Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/00986

 

Г.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/02536 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1072 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Энхтуулд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Т.Энхтуул, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямдалай, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Энхтуул нь надаас 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал 3 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй 8 000 000 төгрөгийг зээлж авсан боловч гэрээний үүргээ биелүүлэлгүй өдийг хүрлээ. 6 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 6 сарын хүү 1 440 000 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын алданги 90 хоног, нэг хоногийн 40.0, нийт 3 600 000 төгрөг болсон, 1 040 000 төгрөг хөнгөлж 2 560 000 төгрөгийн алданги тооцож, хүү, алданги нийлээд 4 000 000 төгрөг, үндсэн зээл 8 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Түүнчлэн Т.Энхтуул нь байрны түрээсээ 3 сарын сүүлээс авахуулаад 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл төлөөгүй бөгөөд 4, 5, 6, 7, 8 сарын түрээсийн төлбөр төлөөгүй, 9 сарын түрээсээ гарах хүртэлх хугацаанд төлөөгүй. 2015 оны 4, 5, 6 буюу 3 сарын төлбөр 12 000 000 төгрөг, 7, 8 дугаар сарын төлбөр 7 000 000 төгрөг, 3 сар, 9 сарын тал төлөгдөх ёстойг нийлүүлээд 1 сарын бүтэн төлбөр 3 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийн түрээсийн төлбөр нэмж нэхэмжилж байна. Нэмэгдүүлсэн шаардлагад зээлийн 6 000 000 төгрөг оруулсан, төлөгдсөн түрээс мөн орсон тул шаардлагаа багасгаад 15 160 000 төгрөг болгон нэхэмжилж байна, мөн зээлийн гэрээний үүрэг 12 000 000 төгрөгийн хамт гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Наранцэцэг нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 8 000 000 төгрөг зээлүүлсэн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Би тухайн зээлийн гэрээнд гарын үсэг зурж, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан байдаг ч гэрээний дагуу ямар ч мөнгө хүлээж аваагүй. Зээлийн гэрээ байгуулсан, мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурах болсон шалтгаан нь нэхэмжпэгч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын баруун талын “Хишиг төв”-д худалдаа үйлчилгээний талбай түрээслүүлдэг бөгөөд би түүнд 2007 оноос хойш талбай түрээслэн ажиллаж хүмүүсийг ажлын байраар хангаж ирсэн. Мөн нэхэмжпэгч Г.Наранцэцэг нь хүүтэйгээ хамтран ББСБайгууллага ажиллуулдаг ба Г.Наранцэцэгтэй ярилцаад ББСБайгууллагаас нь мөнгө зээлэх зорилгоор дээрх гэрээнд гарын үсэг зурсан юм. Би тухайн үедээ гэрээ болон баримтад гарын үсэг зурсны дараа мөнгөө тоолж өгдөг зарчмаар л өгөх юм байх гэж бодсон боловч миний гар дээр нэг ч төгрөг хүлээлгэж өгөөгүй. Гэрээг нотариатаар батлах үед би нотариатчаас гэрээний талаар асуухад “ББСБайгууллагын өмнөөс хувь хүн гэрээ байгуулж болохгүй юу яриад байгаан бэ, ингэж гэрээ хийж болохгүй” гэж хэлж байсан. Надад мөнгө хүлээлгэж өгөөгүй учир би энэ талаар Г.Наранцэцэгтэй дахин яриагүй өнгөрсөн. Үүнээс хойш удалгүй миний явуулдаг худалдаа наймааны үйл ажиллагааг зогсоож намайг болон маш олон түрээслэгч нарыг тус төвөөс хөөж гаргасан. Энэ талаар гэрчлэх гэрчүүд байдаг ба шаардлагатай бол шүүх мэдүүлэг авч болно. Иймд Г.Наранцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Наранцэцэг нь нэхэмжлэгч Т.Энхтуул миний 10-аад жил түүний эзэмшлийн “Хишиг төв”-д тогтвортой, амжилттай үйл ажиллагаа эрхэлж ирснээс үүссэн итгэлцлийг ашиглан намайг залилан мэхэлж дээрх зээлийн гэрээг байгуулж хожим хойно уг гэрээгээр мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэсний дагуу 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хан-Уул Дүүрэг, 13 дугаар хороо, 1-р хэсэг, 1 дүгээр байрны 8 тоот 3 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Т.Энхтуул нь “Хишиг дэлгэрэх” ХХК-ийн байрыг өөр бусдад өндөр үнээр давхар түрээсэлж, ашиг олдог байжээ. Хамт ажилладаг хүмүүс нь 2015 оны 4 дүгээр сараас гарч, Т.Энхтуул 2 дүүтэйгээ цааш нь аваад явж чадна гээд надаас гуйж түрээсээ цааш үргэлжлүүлсэн. Хүмүүс нь бараагаа аваад гарсан тул орлого муутай байна, зээл авахаар хөөцөлдөж байгаа, авчихбал бараандаа явна, түрээсээ төлнө гэж ярьсаар 2, 3 сар өнгөрсөн. 2015 оны 3 сарын үлдэгдэл, 4, 5 сарын төлбөрөө 5 дугаар сарын 15-ны дотор төлнө, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлнө гэж баримт үйлдэж өгсөн. Байрны ордер болон банкинд гаргаж өгч байсан зээлийн материалуудаа надад өгөхөөр нь авсан. Барьцааны гэрээ хийх гэсэн чинь нөхөр хөдөө ажлаар явчихсан, хүүхдүүд лагер дээр байгаа гэх мэтээр арга саам хийсээр барьцааны гэрээ хийгээгүй нь хожим зээлээ төлөхгүй гэж эртнээс бодож байсны илрэл байжээ. Т.Энхтуул нь гэрээг бүрэн эхээр нь уншиж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариат дээр хамт очиж батлуулчихаад залилан хийсэн мэтээр гүжирдэж байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/02536 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Наранцэцэгээс Хан-Уул дүүргийн 13-р хороо, 1-р хэсэг, 1-р байрны 8 тоот, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ болон банкны лавлагаа, үнэлгээний материалууд, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргуулж хариуцагч Т.Энхтуулд олгож, зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээний үүрэгт 15 160 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477 450 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж 132 390 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1072 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/02536 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “318.1” гэсний дараа “106 дугаар зүйлийн 106.4” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Т.Энхтуул “2015.6.22-нд 8 000 000 төгрөг хүлээн авлаа” гэж өөрийн гараар бичиж гарын үсгээ зурсан нь гарцаагүй баримт болно. Нэхэмжлэгч Г.Наранцэцэг уг бичгийн ард “20 000х400=8 000 000 төгрөг гэсэн тэмдэглэл хийсэн нь хэрвээ мөнгөө өгөөгүй юм бол 20 000-ын дэвсгэртээр 400 ширхэгийг өгнө гэж урдаас яаж тааж бичих билээ. Тоолж өгөөд л бичсэн. Т.Энхтуул нь сөрөг нэхэмжлэлдээ “...2015.6.22-ний зээлийн гэрээг хүчингүйд тооцож, Хан-Уул дүүрэг 13-р хороо, 1-р хэсэг, 1-р байрны 7 тоот 3 өрөө байрны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг холбогдох бусад баримт бичгийн хамт гаргуулж өгнө үү” гэсэн ба уг байрыг 8 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан бөгөөд “хамтран эзэмшигч нөхөр Эрдэнэчулууныгаа хөдөө явсан ирэхээр нь барьцааны гэрээ хийе” гэж гараараа бичиж өгсөн бөгөөд ингээгүй тохиолдолд “залилан мэхэлсэн болох тул хариуцлагаа хүлээнэ” гэж баталгаа гаргасан байдаг. Эдгээр баримтуудаар нотлогдож байна. Иргэний энэ хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх хугацаанд шинээр зарим нотлох баримтыг нэхэмжлэгч олсон юм.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д “Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гэж заасан. Анх шатны шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан нэг нотлох баримт бол Г.Наранцэцэг би өөрийн эзэмшлийн “Хас банк” дахь 5001027971 тоот данснаас 2015.6.22-нд   8 000 000 төгрөг зарлагын маягтаар авахдаа 20 000-ын дэвсгэрт 400-н ширхэгийг авч Т.Энхтуулд өгч гарын үсэг зуруулсан 20 000х400=8 000 000 төгрөг гэсэнтэй яг тохирч байгаа юм. Нөгөө нэг нотлох баримт нь хариуцагч Т.Энхтуул нь байрныхаа үл хөдлөх эд хөрөнгийн  бүртгэлийн  гэрчилгээг, нэхэмжлэгч Г.Наранцэцэгт  8  сая төгрөгийн барьцаанд өгснөө мэдсээр байж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж “Өнөөдөр” сонины 2015.10.01-ний дугаарт хүчингүйд тооцуулахаар зарлаж, улмаар 2015.11.16-нд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ шинээр дахин гаргуулж авсан төдийгүй 2016.1.12-нд анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа энэ талаар шүүхэд мэдэгдэлгүй залилж байсан юм. Энэ бүхэн нь 8 сая төгрөгийн барьцаанд байрны гэрчилгээгээ тавьсанаа нотолж байгаа бөгөөд үүнийгээ өөрөө санаатайгаар нуун дарагдуулж байна...Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож тухайн Эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заажээ. Т.Энхтуул “2015.6.22 -нд 8 000 000 төгрөг хүлээн авлаа” гэж өөрөө бичсэн байхад, байрныхаа гэрчилгээ, бусад баримт бичгээ Г.Наранцэцэгт барьцаанд өгсөн байхад, хоёр тал гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан зээлийн гэрээ хийсэн байхад, Г.Наранцэцэг 20 000-ын дэвсгэрт 400-н ширхэг өгснөө бичиж, Т.Энхтуул авлаа гэж гарын үсгээ зурсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д зааснаар дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлээгүй нэг талыг барьж үнэлсэн байна.Шинээр илэрсэн нотлох баримтууд нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар Шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тогтоол гаргахыг хяналтын шатны шүүхээс хүсье гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Наранцэцэг хариуцагч Т.Энхтуулаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж, хариуцагчтай 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээ, гэрээний зүйл болох 8 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тухай Т.Энхтуулын өөрийн гараар бичсэн тэмдэглэгээ, нөхөр Ч.Эрдэнэчулуунаас итгэмжлэл аваад барьцааны гэрээ байгуулах тухай хариуцагчийн баталгаа зэргийг шүүхэд гаргажээ \хх-ийн 3, 24, 33, 41 дүгээр тал\.

Хариуцагч Т.Энхтуул нэхэмжлэгчээс 8 000 000 төгрөг огт аваагүй, мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэгээг мөнгө аваагүй байхдаа бичсэн  гэж тайлбарласан ба түүний уг тайлбарыг шүүх хуралдаанд гэрч Д.Амартүвшин дэмжсэн мэдүүлэг өгчээ \хх-ийн 52 дугаар тал\.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогддог байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог. Мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгснөөр үүргийг гүйцэтгэсэн гэж үздэг.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6., 236.7., 236.8.-д үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл эрх бүхий этгээдийн үйлдсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт өрийн төрөл, хэмжээ, үүрэг  гүйцэтгэгчийн буюу өр төлсөн этгээдийн овог, эцгийн нэр, үүрэг гүйцэтгэсэн газар, хугацаа зэргийг заана, үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг нотлох бичиг өгсөн бол үүрэг гүйцэтгэсэн тухай баримт бичгийн хамт нотлох бичгийг буцаах буюу түүнийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгч нотлох бичгийг буцааж өгч чадахгүй бол үүрэг дуусгавар болсон тухай баримт хийж өгөхийг үүрэг гүйцэтгэгч шаардах эрхтэй гэжээ.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээний зүйлийг зээлдэгч тал хүлээн авсан болохоо бичгээр илэрхийлсэн тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан, улмаар зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцлөөр барагдуулах үүрэгтэй гэж дүгнэхээр байна. Дээрх баримт, ялангуяа, мөнгө хүлээж авсан тухай зээлийн гэрээний ард тусгагдсан тэмдэглэгээ бодит үнэнд нийцээгүй болохыг зээлдэгч буюу хариуцагч нотолсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Маргааны гол үйл баримтын талаар нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан   нотлох баримт шууд, эсхүл шууд бус, анхдагч эсхүл үр дагаврын мэдээлэл агуулж буйг шүүх анхаарч, тэдгээрийг харьцуулан судлаж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр үнэлэх шаардлагатай юм. Хариуцагч Т.Энхтуул нэхэмжлэгч Г.Наранцэцэгээс мөнгө хүлээж аваагүй атлаа хүлээж авсан гэж бичсэн гэх үйл баримтыг гэрч Д.Амартүвшин гэрчилсэн боловч тэрээр зээлийн гэрээ байгуулах үед хамт байгаагүй, гадаа нь зогсож байсан,  Т.Энхтуул машинд орж ирээд мөнгө өгөөгүй гэж уйлсан, энэ үед Г.Наранцэцэг машинд байгаагүй талаар шүүх хуралдаанд мэдүүлжээ. Харин “2015 оны 06 дугаар сарын 22-нд 8 000 000 \найман сая\ төгрөг бэлэн хүлээж авлаа. Т.Энхтуул” гэсэн бичвэрийг хариуцагч Т.Энхтуул,  мөнгөний дэвсгэртийг тодорхойлсон  “20 000х400 ш=8 000 000” гэх бичвэрийг нэхэмжлэгч Г.Наранцэцэг бичсэн болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон байна.

Гэрч Д.Амартүвшинд шүүх эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн гэх баримт хэрэгт авагдсан боловч уг баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл түүнд зөвхөн гэрчийн үүрэг, хариуцлагыг танилцуулсан болохоос бус эрхийг нь тайлбарлаж өгөөгүй байна \хх-ийн 48 дугаар тал\. Нөгөө талаар, гэрч нь хариуцагчийн “хүргэн дүү, садан төрлийн холбоотой” гэж танилцуулсаныг шүүх анхаарч, тэрээр хариуцагчийн садан, эсхүл төрлийн хүн болох, эсхүл садан төрөлд хамаарахгүй хүн болохыг тогтоогоогүйгээс гадна нэг гэр бүлд амьдардаг эсэх, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т заасан гэр бүлийн гишүүн гэж үзэх эсэх, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх түүнд хамаарах эсэхийг тодорхойлоогүй нь учир дутагдалтай болжээ. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Л.Бүрэнцэнгэл өөр үйл баримтын талаар мэдүүлэг өгсөн боловч тэрээр нэхэмжлэгч Г.Наранцэцэгийн эгчийн хүүхэд, садан төрлийн холбоотой гэж тайлбарласныг шүүх мөн анхаараагүй байна.

Хариуцагч Т.Энхтуул нэхэмжлэгч Г.Наранцэцэгт холбогдуулан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг холбогдох бусад баримтын хамт гаргуулах шаардлага тавьжээ \хх-ийн 12 дугаар тал\. Энэхүү сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа нэхэмжлэгч Г.Наранцэцэг сөрөг шаардлагыг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохыг хүссэн боловч “Т.Энхтуул нь дотоод өөрийн зардал болох: дохиолол хамгаалал, үйлчилгээний зардал, хог хаягдал, жижиг урсгал засвар зэргийг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм” гэж сөрөг нэхэмжлэлд огт байхгүй үйл баримтын талаар заасан нь \хх-ийн 18 дугаар тал\ ойлгомжгүй байгааг шүүх анхаарч тодруулаагүй байна.

Түүнчлэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад туссан “холбогдох бусад баримт бичиг” гэдэгт ямар баримт орохыг хариуцагч тал тодорхойлоогүй байхад шүүх эдгээрт “банкны лавлагаа, үнэлгээний материалууд, итгэмжлэл зэрэг баримтууд”-ыг хамааруулж, шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь тодорхойгүй, эдгээр баримтыг гаргуулах шаардлагын талаар талуудыг мэтгэлцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.Наранцэцэг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 22 500 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг хариуцагч Т.Энхтуулаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хариуцагчид гардуулан өгснөөр талууд уг асуудлаар мэтгэлцэх боломжтой болжээ \хх-ийн 21, 25 дугаар тал\. Гэтэл хэрэгт хариуцагч Т.Энхтуулд холбогдуулж, түрээсийн төлбөр шаардсан “Хишигдэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэл \хх-ийн 80 дугаар тал\ байх ба шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан баримт байхгүй байна. “Хишигдэлгэрэх” ХХК болон Т.Энхтуул нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний төлбөрийг иргэн Г.Наранцэцэг шаардах эрхгүй гэж үзсэн шүүх “Хишигдэлгэрэх” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрхэсэн нь тодорхойгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж, залруулах арга хэмжээ аваагүй нь буруу байх тул хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хууль зөв хэрэглэсэн эсэхэд хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлүүлэх тухай хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/02536 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1072 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН