Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 544

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М*******

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: ““******* мэдээ” сонины улсын бүртгэл дэх албан ёсны хаягийн лавлагааг гаргаж өгөхөөс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын ахлах мэргэжилтэн Г.Э*******гийн эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батцэцэг, нэхэмжлэгч Д.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие шүүхэд төлөөлөх эрхийн 1 тоот эрхийн гэрчилгээ, дугаартай үнэмлэхийн үндсэн дээр өмгөөлөгчөөр ажиллан, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлж ирсэн билээ.

Уг үйл ажиллагааны хүрээнд үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “******* мэдээ” сонины улсын бүртгэл дэх албан ёсны хаягийг тодруулах шаардлага үүссэн юм.

Энэ шаардлагаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулан авахын тулд шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, бусад байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “******* мэдээ” сонины улсын бүртгэлд албан ёсны бүртгэлтэй хаягийг тодруулах хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан.

Гэтэл Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтэн Г.Э******* нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Эрүү, иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтнаар дамжуулан авна” гэж заасны дагуу лавлагаа мэдээлэл өгөх боломжгүй байна гэх хариуг өгсөн нь үндэслэлгүй байна.

Ахлах мэргэжилтэн Г.Э*******гийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзах Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэг нь тодорхой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой заалт бөгөөд өмгөөлөгч миний лавлагаа хүссэн асуудал нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүсээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмнөх хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудал юм.

Энэ харилцааг зохицуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар “Энэ хуулийн 40.3-т заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтан өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй” бөгөөд ахлах мэргэжилтэн Г.Э******* нь энэ үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзжээ.

Иймд “******* мэдээ” сонины улсын бүртгэл дэх албан ёсны хаягийн лавлагааг гаргаж өгөхөөс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын ахлах мэргэжилтэн Г.Э*******гийн эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус нэхэмжлэлд “******* мэдээ сонин” ХМХ-ийн хаягийн талаарх лавлагаа авах хүсэлт гаргасан боловч Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтэн ******* овогтой Э******* нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг үндэслэн хариу өгсөн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт “Эрүү, иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтнаар дамжуулан авна” гэж заасан.

Энэ хуулийн заалтын дагуу шаардлагатай хуулийн этгээдийн лавлагаа мэдээллийг гаргуулан авах ёстой өмгөөлөгч Д.М******* “******* мэдээ сонин” ХМХ-ийн хаягийн талаарх мэдээллийг тухайн үйлчлүүлэгчийг төлөөлж байгаа талаарх гэрээ, нотлох баримтыг хавсарган ирүүлсэн, бүртгэлийн байгууллагаас гаргуулж авах боломжтой байна.

“******* мэдээ сонин” ХМХ нь 1999 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн байх бөгөөд хувийн хэрэгт хаягийн талаарх тодорхой мэдээлэл байхгүй байна.

“******* мэдээ сонин” хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй тул мэдээллийн санд мэдээлэл нь ороогүй байна.

“******* мэдээ сонин” ХМХ-ийн хувийн хэргийг үзэхэд анх байгуулагдахдаа “Т******* сонин” ХМХ, “А*******” ХМХ, “******* мэдээ сонин” ХМХ болж тус тус нэрээ өөрчилсөн байна.

“Т******* сонин” ХМХ нь 1997 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол, 1-6-196 тоот хаягт байрлаж байсан байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Хуульч, өмгөөлөгч Д.М******* “******* мэдээ” сонины улсын бүртгэл дэх албан ёсны хаягийн лавлагааг гаргаж өгөхөөс татгалзсан Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтэн Г.Э*******гийн эс үйлдэхүй илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад“******* мэдээ” сонины улсын бүртгэл дэх албан ёсны хаягийн лавлагааг гаргаж өгөхөөс татгалзсан Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтэн Г.Э*******гийн эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, хаягийн лавлагаа гаргаж өгөхийг Улсын бүртгэл статистикийн газарт даалгах гэж тодруулжээ.

Нэхэмжлэгч  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулан авахын тулд .......байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй.” гэж заасан эрхийн хүрээнд хандсан хүсэлтийг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж маргажээ.

“******* мэдээ” сонины байнга үйл ажиллагаа явуулдаг болон удирдлага нь байрладаг албан ёсны хаягийн лавлагаа хүссэн хуульч, өмгөөлөгч Д.М*******ийн хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.2-т “Хууль хяналтын болон тусгайлан эрх олгогдсон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан ёсны хүсэлтийг үндэслэн тухайн байгууллагын чиг үүрэгт хамааралтай лавлагаа, мэдээллийг өгч болно.” гэснийг үндэслэн ахлах мэргэжилтэн Г.Э*******, мөн хуулийн  15 дугаар зүйлийн 15.7-д “Эрүү,  иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдэн төлөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах шаардлагатай лавлагаа, мэдээллийг бүртгэлийн байгууллагаас гаргуулах хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтнаар дамжуулан авна.” гэж заасныг үндэслэн Улсын бүртгэлийн төв архивын газрын дарга С.О******* нар хүсэлтэд дурдсан мэдээллийг өгөх боломжгүй гэсэн нь хариуцагч байгууллагын эс үйлдэхүй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай баримт, мэдээ авах эрхийн хүрээнд гаргасан хүсэлтийг бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагаас хангаж шийдвэрлэх боломжгүй тухай хариуг өгөхдөө үндэслэл болгож байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.2, 15 дугаар зүйлийн 15.7-д заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн гаргасан тухайн хүсэлтийг гаргаж өгөхөөс татгалзах хууль зүйн үндэслэл болж чадахгүй байна.

Учир нь хуулийн дээрх заалтаар “******* мэдээ” сонины албан ёсны хаягийн лавлагааг нууцлах, гаргаж өгөхгүй байх үндэслэл тогтоогдоогүй,хариуцагчийн хаягийн лавлагаа хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь  эс үйлдэхүй гэж үзсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Өмгөөлөгчийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан эрхийн хүрээнд гаргасан хүсэлтийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар холбогдох албан тушаалтан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын, Улсын бүртгэлийн төв архивын газраас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хаягийн мэдээллийн талаар нууцалсан, хориглосон ямар нэг журам гаргаж мөрдүүлээгүй атлаа хуульд нийцсэн шийдвэр гаргахгүй байгааг хариуцагчийн эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн хуулийн этгээдийн хаягийн мэдээллийг гаргаж өгөхгүй гэсэн хариуцагчийн байр суурь тодорхойгүй бөгөөд ажил хариуцсан газрын дарга болон ахлах мэргэжилтний хувьд хаягийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй гэсэн байхад хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын мэргэжилтэн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, тухайн хаяг нь төв архивт байгаа тус сонины хувийн хэрэгт байхгүй, хаяг байгаа бол хаягийн мэдээллийг өгөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй гэж зөрүүтэй тайлбарлажээ.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын дарга, мэргэжилтнүүдийн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхэд хамааралгүй хуулийн зүйл заалтыг баримтлан татгалзсан нь хариуцагчийн эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэйн дээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Хуулиар хориглосноос бусад улсын бүртгэлийн мэдээлэл нээлттэй байна.” гэсэн заалттай нийцээгүй байна.

Ингэснээрээ хариуцагч, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар шаардлагатай мэдээлэл авахыг хүссэн нэхэмжлэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчиж Улсын бүртгэлийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.7-д “улсын бүртгэлийн талаарх мэдээлэл, лавлагааг иргэн, хуулийн этгээдэд хуульд заасны дагуу гаргаж өгөх:” гэсэн  үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хуульч, өмгөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдан үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж хүсэлт гаргах эрхтэй байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Улсын бүртгэлийн төв архивт байгаа “******* мэдээ” сонин хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувийн хэрэгт энэ сонины байрлаж үйл ажиллагаа явуулдаг болон удирдлагын хаягийн бүртгэл байхгүй гэсэн тайлбартай нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хуульд заасан шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг буруутгасан шаардлагыг үндэслэн хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, харин хаягийн лавлагаа гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг баримтлан ТОГТООХ  нь:

 

1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.7, 15 дугаар зүйлийн 15.1, 15.5.2, 15.5.7-д заасныг тус тус баримтлан хуульч, өмгөөлөгч Д.М*******ийн хаягийн мэдээллийг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “******* мэдээ” сонины улсын бүртгэл дэх албан ёсны хаягийн лавлагааг гаргаж өгөхөөс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.НАСАНДЭЛГЭР