Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0533

 

 

      2024         06        19                                         128/ШШ2024/0533

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Б.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Отгонч*******ы Т /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Мын Х

/РД:/,

Хариуцагч: Б дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Х /Б дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны Газар зохион байгуулагч/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д /Б дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн/.

Тус шүүх хуралдаанаар: “Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ дүгээр захирамжийн О.Төд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Б дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар захирамжаар маргаан бүхий 339 м2 газрыг иргэн О.Тийн өргөдөл, кадастрын зураг, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэн 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 00******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгожээ.

2. Иргэн О.Т нь 2020 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсаны дагуу Б дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунган баталгаажуулжээ.

3. Хариуцагч Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ дүгээр захирамжаар “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр 45 иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ба үүнд О.Тийн эзэмшлийн газар багтжээ.

      4. Нэхэмжлэгч иргэн О.Т “Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ дүгээр захирамжийн О.Төд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргажээ.

5. Нэхэмжлэгч О.Т шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Отгонч*******ы Т миний бие Б дүүргийн засаг даргын 2014 оны 10 сарын 22-ны өдрийн тоот шийдвэрийг үндэслэн Б дүүргийн 12-р хороо Т замын тоот хаягт байрлах 700м.кв талбайтай нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан юм. Тухайн газрыг эзэмшсэн цагаасаа хашаа барьж амьдрах гэж байтал манай газар дээр "Ж "ХХК орон сууцны зориулалтай барилга барих гэж байгаа тул хашаа барих шаардлагагүй гэхээр нь би хашаагаа бариагүй юм. Ингээд би тухайн газраа байр баригдах юм байна гэсэн ойлголттой хүлээж байсан. Гэтэл Б дүүргийн засаг даргын 2022 оны 12 сарын 09-ны өдрийн А/ тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг сүүлд мэдсэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай Б дүүргийн Засаг даргын Тамгын газраас албан ёсоор мэдэгдээгүй юм. Энэ тухай мэдсэн даруйдаа тухайн захирамжаар хүчингүй болгуулсан хэсэг иргэд нийлж Б дүүргийн засаг даргад өргөдөл өгсөн боловч өргөдлийг хүлээн аваагүй юм. Ингээд бид өмгөөлөгч М.Хгаар дамжуулан өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийн хариуг нэгдсэн байдлаар өмгөөлөгч М.Хд хаяглан хүргүүлсэн байсан юм. Тухайн захиргааны акт нь иргэн миний газар эзэмших эрхийг зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул тухайн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн О.Т тус дүүргийн 12 дугаар хороо, Т замын тоот 338 м.кв газрыг Б дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн. О.Т тус дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дугаар захирамжаар 12 дугаар хороо Т замын тоот хаяг бүхий 338 м.кв газрын хугацааг сунгуулах хүсэлт өгч сунгуулсан байдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон "У******* т замын" ХНН-с У******* хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа т замын зурвас газарт шинээр газарт олголт хийхгүй байх газар олгосон шийдвэрийг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох тухай албан бичиг ирүүлсний дагуу манай албанаас судлан үзэхэд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5. 40.1.6 дахь заалтын дагуу хүчингүй болох үндэслэл бүрдсэн байсан тул Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ тоот захирамжаар хүчингүй болгосон байна. Тухайн нэгж талбаруудыг хүчингүй болгохтой холбогдуулан Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны олон нийтийн пэйж хуудсанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болгох нэгж талбарын жагсаалтыг оруулан хүчингүй болгох тухай мэдэгдсэн байдаг” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “Нэхэмжлэгч О.Т нь тус дүүргийн 12 дугаар хороо, т замын тоотод 338 м.кв газрыг Б дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд олгосон байдаг. Мөн цаашлаад тус газрыг 2020 оны А/ дугаар захирамжаар буцааж, сунгуулж шийдвэрлэсэн. Түүнээс хойш 2021 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 01-06/1932 дугаар албан бичгээр чиглэл хүргүүлж ирсэн. Энэ албан бичиг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болоод У******* т замын хувь нийлүүлсэн нийгмийн хэсгээс т замын хамгаалалтын зурваст дахин газар олгохгүй байх. Мөн зурваст байгаа иргэдийг газар эзэмших эрхийг шалгах чиглэл ирсэн. Тус чиглэлийн дагуу газар эзэмших эрхтэй байгаа иргэдийг материал болоод холбогдох зүйлсээр шалгалт хийсэн. Ингээд 2022 оны Засаг даргын А/ дүгээр тоот захирамжаар зөрчилтэй байгаа зөрчил илэрсэн иргэдийг бол хавсралтаар баталж захирамжийг гаргаж хүчингүй болгосон дунд нэхэмжлэгч О.Тийн газар байдаг юм. Тухайн газрыг ямар нэгэн байдлаар 2 жилийн турш ашиглаагүй байгаа. Ямар нэгэн ашиглалт бол хийгээгүй. Үүнийгээ “Ж” ХХК-аас хэрэгжүүлж байгаа дахин төлөвлөлтөд хамрагдсан. Төлөвлөлтөд хамрагдаж байгаа учраас би орон сууцтай болно. Тэгэхээр түүний барилгын ажлыг хүлээж байгаа учраас бид ямар нэгэн байдлаар ашиглаагүй гэдэг тайлбарыг ирүүлдэг. “Ж” ХХК нь одоо хүртэл барилгын ажил явуулаагүй байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл мөн сүүлд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс буцаагаад дахиад цуглуулсан нотлох баримт дээр нэхэмжлэгч О.Т нь “Ж” ХХК болоод нийслэлийн холбогдох байгууллагатай гуравласан гэрээг байгуулаагүй байна гэдэг нотлох баримтуудыг ирүүлээд байна. Үүнээс О.Т нь өөрийнхөө газрыг нөлөөлөлд автуулаад ямар нэгэн байдлаар орон сууцад нь дахиж хамруулах байдлаар өөрийнхөө газрыг өгч харилцан тохиролцсон гэдэг нөхцөл байдал илрэхгүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь өөрийнхөө газрыг өдий хугацаанд эзэмших боломжтой байсан гэж үзэж байна” гэв.

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Дэд жагсаалт батлах тухай” А/60 дугаар тушаалын хавсралтаар шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр Б.Б******* сонгогдож, С.М*******, Б.Т******* нар нөөцөд сонгогджээ. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Б.Б******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шүүхэд шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс гаргасан “...Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ дүгээр захирамжийн О.Төд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл тодорхой хугацаагаар түдгэлзүүлж  шийдвэрлэв.

2. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэлтээ гаргасан нэр бүхий 104 иргэний 58342 м.кв талбайн эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг Б дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/ дугаар захирамжаар сунгаж баталгаажуулсны дотор иргэн Отгонч*******ы Тийн дүүргийн Засаг даргын 2014 оны 456 дугаар захирамжаар эзэмшиж байсан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээтэй, 339 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байжээ. /хх-ийн 49-51/

3. Маргаан бүхий Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Газар зэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/ дүгээр захирамжийн хавсралтын 22 дугаарт зааснаар тус дүүргийн  12 дугаар хороо Т замын 10 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 338 м.кв газар эзэмшигч буюу нэхэмжлэгчийг газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийr хүчингүй болгожээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий А/ дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар “...Газрын тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу газрын төлбөрөө зохих ёсоор төлж ирсэн, газраа эзэмшихээр хашаа барьж амьдрах гэтэл тухайн газар дээр дахин төлөвлөлтийн дагуу орон сууц баригдах үйл ажиллагаа явагдаж эхэлсэн, надаас шалтгаалаагүй байтал тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь хууль бус, маргаан бүхий захирамжийг албан ёсоор мэдэгдээгүй...” зэргээр маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “...бодит нөхцөлд байдал дээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүх бүрэлдэхүүний зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.

5. Учир нь маргаан бүхий А/ дүгээр захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1. “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах”, 66 дугаар зүйлийн 66.1. “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 66.3. “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө,  эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. “бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 43 дугаар зүйлийн 43.1.“Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 49 дүгээр зүйлийн 49.3.1. “цуцлах нөхцөлийг хууль захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 40 дүгээр зүйлийн 40.1.1. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 60 дугаар зүйлийн 60.1. “газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус үндэслэн гарсан ба эдгээр үндэслэлээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл нь маргааны үндэслэлд хамаарахыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр тайлбарласан, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байна.

6. Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий захирамжийн агу******* болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Газрын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтын дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй алдаа байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  гэж зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж болон захиргааны байгууллагатай байгуулсан газар эзэмших талаарх гэрээний заалтыг зөрчсөн,  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байхад эдгээр заалтыг шалган тогтоож үндэслээгүй, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон буюу хүчингүй болгосон атлаа захирамждаа хуулийн зүйл заалтыг бичээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.“хуульд үндэслэх”, 4.2.5. “...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хангагдаагүй гэж үзнэ.

7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, ...мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласны “зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн тухайд бүрэн тогтоогдохгүй байна.

8. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас түүвэрлэн үзвэл.

8.1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/602 дугаар захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 09 дүгээр хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Нийслэлийн Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ГХДТ-2014/2 багцын 26.3 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ж г*******” ХХК-ийг шалгарсныг батламжилсан гэх,

8.2. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/7295 дугаар албан бичгийн хариуд “Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Б” хэсэгчилсэн талбайн барилгажилтын төсөл”-ийг хавсралт гэх,

8.3. “Ж” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 991/23 дугаар албан бичгээр “... хоёр талт гэрээг компанийн төв архивд дахин төлөвлөлтийн төсөл хариуцсан менежер Ц.А******* хайлт хийж ажилласан боловч 200 гаруй хоёр талт гэрээний дунд О.Тийн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хийсэн 2 талт гэрээ манай компанийн төв архивд байхгүйг мэдэгдэж” тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/7275 дугаар албан бичгийн хариуг ирүүлсэн баримт,

8.4. Орон сууцны бодлогын газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/257 дугаар албан бичгээр “Нийслэлийн Б дүүрэг, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Ж г*******” ХХК, Б дүүрэг, 12 дугаар хороо, Т замын тоот хаягт оршин суугч иргэн О.Т, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар нарын хооронд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн гурван талт гэрээ манай газрын архивд хадгалагдаагүй” гэх,

8.5. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 1/827 дугаар албан бичгээр “Газрын кадастрын мэдээллийн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн мэдээллээс хайлт хийж үзэхэд нэгж талбарын ******* дугаар бүхий 338 м.кв талбайтай газарт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дуусах хугацаа өгч бүртгэлгүй болгосон байна. Харин албан бичигт дурдсан Нийслэлийн Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ГХДТ-2014/2 багцын 26,3 га талбайн хил заагт нэгж талбарын ******* дугаартай газар нь багтаж байна” гэх,

8.6. Орон сууцны бодлогын газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/531 дугаар албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/602 дугаар захирамжаар Б дүүргийн 12 дугаар хороо, Ч******* овоо орчмын “Б” хэсэгчилсэн талбайд “Ж г*******" ХХК-д гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах эрх олгосон. Тус төслийн талбай нь 379 нэгж талбартай, 3650 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Төслийн хүрээнд 146 нэгж талбартай гурван талт гэрээ байгуулж, 320 айлын орон сууцны барилгын ажил явагдаж байна. Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших иргэн О.Тийн эзэмшиж байсан гэх ******* /хуучин нэгж талбарын дугаар / нэгж талбарын дугаартай газар нь дээрх гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд хамаарч байх бөгөөд О.Ттэй Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан гурван талт гэрээ байгуулаагүй” гэх баримтууд тус тус нотлох баримтаар цугларчээ.

9. Хариуцагчаас “...Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон “У******* т замын” ХНН-с У******* хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа т замын зурвас газарт шинээр газарт олголт хийхгүй байх талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/61 дүгээр албан бичиг, түүний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийг хэрэгжүүлж, газар дээр нь судалгаа хийж маргаан бүхий газрыг хүчингүй болгосон” гэх тайлбарыг ирүүлдэг авч шүүх хуралдаан дээр Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр маргаан бүхий захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг гаргасан гэж тайлбарласан.

11. Ийнхүү дээр дурдсанаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг Газрын тухай хуулийн зохицуулалтын агу*******ар тайлбарлан нэгтгэн дүгнэвэл,

11.1. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ зөрчиж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг тогтоогоогүй, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2. “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3. “зам, шугам сүлжээний газар” буюу газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар маргаан бүхий газар нь төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах газар болохыг тогтоосон, эсхүл т замын зурвас газар болохыг тогтоож эдэлбэр газраар тухайлан олгосон шийдвэр байсан эсэхийг үндэслэн шийдвэрлэхгүйгээр Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хоёр жил дараалан газар ашиглаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай.

11.2. Нөгөө талаас Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагчаас  хөндсөн гэж үзэхээр байх боловч, нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрх олгогдож, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдсан байхад маргаан бүхий газрыг эзэмшихийн тулд ямар үйл ажиллагаа явуулсан бэ, газраа бодитойгоор эзэмшихийн тулд ямар үйлдэл хийсэн бэ, тухайлбал, холбогдох эрх бүхий этгээдтэй, захиргааны байгууллагатай дахин төлөвлөгдсөн газрын талаар гуравласан гэрээ байгуулаагүй шалтгаан нөхцөлөө тайлбарлаагүй, энэ талаар нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй, шүүхээс гүйцэтгэсэн нотлох ажиллагааны хүрээнд баримт гарч ирээгүй болно.

12. Иймээс, хариуцагчийн үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, нэхэмжлэгчийг газар эзэмших эрхээ зөрчилгүй хэрэгжүүлсэн гэдгийг шүүх тогтоох боломжгүй байна гэж дүгнэж, маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.“шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

13. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. “захиргааны актын агу******* ойлгомжтой, тодорхой байх” шаардлагыг маргаан бүхий захирамж нь хангаж гараагүйг тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, газар эзэмшигч /нэхэмжлэгч/-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь захирамжийн агу*******ас харагдах боловч Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг үндэслээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3. “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэснийг зөрчсөн, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл/ заалтыг үндэслэснээ тайлбарлаж байгаа нь хууль бус болохыг дурдах нь зүйтэй.

14. Сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулж болохыг зөвшөөрсний дагуу хэргийг хэлэлцсэн ба энэ тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн маргаан бүхий үйл баримтад өгсөн дүгнэлтийн үндэслэлтэй эсэх талаар шүүх бүрэлдэхүүний зүгээс тодорхойлох боломжгүй байсныг, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулсныг тэмдэглэж байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Тийн нэхэмжлэлийн шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ дүгээр захирамжийн нэхэмжлэгч иргэн О.Төд холбогдох хэсгийг шинэ захиргааны акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага нь дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий дээрх актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН

 

                                              ШҮҮГЧ                                         Л.БАТБААТАР

 

                                              ШҮҮГЧ                                         Б.АДЪЯАСҮРЭН