| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03325/И |
| Дугаар | 182/ШШ2024/04612 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/04612
2024 11 06 182/ШШ2024/04612
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. хаягт байрлах, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас чөлөөлөх тухай А/65 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Ө.*******,Э.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан Ажлаас чөлөөлөх тухай А/65 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/14 тоот тушаалаар ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь I, II төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтнаар томилогдсон. Дээрх тушаалыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 70 тоот Хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг буюу Төслийн санхүүгийн үйл ажиллагааг хууль, журам, олон улсын гэрээ зэрэгт нийцүүлэн төслийн санхүүжилтийн үйл ажиллагааг төлөвлөн тайлагнаж, хуулийн дагуу цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. 2023 оны төсвөөс 2024 оны төсвийг 29 хувиар нэмэгдүүлж батлуулсан. 2023 оны санхүүгийн тайланд англи, монгол хэл дээр аудит хийлгэж өөрчлөлтгүй буюу хангалттай дүгнэлт авсан. Гэтэл Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар Ж.*******г үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэж танилцуулсан. Тушаалын үндэслэл нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 18.9, Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмын 8.1.6 дахь заалтыг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээний дагуу үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан төслийн удирдах хорооны хурлаар 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төслийн нэгжийн ажилчдын үнэлгээ, бүтэц орон тоо, дотоод журмыг төслийн зохицуулагч танилцуулсан байдаг. Төслийн зохицуулагч нь санхүүгийн ажилтан Ж.*******гийн ажлыг дүгнэхдээ 58,4 хувь буюу “F” үнэлгээ гаргасан ба уг үнэлгээг үндэслэн Сангийн Яамны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан байдаг. Төслийн зохицуулагчийн гаргасан үнэлгээг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмын 15.7 дахь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч байгууллага шаардлагатай тохиолдолд төслийн санхүүгийн болон худалдан авалт хариуцсан ажилтантай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг өөрчлөх, сунгах, цуцлах саналыг холбогдох үндэслэлийн хамт гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, Хөлсөөр ажиллах гэрээний 7.1 дэх хэсэгт “Захиалагч нь ажилтантай байгуулсан гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн гэрээг нэг жилээр сунгаж болно” гэж заасан. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас” загвар маягтад заасны дагуу боловсруулах ба үүний дагуу Ж.******* миний бие хийж гүйцэтгэх ажил, хүрсэн үр дүн болон өөрийн үнэлгээний хамт боловсруулж и-мэйл болон бичгээр төслийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн. Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудаст ажилтнаар гарын үсэг зуруулж авсны дараа төслийн зохицуулагч өөрийн үнэлгээг гарган 58,4 хувь буюу “F” үнэлгээ гаргасан байдаг. Гэтэл Журмын 15.8 дахь хэсэгт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг төслийн зохицуулагчийн саналыг үндэслэн төслийн захирал үнэлж, дүнг ТУХ-нд танилцуулна” гэж заасан боловч үнэлгээг төслийн зохицуулагч хийж Төслийн удирдах хороонд танилцуулсан.
Өөрөөр хэлбэл төслийн зохицуулагч нь хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх, дүгнэх, танилцуулах эрх бүхий этгээд биш бөгөөд зөвхөн санал оруулах эрхтэй этгээд юм. Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралтаар Хөлсөөр ажиллах гэрээний загварыг баталсан ба 7.3-т Гэрээний хугацаа дуусахад биелэлтийг талууд харилцан дүгнэж, журамд заасны дагуу гүйцэтгэлийн үнэлгээний акт үйлдэнэ” гэж заасан байна. Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх субъектүүд буюу оролцогч талууд нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага, Сангийн яам, төслийн ажилтан нар байх ба Хөлсөөр ажиллах гэрээний үндсэн нөхцөлд заасан ажил үүрэг, үндсэн зорилтын хүрээнд төслийн ажилтны хийж гүйцэтгэсэн ажил үүрэг тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /тоо хэмжээ, чанар, хугацаа/-ийн хэрэгжилтийг тооцсоны дагуу оролцогч талууд буюу төсөл хэрэгжүүлэгч байгууллага, Сангийн яам, төслийн ажилтан нарын өгсөн онооны дундажаар үнэлгээг гаргахаар баталсан. Гэтэл санхүүгийн ажилтан Ж.*******гийн 2023 оны Хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн Төслийн зохицуулагч ганцаараа үнэлэн, уг үнэлгээг үндэслэж хөлсөөр ажиллах гэрээний биелэлт хангалтгүй гэж үзсэн нь холбогдох журмыг ноцтой зөрчсөн байна. Иймд гүйцэтгэсэн ажил үүрэг тус бүрийн хэрэгжилтийг тооцоогүй, үнэлгээ өгөх эрхгүй этгээд ажлыг дүгнэсэн мөн зөвхөн нэг субъектын үнэлэмжээр гаргасан үнэлгээ нь гэрээний биелэлтийг харилцан дүгнэсэн гэж үзэх боломжгүй зэргээр холбогдох журмыг зөрчиж гаргасан дээрх үнэлгээ түүнийг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар Ж.*******г үүрэгт ажлаас чөлөөлөх тушаалыг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр танилцуулсан. Тушаал гарахаас өмнө хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээтэй танилцуулаагүй, тайлбар аваагүй, холбогдох журмыг мөрдөн ажиллаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 70 тоот хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Гэрээний хугацаа дуусахад гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар мэдэгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заажээ. Иймд ажил олгогч нь хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөх үүрэгтэй. Гэтэл Ж.*******г үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалын үндэслэл нь МУ-ын Засгийн газрын тухай хуулийн 18.9, Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмын 8.1.6 дахь заалт байх ба эдгээр нь зөвхөн тушаал гаргах эрхтэй субъектийн талаар зохицуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж буй нь тодорхойгүй байх ба хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлийг тушаалдаа заагаагүй байна. Дээрх үндэслэлээр Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаал нь үндэслэлгүй. Иймд Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Ж.*******г “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II, III төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,969,522 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулна гэв.
2.Хариуцагч Монгол Улсын Сангийн яам шүүхэд болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-ын 8.1.6-д “Гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: ТХН-ийн санхүүгийн болон худалдан авалт хариуцсан ажилтныг томилох, чөлөөлөх;” гэж, мөн журмын 15.7-д “Төсөл хэрэгжүүлэгч байгууллага шаардлагатай тохиолдолд төслийн санхүүгийн болон худалдан авалт хариуцсан ажилтантай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг өөрчлөх, сунгах, цуцлах саналыг холбогдох үндэслэлийн хамт гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/1355 тоот албан бичгээр төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтан Ж.******* нь хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээгээр “F” буюу “муу” үнэлгээ авсан тул Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-ын 15.10, ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 8.2.8-д заасныг тус тус үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болгож, холбогдох шийдвэрийг гаргуулах тухай хүсэлтийг баримтын хамт ирүүлсэн. Сангийн яам тус хүсэлтийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтан Ж.*******г үүрэгт ажлаас чөлөөлж, хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр, Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаал, Тушаал хүлээлцсэн акт, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 71 тоот Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт, Сангийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/17 тоот тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 70 тоот Хөлсөөр ажиллах гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлт, Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас, Хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээ, Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам, Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цалинг шинэчлэн тогтоох тухай 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/64 тоот тушаал,
Хариуцагчаас хариу тайлбар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/17, 2024 оны 03 сарыг 29-ний өдрийн А/65 тоот тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 70 тоот Хөлсөөр ажиллах гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлт, Ажлын байрны тодорхойлолт, Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн удирдах хорооны 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан 18, 13 дугаар хурлын тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цалинг шинэчлэн тогтоох тухай 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/64 тоот тушаал, хавсралт, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн удирдах хорооны зөвлөмж, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь ІІ, ІІІ төсөл”-ийн 2022, 2023 оны Санхүүгийн аудитын тайлан, Үндэсний аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 121/Д0150118 албан шаардлага зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Сангийн яамнаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/17 тоот Санхүүгийн ажилтныг томилох тухай тушаал, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ж.*******тэй байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 10 тоот Хөлсөөр ажиллах гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, Ж.*******тэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлт, Санхүүгийн ажилтан Ж.*******тэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 71 тоот Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/64 тоот Цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл хэрэгжүүлэх нэгжийн дотоод журмыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалыг хүчингүй болгуулах, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II, III төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,572,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийг шаардлагаа нэмэгдүүлж /хавтаст хэргийн 79 тал/, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Төслийн зохицуулагч М.******* 58,4 хувь буюу “F” үнэлгээ гаргасан. Хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг төслийн зохицуулагчийн саналыг үндэслэн төслийн захирал үнэлж, дүнг ТУХ-нд танилцуулна” гэж заасан. Төслийн зохицуулагч нь хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх, дүгнэх, танилцуулах эрх бүхий этгээд биш. Гэрээний хугацаа дуусахад гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар мэдэгдээгүй. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлийг тушаалдаа заагаагүй” гэж тайлбарлав.
6.Хариуцагч Монгол Улсын Сангийн яам нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг төслийн зохицуулагчийн саналыг үндэслэн Төслийн удирдах хорооны дарга М., Төслийн захирал Н., Төслийн зохицуулагч М.*******, ажилтан Ж.******* нар гарын үсэг зурсан. Ажилтан Ж.******* нь хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээгээр “F” буюу “муу” үнэлгээ авсан тул дээрх тушаал үндэслэлтэй гэж маргажээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 сарын 31-ний өдрийн А/17, 2024 оны 03 сарыг 29-ний өдрийн А/65 тоот тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 70 тоот Хөлсөөр ажиллах гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлт, Ажлын байрны тодорхойлолт, Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн удирдах хорооны төслийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан 18, 13 дугаар хурлын тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Цалинг шинэчлэн тогтоох тухай А/64 тоот тушаал, хавсралт, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн удирдах хорооны зөвлөмж, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь ІІ, ІІІ төслийн 2022, 2023 оны Санхүүгийн аудитын тайлан, Үндэсний аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 121/Д0150118 албан шаардлага, Санхүүгийн ажилтан Ж.*******тэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 71 тоот Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл хэрэгжүүлэх нэгжийн дотоод журам, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.Ажилтан Ж.*******г Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/17 тоот тушаалаар ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II, III төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтнаар томилж, Хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллуулж байжээ.
9.Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 70 тоот Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж Монгол Улсын Засгийн газар болон /түншлэгч/ Герман Улсын Засгийн газар хооронд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн Санхүүжилтийн гэрээ хэлэлцээр Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, Сангийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 176 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-ыг үндэслэн, Сангийн яам, түүнийг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, нөгөө талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Э., “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл” “Төсөл хэрэгжүүлэх нэгж” түүнийг төлөөлж Төслийн зохицуулагч Г., гуравдагч талаас ажилтан Ж.******* нар дараах нөхцөлөөр буюу Ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох ажил, үүргийг гүйцэтгэнэ. Гэрээний хугацаа нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна. Захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 3,540,000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэлийг багтаасан болно. Мөн гэрээний 8.2.8. Хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээгээр хоёр дараалан “D” үнэлгээ авсан, эсхүл “F” үнэлгээ авсан нь Хөлсөөр ажиллах гэрээг цуцлах, сунгахгүй байх үндэслэл болно” гэж талууд харилцан тохиролцсон байх ба Хөлсөөр ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан байна. /хавтаст хэргийн 84-88 тал/
10.Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсгэсэн, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.
11.Ажил олгогч Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн удирдах хорооны төслийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан 18 дугаар хурлаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн үйл ажиллагааны 2023 оны жилийн эцсийн тайлан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлуулах, төслийн нэгжийн ажилчдын үнэлгээ, бүтэц орон тоо, дотоод журмыг төслийн зохицуулагч танилцуулжээ. /хавтаст хэргийн 102-106 тал/
12.Ажил олгогч Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар тогтоолоор батлагдсан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмын 8.1.6 дахь заалтыг үндэслэн ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн санхүүгийн ажилтан Ж.*******гийн Хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн тушаал үндэслэл бүхий гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 83 тал/
13.Ажилтан Ж.*******гийн “Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас”-т хийж гүйцэтгэвэл зохих ажил үйлчилгээнд өгсөн оноо дараах байдалтай байна. Үүнд: Төслийн удирдах хорооны хурлыг зохион байгуулах өгсөн оноо 75, KfW банкнаас төслийн явцын үнэлгээний баг ирж ажиллах өгсөн оноо 70, Батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтын болон зөвлөх үйлчилгээний ажлуудын санхүүжилт болон бүртгэл тооцоог хийх өгсөн оноо 65, Төслийн нэгжийн батлагдсан урсгал үйл ажиллагааны зардлыг төсвийн хуваарийн дагуу зарцуулах, өгсөн оноо 55, Төслийн батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг гаргах өгсөн оноо 50, Төслийн батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамнаас зохион байгуулсан хурал, зөвлөгөө, сургалт, семинар, нээлттэй хаалганы өдөрлөг бусад талуудтай хамтран хийх сургалт семинар зэргийг дэмжин ажиллах өгсөн оноо 55, Төслийн хагас жилийн болон жилийн эцсийн санхүүгийн тайланг хийж Сангийн яаманд хүргүүлж, цахим тайланд шивэх KtW стандартын дагуу гаргах өгсөн оноо 35, Төслийн гадаад санхүүжилтийн татан авалтыг 4 сар тутамд тайлагнаж дараагийн санхүүжилтийг оруулах өгсөн оноо 35, Төслийн санхүүжилтийн мэдээ, тушаал шийдвэрийг тухай бүр, сар бүр, улирал бүр хагас жилийн болон жилийн эцэст шилэн дансанд мэдээлэх өгсөн оноо 25, Төслийн НӨАТ-ийн чөлөөлөлтийн тайланг гаргаж ТЕГ-т сар бүр хүргүүлэх, Сангийн яамнаас НӨАТ-ийн чөлөөлөлтийн тушаал, бүртгэлийн хуудас гаргах асуудлыг хариуцах өгсөн оноо 55, Татварын тайланг гаргаж, харьяа СБД-ийн татварын хэлтэст тайлагнаж тооцоог хийх өгсөн оноо 55, Төслийн үндсэн хөрөнгийн тооллого бүртгэлийг хийх өгсөн оноо 25, Сар бүрийн төсвийн гүйцэтгэлийг батлагдсан эдийн засгийн ангиллын дагуу зарцуулж мэдээгээ Төрийн санд хүргүүлэх үүнээс Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйл Төсвийн цагалбарт заасны дагуу төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг сар болгоны 02-ны дотор Сангийн яаманд цаасаар хүргүүлж баталгаажуулах өгсөн оноо 30, Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт өгсөн оноо 20, Албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хамт олны уур амьсгалыг бүрдүүлэлт өгсөн оноо 20 нийт 58,4 хувь буюу “F” үнэлгээгээр ажилтан Ж.*******г “Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас”-аар дүгнэжээ. /хавтаст хэргийн 91-101 тал/
14.Ажил олгогч нь дээрх Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудсаар “Төслийн санхүүжилтийн мэдээ, тушаал шийдвэрийг тухай бүр, сар бүр, улирал бүр, хагас жилийн болон жилийн эцэст шилэн дансанд мэдээлэх” ажлын үзүүлэлтийг хамгийн бага 25 оноогоор үнэлгээ өгсөн болох нь Үндэсний аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 121/Д0150118 албан шаардлагаар “Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III шатны төслийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд: Шилэн дансны цахим хуудсанд оруулбал зохих 92 мэдээлэл оруулахаас 92 мэдээлэл оруулж, 2,030,854.9 мянган төгрөгийн дүнтэй 3 мэдээллийн хугацааг хоцроон, 3 мэдээллийн дүнг 5,152,919.9 мянган төгрөгөөр бууруулан зөрүүлж мэдээллэсэн, өмнөх онд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, тайлант онд давтан гаргасан байна. Энэ нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх”, 4.1.3 “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага тус хуулийн 6.3.2-т тусгасан төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалтын мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлнэ", гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.1.10-т “Аудитаар илэрсэн алдаа, зөрчил, түүнийг арилгахаар өгсөн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй бол” гэж заасныг үндэслэн Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллийг хугацаанд нь мэдээллээгүй, өмнөх аудитын зөвлөмжийг биелүүлээгүй зөрчлийг арилгаж, биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III шатны төслийн зохицуулагч /М.*******/, санхүүгийн ажилтан /Ж.*******/ нарт даалгаж шаардлага хүргүүлсэн баримтаар тогтоогдсон гэж үзлээ. /хавтаст хэргийн 172 тал/
15.Нэхэмжлэгч нь Төслийн зохицуулагч М.******* 58,4 хувь буюу “F” үнэлгээ гаргасан. Хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг төслийн зохицуулагчийн саналыг үндэслэн Төслийн захирал үнэлж, дүнг Төслийн удирдах хороонд танилцуулна” гэж заасан. Төслийн зохицуулагч нь хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх, дүгнэх, танилцуулах эрх бүхий этгээд биш гэж маргасан.
16.Хэрэгт авагдсан “Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III Төслийн удирдах хорооны дарга М., Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТХГН-ийн бодлого зохицуулалтын газрын дарга, Төслийн захирал Н., Төслийн зохицуулагч М.*******, Төслийн санхүүгийн ажилтан Ж.******* нар гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байх ба гэрч М.*******ын “Хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг дүгнэж, Төслийн удирдах хороонд танилцуулсан. Ажилтан Ж.******* өөрийн ажлын биелэлтийг 89,9 оноогоор дүгнэсэн” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна. /хавтаст хэргийн 91-101 тал/
17.Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмын 8.1.6-д ТХН-ийн санхүүгийн болон худалдан авалт хариуцсан ажилтныг томилох, чөлөөлөх, мөн 15.10-д ТХН ажилтан “F”, эсхүл хоёр жил дараалан “D” үнэлгээ авсан тохиолдолд түүнтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг цуцлах буюу сунгахгүй байх үндэслэл болно” гэж заажээ.
18.Ажил олгогч Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалд “...төслийн санхүүгийн ажилтан Ж.*******гийн Хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх”-өөр шийдвэрлэж тушаалд үндэслэлийг заасан байна. Талууд Хөлсөөр ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан баримт хэрэгт авагдсан бөгөөд дээрх тушаалын хуулбарыг хүргүүлсэн болох нь ажилтан гарын үсэг зурсан тушаал, хүлээлцсэн акт зэрэг бичгийн баримтаар нэхэмжлэгчийн “гэрээний хугацаа дуусахад гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар мэдэгдээгүй, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлийг тушаалдаа заагаагүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба ажилтан Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
19.Хариуцагч Монгол Улсын Сангийн яаманд холбогдох Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалыг хүчингүй болгуулах, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II, III төсөл"-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,969,522 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
20.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.******* 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дунджаар сард 4,990,000 төгрөг:21,5=өдөрт 232,093 төгрөг х 154 өдөр/ нийт 35,742,322 төгрөг шаардах эрхтэй байсан бөгөөд 3,227,200 төгрөгийг илүү тооцсон байна. /хавтаст хэргийн 76 тал/
21.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Монгол Улсын Сангийн яаманд холбогдох 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалыг хүчингүй болгуулах, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II, III төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,969,522 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ