Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2018       01        04                                          05

 

  

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Э.А-д холбогдох эрүүгийн 1721002020125 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 5 сарын 10-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин, цахилгаанчин мэргэжилтэй, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 23-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 сарын 15-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 2006 оны 6 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 6 сарын 29-ний өдрийн 591 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг 3 жил 6 сарын хорих ял болгон өөрчилж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2010 оны 12 сарын 30-ны өдрийн 04 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 28 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж сулласан, бие эрүүл, /РД:7/, С овогт Э.А.

 Шүүгдэгч Э.А нь 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Уламжлалт анагаах ухааны төвийн урд талын замд Приус-11 маркийн 75-88 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 2.7.а-д заасан “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Т.Э, Ж.Х, М.Б нарыг мөргөж Т.Э-ийн биед хүндэвтэр, Ж.Х, М.Б нарын  биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Миний буруу харамсаж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Т.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 9 сарын 25-ны өдөр ... өөрийн охин Г зээ хүү Б нарын хамт ...Уламжлалт анагаах ухааны төвийн урд талын засмал  замаар зүүн тийш явж байхад миний таньдаг Хишигдэлгэр эгч өөдөөс ирж  явсан юм. Тухай үед манай охин зээ хүүг хүүхдийн тэргэн дээр түрээд явж байсан бөгөөд хүүхдийн тэргээ замаас гаргах гээд урд талын 2 дугуйг өргөөд гаргахаар нь би арын 2 дугуйг нь өргөлцөх гээд тонгойсон, тэгтэл гэнэт би газар хэвтэж байсан. Тэгээд би босоход миний ард талд машин зогсож байсан бөгөөд би жолооч руу очоод чи дуут дохио өгөхгүй яасан юм бэ, чи эгчийгээ мөргөчихлөө ш дээ гэж хэлэхэд би утсаар ярьж байсан учраас дуут дохио өгч чадсангүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би жолоочийг буугаад ир гэж хэлэхэд бууж ирээд та яагаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь юу гэсэн үг юм бэ, чи намайг мөргөчихлөө ш дээ цагдаа дуудна гэж хэлэхэд машиндаа суугаад явчихсан. Тухайн үед жолоочийн хажууд 50 орчим насны эрэгтэй хүн сууж явсан. Тэр машиныг явахаар нь дугаарыг нь харахад 75-88 ДОР улсын дугаартай байсан бөгөөд би цагдаад дуудлага өгч уг машины дугаарыг өгсөн. ...Э.А нь надад учирсан хохирлыг төлж барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг./хх-ийн 19-20/  

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 563 тоот дүгнэлтэд: "1.Т.Э-ийн биед тархи доргилт, ахар сүүлний 2-р нугалмын их бие хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүдийн тархи доргилт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, ахар сүүлний 2-р нугалмын их бие хэсгийн хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 34/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 28-ны өдрийн 570 тоот дүгнэлтэд: “1.М.Б-ийн биед тархи доргилт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрхи гэмтлүүдийн тархи доргилт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба духны зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй“ гэжээ./хх-ийн 37/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 564 тоот дүгнэлтэд: “1.Ж.Х-ийн биед тархи доргилт, баруун гуяны цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал болон зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүдийн тархи доргилт нь дангаараа, баруун гуяны цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал болон зулгаралт нь бүрдэл байдлаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй“ гэжээ./хх-ийн 40/

 Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 35 тоот дүгнэлтэд: "1. Жолооч Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар зүйлийн 2.7.а-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-д ”Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. 2-р хавсралтын 3-р зүйлийн 3.5 заалтад нэг тэнхлэгт өөр марк, хээтэй тавьсан. 2. Жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол болох гол шалтгаан болсон. 3. Жолоооч Э.А-ийн /ЖЮ87051017 регистрийн дугаараар/ Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс жолоочийн лавлагааг авахад В ангилалын 700304 дугаартай хүчинтэй жолоочийн үнэмлэхтэй байна. 4.Жолооч Э.А-ийн унаж явсан Приус-11 маркийн 75-88 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд нэг тэнхлэгт ижил бус марк, хээтэй дугуйтай байгаа нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй байна” гэжээ. /хх-ийн 44/

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/,

-Зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 11/

-Зам тээврийн осол хэрэгт холбогдсон Тоёота приус-11 маркийн 75-88 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13/

-Гэрч Ж.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 22, 23/

-Гэрч М.Б-ын мэдүүлэг /хх-ийн 26/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Э.А нь 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Уламжлалт анагаах ухааны төвийн урд талын зам дээр Приус-11 маркийн 75-88 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, 2 дугаар зүйлийн 2.7.а-д заасан “...Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Т.Э,  Ж.Х, М.Б нарыг мөргөж хохирогч Т.Э-ийн биед хүндэвтэр, хохирогч Ж.Х, М.Б нарын  биед хөнгөн хохирол учруулсан, хэргийн  газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.А-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйлдлээ хүлээн зөвшөөрч өгсөн ”... Би гэнэт зүүрмэглэхэд Батжаргал ах хүн явж байна гэж хэлэх шиг болсон, тэгэхэд би шууд тормос гишгээд зогссон. Тэгэхэд хүн мөргүүлэх шиг болсон бөгөөд би машинаасаа буугаад яаж байна аа гэж хэлэхэд машинд мөргүүлсэн эгч хувцасаа гөвөөд босч ирээд яаж байна аа чи гэж хэлж байсан. Тэгэхэд хажуунаас нь хамт явж байсан хүн болон тэр хавьд байсан хүмүүс чанга чанга бахираад байхаар нь би тэр эгчид утас минь газар унахаар нь тонгойж авах гэж байгаад мөргөчихлөө гэж худал хэлсэн юм. Тухайн үед би их сандарсан байсан бөгөөд тэр хавьд байсан хүмүүс чанга чанга бахираад байхаар нь машиндаа суугаад явчихсан юм. Тэгээд орой 18 цагийн орчимд байх манай эхнэр надад хэлэхдээ чамайг цагдаагаас асууж байна гэхээр нь би өөрөө цагдаагийн газарт очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/ түүнийг давхар нотолсон хохирогч Т.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн ”... Манай охин зээ хүүг хүүхдийн тэргэн дээр түрээд явж байсан бөгөөд хүүхдийн тэргээ замаас гаргах гээд урд талын 2 дугуйг өргөөд гаргахаар нь би арын 2 дугуйг нь өргөлцөх гээд тонгойсон, тэгтэл гэнэт би газар хэвтэж байсан. Тэгээд би босоход миний ард талд машин зогсож байсан бөгөөд би жолооч руу очоод чи дуут дохио өгөхгүй яасан юм бэ, чи эгчийгээ мөргөчихлөө ш дээ гэж хэлэхэд би утсаар ярьж байсан учраас дуут дохио өгч чадсангүй гэж хэлсэн... намайг цагдаа дуудна гэж хэлэхэд машиндаа суугаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Ж.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би тэр хоёртой юм яриад хүүхдийг өхөөрдөх гээд тэрэг рүү тонгойход араас тээврийн хэрэгсэл ирээд гэнэт мөргөсөн. Тэгээд би ухаан алдаад босож ирсэн чинь эмнэлэг, цагдаа нар ирсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Бид хоёр СМУ-ын голын засмал замаар зүүн тийш Уламжлалт анагаах ухааны төвийн харалдаа явж байгаад замын урагш харахад замын хажууд хүүхдийн тэрэг түрж явсан хоёр эмэгтэй явж байсан. Харин Алтансүх тэр хүмүүсийг шүргэчихэж магадгүй юм шиг санагдаад хүн явж байна гэж хэлэхэд Алтансүх машиныхаа тормосыг гишгэж зогссон. Тэгтэл нэг эмэгтэй хүнийг мөргөх шиг болсон. Харин тэр эмэгтэй газар унаад босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 563, 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 564, 2017 оны 9 сарын 28-ны өдрийн 570 тоот дүгнэлтүүд, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 35 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.А-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:       

Шүүгдэгч Э.А-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар Э.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогч Т.Э-т 2400000 төгрөг, Ж.Х-т 266000 төгрөг, нийт 2660000 төгрөг төлсөн/ хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн эзэмшлээс 5000000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота приус-11” маркийн 75-88 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн ЖЮ87051017 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Шүүгдэгч С овогт Э.А-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 

2. Шүүгдэгч Э.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.      

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг  буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох  ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийн цалин, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс тогтоосон ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогч Т.Э-т 2400000 төгрөг, Ж.Х-т 266000 төгрөг, нийт 2660000 төгрөг төлсөн/ хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн эзэмшлээс 5000000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота приус-11” маркийн 75-88 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн       регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР