Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0001

 

2017 оны 12 сарын 26 өдөр                   Дугаар 221/МА2018/0001                  Улаанбаатар хот

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, түүний өмгөөлөгч Ц.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0845 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, түүний өмгөөлөгч Ц.Н нарын давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0845 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 7 дугаар зүйлийн 7.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б-ийн нэг сарын үндсэн цалинг 978427 төгрөгөөр тооцож 2017 оны 01 дүгээр зүйлийн 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б  давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхдээ ...надад учирсан хохирлыг тооцон гаргуулахдаа зөвхөн миний үндсэн цалингаар дутуу тооцсонд гомдолтой байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралт болох “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” гэж заасан тул миний үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал, бүх төрлийн олговор зэргийг хамтад нь тооцож надад учирсан хохирлыг гаргуулах нь хууль болон бодит байдалд нийцэх юм. Иймд шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийн үндсэн цалинг 978247 төгрөгөөр тооцож гэснийг дундаж цалинг 1775022 төгрөгөөр тооцож гэж өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, түүний өмгөөлөгч Ц.Н давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдал, маргааны харьяалалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулсанаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна” гээд Төрийн захиргааны албан тушаалд хамаарах албан тушаал, түүний ангиллыг тодорхой нэрлэн заасан байх бөгөөд хуулийн 7 дугаар зүйлд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал хамаарахгүй байна.

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 932, ....2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1053 дугаар албан бичигт дурдсанаар ...нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүйгээс гадна Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоолуудаар албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоож өгөөгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч анх ажилд томилогдохдоо ажил олгогчтой хөдөлмөрлөх үндсэн харилцаагаа зохицуулах зорилгоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэснээс үзвэл уул маргааныг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх байсан.

...Нэхэмжлэгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаярт 206 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Ар гэрийн хувийн шалтгаанаар Орхон аймаг руу шилжих болсон тул Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар шилжүүлэх томилж өгнө үү” гэж өргөдөл гаргасныг хариуцагч хүлээн авч, хянаж үзээд өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл түүний өргөдөлд дурдсан асуудлаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэх эрх нь сайдад олгогдсон тул хүсэлтийг үндэслэн чөлөөлж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар “...Орхон аймгийн даатгалын хэлтсийн даргаар томилуулах” асуудлыг шийдвэрлэх эрх олгогдоогүй учир харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн нь ямарваа байдлаар хууль зөрчөөгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох асуудлуудаар бүрэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б  “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б-аас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2017/4980 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд захирамжийн үндэслэх хэсэгт “...ажилтныг чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд сүүлд томилогдсон ажилтан нь чөлөөлөгдөх зохицуулалттай...” гэж нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан мэт дүгнэлт хийсэн байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний анхны гаргасан нэхэмжлэл бол ажилдаа буцаан томилуулах, ажилдаа буцаан томилуулах гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаан явагддаг, тиймээс Г.Б-ийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан” гэх зэргээр тайлбарласнаас үзвэл, нэхэмжлэгч Б.Б  нь урьд ажиллаж байсан албан тушаалдаа эгүүлэн томилуулах агуулгатайгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байжээ.

 

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүх Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа болохыг тодруулалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасныг зөрчжээ.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлээгүй атлаа ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасантай нийцэхгүй байгаагаас гадна анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор олгохоор шийдвэрлэхдээ дундаж цалин хөлсийг хэрхэн тодорхойлж, хэзээнээс хэзээг хүртэлх хугацаанд ногдох хэдэн төгрөгийн цалинг олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаагийн улмаас шүүхийн шийдвэр тодорхойгүй, биелэгдэх боломжгүй нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.

 

Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах явцад нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардаж буй тохиолдолд үүний улмаас  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гуравдагч этгээдээр оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0845 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН