Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 031

 

“Э” ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай   

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00256 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух И.Н-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөр 642.642.00 төгрөг, алданги 321.321.00 төгрөг, нийт 963.963.00 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Хариуцагч манай компанитай “Дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчийг хэрэглэх тухай” гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 642,642 /1 сарын төлбөр 36036 төгрөг/ төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүч худалдаж авсан. Уг гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр хүртэл төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч худалдаж авсан сүүлийн 18 гаруй сарын дулааны эрчим хүчний үнийг огт төлөөгүй. Манай компанийн зүгээс хариуцагчид энэхүү 642,642 төгрөгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 3.1-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 1,256,185 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 321,321 төгрөг болж байна. Иймд хариуцагч И.Нгаас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 642,642 төгрөг, алданги 321,321 төгрөг нийт 963,963 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.   

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие Өлгий сумын 5 дугаар баг, Нурданеско орон сууцанд оршин суудаг. Би тус орон сууцанд 2014 онд эрчим хүчээр хангах “Э” ХК-нд гэрээ хийсэн боловч эрчим хүчээр хангахгүй байна. Уг гэрээнд сард 36,036 төгрөг төлөхөөр тохирсон. 2014 оноос гэрээ хийсэн боловч тухайн гэрээнд сунгалт хийгээгүй. Манай байр хүйтэн дулаан алддаг ба дулааны шугамыг гэрт бага насны хүүхэд байхад дур мэдэн 3 хүн ирж инженерийн шугамын өөрчлөлт орсон түл халаалт авч чадалгүй зутруу өвөлжин өдий хүрлээ, дулаанаар хангахгүй байна гэж үзэж байна. Манай орон сууцны шугам нь дээд талаас ирдэг тул манай гэр хүйтэн байна. Тус Э ХК-д удаа дараа хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй. 2014 оноос хойш огт төлөөгүй ба 2018 онд шүүхэд өгч төлүүлж авсан байна. 2018 оны 4 сард манай байрны оршин суугч нар МУМХГазарт өргөдөл гаргаж уг өргөдлийн дагуу МУМХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. /акт хавсаргав/. Гэрээний 3.1-т зааснаар хариуцагч нь төлбөр төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон боловч уг гэрээнд зааснаар тухайн алданги төлөх хувийн доод хэсэг нь зурж тэмдэглээгүй тул алданги төлөхгүй болно.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00256 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар хариуцагч И.Нгаас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 642642 төгрөг, алданги 321321 төгрөг, нийт 963963 /есөн зуун жаран гурван мянга есөн зуун жаран гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-нд олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “И.Н би анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гаргасан шүүхийн шийдвэр нь нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. 2017 онд 12 дугаар сарын 07-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрт Дулааны эрчим хүчээр хангах гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар хэдэн хувиар тогтоосон нь тодорхой бус доогуур нь зураагүй, энэ нь эргэлзээтэй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заснаар 0,5% алдангийг үндэслэлгүй гэж гаргасан тул шүүгч баримтлаагүй байна. “Э” ХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Нурданеско ХХК удирдлагын дагуу миний байранд дур мэдэн орон сууцны дулааны орох гарах шугамын буцах шугамыг тасалсан байна. Иргэдийн хооронд маргаан үүсгэсэн тул тус байрны болон миний байрны дулааныг алдагдуулсан учраас “Эрчим баян” ХК-ийн нэхэмжлэлээс бүрэн татгалзаж байна. Ийм учраас зохих хууль ёсны журмын дагуу арга хэмжээ авч, өгч зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг эрхэм шүүгч нараас хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан боловч Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Э” ХК-нь хариуцагч И.Нд холбогдуулж дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнэ 642.642.00 төгрөг, алданги 321.321.00 төгрөг, нийт 963.963.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, харин хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан “Э” ХК болон И.Н нарын хооронд байгуулагдсан гэрээрээр 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хангагч нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  халаалтын улирлын 7 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 42 м2 талбайд 858.00 төгрөгөөр тооцож сард 36.036.00/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна. Тус гэрээний төгсгөлд уг гэрээг жил тутам сунгаж бичилт хийгдсэн байх бөгөөд уг гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгагдсан байна.

 

            Хавтаст хэрэгт авагдсан иргэн И.Нгаас авах төлбөр, алданги бодсон хүснэгт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр  хэрэглэгч И.Н нь 2017 оны 12 сараас 2019 оны 12 сарын халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 642.642.00 төгрөгийн төлбөрийг төлөөгүй буюу гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогджээ.

 

            Хариуцагч дулааны төлбөрийг төлөөгүй үндэслэлээ хангагч байгууллага гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж тайлбарлах боловч хангагч байгууллагаас шаардлага хангаагүй дулаан түгээсэн, эсхүл бусад байдлаар гэрээнд заасан үүргээ зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.-т хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнийг бичилт хийснээс хойш 5 хоногийн дотор төлөх үүрэгтэй. Сардаа багтааж төлөгдөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,1-0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. Хариуцагч И.Н нь алданги 0,1-0,5 хувиар тогтоосон бөгөөд яг хэдэн хувиар тогтоосныг доогуур нь зураагүй нь эргэлзээтэй байхад алданги төлүүлсэн нь үндэслэлгүй гэх боловч уг үндэслэл нь нотлох баримтад тулгуурлагдаагүй байна. Эрчим хүчний тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.” гэж заасан тул алданги гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах тухай хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж, Эрчим хүчний тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй орхигдуулсан нь Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүч түгээх, хэрэглэхтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан тул Иргэний хуулийн 3.3 дугаар зүйлд зааснаар маргааны үйл баримтад уг хуулийг хэрэглэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч И.Нгаас дулааны эрчим хүчний төлбөр 642.642.00 төгрөг, гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги 321.321.00 төгрөг нийт 963.963.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэсэн  нэмэлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.686.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00256 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2” гэсний дараа “,31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг баримтлан” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.686.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

Д.КӨБЕШ