Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0809/З |
Дугаар | 128/ШШ2024/0447 |
Огноо | 2024-05-24 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2024/0447
2024 05 24 128/ШШ2024/0447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Жгийн А РД:,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У Х //,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д Б //,
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч З.Б, Б.Б, Ч.Л, Х.Х, улсын байцаагч Б.Х, Г.Г нар,
Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч Л /Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн/.
Тус шүүх хуралдаанаар: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчдын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай актын Ж.Ат холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 2023 оны 04 дүгээр сараас хойш Ж.Ат олгоогүй тэтгэврийг гаргуулах тухай” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х, Д.Б, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Иргэн Жгийн Ат Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тэтгэврийн хувийн хэрэг нээж, 20 жил 10 сараар малчны бүрэн тэтгэвэр тогтоож, өндөр насны тэтгэврийг олгож эхэлжээ.
2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Г “Ө аймагт нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтэд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж”-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр баталсан байна.
3. Хяналт шалгалтын дагуу 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн “Тэтгэврийн олголт зогсоож, тэтгэврийг буцаан төлүүлэх, хувийн хэргийн бүрдлийг хангуулах тухай” 5 дугаартай акт гарсан ба актын нэг дэх хэсгээр “...Ж.Аийн тэтгэврийн олголтыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоож, үндэслэлгүй авсан 7.350.000 төгрөгийг ... тоот дансанд төлүүлэхийг, хоёр дахь хэсгээр Ж.Аийн малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тухай баталгаажилтын хуудсыг зохих журмын дагуу хүчингүй болгохыг...” тус тус даалгаж шийдвэрлэсэн.
4. Иргэн Ж.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С*******ээс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улсын байцаагчийн 5 дугаартай актын Ж.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар дээд шатанд нь ханджээ.
5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/77 дугаар албан бичгээр “...уг асуудлаар хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэх буюу гомдлыг хангах боломжгүй талаар хариуг хүргүүлсэн байна.
6. Үүний дагуу Ж.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С*******ээс тус шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр анх хандсан ба шүүхээс нэхэмжлэлд нь бүрдүүлбэр хангуулснаар, “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тэтгэврийн олголт зогсоож, тэтгэврийг буцаан төлүүлэх, хувийн хэргийн бүрдлийг хангуулах тухай” 5 дугаар актыг хүчингүй болгуулж, 2023 оны 04 дүгээр сараас хойш Ж.Ат олгоогүй тэтгэврийг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар актын Ж.Ат холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 04 дүгээр сараас хойш Ж.Ат олгоогүй тэтгэврийг гаргуулах тухай” хэмээн тодруулан өөрчилсөн бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч Ж.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...миний төлөөлүүлэгч Ж.Ат түүний оршин суух орон нутгийн Нийгмийн даатгалын салбар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тэтгэврийн хувийн хэрэг нээж 20 жил 10 сараар малчны бүрэн тэтгэвэр тогтоосон. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн даатгалын орон нутгийн байгууллагаас дуудсанаар очиход Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хаягласан Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай актыг танилцуулсан байна.
Энэхүү маргаан бүхий актын 1 дэх заалтаар Ж.Аийн тэтгэврийн олголтыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоож, үндэслэлгүй авсан 7.350.000 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлүүлэх, 2 дахь заалтаар малчны тэтгэврийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн төлсөн тухай баталгаажилтын хуудсыг хүчингүй болгохыг үүрэг болгож, актын биелэлтэд хяналт тавихыг акт хаягласан Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан байна.
Ж.А банкнаас тэтгэврийн зээл авсан учир 2023 оны 04, 05, 06 дугаар саруудад тэтгэвэр орсон эсэхийг өөрөө мэдэх боломжгүй байсан, акттай танилцсан хугацаа болох 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс гомдол гаргах 30 хоногийн хугацааг тоолж 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С******* Нийгмийн даатгалын ерөнхий газарт актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/77 дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Актад Ж.Аийн 2001-2006 он хүртэлх 6 жил, 2008-2011 он хүртэлх 4 жил, нийт 10 жилийн хугацаагаар малчны тэтгэврийн Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн баталгаажилтын хуудсыг хүчингүй болгохоор зааснаас үзвэл тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэх гол үндэслэл нь баталгаажилтын хуудаст байна гэж ойлгогдохоор байгаа ч чухам ямар хууль зүйн үндэслэлтэйг актад тусгаагүй нь ойлгомжгүй байгаа төдийгүй миний төлөөлүүлэгч дурдаж буй 10 жилийн хугацаанд мал маллан амьдарч байсан нь үнэн, энэ тухай баримтыг үндэслэн орон нутгийн нийгмийн даатгалын байцаагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2 дахь заалтад зааснаар малчин даатгуулагчийн өндөр насны тэтгэврийг тогтоосон.
Ингэснээр нэхэмжлэгч Ж.А малчин даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуулиар олгосон эрхээ эдэлж байхад Нийгмийн даатгалын байгууллага энэ үйл баримтыг няцаан үгүйсгэсэн баримтгүйгээр акт гаргаснаар түүний Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрхийг хязгаарлаж хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул түүний зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай акт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 2023 оны 04 дүгээр сараас хойш Ж.Ат олгоогүй тэтгэврийг гаргуулах шаардлагатай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
9. Нэхэмжлэгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Би 1988 онд энэ Б.Н гэх хүнтэй гэр бүл болж ажил, амьдралын гараагаа Дь аймгийн Б сумаас эхэлсэн. Тэгээд хөдөөгийн хүнтэй суусан гээд намайг хөдөө гар гэдэг байсан юм. Тухайн үед хүмүүс хөдөө гарч амьдрах дургүй байсан. Би мөн ажлаа хиймээр байна гэхэд Энгэр ус бригад гэдэг рүү аваачиж өгч байсан юм. Тэгээд л тэнд очиж ажиллаад, мал малладаг байсан. Сүүлд ажлаас гараад олон малтай айл байсан учраас дуудсан үед нь сумын төв дээр оччихоод бусад үед хөдөө ирэн очин байдаг байсан. Хүүхдээ хотод оюутан болоход нь дагаж ирсэн. Хүүхэд маань оюутан болоод, мөн төрсөн. Тэгээд би дагаж ирсэн юм. Хүүхэд маань төгсөөд 2013 онд Ө явсан. Тэнд цөөхөн бага малтай очсон. Манай нөхөр адуугаа сумандаа хариулж байдаг. Бага малыг нь би таньдаг 2 айлдаа хувааж тавьсан. Одоо манай охин Ө аймгийн Ц сум буюу миний байгаа газар багшилдаг.
Манай үеийнхэн чинь тэтгэвэрт тэгээд гарчихсан, ингээд гарчихсан гээд ярьдаг байсан. Би 2 хүүхэдтэй гэж бүртгэлтэй явж байгаа байх. Өнгөрсөн хүүхэдтэйгээ нийлээд. Тиймээс 55 нас хүрч тэтгэвэрт гарна. Хүмүүс надад танай нөхөр чинь тэтгэвэрт гарчхаад байхад чи гарч болдоггүй юм уу, гэж хэлэхээр нь би Нийгмийн даатгалын хэлтсийн н.Б гэдэг хүнээс эгч нь сахартай ядраад байдаг юм тэтгэвэрт гарах боломж байна уу, манай нөхөр тэтгэвэрт гарчихсан байгаа гээд асуухад надад танд А данс байна уу, гэр бүлийн баталгаа байна уу, тийм юмнуудыг чинь үзэж, харж байж болно шүү дээ гэж хэлсэн. Гэр бүлийн баталгаа байгаа, А дансаа гэхээр нь Дь аймагт очиж гэр бүлийн баталгаагаа үзүүлээд А данс аваад очсон чинь нэг юм дутуу байна л гэсэн. 5,000,040 /таван сая дөч/ төгрөг тушаадаг гээд тушаасан. Тэгээд нэг хэсэг таг болчихсон. Болохгүй юм болов уу гэсэн чинь хэдэн сараас билээ дээ тэтгэвэр орж эхэлсэн. Тэтгэврийн зээл авчихсан байсан чинь К банкнаас таны мөнгө орохгүй болчихсон байна гэсэн. Өөр банкаар орчихдог юм болов уу? гээд асуутал өөр банканд ордоггүй, таны тэтгэврийг түдгэлзүүлсэн байна гэсэн. н.Б дээр очоод түдгэлзэнэ гэдэг нь яадаг юм бол миний дүү жил шахуу авчихсан шүү дээ гээд би асуусан та аймаг уруу л явах юм байна гэсэн учраас Ө аймаг дээр очсон юм. Тэгээд Ө дээр бас нэлээн л ийм хэд хэдэн хүн сууж байсан. Би охинтойгоо очоод мөн л хэлдэг үгээ л хэлсэн. Бичиж авч байх шиг л байсан. Намайг Ө аймгийн Х сум уруу л хандах юм байна гэж хэлсэн. Х суманд манай Сум дундын шүүх байдаг. Яваад очсон хүн байсангүй. Өмгөөлөгч гэж хүмүүс сууж байсан. Ц сумаас ийм ажлаар явж байгаагаа тайлбарлаад хэлтэл акт гарсан байна Улаанбаатараас л ирсэн бололтой үүний дагуу л та хөөцөлдөнө шүү дээ. Өмгөөлөгч аваад өөрийнхөө бичиг баримт бүх зүйлээ нотлоод ир гэж явуулаад өмгөөлөгч авсан. Байж байгаад л нөгөө банкнаас залгадаг юм. Шүүгч уян хатан байдлаар төлж болно гэсэн. Тэтгэврийнхээ зээлийг төлөхгүй болохоор шүүхэд хандчихсан юм шиг байгаа юм.
Би 55 настай тэтгэвэрт гарах юм байна билээ. Одоо бол 55 хүрчихсэн 3 дугаар сард. Одоо насны ч тэтгэвэргүй, малчны ч тэтгэвэргүй л болчхоод байгаа юм. Манай суманд миний мал маллаж, сааль сүүгээ сааж байсныг мэдэх олон хүн байгаа. Манай нөхөр ч байгаа. Ойр байхаар архи дарс уугаад төвөгтэй байхаар нь хүүхдээ дагаад явсан. Нутгаа, ах дүү нар луугаа явъя гэж боддог л юм. Гэхдээ охиноо орхиж явж чадахгүй байж байна” гэв.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, маргаан бүхий захиргааны акт хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл байхгүй байгаа. Мөн энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар сонсох ажиллагааны арга хэлбэрийг дурдах ёстой. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй, зөвхөн ярилцлага хийсэн гэх тэмдэглэл байгаа боловч уг тэмдэглэлийг хэн хөтөлсөн нь мөн тодорхойгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэсэн байдаг. Эдгээр хуулийн заалтаас харвал маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй гэж харагдаж байна.
Хоёрдугаарт, маргаан бүхий захиргааны акт хууль хэрэглээний харьяалал зөрчсөн байна гэж харагдаж байна. Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг 2001 оноос 2011 онд малчин хийгээгүй атлаа малчин гэж мэдүүлсэн байна гэж дурддаг. Хариуцагчийн хариу тайлбарт 2001-ээс 2006 он 2008-аас 2011 онуудад малчнаар ажиллаж байгаагүй нь тогтоогдсон гэж дурдагддаг. Мөн маргаан бүхий захиргааны актын 1 дэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг. Уг хуулийн одоо 27 дугаар зүйлийг харвал хуурамч бичиг баримт бүрдүүлснээр тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэсэн заалтыг маргаан бүхий захиргааны актын 1 дүгээр хэсэгт үндэслэл болгосон байгаа. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.11 дэх хэсэгт “хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр тэтгэмж үндэслэлгүйгээр илүү тогтоолгон авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нэхэмжлэгчийг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэдгийг тогтоогоогүй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийгээгүй гэдэг нь эдгээр хуулийн заалтаас харагдаж байна гэж үзэж байгаа.
Гуравдугаарт, олгосон тэтгэврийг маргаан бүхий захиргааны актын 3 дахь хэсгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр авсан 7,350,000 /долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг буцааж Ө аймгийн Нийгмийн даатгалын Хаан банкны дансанд төлүүлэхээр шийдсэн байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны актын 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг дурдсан. Уг заалтыг харвал “нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэгэнт олгосон тэтгэврийг буцаан олгох хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн энэхүү маргааны буруутай этгээд нь нийгмийн даатгалын байгууллагын ажилтан байх юм бол уг ажилтны гэм бурууг хариуцахаар хуульд заасан байгаа. Мөн нэхэмжлэгчийн хувьд болохоор 5,040,000 /таван сая дөчин мянга/ төгрөгийг төлсөн байгаа. Уг төлбөрийг хэрхэх нь тодорхойгүй байгаа.
Дөрөвдүгээрт, маргаан бүхий захиргааны актын 2 дугаар хэсгээр баталгаажуулалтын хуудсыг хүчингүй болгохоор заасан байгаа. Ингэж заахдаа баталгаажуулалтын хуудсыг зохих журмын дагуу хүчингүй болгоно гэж дурдсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлийг заах ёстой гэж заасан. Гэвч баталгаажуулалтын хуудсыг хууль зүйн үндэслэлийн хувьд яг ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Түрүүн нэхэмжлэгчийн ярьсан зээлтэй холбоотой нэг хэсгийг тайлбарлах нь зөв бол уу гэж бодож байна. Нэхэмжлэгчийн хувьд Голомт банкнаас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 8,000,000 /найман сая/ төгрөгийн зээл авсан. Уг зээл нь тэтгэвэр олголт зогссон учраас төлөгдөхгүй яваад Ө аймгийн Х сумын сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эвлэрлээр шийдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа маргаан бүхий захиргааны актыг хуульд үндэслээгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж байгаа...” гэжээ.
11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Давхцахгүйгээр нэмэлтээр хэлэхэд актын 1 дэх заалтаар 7,350,000 /долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөг гэж заасан байгаа. Хавтаст хэргийн 59-р хуудсанд сар бүр олгох тэтгэмж нь 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг бичигдсэн байгаа. Тиймээс 50,000 /тавин мянга/ төгрөгийг 16 сард үржүүлэхээр 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөг болж байгаа. 1 дүгээр заалтаар 7,350,000 /долоон сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй. Буруу бодсон үйл баримт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.
12. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч З.Б, Б.Б, Ч.Л, Х.Х, улсын байцаагч Б.Х, Г.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж хуульчилсан.
Ж.А нь эх баригч-бага эмч мэргэжилтэй, оны 9 дүгээр сарыг дуустал Дь аймгийн Б сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн өргөдөл, материал дах 371228 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 188487 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар, 2012 онд Улаанбаатар хотод амьдарч байсан нь түүний цахим үнэмлэхийн хуулбараар нотлогдсон. Мөн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хүрээнд Ө нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн өргөдөлдөө 2001-2006, 2008-2011 онд Ө аймгийн Ц сумын С багт амьдарч байсан гэж мэдүүлсэн байсан.
Түүнчлэн шалгалтын хугацаанд аймгийн нийгмийн даатгалын хэлтэст өөрийнх нь ирүүлсэн тайлбарт “охиныгоо хичээлтэй үед аймгийн төвд амьдардаг, зун нь мал дээрээ очдог байсан”. Дь аймгийн Б сумын нийгмийн даатгалын байцаагчаас тодруулахад “1990 оны сүүлчээр сумаас явсан, эргэж сумандаа ирээгүй, амьдраагүй” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд эдгээр баримтуудаар Ж.А нь 2001-2006, 2008-2011 онуудад малчнаар ажиллаж байгаагүй нь тогтоогдсон тул дээрх хуулийн дагуу малчнаар тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсээгүй гэж үзэн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоож, үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Маргаан бүхий акт зөвхөн Ж.Аийн тэтгэвэртэй холбоотой биш болох нь үндэслэл хэсгийн “нэр бүхий 4 иргэний” гэх, тогтоох хэсгийн гуравдугаар заалтад “Нэр бүхий 4 тэтгэвэр гэх бичилтээр тогтоогдож байгаа тул өөр бусад 4 тэтгэвэр авагчийн өмнөөс актыг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага гаргах эрх Ж.Ат үүсэхгүй...” гэжээ.
13. Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хариу тайлбарууд хэрэгт авагдчихсан байгаа. Тэдгээртэй давхцуулахгүйгээр сая гаргаж тавьсан үндэслэлүүд дээр нь хариу өгөх байдлаар тайлбарлаад явчихъя гэж бодож байна. Сонсох ажиллагаа хийгээгүй гэж сая хэллээ. Сонсох ажиллагааны хувьд шалгалтын баг аймгийн төвд ажилласан. Ж.А бол Ц сумд амьдардаг хүн. Бид энэ аймгийн төвөөс тодорхой хэмжээний зайтай. Шалгалтын хугацаа 14 хоногийн хугацаатай. Тиймд бид Ж.Атэй очиж уулзах зардлаас авхуулаад боломжгүй учраас бид Ц сумын нийгмийн даатгалын тасагтай холбогдож Ж.Атэй наанаа уулзаад ийм асуудал үүссэн, үүнд тайлбар аваад, энэ тухай мэдэгд гэсэн чиглэл өгсний дагуу Ц сумын Нийгмийн даатгалын тасгийн дарга н.Б Ж.Аийг дуудаж уулзаад хийсэн ярилцлага нь хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр үүнийг сонсох ажиллагааны хэлбэр гэж үзэж байгаа. Хуульд сонсох ажиллагааг хийхгүй байх нөхцөлүүдийг заасан байдаг. Яаралтай тохиолдолд тэр үндэслэлүүд дотор сонсох ажиллагаа хийхгүйгээр бол шийдвэр гаргана, гаргаад дараа нь сонсох ажиллагааг нөхөж хийнэ гэсэн ийм утгатай заалт байдаг. Гэхдээ бидний явуулсан нөхцөл байдалд сонсох ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа.
Харьяалал зөрчсөн гэж байна. Харьяалал зөрчсөн зүйл ерөөсөө байхгүй. Ж.А нь одоо Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврээ тогтоолгож авч байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газарт хуулийнхаа хүрээнд орон нутаг, дүүргийн, бүх салбаруудынхаа үйл ажиллагаа, сангаас олгосон тэтгэвэр тэтгэмжийг шалгаж газар дээр нь ажилладаг. Энэ ч утгаараа Ө аймгийн нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж тэтгэвэр авагчдынх нь тэтгэврийн тогтоол, зорилтын үндэслэлийг шалгасан байгаа.
Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэгт 27 дугаар зүйлийг үндэслэсэн байна гэж байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдүүлэх гэдэг нь тухайн хүн өөрөө малчин байгаагүй буюу асрагч, бага эмч гэдэг мэргэжилтэй хүн. Тухайн онуудад нөхөр нь малаа малладаг. Ж.А нь сумын төв дээр түрүүн хэллээ, дуудагдаж очдог гэж. Дуудагдаад дуудах үед нь сумын төв дээрээ оччихдог, бусад үед нь мал дээр, гэртээ байдаг гэсэн тайлбар хэлж байна. Иймээс Ж.А нь өөрөө малчин байгаагүй. Малчин гэдэг нь зөвхөн мал аж ахуй эрхэлж орлого олдог, зөвхөн түүгээр орлого олдог бол малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан байдаг.
Ж.А нь тухайн онуудад малчин гэж тооцогдож байгаа. 12 жил 6 сарын хугацаанд малчин байгаагүй гэж хяналт, шалгалтын үед баримтуудаар тогтоогдсон байдаг. Тэтгэвэр, тэтгэмж үндэслэлгүй авсан бол Эрүүгийн хуулийн түрүүн нэг заалт хэллээ, хуурамч бичиг баримтад бүрдүүлснээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг ярьж байна. Энэ нь нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой заалт байгаа. Нийгмийн даатгал гэдэг нь нийгмийн халамжийн үйлчилгээ биш нийгмийн даатгалын үйлчилгээ учраас энэ хуулийн заалтыг өмгөөлөгч нар буруу ойлгож, тайлбараа хэлж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баримталж ажиллаагүй гэж хэлж байна. Зөрчлийн тухай хуульд хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр үндэсгүй олговол, ингэнэ тэгнэ гэсэн хуулийн зүйл заалт байдаггүй. Эрүүгийн хуульд заасныг дурдаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн яг ямар зүйл заалтаар энэ зөрчлийг шалгах байсныг хэлээгүй. Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17 дугаар хэсэг нь нийгмийн даатгалын байцаагчийн шалгах зөрчлүүдийг дурдсан байгаа. Тухайн заалт нь энэ зөрчилд хамаарахгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т гэм буруутай албан тушаалтан хариуцна гэсэн заалт байгаа гэж хэлж байна. Хуулийг нь сайн харж амжсангүй. Гэм буруутай албан тушаалтан хариуцна гэсэн заалт байхад нэхэмжлэгчид тогтоолоо гэж байна. Гол нь нэхэмжлэгч өөрөө малчин биш байсан хэрнэ би малчин гэсэн бичиг баримт бүрдүүлж өргөдөл гаргаад яваад байгаа гэдэг нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх. Хуурамч гэдэгт нэхэмжлэгчийн малчны А данснууд дандаа дутуу, эхний хуудаснууд нь зөвхөн ирсэн. Малчны гэр, өрхийн мэдээлэл гэх хуудаснуудыг огт ирүүлээгүй. Тиймээс Ж.А нь үнэн бодит байдлаа нууж, малчин байгаагүй хэрнэ малчин гэж бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм. Манай Нийгмийн даатгалын тухай хуульд тэтгэвэр түдгэлзүүлэн зогсоох заалт нь ганцхан хуурамч бичиг баримт бүрдүүлэх.
5,000,400 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлчихсөн байгаа. Тэрийг яах ёстой юм бэ гэж байна. Малчны нөхөн даатгал хамрагдах хамрагдахдаа буюу 10 жил, хэдэн сарыг нөхөн даатгуулсан байгаа. Нөхөн тооцуулсан шимтгэлийн дүнг яриад байна. Үүнийг хүчингүй болгох гэж актынхаа 2 дахь хэсэг дээр дурдсан байгаа. Нэхэмжлэгч нь малчин байгаагүй атлаа малчин байсан гэж үзэж улсын нөхөн даатгалд материал бүрдүүлж өгсөн. Энэ нь актынхаа үндсэн 1 дүгээр заалттайгаа холбоотойгоор нөхөн даатгалын баталгаажилтын хуудсыг хүчингүй болгоно. Нэгэнт малчин биш байсан гэж үзэж байгаа бол малчин нөхөн даатгалын хуудас бас хүчингүй болох учраас үүнийг хүчингүй болго гэсэн заалт орсон байгаа.
Зээлтэй холбоотой асуудал нь шууд холбоогүй байх. Яагаад гэвэл, зээлийн асуудал бол манай хариуцсан асуудал биш. Нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ийм асуудал байна. Мөнгөн дүн дээр 7,000,350 (долоон сая гурван зуун тавин мянга) төгрөг гэсэн байна. Дүн нь бол 5,000,000 гээд түрүүн нэг дүн хэллээ. Зөрчлийн хавсралтад заагдсан байгаа 350 гэдэг нь нэхэмжлэгчийн анх тэтгэвэр тогтоож байх үед анхны тэтгэвэр тогтоосон тэр дүн нь байгаа. Тухайн үед 2023 онд тэтгэвэр нэмэгдээд 500,000 (таван зуун мянга) төгрөг болсон санагдаж байна. Тэгэхээр 2 сарыг тооцоод бодоход 7,000,350 (долоон сая гурван зуун тавин мянга) төгрөг байдаг. 2022 онд тогтоосон тэтгэвэр байдаг. Тэгэхээр 2022 оноос 2023 оны 4 сар хүртэл тэтгэвэр Засгийн газрын тогтоолоор нэмэгдчихсэн байгаа. Тэр нэмэгдэл зөрүүг тооцож гаргасан дүн байгаа...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчээс “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэр бүхий улсын байцаагчдын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай актын Ж.Ат холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, 2023 оны 04 дүгээр сараас хойш Ж.Ат олгоогүй тэтгэврийг гаргуулах...” шаардлагаа дэмжсэнийг шүүх, нэхэмжлэлийн шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын тайлбар, нэхэмжлэлийг хариуцагч нараас эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.А нь оны 02 дугаар сарын 26-нд төрсөн, тэрээр хөдөлмөрийн “хэвийн” нөхцөлөөр, “малчин” болзлоор, нийтдээ 20 жил, 10 сар нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас ёсоор тэтгэвэр авч эхэлсэн ба түүний бодогдсон бүрэн тэтгэврийн бодит хэмжээ нь 194,845 боловч Засгийн газраас тогтоосон тэтгэврийн доод хэмжээ болох 350,000 төгрөгөөр тэтгэврийг тогтоосон, үүний дараа Засгийн газрын 63 дугаар тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 150,000 төгрөгөөр нэмэгдэж нийтдээ 500,000 төгрөгийн тэтгэвэр авч байжээ.
3. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсний 19 жил 4 сард хамаарах хугацаанаас 2002 оны 01 дүгээр сарын 01-ээс 2012 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд хамаарах 10 жилийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 11495552 дугаартай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийтдээ 10 жил малчнаар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн тухай “Баталгаажилтын хуудас”-аар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тогтоосон бол, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 3 жил 10 сараар нөхөн тооцож, 1114000810 дугаартай “Баталгаажилтын хуудас”-аар 2021 онд /сар, өдөр бичигдээгүй/ тогтоосон.
4. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр баталсан, “Ө аймагт Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтэд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын удирдамж”-ийн зорилго нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 33 дугаар зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу Нийгмийн даатгалын багц хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан тушаал, шийдвэрийн хэрэгжилт, өмнөх онд хийгдсэн шалгалтын мөрөөр зохион байгуулж, хэрэгжүүлсэн актын гүйцэтгэл, үр дүнг шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахад байх бөгөөд шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тусжээ.
5. Ийнхүү дээрх удирдамж бүхий шалгалтын явцад хавтаст хэргийн 148-182 дугаарт авагдсан баримтуудыг цуглуулснаар хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчдын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тэтгэврийн олголт зогсоож, тэтгэврийг буцаан төлүүлэх, хувийн хэргийн бүрдлийг хангуулах тухай” 5 дугаартай актын 1 дэх заалтаар “Ж.Аийн тэтгэврийн олголтыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоож, үндэслэлгүй авсан 7,350,000 /долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хаан банк дахь 5585194718 тоот дансанд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлүүлэхийг Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Д.Н*******, Санхүү бүртгэлийн тасгийн дарга Д.Г, Үйлчилгээний тасгийн дарга П.М******* нарт даалгаж”, 2 дахь заалтаар “Ж.Аийн малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлсөн тухай баталгаажилтын хуудсыг зохих журмын дагуу хүчингүй болгохыг үүрэг болгож” Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэн шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгч нь дээрх актын өөрт холбогдох хэсгийг маргаан бүхий актаар тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс “сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, хууль хэрэглээний харьяалал зөрчсөн, хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй...” зэргээр маргасан бол, хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгчийг 12 жил 6 сарын хугацаанд малчин байгаагүй гэдгийг хяналт шалгалтын үед баримтаар тогтоосон, хууль зөрчөөгүй” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
7. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргуулсан “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”-нд “нөхөр Б овогтой Н, эхнэр Ж овогтой А” /1-р хх-ийн 97/ гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд “Жгийн А. Байнга оршин суудаг хаяг Улаанбаатар хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, 1, тоот. Төрсөн газар Д аймаг, Г******* сум” /1-р хх-ийн 115/ гэж, 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Г******* аймгийн Сүмбэр суманд бүртгэгдсэн “Иргэний үнэмлэх авах өргөдөл”-д “байнга оршин суудаг хаяг: 2 дугаар баг, *******, байшин 1, хаалга 1, оршин сууж эхэлсэн огноо 2003 он /1-р хх-ийн 118/ гэж, 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай гэрлэснийг бүртгэх анкетад “1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэсэн, нөхөр Б******* Н нь Дь аймгийн Б сум, эхнэр Жгийн А Д аймгийн С******* суманд оршин суудаг” /1-р хх-ийн / гэж, Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/816 дугаартай Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Лавлагаа гаргуулах тухай” 1/8844 дугаартай албан бичгийн хариуд “Ж.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа гаргаж хүргүүлэв. Ж.А нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын С дүүргээс Ө аймгийн Ц сумын 4 дүгээр баг ******* уул ******* тоот хаягт шилжсэн, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ц сумын 4 дүгээр багаас 1 дүгээр баг ******* уул ******* тоот хаягт тус тус шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна” /1-р хх-ийн 123/ гэж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд “Жгийн А, байнга оршин суугаа газрын хаяг, Ө аймаг, Ц сумын 1 дүгээр баг, С ******* уул, 8 гудамж, 3 тоот” /1-р хх-ийн 124/ гэж ирүүлсэн нотлох баримтууд тус тус хэрэгт авагдсан.
8. Дь аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай албан бичигт “Тус архивын сан хөмрөгт Дь аймгийн Б сумын 2 дугаар багийн мал тооллогын А дансны 1999, 2007, 2012 онуудын баримтад Бын Нт холбогдох баримт байхгүй, 2011 оны малын баримтыг 2012 он гэж андуурагдан бичигдсэн байна” /1-р хх-ийн 214/ гэх, мөн тасгийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай албан бичигт “Тус архивын сан хөмрөгт Дь аймгийн Б сумын 2 дугаар багийн Бын Нт холбогдох 2000-2006, 2008-2011 оны мал тооллогын А дансны хуулбарыг баталгаажуулж хүргүүлэв. 2007, 2012 оны мал тооллогын А дансны баримтад Б.Нт холбогдох баримт байхгүй тул нотлох баримт гаргах боломжгүй” /1-р хх-ийн 222/ гэх баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.
9. Хууль тогтоогчоос 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг баталснаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудлаа шийдвэрлүүлэх, энэ төрлийн харилцааг зохицуулах орчин бүрдэж, уг хуулийн үйлчлэлд “1990-1995 оны хооронд 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд хамаарах”-аар хуульчилж,
10. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.“Энэ хуулийн зорилт нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.1. “малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг” /Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9. “малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг” ойлгохоор заасан/, 3.1.3. “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэх нэг удаагийн арга хэмжээг”, 4 дүгээр зүйлийн 4.1.“Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна”, 6 дугаар зүйлийн 6.1.“Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хариуцан зохион байгуулна” гэж хуульчилжээ.
11. Хуулийн зорилго болон агуулгаас үзэхэд өндөр насны тэтгэврээ тогтоолгоогүй 15-60 насны иргэдийн тухайд нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдсөн, эрхэлж байгаа ажлын онцлогоос хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин эсхүл хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.“Энэ хуулийн 4.1-д заасан иргэн нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана” гэж зааснаар гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэгдэх харилцаа байна.
12. Нэг талаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 2/ “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1. “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй” гэж зааснаар үүссэн эрхээ хамгаалуулах хүсэл зориг бүхий нэхэмжлэгч, нөгөө талаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5/ “доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих”, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6/ “нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх”, 7/ “нийгмийн даатгалын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, ... гаргуулах”, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/ “шимтгэл оногдуулах төлөхтэй холбогдсон ... бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулсан хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шүүх хангаж, эсхүл хэрэгсэхгүй болгон тогтоох боломжгүй байна гэж дүгнэж, маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11. “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
13. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлд нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Дүрэм, журам батлах тухай” 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1. “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийгмийн даатгалын сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино”, 1.4. “Нийгмийн даатгалын салбарын мэргэжлийн хяналтыг нийгмийн даатгалын байцаагч хэрэгжүүлнэ”, 2 дугаар зүйлийн 2.1.5. “нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоолт, олголтод баримтын шалгалт хийх”, 3 дугаар зүйлийн 3.2. “Нийгмийн даатгалын байцаагчаас нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон шимтгэл ногдуулалт, төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголтод хяналт тавих, ... бүрдүүлэхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шалгалтын удирдамж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт, нэгдсэн акт, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, шийтгэврийн хуудас, харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдэл, харилцах дансыг нээх зөвшөөрөл, хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай танилцуулга үйлдэнэ”, 3.4. “Хяналт шалгалт хийхээс өмнө шалгалтын удирдамжийг батлуулах бөгөөд уг удирдамжид шалгалтын зорилго, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ахлагч, шалгалт хийх хугацаа, хамрах хүрээ, ажлын чиглэлийг тусгана”, 3.5.“Нийгмийн даатгалын тухай хуулиудыг зөрчсөн буруутай байгууллага, холбогдох албан тушаалтны хариуцан төлөх шимтгэл, алданги болон торгууль, үндэслэлгүй илүү, дутуу тогтоож олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг шийдвэрлэхээр акт үйлдэнэ”, 3.6.“Акт нь ерөнхий, тэмдэглэл, тогтоох гэсэн 3 хэсгээс бүрдэнэ”, 3.6.2.“Тэмдэглэл хэсэгт шалгагдаж байгаа байгууллагын Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудлыг нягтлан бодох бүртгэл, тайлан, мэдээлэл, санхүүгийн үндсэн баримтад тулгуурлан шалгаж, илэрсэн төлбөр, зөрчлийг нэр зааж түүний гарсан шалтгаан, нөлөөлөл, хүчин зүйл, шалгалтаар илэрсэн төлбөр зөрчил нь ямар хууль тогтоомжийн зүйл, заалтыг зөрчсөн, гарах болсон шалтгаан, хугацаа, нөхцөл ба хууль тогтоомжийг зөрчиж шийдвэр гаргасан, гүйцэтгэсэн зохих байгууллагын удирдлага, албан тушаалтныг тодорхой баримтаар нотолж нэр зааж бичнэ” зэргээр журамласан харилцааг тодорхой үйлдсэн эсэх талаарх хариуцагчийн явуулсан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад хэлбэржин гарсан маргаан бүхий захиргааны акт /үйлдлийг/-ыг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, нэхэмжлэгчийг Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь мал аж ахуй эрхэлж үндсэн орлого олж байсан эсэх талаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой зөрчил гаргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, эрх бүхий нийгмийн даатгалын улсын байцаагч нь нийгмийн даатгалын шинжтэй зөрчлийг шалгаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар “хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэх заалтыг үндэслэж шийдвэр гаргахдаа зөрчлийн шинж байдал, хууль зөрчсөн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж шүүх дүгнэв.
14. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмууд болон хуулийн хүрээнд, маргаан бүхий актыг хариуцагч захиргааны байгууллага дахин судалж, нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоох үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан холбогдох судалгаа, шалгалтыг явуулж шинэ захиргааны акт гаргах шаардлагатай байна.
15. Шүүх, хариуцагч захиргааны байгууллагын маргаан бүхий актыг хүчингүй болгоогүй, харин дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн даалгах шаардлага хангагдах үндэслэлгүй болно.
16. 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, 2017 онд батлагдсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль нь 2023 оны Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль батлагдаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнөөр хүчингүй болсныг, 2012 онд батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцогдсоныг тэмдэглээд хэдийгээр ийнхүү хүчингүй болсон авч маргаан бүхий харилцаанд хамаарах хэрэглэгдэхийг дурдах нь зүйтэй.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 7, 27 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 5, 26 дугаар зүйл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Аийн нэхэмжлэлд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчдаас дахин шинэ акт гаргах хүртэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өдрийн “Тэтгэврийн олголт зогсоож, тэтгэврийг буцаан төлүүлэх, хувийн хэргийн бүрдлийг хангуулах тухай” 5 дугаар актын Ж.Ат холбогдох хэсгийг шинэ захиргааны акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага нь дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий дээрх актын нэхэмжлэгч Ж.Ат холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН