Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 465

 

Ж.А, Т.Э, Д.Г нар болон

“Л ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                    Г.Банзрагч 

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Л ц” ХХК-иас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Я т-ийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч Ж.А, Т.Э, Д.Г нараас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх 223/2014 тоот акт, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Я т-ийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох. 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0271 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0454 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч “Л ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Гуравдагч этгээд “Б ф” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б, Б.Г нар,

Нэхэмжлэгч “Л ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0271 дүгээр шийдвэрээр: 1. Барилгын тухай /2008 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.4-д заасныг тус тус баримтланНийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх 223/2014 тоот акт, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэгч Ж.А, Д.Г, Т.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ”Л ц” ХХК-иас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0454 дүгээр магадлалаар:  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0271 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А, Д.Г, Т.Э нарын “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 223/2014 тоот акт, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”, нэхэмжлэгч “Л ц” ХХК-ийн “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар,  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтын дугаарыг 2, 4 дэх заалтын дугаарыг 3 болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “Л ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-О-ын гомдол: “... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0271 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

4. Шүүхийн шийдвэрт хариуцагч болон гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8  дугаар сарын 21-ний өдрийн 0454 дүгээр магадлалаар хангаж шийдвэрлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн.

6. Маргаан бүхий захиргааны акт нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дараах актууд: 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай  “Архитектур төлөвлөлтийн даалгавар”,  2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай  “Архитектур төлөвлөлтийн даалгавар”. Дээрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн баталсан “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Яаралтай тусламжийн төв, ажилчдын орон сууц /54 айл/, албан конторын эскиз”.

7. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон /магадлалын 8-р хуудас 3 дахь мөр/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2980 тоот шинжээчийн дүгнэлт нь дээрх маргаан бүхий актуудад үндэслээгүй.

8. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актууд гарахаас өмнө гарсан актууд болох 2011 оны 09 дүгээр сарын 07-ны СБД/45/09/11 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар /43,8м х 17м 16 давхар 115 айлын орон сууц буюу 2 ширхэг/, түүнд үндэслэн “Э” ХХК-ийн боловсруулж 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 700/2014 тоот магадлалын дүгнэлт хийгдсэн ажлын зургийг үндэслэн дүгнэлтээ хийсэн.

9. Энэ актууд хүчин төгөлдөр бус, эрх зүйн үйлчлэлгүй байна гэдгийг давж заалдах шатны шүүх магадлалдаа дурдсан атал /магадлалын 7 хуудас 3 дахь мөр/ түүнд үндэслэсэн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан “нотлох баримтыг тухайн хэрэг хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх зарчмыг зөрчсөн.

10. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ийнхүү зөрчсөны улмаас шүүхийн шийдэл бүхэлдээ өөрчлөгдсөн. /нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэх үзэх гол үндэслэл болсон/

11. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дээрх дүгнэлт хүчингүй болсон архитектур төлөвлөлтийн даалгавар, ажпын зураг магадлалын дүгнэлтэд үндэслэж хийгдсэн учраас үнэлэгдэх ёсгүй гэдгийг анхан шатны шүүхэд талууд /хариуцагч, гуравдагч этгээд/ хүлээн зөвшөөрч тайлбарлаж байсан болно.

12. Харин тус дүгнэлтийг хүчин төгөлдөр үнэн зөв гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа юм бол барилга хоорондын зайн талаарх зайн хэмжээг хүлээн авч дүгнээд бусад хэсэг болох энэ зай нь “Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт” БНбД 31-01-10 тоот барилгын норм, стандартын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12-р хүснэгтэд заасныг зөрчиж байна гэж заасан дүгнэлтийг яагаад хүлээж аваагүй болох нь огт ойлгомжгүй байна.

13. Тус хэрэгтэй холбогдуулан 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан Үүнд:

Шинжээчдийн дүгнэлтүүд

Дугаар

Маргаж буй үндэслэл

2015/02/13-ны барилгын хөгжлийн төвын дүгнэлт

2015/12/24-ний 07/153 Тоот мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт

2016/07/29-ны Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт

2017/03/10-ны Өргөө архитектур ХХК

1

Нарны ээвэрлэлтийн стандарт зөрчигдсөн эсэх

зөрчөөгүй. /хэмжилт байхгүй/

хариулах боломжгүй

1301 зүүн талын 2 цонхны урд цонхонд 3 цаг нар үзэх байснаас 2 цаг 30 минут сүүдэрлэгдэнэ. 1302-ын зүүн урд булангийн зүүн зүгт харсан цонх бүрэн сүүдэрлэгдэнэ.

1301,1302, 1502 тоотуудын Нар халхлах боломжгүй. “Люкс мед эмнэлэг” өвөл тодорхой цагуудад ээвэрлэлтгүй, бүрэн,хагас ээвэрлэлттэй.

2

Барилга хоорондын зай зөрчигдсөн эсэх

6м. Байна. Гал тусгаарлах хамгаалалтын зайг зөрчөөгүй.

16-с 46-р байр хоорондын зай нь 9.7м байгаа нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4.1.6-д заасан барилга хоорондын зай хэмжээ хангахгүй. 4-с 46-р байр хоорондын зай нь 8.9м байгаа нь БН6Д31-01-10-ийн 4.1.6, БН6Д31-01-04-ийн 2.11-д хэмжээг хангахгүй

гадна хананаас 7.88 м байгаа нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн БНбД-31-01-10-ын 4-р хавсралт 12-р хүснэгт 13-16-д заасан 45 м байх шаардлага хангахгүй байна.

дүгнээгүй.

3

Орц, гарц хаах эсэх

орц, гарц хаах нөхцөл үүсэхгүй.

баригдаж дууссаны дараа орц гарцыг хаах асуудал гарахааргүй төлөвлөгдсөн байна

 

 

 

14. Хууль сануулж үнэн зөв дүгнэлт гаргах үүрэг хүлээсэн шинжээчийн дүгнэлт дээрх байдлаар хоорондоо илт зөрүүтэй. Нэг асуудалд өөр өөрөөр эсрэг гарсан нөхцөл байхад алийг ямар үндэслэлээр хүлээн үнэн зөв гэж үзэж үнэлж байгаа аль шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр нь хүлээн аваагүй талаар хууль зүйн дүгнэлт хийгдээгүй байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчиж харьцуулан үнэлэх ажиллагаа хийгдээгүй байна. Тус хуулийн 34.3-д “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчиж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үнэн зөв хөдөлбөргүй гэж тогтоожээ.

16. Барилгын хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Магадлалын үндэслэх хэсэгт Барилгын тухай хуулийн /2008/ 9 дүгээр зүйлийн 9.1.4-д зааснаар “зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй байна” гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн.

17. Дүгнэх үндэслэлдээ 16 давхар орон сууц бол зэргэлдээ биш харин 4 давхар зэргэлдээ гэж үзжээ. “Зэргэлдээ” гэдэг ойлголтын хууль зүйн бие даасан тайлбар байхгүй тул үгийн шууд утгаар тайлбарлан хүлээн авна. Уг утгаараа “ойр, ойролцоо, хөрш” гэх ойлголт байх тул заавал паралель орших эд зүйлсийг зэргэлдээ гэж ойлгож тайлбарлах боломжгүй байна. Харин “зэрэгцээ” хэмээн нэрлэсэн бол паралель гэх геометрийн ойлголт мөн байна.

18. Иймд зэрэгцээ барилгын ашиглалтын хэвийн нөхцлийг алдагдуулахгүй гэдэг нь ямар байрлалаар байршиснаас үл хамааран ойролцоо байрлах, хөрш барилга байгууламжид тус барилга барихаас өмнө хэвийн ашиглаж байсан нөхцөл байдлыг дордуулахгүй байх гэсэн зохицуулалт байна.

19. Маргаан бүхий захиргааны актын улмаас “Л ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан ашиглалтийн хэвийн нөхцөлд сөрөг нөлөөлөл үзүүлж байна гэж маргаж байгаа.

20. Тус асуудлаар маргаан бүхий актад үндэслэн барилга баригдвал Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага МNS 6392:2013 шаардлага “Люкс мед” эмнэлэгт хангагдсан хэвээр байх эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүлээн авч шинжээч томилуулаагүй атлаа хийсвэрээр “Люкс мед” эмнэлгийн ашиглалтын хэвийн үйл ажиллагаанд  нөлөөлөхгүй байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д нийцэхгүй.

21. Шинжээчийн дүгнэлтүүдийн үйл баримтын талаар ялгаатай дүгнэлтүүд /хоорондын зай болон нарны тусгалын талаар/, эрүүл мэндийн байгууллагын стандартанд нийцэх үгүй зэрэг олон нөхцөл байдал тодорхой биш, зөвхөн архитектур төлөвлөлтийн 2 даалгавар 1 эскиз батлагдсанаас цаашдын бичиг баримтууд бүрэн дүүрэн болж Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан “бичиг баримт” бүрдэл болоогүй зэрэг олон нөхцлүүдээс шалтгаалан барилгын эцсийн хэмжээ, 46-р байр болон маргаан бүхий барилгын хоорондын зай, давхар, өндөр зэрэг олон нөхцөл тодорхой биш байгаа тул шүүх тус асуудлаар эцэслэн шийдвэр гаргах бодит болон хууль зүйн бололцоо байхгүй.

22. Иймээс анхан шатны шүүхийн дээрх нөхцлийг тодруулах зорилгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж шийдвэрлэсэн нь тус маргааны хувьд хамгийн зөв шийдэл гэж үзээд хүлээн зөвшөөрсөн болно.

23. Тус шийдвэрийн дагуу талуудын хэн алины /нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдийн/ эрх хууль, ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байдлаар хариуцагчаас шинэ захиргааны акт гаргах бололцоотой бөгөөд энэхүү захиргааны журмаар шийдвэрлэх ажиллагаанд талуудын төлөөлөл оролцож ашиг сонирхлоо хамгаалах, зөв шийдэлд хүрэх бүрэн боломжтой юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг өөрчилснөөр хэн нэг нь эцсээ хүртэл гомдолтой хэвээр үлдэхээр байна.

24. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэх зарчим, журмыг зөрчсөн, үйл баримтыг бүрэн дүүрэн үнэн зөв байдлаар тогтоогоогүй нь “зэрэгцээ барилгын ашиглалтын хэвийн нөхцөл нөлөөлсөн эсэх асуудлыг бүрэн тодруулаагүй” мөн барилгын хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

25. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 0454 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            26. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

27. Нэхэмжлэгч Ж.А, Д.Г, Т.Э нараас нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 223/2014 тоот зөвшөөрөл, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, ажилчдын орон сууц /54 айл/, албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх шийдвэрийн уг хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нараас шүүхийн уг шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх нэхэмжлэгч Ж.Амарсайхан, Д.Ганзориг, Т.Эрдэнэцогт нарын нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж дүгнэлт хийхгүй.

            28. Нэхэмжлэгч “Л ц” ХХК-иас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ “...манай “Люкс мед” эмнэлэг нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай түргэн тусламжийн төвийн ард байрлах 46 дугаар байрны 1, 2 дугаар давхарт байрладаг, ... /маргаан бүхий/ “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар батлагдсан 4 давхар конторын барилга нь манай эмнэлгийн барилгаас 8 метр зайд баригдахаар байна, ... эмнэлгийн урд тал руу харсан цонхнууд нарны тусгал үзэхгүй болохоор байгаа нь БНбД 23-04-07 Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж стандартыг зөрчиж манай эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, эмчлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна, ... БНбД 30.01.04-ийн 2.11-д 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондын зай 15м-ээс багагүй, 4 давхар бол 20м-ээс багагүй....байна гэж тогтоосныг зөрчсөн. ... Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага зөрчигдөхөд хүрсэн” гэж, хариуцагчаас “... орон сууцны 46 дугаар байрны 1-2 давхар нь үйлчилгээний давхар тул Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм ...-д заасан ... зайн хэмжээг хангасан, ... орон сууцны барилгад эмнэлэг оруулсан, ... анхнаасаа эмнэлгийн зориулалттай барилга биш орон сууцны, оффиссын зориулалттай барилга тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол бодитойгоор хөндөгдөж, зөрчигдсөн зүйл байхгүй” гэж маргажээ.

            29. Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар  “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яаралтай тусламжийн төвийн хойд талд 21.6х14.4 метр хэмжээтэй, 16 давхар орон сууцны барилга, мөн өдрийн 39 дүгээр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар 21.6 х 14,4 метр хэмжээтэй, консолгүй, тагтгүй, 4 давхар барилгын төлөвлөлтийг тус тус баталсан,  уг 16 давхар барилга нь 46 дугаар байрны зүүн урд талд жишүү, 4 давхар барилга нь 46 дугаар байрны чанх урд талд байрлахаар төлөвлөгдсөн, 46 дугаар байрны 1-2 давхарт “Люкс мед” эмнэлэг байрладаг, уг эмнэлэг нь “дүрс оношлогоо, клиник биохими, иммунолгийн лаборатори, дотрын өвчний өдрийн эмчилгээ, эхо оношилгооны чиглэлээр” үйл ажиллагаа явуулдаг, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

            30. Хүчин төгөлдөр мөрөгдөж буй барилгын норм ба дүрмээр тогтоосон заавал баримталбал зохих барилга хоорондын зай хэмжээ нь “барилгын тууш талуудын хооронд, барилгын тууш тал болон хөндлөн талын хооронд”-ын хэмжээнд хамааралтай, харин “жишүү байрлал”-д баригдах барилга хоорондын зай хэмжээнд заавал мөрдөгдөх норм, хэмжээ тогтоогоогүй байх тул маргаан бүхий  38 дугаар  “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар төлөвлөгдсөн, нэхэмжлэгчийн барилгын зүүн урд талд, жишүү байрлалтай 16 давхар орон сууцны барилгын хувьд “барилга хоорондын зай хэмжээ зөрчигдсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв, анхан шатны шүүх дээрх байдлаар зөв дүгнэлт хийсэн атлаа уг 38 дугаартай  “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг “захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь буруу байна.

            31. Харин, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дүгээр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар батлагдсан 4 давхар барилга нь нэхэмжлэгчийн эмнэлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа барилгын чанх урд баригдахаар төлөвлөгдсөн байх тул барилгын норм ба дүрмээр тогтоосон баримталбал зохих барилга хоорондын зай хэмжээг заавал баримтлах ёстой, түүнчлэн, энэ тохиолдолд, бусад тусгай шаардлагуудыг ч мөн харгалзан үзэх шаардлагатай гэж үзлээ.

            32. Тодруулбал,       Барилгын тухай (2008) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “... /барилга байгууламж нь/ зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй /байх/” шаардлагыг хуульчилсан, тухайн тохиолдолд, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь шинээр барих барилгын төлөвлөлтийг батлахдаа үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэгийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлагыг харгалзан үзэх ёстой, “... анхнаасаа эмнэлэгийн зориулалтаар баригдаагүй барилгад байрлаж байгаа эмнэлэгт ... /уг шаардлага хамааралгүй/” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

            33. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий байршилд, нэхэмжлэгч “Люксцентр” ХХК-нд (“Люксмед” эмнэлэг) 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдож, “эмнэлэг”-ийн үйл ажиллагаа явуулж байгаа, талууд уг үйл баримтыг зөвшөөрдөг, хариуцагч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар үйл ажиллагаа явуулж байгаа уг эмнэлэгийн чанх урд талд, барилга барих төлөвлөлт хийхдээ, уг барилгын төлөвлөлтийн улмаас эмнэлэгийн үйл ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахгүй байх шаардлагыг хангах үүрэгтэй, төлөвлөлтийг “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх” шаардлагатай байхад анхан шатны шүүх “... “Л ц” ХХК-ийн барилга нь анх эмнэлгийн зориулалтаар бус орон сууцны зориулалтаар төлөвлөгдөн баригдсан ... /тул/ хамаарахгүй” гэж буруу дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг анхаараагүй, хэрэгт авагдсан зөрүүтэй нотлох баримтуудыг үнэлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын “... 4 давхар конторын барилга нь манай эмнэлгийн барилгаас 8 метр зайд баригдахаар байгаа нь ... эмнэлэгийн стандарт зөрчигдөхөд хүрсэн” гэх үндэслэлд дүгнэлт хийгээгүй нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.  

            34. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 4 удаа шинжээч томилсон, маргаан бүхий 39 дүгээр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар батлагдсан 4 давхар барилга болон нэхэмжлэгчийн эмнэлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа барилга хоорондын зай хэмжээ нь шинжээчийн дүгнэлтүүдээр зөрүүтэй гарсан нь “ойлгомжгүй нөхцөл байдал бий болгож..., шүүхийн өөрийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн”, хариуцагч маргаан бүхий төлөвлөлтийг батлахдаа зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулааагүй, холбогдох норм, дүрэмд нийцсэн эсэхийг дахин хянаж, шинэ акт гаргах боломжтой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь уг 39 дугаартай  “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын хувьд зөв байна гэж үзлээ.

            35. Түүнчлэн, хариуцагчаас баталсан “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зураг” нь маргаан бүхий 39 дүгээр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хариуцагчаас дахин хянаж, шинэ акт гаргасан нөхцөлд, мөн өөрчлөгдөх үр дагавар үүсэхээр байх тул уг “эскиз зургыг баталсан үйлдэл”-ийг мөн түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

            36. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн   итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0454 дүгээр магадлалыг хүчингүй болгож,  нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0271 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар” гэснийг хасч, тогтоох хэсгийн 2-т “Барилгын тухай (2008) хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Л ц” ХХК-ийн “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэн, тогтоох хэсгийн 2, 3, 4 дугаарыг 3, 4, 5 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Л ц” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА