Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/28

 

                               Д.Э-д холбогдох эрүүгийн

                                             хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ж.Б, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Х.Э,

Хохирогчийн өмгөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.С-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/232 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Ц.Б эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасныг давж заалдах шатны шүүхэд  хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогтой Д.Э нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хан Алтай” Ресурс ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Улаан багт оршин суух, ДМ ..................... регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Д.Э нь Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд иргэн А.Г-ийг “ямааны мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи дээд урууланд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар, хэвлийд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язрал, дээд үүдэн 1 шүдний ганхалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э холбогдох 2216000000151 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт байхад 2 удаа дүгнэлт гаргасан гэж үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр буюу 33 хоног өнгөрсөн байхад биеийн зовуурь арилаагүй байдал, мөн шүүгчийн туслах 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчтой утсаар ярьж шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа тул шүүх хуралд очих боломжгүй талаар” мэдэгдсэн зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээг нотолж ирүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болж байна.

 

Учир нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулахаар журамлажээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх байдлууд хангагдаагүй үндэслэлүүд тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э холбогдох 2216000000151 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын зүгээс Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 2022/ШЗ/232 дугаартай захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж байна.

 

Учир нь: Уг хэрэгт прокуророос Д.Э-ыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд Д.Э нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээрээ “...Би Г-ийн нүүрний зүүн хэсэгт нь гараараа савж цохичхоод гараад яваад өгсөн юм. Түүнээс нүүр лүү нь 2 удаа цохиогүй. Г-тэй маргааш нь очиж уучлал гуйгаад бид 2 ямааныхаа наймааг хийсэн ба надаас 7 ямаа нэгийг нь 120,000 төгрөгөөр бодож авсан юм...би нэг л удаа гараараа нүүрэн хэсэг рүү нь хүчтэй гараараа савж цохичхоод гарсан...миний буруу гэж бодож байна...” гэж мэдүүлдэг бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал, прокуророос яллагдагчаар татсан эрүүгийн хуулийн зүйл заалт дээр маргадаггүй бөгөөд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгдөг.

 

Харин мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн зүгээс болсон үйл явдлыг нэг бүрчлэн асуулгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би бодит хохирлыг төлж барагдуулна гэдэг мэдүүлэг авсан. Үүнийг прокурорын зүгээс эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үед шүүгдэгчээс асуултаар хохирогчид учирсан гэмтэл учруулсан эсэх талаар нэг бүрчлэн асуугаад мэдүүлэг авсан. Дээрх асуултад шүүгдэгч Д.Э-ын зүгээс хохирогч А.Г-ийн эрүүл мэндэд хэвлийд учирсан, толгойд учирсан, нүүрэнд учирсан гэмтлүүдийг би цохиж учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна, би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэдгээ илэрхийлж мөн шүүх хуралдаан дээр хэлсэн. Шүүгчийн зүгээс захирамжид тухайн улсын яллагчийн зүгээс асууж мэдүүлсэн мэдүүлгийг үнэлэхгүйгээр зөвхөн өөрөө асуусан нэг асуултад тулгуурлаж гэм буруугаа сайн дураараа, анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Г-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаараа хүлээн мэдүүлсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт архины шилээр цохисон, 2 удаа гэдсэнд нь өшиглөсөн. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа талаараа мэдүүлсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэх шаардлагыг хангаж байна. Мөн хэрэг прокурорын шатанд байхад шүүгдэгч Д.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 22, 25-ны өдрүүдэд хохирогч А.Г нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг 2 хувааж төлсөн талаарх баримт хавтаст хэргийг 137-138 дугаар талд авагдсан байдаг.

 

Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаас ирц танилцуулахад хохирогчийн өмгөөлөгч Д.А нь хохирогч гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байдаг. Тиймээс хохирогчид учирсан гэм хор, хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Э-ын гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Г, гэрч Б.Б, Б.Х, Э.Б нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 227 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдсон байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг Д.Э-той тохиролцон хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Улмаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл хангагдсан байхад хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд таамаглал дэвшүүлсэн буюу шүүгчийн туслах утсаар хуралдааны тов мэдэгдэхэд “Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа тул шүүх хуралд очих боломжгүй талаар” мэдэгдсэн гэж үзэн хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг нотолж ирүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд яллагдагч Д.Э холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/232 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/232 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцоно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Э нь Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд иргэн А.Г-ийг “ямааны мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, дээд урууланд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар, хэвлийд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язрал, дээд үүдэн 1 шүдний ганхалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх байдлууд хангагдаагүй гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бодитой нотолсон эсэх нь мөн хуулийн 32.3 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой.

 

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог болно.

 

Шүүгдэгч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж,  архины шилээр цохисон, 2 удаа гэдсэнд нь өшиглөсөн. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа талаараа мэдүүлсэн байна.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 119 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд Д.Э холбогдох 2216000000151 дугаар эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн үйл баримт хангалттай, тогтоогдсон шүүгдэгчийн үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг  шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байна.

 

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах эрхгүй болсон тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д.Э холбогдох 2216000000151 дугаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/232 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

 

ШҮҮГЧИД                             Ж.Б

 

                                              Ш.Б