Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/04665

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 12 182/ШШ2024/04665

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ...нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч....-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын эзэмшлийн хогийн бункерийн хэсэг болон байрны доод хонгилын өрөөнүүдийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Батсүх

Хариуцагч Х.Б

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч-1 СӨХ нь 1999 онд байгуулагдсан цагаас эхлэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын нутагт орших 16 дугаар байрыг хариуцан ажиллаж байна. Тус СӨХ-ын дундын эзэмшлийн хэсэгт байрлах лифтний хажуугийн хогийн бункерийн хэсгийг байр ашиглалтад орсноос хойш оршин суугч Х.Б нь дур мэдэн хааж өөрийн өмч болгон цоож хийж эзэмшиж байна. Тухайн дундын эзэмшлийн хэсгийг СӨХ-д буцааж өгөхийг шаардсан боловч суллаж өгөхгүй би үүнийг түрүүчийн СӨХ-ийн даргаас авсан миний өмч мэтээр ярьж эсэргүүцэн шүүхээрээ яваад шийдүүл гэж дарамталж байна.

Мөн тус байрны хонгилын хэсэгт байрлах СӨХ-ийн эзэмшлийн хэсгийг СӨХ-тэй гэрээ хийж 2017 оноос хойш эзэмшдэг гэх боловч хийсэн гэрээний хугацаа дууссан тул суллуулах шаардлагатай байна.

Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс дундын эзэмшлийн хэсэг хогийн бункерийн хэсэг болон байрны доод хонгилын өрөөнүүдийг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 16 дугаар байрны 4 тоотод оршин суугч Х.Б миний бие 1986 оноос хойш буюу тус байр анхлан ашиглалтад орсноос хойш амьдарч байна. Байр ашиглалтад орох эхэн үед манай хорооны 15-17 байрнуудад тухайн үед Их хурлын тэргүүлэгчид байрлаж байсан, тусгай хамгаалалт бүхий байсан.

1990 оноос өмнөх үед буюу хувьчлагдахаас өмнө байр, орон сууцыг хороо, засаг захиргаанаас гадна байрны дарга гэх хүн удирддаг, ашиглалтад анхаардаг үе байсан. Тухайн үед хариуцаж байсан хорооны дарга, тус байрны дарга нар лифтний хажуугийн өрөө /3 м.кв/-г олон хүүхэдтэй айл байсан тул манайд ашиглуулахаар шилжүүлсний дагуу хууль ёсоор ашиглаж байна.

Тухайн үедээ хаалгатай л байсан, одоо ч тэр хаалга нь хэвээрээ л байгаа. Харин хогийн бункертэй залгаатай хэсэгт хулгана орж нүхэлсэн, байнга цоорч нэвт салхилдаг, байнгын тоос шороо ордог, эвдэрдэг байсныг удаа дараа засаж сэлбээд өдийг хүртэл арчилж, хууль ёсны дагуу ашиглаж байна. Мөн нэхэмжлэлд дурдсан байрны хонгилын хэсгийг 1999 оноос хойш буюу нийтдээ 24 жил ашиглаж ирсэн.

Иймд тус байрны 1-р орцны лифтний хажуугийн хэсэг болон хонгилын хэсгийг Ч 1 СӨХ-нд шилжүүлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч дундын эзэмшлийн хогийн бункерийн /лифтний/ хажуугийн өрөөг суллан өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, талууд байрны доод хонгилын өрөөг чөлөөлүүлэх шаардлагын хүрээнд түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцож 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ хийх хуримтлалын гэрээ байгуулж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ байгуулах хүртэл буюу 2024 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт хариуцагч талаас 400,000 төгрөгийг төлж, үлдэх 1,400,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Батсүх, нөгөө талаас хариуцагч Х.Б нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч-1 СӨХ нь хариуцагч Х.Бахолбогдуулан, дундын эзэмшлийн хогийн бункерийн хэсэг болон байрны доод хонгилын өрөөнүүдийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагч дундын эзэмшлийн хогийн бункерийн /лифтний/ хажуугийн өрөөг суллан өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, талууд байрны доод хонгилын өрөөг чөлөөлүүлэх шаардлагын хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ хийх хуримтлалын гэрээ байгуулж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ байгуулах хүртэл буюу 2024 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт хариуцагч талаас 400,000 төгрөгийг төлж, үлдэх 1,400,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч-1 СӨХ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .....улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч-1 СӨХ-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ч-1 СӨХ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Бахолбогдох дундын эзэмшлийн хогийн бункерийн хэсэг болон байрны доод хонгилын өрөөнүүдийг чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт

1.1 хариуцагч Х.Б дундын эзэмшлийн хогийн бункерийн /лифтний/ хажуугийн өрөөг суллан өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж,

1.2 талууд байрны доод хонгилын өрөөг чөлөөлүүлэх шаардлагын хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ хийх хуримтлалын гэрээ байгуулж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ байгуулах хүртэл буюу 2024 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт хариуцагч талаас 400,000 төгрөгийг төлж, үлдэх 1,400,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ч-1 СӨХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч-1 СӨХ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .....улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч-1 СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ