Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/20

 

 

 

 

 

 

  2023             01              03                                          2023/ДШМ/20

 

 

          Б.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч Г.Л,

яллагдагч Б.Э-ын өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/2553 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаар эсэргүүцлээр Б.Э-т холбогдох ................. дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Б.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шөнийн 03 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зээлийн 18 дугаар гудамжны замд Т.Д-ын эзэмшлийн “Toyota prius” маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 3.4-т заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд ...ойрын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглоно”, 5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3-т заасан “гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь бүдэг асдаг болсон”, 3.5-д зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн дариу зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, ослыг гэрчлэх хүмүүсийн хаяг, нэр утсыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Х.Д-ийг дайрч улмаар амь нас нь хохирсон, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ДШМ/213 дугаар магадлалд эрүүгийн .................. дугаартай хэрэгт гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хуульд нийцсэн эсэх айлган сүрдүүлж мэдүүлэг авсан буюу эрүүдэн шүүсэн гэх шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Тухайн үйл явдлыг баримтжуулсан камер хаана байрлалтай, орон зай, байршлын хувьд хэрэг гарсан газартай хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүйг тодруулах ажиллагааг хийлгэхээр тус тус заасан байна. Энэ хүрээнд камер байрлаж байсан газар, хэрэг гарсан газрын хоорондын зай, мөн хэрэг гарсан газраас хэрэгт холбогдогч Б.Э-ын гэр хүртэлх маршрут, хэрэг гарсан болон камер байрлаж байсан газрын маршрутын зураглал, хоорондын зайг нарийвчлан тодруулах ажиллагааг зайлшгүй нөхөн гүйцэтгэх. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн нас барсан цаг хугацааг тогтоосон байх ба харин гэмтэл авсан цаг хугацааг нарийвчлан тогтоох нь бусад нотлох баримтуудтай, Тухайлбал: Камерын бичлэг бичигдсэн автомашины хөдөлгөөнд оролцож байгаа цаг хугацаатай харьцуулж үзэх болон бусад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой тул нэмэлтээр дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах. Тээврийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар прокурорын тогтоолоор “шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан” боловч осол хэрэг болсон газрын ерөнхий байдлыг харуулсан камер байсан айлын хашаа болон хэрэг гарсан газартай холбож харуулав гэсэн бүдүүвч зураг /2хх 218/, хэргийн хугацаа сунгасан прокурорын тогтоолууд /2хх 234-239, 218/, .............. дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар /3хх 16-17, 20-21/ зэрэг баримтууд цугларчээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд магадлалд заасан болон бусад хэрэгт ач холбогдолтой зайлшгүй хийгдвэл зохих ажиллагааг бүрэн дүүрэн хийгдсэн гэж үзэхгүй бөгөөд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хуулийн шаардлага хангаагүй байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй”, мөн хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гомдлыг хянан шийдвэрлэх албан тушаалтан шаардлагатай гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрийн биелэлтийг гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд түр түдгэлзүүлж болно” гэж тус тус заажээ. Яллагдагчийн өмгөөлөгч Б.М-н ........... дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолтой холбоотой Нийслэлийн прокурорт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 79 тоот гомдол гаргасан байх тул дээрх гомдлын хариуг аваагүй байх хугацаанд хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн, Б.Э-т холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Э-т холбогдох хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2022/ДШМ/213 дугаар магадлал гаргасан. Шүүхийн магадлалд “ ... энэ магадлалын дагуу хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж, мөрдөгч айлган сүрдүүлж мэдүүлэгт гарын үсэг зуруулсан талаар шүүгдэгч Б.Э, өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Мөнхтуяа нар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасныг үндэслэн 1 дүгээр хавтас хэргийн 81 дүгээр хуудаст авагдсан гэрчийн мэдүүлэг авах ажиллагааны дуу-дүрсний бичлэгийг шинжлэн судлахад мөрдөгч нь гар утсаар залгаж “Мөөгий” гэх хүнээс гэмт хэрэг гарсан өдрийг асууж тэмдэглэлд тусгаж байх бөгөөд цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр гэгч өрөөнд орж ирэхэд “Чи унших уу, ингээд гаргачих уу” гэж асууж байгаагийн зэрэгцээ, тухайн орж ирсэн хүн дэлгэц дээрх мэдүүлэгтэй танилцаж байгаа үйл явдал бичигджээ. Үүнээс үзэхэд гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хуульд нийцсэн эсэх, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан буюу эрүүдэн шүүсэн гэх шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Нэр хаяг тодорхойгүй гэх хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган, уг бичлэгт хэрэг гардаг шөнө шүүгдэгч Б.Э-ын эзэмшлийн автомашин бичигдсэн гэж яллах баримтад тооцжээ. Гэтэл тухайн үйл явдлыг баримтжуулсан камер хаана байрлалтай, орон зай, байршлын хувьд хэрэг гарсан газартай хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй байна. ..." гэсэн үндэслэлээр прокурорт буцаасныг хүлээн авч магадлалд заасан дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг тус тус гүйцэтгэж хэргийг харьяаллын дагуу хянан шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Харин шүүгчийн захирамжид шүүхийн магадлалд тусгагдаагүй “...шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн нас барсан цаг хугацааг тогтоосон байх ба харин гэмтэл авсан цаг хугацааг нарийвчлан тогтоох нь бусад нотлох баримтуудтай Тухайлбал: Камерын бичлэгт бичигдсэн автомашины хөдөлгөөнд оролцож байгаа цаг хугацаатай харьцуулж үзэх болон бусад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахад чухал холбогдолтой тул нэмэлтээр дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах...” гэсэн заалт оруулж ирсэн нь ойлгомжгүй байна. Учир нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар “...шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэмэлтээр дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэв. Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийг шүүх хуралдаанд дуудан оролцуулж дүгнэлтийн талаар тайлбарлуулах, асуулт асуух бүрэн боломжтой юм. Мөн эрүү шүүлт тулгасан гэх асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалган Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэргийг хянаж хааж шийдвэрлэсэн тогтоолын хуулбар, дээд шатны прокурорын гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбарыг тус тус хэрэгт хавсаргасан болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/1449 дугаар захирамжийн үндэслэлийг хянуулж, заалтуудыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О-ийн өмгөөлөгч Г.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Б.Э-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг цаг хугацааны хувьд хэрхэн яаж үйлдэгдсэнийг тогтоох шаардлагатай учир шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Э-ын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаанууд огт хийгдээгүй. Шүүхийн захирамжид заагдсан ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Тээврийн прокурорын газраас яллагдагч Б.Э-ын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шөнийн 03 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зээлийн 18 дугаар гудамжны замд Т.Д-ын эзэмшлийн “Toyota prius” маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 3.4-т заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд ...ойрын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглоно”, 5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3-т заасан “гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь бүдэг асдаг болсон”, 3.5-д зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн дариу зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, ослыг гэрчлэх хүмүүсийн хаяг, нэр утсыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Х.Дийг дайрч улмаар амь нас нь хохирсон, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ДШМ/213 дугаар магадлалд хэрэгт гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хуульд нийцсэн эсэх, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан буюу эрүүдэн шүүсэн гэх яллагдагч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Тухайн үйл явдлыг баримтжуулсан камер хаана байрлалтай, орон зай, байршлын хувьд хэрэг гарсан газартай хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүйг тодруулах ажиллагааг хийлгэхээр тус тус заасан байна. Энэ хүрээнд камер байрлаж байсан газар, хэрэг гарсан газрын хоорондын зай, мөн хэрэг гарсан газраас хэрэгт холбогдогч Б.Э-ын гэр хүртэлх маршрут, хэрэг гарсан болон камер байрлаж байсан газрын маршрутын зураглал, хоорондын зайг нарийвчлан тодруулах ажиллагааг зайлшгүй нөхөн гүйцэтгэх. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн нас барсан цаг хугацааг тогтоосон байх ба харин гэмтэл авсан цаг хугацааг нарийвчлан тогтоох нь бусад нотлох баримтуудтай, Тухайлбал: Камерын бичлэг бичигдсэн автомашины хөдөлгөөнд оролцож байгаа цаг хугацаатай харьцуулж үзэх болон бусад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой тул нэмэлтээр дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг зайлшгүй хийх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд  хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Түүнчлэн, өмнөх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ДШМ/213 дугаар магадлалд дурдсан ажиллагаа хийгдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үйл баримтыг дүгнэж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээ шийдвэрлэж, яллагдагч Б.Э-ыг гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шүүх хуралдаанаар тодруулж хууль зүйн дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 Иймд прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаар эсэргүүцэл агуулгын хувьд үндэслэлтэй боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/2553 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Яллагдагч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.АРИУНХИШИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ