Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 029

 

С.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай   

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00005 дугаар шийдвэртэй, Б сумын 5 дугаар багт оршин суух, С.Д-ын нэхэмжлэлтэй, Б сумын Засаг даргын Тамгын газар, Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух М.Х нарт тус тус холбогдох иргэний хэргийг хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч З.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар болон иргэн М.Х нараас 1.600.000.00 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Иргэн С.Д би 2017 оны 4 дүгээр сард Б сумын 5 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхад тус сумын ЗДТГ-ын автомашины зогсоол болон хашаа хайсны ажлыг ахалж хийлгэж байсан. Ингээд Өлгий сумын иргэн Ж.А гэдэг хүнээс 3,000,000 төгрөгийн барилгын материалуудыг зээлээр худалдан авч тус сумын ЗДТГ-ын автомашины зогсоол болон хашаа хайсыг хийх ажилд зарцуулсан. Тухайн үед уг ажлыг Б сумын Засаг дарга С.Б болон тус сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан М.Х-тай амаар тохиролцсоны үндсэн дээр иргэн Ж.А-ээс худалдаж авсан барилгын материалуудыг зарцуулсан. Гэтэл Б сумын ЗДТГ болон иргэн М.Х нь Ж.А-ээс зээлээр худалдаж авсан барилгын материалуудын үнийг цаг хугацаанд өгөөгүй учраас иргэн Ж.А нь шүүхэд хандаж улмаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас шийдвэр гарч, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.Д миний ХААН банк дахь данснаас 1,600,000 төгрөгийг бэлэн бусаар суутгасан. Ингээд би бодит байдалд Б сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг хувиасаа иргэн Ж.А-д төлсөн тул одоо уг мөнгийг сумын ЗДТГ болон иргэн М.Х нараас шаардах эрхтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг Б сумын Засаг даргын удирдлагад танилцуулахад бид төлөхгүй иргэн М.Х төлөх ёстой гэж маргаж байгаа. М.Х нь тухайн үед тус сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын ЗДТГ-ын санхүү болон иргэн М.Х-аас 1,600,000 төгрөг гаргуулан С.Д-д олгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.  

Хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М-ын тайлбарт: “Тус сумын 5 дугаар багийн иргэн С.Д-ын нэхэмжлэлтэй танилцлаа. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тухайн үед ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан М.Х “Ц” ХХК-ийн захирал Т.С-тэй ЗДТГ-ын хашаа хайс болон бие засах газар барих гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хийж хүлээлгэж өгөхөөр гэрээ хийсэн байна. ЗДТГ-ын зүгээс гэрээний дагуу 2017 оны 5 дугаар сарын 24-нд 1,200,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 08-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 12-нд 3,700,000 төгрөг,  2017 оны 10 дугаар сарын 18-нд 3,400,000 төгрөг нийт 9,800,000 төгрөгийн санхүүжилт олгосон байна. Иргэн С.Д гэрээний дагуу санхүүжилтийг 100% авсан атлаа ЗДТГ-аас 1,600,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй нэхэмжлэл байна. Иймд иргэн С.Д-ын нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна.” гэжээ.

Хариуцагч М.Х-ын тайлбарт: “Би Б сумын ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан үед ЗДТГ-ын авто машины зогсоол болон хашаа хайсыг шинээр барих ажлыг Б сумын "Ц" ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулж байсан нь үнэн бөгөөд иргэн С.Д-той ажил гүйцэтгүүлэх гэрээ болон ажлын ахлагчаар томилсон тухай ямар нэгэн эрхийн акт гаргаж байгаагүй. Харин би ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өөр ажилд шилжих болсон үед уг ажил нь бүрэн гүйцэд дуусаагүй, комисс хүлээж аваагүй байсан. Учир нь уг ажил гүйцэтгэхэд Орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилагдсан хөрөнгө болох 10 сая төгрөг байсан ба шаардагдах хөрөнгө нь түүнээс илүү гарах тооцоо гарч байсан. Миний бие өөр ажилд шилжих үед "Ц" ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ бүрэн дуусаж ажлын гүйцэтгэл гараагүй тул ЗДТГ-ын авто зогсоол болон хашаа хайсанд зарцуулсан хөрөнгийн тооцоог ЗДТГ-ын нярав болон ажил гүйцэтгэгч "Ц" ХХК-ийн хооронд тооцоо хийлгүүлэн тайлан тооцоог гаргуулан санхүүгийн материалыг ажил хүлээлцэх үед ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. Санхүүгийн материал нь ЗДТГ болон "Ц" ХХК-ийн архивт байгаа. Сумын ЗДТГ-ын хашаа хайс авто зогсоол барихад зарцуулсан хөрөнгийг "Ц" ХХК болон бусад байгууллагын нэхэмжлэлээр төлүүлж байсныг гэрээгээр ажиллаж байсан "Ц" ХХК болон ЗДТГ-ын санхүүгийн баримт нотлох болно. Иймд иргэн С.Д болон Ж.А нарын хоорондох өр авлагын талаарх асуудлыг би огт мэдэхгүй учир миний бие М.Х иргэн С.Д-ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцох боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00005 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас бараа материалын үнэ 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч М.Х-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М-ын давж заалдах гомдлын агуулга: “ЗДТГазар нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр "Ц” ХХК-ны захирал Т.С-тэй хашаа хайс, бие засах газар барих гэрээ хийж, гэрээний дагуу олгох ёстой 10 сая төгрөгийн 9,8 сая төгрөгийг “Ц” ХХК-ны дансанд, 200,000 төгрөгийг зураг төсвийн зардалд шилжүүлж өгсөн. Харилцагч М.Х шүүх хуралдаанд “Б сум нь “Ц” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн ба иргэн С.Д-той ажил гүйцэтгүүлэх гэрээ болон ажлын ахлагчаар томилсон тухай ямар нэгэн акт гаргаж байгаагүй” гэж тайлбарласан нь ЗДТГ хашаа хайс болон бие засах гззар барих эрхийг зөвхөн “Ц”ХХК -нд шилжүүлснийг нотолж байна. Гэвч “Ц” ХХК нь иргэн С.Д-той ямар нэгэн гэрээ хийгээгүй байгаа нь энэ ажилд иргэн С.Д ямар ч хамааралгүй гэдгийг шүүгч үндэслэх хэсэг болон шийдвэрт харгалзан үзээгүй байна. М.Х нь иргэн С.Д, Ж.А нарын хоорондох өр авлагын талаарх асуудлыг би огт мэдэхгүй гэсэн нь иргэн С.Д-ын Ж.А-ээс авсан материалыг өөрийн хэрэгцээнд ашигласан байж болзошгүй байгааг шүүгч нотолж, шалгаж үзээгүй ба зөвхөн жолооч Т.Е-ийн машинаар ачиж ирсэн гэсэн тодорхойлолтоор өрөөсгөл дүгнэлт гаргаж байна. Мөн ЗДТГ-ын дарга З.М нь эрх үүрэгтэй танилцсан ба нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэс болон материалыг цуглуулах үүргээ биелүүлээгүй байна гэсэн байна. Миний бие гэрээнд заасан өгөх ёстой 10 сая төгрөгийг 100% олгосон ба явцын шалгалт хийж ажил бүрэн дуусаагүй тул одоо хуртэл улсын комисс аваагүй болно. С.Д нь М.Х-тай /тухайн үед ЗДТГ-ын дарга/ амаар тохиролцож аман хэлцэл хийсэн байна гэжээ. Уг нь ЗДТГ нь “Ц” ХХК-тай гэрээ хийж бүх эрх мэдлийг “Ц” ХХК-д шилжүүлсэн учир иргэн С.Д нь "Ц” ХХК-тай гэрээ хийх ёстойг шүүгч нягталж үзээгүй байна. Мөн ЗДТГ хашаа, хайс болон автомашины зогсоолыг ашиглаж байгаа нь гэрч Т.Сийн мэдүүлгээр болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар  нотлогдож байна гэсэн байна. Хашаа хайс, автомашины зогсоолын ажил одоо хүртэл гүйцэд дуусаагүй, улсын комисс аваагүй тул ЗДТГ-ын үндсэн хөрөнгөд бүртгээгүй учир ЗДТГ-ын хөрөнгө биш юм. Дүгнэж хэлэхэд дээрх үндэслэлүүдийг нягталж үзэлгүй нэг талыг барьсан шийдвэр гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн М.Е, Н.З, П.С, Н.М, Т.Е нарын тодорхойлолт, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 001 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, мөнгө шилжүүлсэн хүснэгт,  2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай төлбөрийн хүсэлт, хэргийн 07-19, 63 дугаар талд авагдсан баримтад энэ хэргийн хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нотариатчийн үүргийг гүйцэтгэгч З.М нь дээрх тодорхойлолтуудын “гарын үсгийн үнэн зөвийг” гэрчилсэн, гэрээ, төлбөрийн хүсэлтийн “хуулбар үнэн зөвийг” гэрчилсэн тэмдэглэгээ хийгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

Нэхэмжлэгч С.Д нь хэрэгт нотлох баримтаар 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б сумын Засаг даргын Тамгын газар, “Ц” ХХК нарын хооронд байгуулсан Засаг даргын Тамгын газрын хашаа хайс болон бие засах газар шинээр барих тухай гэрээг нотлох баримтаар гаргаж өгчээ.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан байхад анхан шатны шүүх   “Ц” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй нь хуульд нийцээгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн хүсэлт, М.Е, Н.З, П.С, Н.М, Т.Е нарын тодорхойлолтууд зэрэг нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                                                            Д.КӨБЕШ