Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 02

 

                        

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ц.У-т холбогдох эрүүгийн 1721002920173 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 12 сарын 19-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 5-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, регистрийн дугаартай, Т овогт Ц.У.

 

Шүүгдэгч Ц.У нь согтуугаар 2017 оны 11 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэр “Зүүн гол” гэх газарт Ү.Э гэрт Б.Д-ийн толгойн тус газарт сандлаар цохиж, өгзөг хэсэг рүү нь хутгаар хатгаж, “хуйханд духны төв хэсгийн урагдсан шарх, хуйханд баруун зулай, духны баруун зүүн талын зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хацар хамарсан цус хуралт, цээжний зүүн хажуу гадарга, бүсэлхийн баруун талын цус хуралт, баруун гарын алга, зүүн өгзөгний зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ушүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна

Хохирогч Б.Д мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Жооний/бүтэн нэрийг нь мэдэхгүй/ дүүгийнхээ гэрт нь очиход Жооний, тэдний үхэрчин Самбуу, мөн найз нь гэх Мөнхбат, огт танихгүй нэг залуу байсан бөгөөд тэд нар архи уучихсан сууж байхаар нь ууж байсан архинаас нь 1-2 хундага уусан. Жоонийгийн гэрт байхад гадаа гэгээ тасраад харахуй болж байсан бөгөөд бид нар хоорондоо морь, мал яриад сууж байхдаа би тухайн залуучуудын нэгтэй нь маргалдаад байх шиг байсан, тэгээд тасарчихсан байна лээ. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л би аймгийн төвийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Би тухайн залуучуудын хэнтэй нь маргалдсан эсэхээ санахгүй байна. Нэг мэдэхэд л миний толгойн урд хэсэг рүү юмаар цохиод авах шиг болсон. Биеийн маань өөр аль хэсэгт хэдэн удаа юугаар цохисон, хэн нь цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. Аймгийн төвийн эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд миний толгойн урд духны хэсгийн хуйх ярагдчихсан, зүүн талын өгзгөн тус газарт 4 удаа хутгаар зүсэгдсэн шархтай, баруун гарын алган дээр нэг удаа хутгаар зүсэгдсэн шархтай, нүүр битүү хавдчихсан, нүдээ нээж чадахгүй байсан. Нуруун дээр хэд хэдэн газар хөхөрсөн, хөндүүрлэсэн байдалтай байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 30-31/

Гэрч Ц.М мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Жооний гэх залуутай таарсан. Тэр найз маань тус компанид малчин хийж байгаа бөгөөд манай гэрээр ороод хоол унд идээд яв гэхээр нь гэрт нь ороод хоол идчихээд найздаа авч явсан 0.75 граммын 2 шил архиа гаргаж ирээд бид гурав уугаад сүүлийн шил архиа дунд нь ороод явж байхад гаднаас нэг мотоцикльтой ахимаг насны ах орж ирсэн. Тухайн ах Жоонийтой ойролцоо нутагладаг гэсэн гэсэн. Тэгэхээр нь танилцаад ууж байсан архинаасаа өгөхөд 2-3 хундага уучихаад над руу хэл амаар доромжлоод байсан. Тэр ахыг Даваасүрэн гэж байсан, гаднаас анх орж ирэхдээ их согтуу байсан. Би согтуу хүнтэй юу ярихав дээ гэж бодоод бие засахаар гараад эргээд гэрт ороод Жоонийгийн баруун орны дээд талд нь сууж байхад тэр ах орж ирээд муусайн гөлөгнүүд та нарыг сүлбээд өгнөө гээд гутлын түрийнээсээ хутга гаргаад дайрсан. Тэр үед нь манай хадам дүү Ууганаа сууж байсан модон сандлаараа толгой руу нь цохиход доошоо газарт суучихсан. Тэр үед нь Ууганаа хутгыг нь булааж авсан. Тэгэхээр нь миний дүү битгий зодож цохиорой гэхэд Ууганаа гэрээс гараад явсан. Араас нь тэр ах босоод намайг цохидог гөлөг хэн бэ? гээд гэрээс гарсан. Би Жоонийд найз нь явлаа, хүүхэд чинь бүр айчих шиг боллоо гээд гэрээс гарахад тэр ах газарт уначихсан Ууганаа хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь машин дотроо суулгаад хөдөлсөн бөгөөд  2 эсгий гэртэй айл таарахаар нь тухайн айлд буулгаад үлдээсэн юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 674 тоот дүгнэлтэд: "1. Б.Д-ийн биед хуйханд духны төв хэсгийн урагдсан шарх, хуйханд баруун зулай, хуйханд баруун зулай, духны баруун, зүүн талын зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хамарсан цус хуралт, цээжний зүүн хажуу гадарга, бүсэлхийн баруун талын цус хуралт, баруун гарын алга, зүүн өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдийн хуйханд духны төв хэсгийн урагдсан шарх, хуйханд баруун зулай, хуйханд баруун зулай, духны баруун, зүүн талын зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хамарсан цус хуралт, цээжний зүүн хажуу гадарга, бүсэлхийн баруун талын цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, баруун гарын алга, зүүн өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүдийн хуйханд духны төв хэсгийн урагдсан шарх нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 53/

-Шүүгдэгч Ц.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-64/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

     Шүүгдэгч Ц.У- нь согтуугаар 2017 оны 11 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэр “Зүүн гол” гэх газарт Ү.Э-ын гэрт Б.Д-ийн толгойн тус газарт сандлаар цохиж, өгзөг хэсэг рүү нь хутгаар хатгаж, “хуйханд духны төв хэсгийн урагдсан шарх, хуйханд баруун зулай, духны баруун зүүн талын зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хацар хамарсан цус хуралт, цээжний зүүн хажуу гадарга, бүсэлхийн баруун талын цус хуралт, баруун гарын алга, зүүн өгзөгний зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.У-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Энэ үед би айж сандрахдаа сууж байсан сандлаа аваад түүний толгойн тус газарт нь цохисон. Тэгээд суун тусангуут нь дайрч газарт унагаан хутгатай гартай нь ноцолдож байгаад хутгыг нь булааж аваад хутгаар түүний өгзөг рүү нь цохисон...“ гэж /хх-ийн 62-64/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Д, гэрч Ц.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 674 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Б.Д-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.У-ын хохирогчийн нүүр рүү сандлаар, өгзөг рүү нь хутгаар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Ц.У-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Ц.У нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.У-ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Т овогт Ц.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн модон сандал 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг зэргийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.У-ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР