайн эвдрэл гэмтэл хэзээ үүсэн болохыг тогтоох боломжгүй нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

17. Мөн маргаан бүхий хөрөнгө хашааны зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон ба талууд гэрээний үнэ 1 хашааг 350 000 төгрөгөөр 28ш хашаа худалдан авсан талаар маргаагүй тул талуудын гэрээгээр тохиролцсон үнээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ***өөс гэрээний үүрэг 6700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1000 000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн 4250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97900 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 122 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ