| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2116000040024 |
| Дугаар | 2022/ДШМ/30 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Х.Г |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/30
Ш.Д, Б.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ж.Б, Б.А нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Х.Г,
Шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч М.Э /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.С-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ш.Д-ын өмгөөлөгч Ж.Д, шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч М.Э нар тус тус эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Ш.Д, Б.О нарт холбогдох 2216000040024 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овогт Ш.Д нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дугаар сарын ... -ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1-р багийн 2- ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ ............... регистрийн дугаартай,
Ж овогт Б.О нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дугаар сарын ... -ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-ын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн 30- ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДК ............... регистрийн дугаартай,
Шүүгдэгч Ш.Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын захирагчийн албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.О-тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа:
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Б.О-ийг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод хуулийн хүрээнд тамхины зөвшөөрөл олгох асуудлыг хариуцдаг болох нь тогтоогдож байна гэж дүгнэжээ. Гэтэл тамхины зөвшөөрөл олгох, хэмжилт хийх эрх бүхий субьект биш мөн ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж гарын үсэг Б.О-ээр зуруулсан нотлох баримт хэргийн материалд бэхжигдээгүй байгаа болно.
Анхан шатны шүүх нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх захиргааны байгууллагаас гаргасан акттай холбоотой, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэгдэх маргааныг эрүүгийн хэрэг гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч нарыг захиргааны акт гаргасных нь төлөө яллаж байгаа бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувьд захиргааны акт гаргах эрх хэмжээтэй хүн ч биш. Хэмжилт хийх эрх бүхий субъект ч биш. Ажлын байрны тодорхойлолтод нь өөрөөр нь гарын үсэг зуруулж, хөдөлмөрийн эрх зүй харилцаа буюу хариуцлага хүлээх үүрэг үүсээгүй байхад буруутай гэж дүгнэж ял халдааж байгаа нь үндэслэлгүй. Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Хэд хэдэн хэмжээсээр хэмжих ёстой байтал /google map/-р хэмжчихээд нэг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж буруу хэмжсэн гэж ял халдааж байгаа нь буруу байна. Тиймээс Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг дахин магадлаж Б.О-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ш.Д-ын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа:
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитой тогтоож хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримтын талаар өмгөөлөх талын нотлох баримтууд ямар үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа талаар дурьдаж үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр гэм буруутайд тооцож, эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлсэн байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Ш.Д-ын үйлдлийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийн хувьд:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Д болон Б.О нарт холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байдаг. Есөнбулаг сумын Засаг дарга байсан Ш.Д хувьд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А/127 дугаар бүхий ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох эрх хэмжээнийхээ хүрээнд нэр бүхий 13 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл тухайн захирамжид тусгай зөвшөөрөл авч байсан иргэд дээд шатны Засаг даргад гомдол гаргаж аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан Г нь тухайн захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн үйл баримт байдаг.
Ш.Д нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх эдэлж үүрэг хүлээдэг, тухайн тамхины зөвшөөрөл олгох газрын хэмжилтийг хийдэг албан тушаалтан биш, хавтас хэргийн материалаас харахад Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажилтан, газрын даамал Д, Б нар нэр бүхий 13 аж ахуйн нэгжид тамхины тусгай зөвшөөрөл олгох газрын хэмжилтийг хийж баталгаажуулсан байдаг. Мөн тамхины тусгай зөвшөөрлийг олгох газрыг хэмжих тогтоосон журам, аргачлал байхгүй бөгөөд газрын даамал нар өөрсдөө хэмжилтийг хийсэн байдаг.
Мөн яллах дүгнэлтэд дурдсан Тамхины зөвшөөрөл авсан гэх дээрх 13 аж ахуйн нэгжийн зарим нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга Ш.Д өмнө ажиллаж байсан Засаг даргаас тусгай зөвшөөрөл авч байсан бөгөөд хугацааг нь Ш.Д ажиллаж байхдаа сунгасан асуудал байдаг.
Ш.Д тухайд Есөнбулаг сумын Засаг даргаар томилогдож ажиллахдаа тамхины зөвшөөрөл хүссэн бүхий л аж ахуйн нэгжид боломжоороо тусгай зөвшөөрөл өгсөн байдаг.
Захиргааны акт гаргасан Ш.Д үйлдлийг давуу байдал бий болгосон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Цаг хугацааны хувьд Ш.Д нь энэ хэрэгт яллагдагчаар татагдахаас өмнө тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгосон захирамжаа хүчингүй болгосон байдаг.
Шинжээчийн дүгнэлтэд тулгуурлаж Ш.Д-ыг уг гэмт хэрэгт буруутгаж байгаа бөгөөд уг дүгнэлтийг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн гаргадаг. Гэтэл ашиг сонирхлын зөрчил бүхий этгээдээр дүгнэлт гаргуулсан, шинжээч ямар аргачлал заавраар дүгнэлт хийж 500 метрт хүрэхгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байхад Ш.Д бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Ш.Д үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно. Иймд Ш.Д үйлдэл нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн шинж байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн яллагдагчид гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтын дагуу Ш.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тамхины хяналтын тухай хуулиар 13 дэлгүүрт тамхины зөвшөөрөл олгосон асуудалд би шүүгдэж байгаа. Тамхины зөвшөөрөл олгоход би хэрхэн нөлөөлсөн гэж үзэж байгаа талаар би ойлгохгүй байна. Засаг дарга 13 дэлгүүрт тамхины зөвшөөрөл олгосон. Тэр дотор надтай ах дүү, төрөл сандангийн холбоотой хүн байхгүй. Мөн ямар нэгэн шан харамж авсан зүйл байхгүй. Тамхины хяналтын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайтай байна гэсэн байгаа. Үүний дагуу Есөнбулаг сумын газрын даамал нь тамхины зөвшөөрөл олгож эхлэх цагаас тодорхойлолт гаргаж өгсөн. Би Засаг даргатай хэрхэн бүлэглэж тамхины зөвшөөрөл олгоход оролцсон юм бэ? Засаг даргад нөлөөлсөн зүйл байхгүй. Гэрч Б, Б, Ц, Г, Г нар миний оролцоо байгаагүйг, ямар нэгэн нөлөө үзүүлсэн зүйл байхгүй талаар мэдүүлсэн байгаа. Мөн тамхины зөвшөөрөл олгодог эрх бүхий албан тушаалтан би биш. Эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргадаг. Үүн дээр Засаг даргад нөлөөлж давуу байдал бий болгож, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Хэргийг үнэн зөвшөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ш.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар буруутгагдан шүүгдэж байгааг сайн ойлгохгүй байна. Өөрөө мэдээгүй санамсаргүй байдлаар авлига албан тушаалын хэрэгт холбогдчихсон юм болов уу гэж өөрийн хэмжээнд уншиж судалж үзсэн. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг, хахууль авах, өгөх улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулан ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээдэг журамтай байсан байна.
Засаг дарга гэдэг хүн ямар үүрэгтэй вэ гэхээр нийт ард иргэдийн нийгэм эдийн засгийн байдлыг дээрдүүлэх, дордуулахгүй байх үндсэн чиг үүрэгтэй. Хувиараа бизнес эрхэлж байгаа жижиг дэлгүүрүүд хүсэлтээ өгч нийт орлогын 30-40 хувийг тамхины худалдаа эзэлдэг учраас тамхины зөвшөөрөл өгөхгүй бол дампуурлаа гэж хүсэлтээ өгдөг. Би нэг ч хүсэлтийг цааш түлхэж, хэн нэгэнд нь түрүүлж олгож хэн нэгэнд давуу байдал олгоогүй гэж үзэж байна.
Харин ч нийтэд тэгш байдлаар хүртээмжтэйгээр олгож өгсөн гэж өөрийгөө дүгнэж байна. Тамхины тусгай зөвшөөрлийн асуудал сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал. 500 метр гэдэг хэмжигдэхүүнийг яаж хэмжих талаар тодорхой заагаагүй. Хөдөөгийн сумдад хэрэгждэггүй зүйл. Би барьцаж байгаа юм биш. Сургуулиас 500 метр гэхээр жижиг сумын төвийн тухайд сумын төвөөсөө гараад явчихна. Сумын Засаг дарга сумын ард иргэдийн эрх ашгийн үүднээс тусгай зөвшөөрлийг өгч байгаа. Дараагийн асуудал нь хэмжих асуудлыг тусгайлан зааж өгөөгүй.
Хуульд тусгайлан зааж өгөөгүй бол Засаг дарга захирамжаараа зохицуулдаг хуулийн заалт байгаа. 13 дэлгүүр 500 метртээ хүрэхгүй байна гэж байна. Энэ нь гүүгл майпсаас /google map/ шугам татаж газрын зураг дээр хэмжсэн байгаа. Бодит байдал дээр алхдаг метрээр хэмжихээр хүрч байгаа. Хашааны газар олгоход алхдаг явган метрийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ашиглаж байгаа. 500 метртээ хүрэхгүй байгаа жижиг сумын төв энэ асуудлаа яаж шийдсэн бэ гэхээр тойруулаад хашаа хатгаж алхдаг метрээр хэмждэг бодит кэйс байгаа.
Үүнийг иргэдэд тодорхой, шийдвэр гаргаж байгаа хүндээ тодорхой байхаар цэгцэд оруулъя гэж би Монгол улсад анх удаа гаргаж хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Энэ нь иргэд ч ашиглах боломжтой гүүгл майп /google map/ байгаа. Төрийн албыг чирэгдэлгүй хэрэгжүүлэх талаар ажлын хэсэг гаргасан байгаа. Миний захирамжаар Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагаас байцаагч нар орж хэмжилт хийсэн. Тэгэхэд 13 аж ахуйн нэгжийн газар хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн. Ажлын хэсэг надад зөвлөмж гаргаж өгдөг. Ажлын хэсгийн зөвлөмжөөр ер нь үүнийг цааш нь мөрдвөл энэ 13 захирамжийг цуцлах шаардлагатай байна гэж үзсэн учраас энэ зөвлөмжийг үндэслээд цэгцлээд үзье гэж бодсон. 13 аж ахуйн нэгжийн 50 хувь нь сунгалтаар зөвшөөрөл олгогдсон байсан. Өмнөх Засаг дарга олгосон байсан. Нөгөө 13 аж ахуйн нэгж миний эсрэг гомдол гаргасан. Өмнө нь болоод байсан зүйл одоо яагаад болохгүй байгаа юм гээд аймгийн Засаг даргад энэ асуудал очоод аймгийн Засаг дарга миний захирамжийг цуцалсан. Гэхдээ яг одоо миний гаргасан захирамж, зөвлөмжийн дагуу тамхины зөвшөөрөл олгогдож байгаа. Ийм л асуудал болсон.
Миний хувьд эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зураад буруудсан байна. Нэгдүгээр гарын үсэг зурсан учраас хариуцлагаа хүлээнэ. Зүгээр ажлаа хийж байсан Б.О-ийн хувьд яагаад надтай бүлэглэн болчихов. Энэ хүн надад хэвлэж өгөөд би гарын үсэг зурдаг албан тушаалтан байгаа. Нурууны хүнд хагалгаанд орсон. Сууж байхдаа ч хүндрэлтэй байдаг. Энэ охины асуудлыг шүүгч нар харгалзаж үзнэ үү. Хариуцлага байгаад хүлээлгэдэг бол надад хариуцлага хүлээлгэж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ш.Д, Б.О нар 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр тамхины тусгай зөвшөөрөл авах нийт 13 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгож нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолдоо дүгнэсэн. Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Д, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ш.Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгосон байна.
Энэ үйл баримт нь гэрч Ш.Б-ийн: Мөрдөн байцаалтад өгсөн “Есөнбулаг сумын газрын даамлаар 2018-2019 онд ажиллаж байх хугацаанд Жинст багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Цэгц гурван богд”, “Баялаг” нэртэй дэлгүүрийн Б нь тамхи худалдаалах хүсэлтээ ирүүлсний дагуу тухайн дэлгүүрээс 3 дугаар дунд сургууль хүртэлх зайг гар аргаар метрээр хэмжихэд 500 метрт хүрэхгүй байсан тул дэлгүүрийн эзэн Б-д энэ талаар хэлж явуулаад ажил дээр буцаж очоод байхад нь Засаг дарга Ш.Д утсаар залгаад “Цэгц гурван богд, Баялаг дэлгүүрийн хэмжээг 500 метр болгоод тодорхойлолт гаргаад өгчих, би мэдэж байна” гэсний дагуу тухайн дэлгүүрүүдийн хэмжээг 3 дугаар сургуулиас 500 метр гээд тодорхойлолт гаргаж өгсөн. Мөн 2018 онд Түмэн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тунамал- Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн эзэн Г нь тамхи худалдаалах хүсэлтээ ирүүлэхэд нь 4 дүгээр цэцэрлэгтэй маш ойрхон болохоор нь танай дэлгүүр чинь яагаад ч 500 метртээ хүрэхгүй би тодорхойлолт гаргаж өгч чадахгүй гэхэд нь Г-ийн ээж Б Засаг дарга Д руу утсаар ярьж Д гэрч рүү утсаар залгаад “Наад хүнийхээ дэлгүүрээс, цэцэрлэг хүртэлх хэмжээг 500 метр болгоод тодорхойлолтыг нь гаргаад өгчих” гэхээр нь яах аргагүй тодорхойлолтыг нь 500 метр гэж хийж өгсөн” тухай мэдүүлэг (1 хх 73-74, 2 хх 47-48 ),
Гэрч П.Б-ийн: “2020 оны 04 сарын үед Есөнбулаг сумын Тамгын газрын ажилтан О-т тамхи худалдаалах хүсэлтээ өгөхөд газрын даамал Д, О нар нь дэлгүүр чинь 4 дүгээр сургуулиас 500 метр хүрэхгүй байна, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хэлсэн. Тэгээд сонгуулийн өмнөхөн Д даргад учир байдлаа хэлсэн чинь миний зовлон, учир байдлыг ойлгоод “Болох бүтэх талаас нь шийдэж өгөхийг бодъё” гээд манай дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгосон. О, газрын даамал Д нар нь 2020 оны 07 сарын 30-ны өдөр тамхи зарах тусгай зөвшөөрлийг надад бичиж өгөхдөө “Та дарга нараар мундагдуулж тусгай зөвшөөрлөө яриулж авлаа шүү. Дараа нь иймээ, тиймээ асуудал гарвал, бид хоёрт ямар ч хамааралгүй шүү” гэж хэлж байсан.” тухай мэдүүлэг (1 хх 87 ),
Гэрч Ө.Г-ийн: “2020 оны 04 сард тамхи худалдан борлуулах зөвшөөрөл авахаар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл, хүсэлтээ өгөхөд газрын даамал Д, мэргэжилтэн О хэмжилт хийгээд танай дэлгүүр чинь 500 метрт хүрэхгүй байна, тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй гэхээр нь Д даргын өрөөнд орж уулзаад “Сургууль одоохондоо түр орохгүй каринтелчихсан байгаа юм чинь зөвшөөрөл олгоод өгөөч” гээд гуйсан чинь Д дарга бололцоогоороо шийдэж өгье гэж хэлсэн. Удалгүй мэргэжилтэн О над руу утсаар яриад хүрч ирээд тусгай зөвшөөрлөө ав гэхээр очиж тусгай зөвшөөрлөө аваад тэрнээс хойш дэлгүүртээ тамхиа зарж байгаа” тухай мэдүүлэг (1 хх 103 ),
Гэрч Ч.Б-ийн: “Хүү Г-ийн хамт Тунамал-Эрдэнэ хүнсний дэлгүүрийг 2019 оноос хойш одоог хүртэл ажиллуулж байгаа бөгөөд 2019 оны намар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт тамхи зарж борлуулах хүсэлтээ өгөхөд газрын даамал Д, мэргэжилтэн О нар хэмжилт хийгээд 500 метрт хүрэхгүй байна гэхээр нь Засаг дарга Д-тай өөрийн биеэр уулзаад хууль журамдаа өөрчлөлт оруулаад өгөөч ээ, та нар ард иргэдийн санал хүсэлтийг дээд шатных нь байгууллагадаа уламжилж өгч шийдвэрлээч, хөрсөн дээр буухгүй хууль хэрэглээд байх юм гэж хэлсэн чинь Засаг дарга Д дахиад хэмжилт хийх үүргийг Д, О нарт өгсний дагуу гар метрээр хэмжилт хийгээд явахад 497 метр орчим болж байхаар нь би 2, 3 метр бол яахав дээ, та нар зөвшөөрөл олгоод өгчих гэж Д даргад үнэн учраа хэлж гуйсан чинь тусгай зөвшөөрлийг гаргаж өгч байсан.” тухай мэдүүлэг (1 хх 93-94),
Гэрч Г.Г-ын: “2018 онд Есөнбулаг сумын газрын даамлаар ажиллаж байхдаа Индэрт багт үйл ажиллагаа явуулдаг Ембүү дэлгүүрийн эзэн Т-ын хүсэлтийн дагуу Д-ийн хамт 3 дугаар сургуулиас тус дэлгүүр хүртэл явган хүний зам дагуу гар метрээр хэмжилт хийхэд 416 метр байсан тул эзэнд нь хэлэхэд хүнд суртал гаргалаа гээд уурлаад үлдсэн бөгөөд хэсэг хугацааны дараа Засаг даргаар ажиллаж байсан Д нь О тэр хоёрыг өрөөндөө дуудаж Ембүү дэлгүүрийн хэмжээг 500 метр болгоод хүргээд биччих. Тамхины хяналтын тухай хуульд хэмжээг яг хаанаас хэмжих нь тодорхойгүй учраас яаж, хаанаас нь ч хамаагүй хэмжээд ямар ч байсан 500 метр хүргэчих гэсэн. Тэгэхээр нь Ембүү дэлгүүрийн эзний эхнэртэй хамт 3 дугаар сургуулийн зүүн талаас хүнсний дэлгүүр хүртэл хэмжээд 500 метр гэсэн тодорхойлолт хийж өгч байсан. Тэгтэл Өрнөн-Ундрах дэлгүүрийн эзэн Б нь Ембүү дэлгүүр 500 метртээ хүрчихсэн юм бол манай дэлгүүр ч гэсэн 500 метртээ хүрнэ шүү дээ гээд байсан бөгөөд хэд хоногийн дараа Д дарга Өрнөн-Ундрах дэлгүүрийн тодорхойлолтыг 500 метр хүргээд гаргаад өгчих гэхээр нь уг дэлгүүрт тодорхойлолт гаргаж өгсөн. Харин “Баянговь” дэлгүүрийн хэмжээг машины зай хэмжигчээр хэмжихэд 500 метрт хүрч байсан болохоор 500 метрээр тодорхойлолтыг нь хийж өгсөн.” тухай мэдүүлэг (1 хх 76-77 ),
Гэрч Б.Д-ийн: “Засаг дарга Д нь “О бид хоёрыг газар дээр нь хэмжиж үзээд ир гээд явуулдаг байсан. Даргын үгнээс зөрөөд байж болохгүй. Явахгүй, чадахгүй гэж хэлж болохгүй. Би мэдэж байна. Та нар гүйцэтгэх албан тушаалтан. Би шийдвэр гаргах хүн” гэдэг байсан. Хэрэв ямар нэгэн тайлбар тавих, үг хэлэх, үгнээс нь зөрөх ч юм уу тийм үйлдэл гаргавал хавчин гадуурхах, ажлаас халах зэрэг эрсдэлээ бодож байсан. Д дарга “чи О-тэй хамт цуг яваад хэмжилт хийгээд ир. 500 метртээ хүрэхгүй байгааг нь хүргэ” гэдэг чиглэл өгдөг байсан. Тийм үүрэг чиглэл өгөхөөр биелүүлэхгүй байя гэхээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагад танилцуулаад ажлаас халуулчихаж магадгүй гээд О-тэй хамт явж хэмжилтийг нь хийж өгч байсан” тухай мэдүүлэг (1 хх 64-66, 174, 2 хх 50-51)8
Гэрч Э.Т, Э.У нарын: “Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан 13 дэлгүүр, аж ахуйн нэгж нь Тамхины хяналтын тухай хуульд заасан сургуулиас 500 метрт хүрэхгүй зөрчилтэй байсан учраас тамхины тусгай зөвшөөрлийг нь холбогдох албаны хүмүүсийн хамтаар хурааж авч, эрх бүхий албан тушаалтанд нь танилцуулж ажилласан тухай” мэдүүлэг (1 хх 82, 83, 85 ),
Гэрч П.Д-ийн: “2016 оноос хойш Есөнбулаг сумын Засаг дарга Д нь ажлаа хүлээн авснаасаа хойш Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, 500 метрээс дотогш байрлаж байгаа хэд хэдэн дэлгүүрүүдэд тамхины зөвшөөрөл олгосон” тухай мэдүүлэг (1 хх-ийн 61-62, 233-234 ),
Гэрч М.Н-ийн: “Есөнбулаг сумын Тамгын газраас 2 дугаар сургуулиас 460 метр дотор байгаа тул тамхи худалдаалж болохгүй гэсэн утгатай бичиг ирж Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын хэсгийн байцаагч, газрын даамал зэрэг хүмүүс ирээд нэгдсэн журмаар хэмжилт хийж, шийдвэр гарсан гээд манай дэлгүүрийн тамхины тусгай зөвшөөрлийг хурааж авч явсан.“ тухай мэдүүлэг (1 хх 96 ),
Гэрч С.Б-ийн: “Есөнбулаг сумын мэргэжилтэн нь хэмжилт хийгээд алхмаар хэмжихэд хэмжээндээ хүрэхгүй байна, харин машины замаар машинаар хэмжихээр 500 метртээ хүрч байна гэж хэлж байсан. Яг хэрхэн, яаж хэмжилт хийж 500 метр болсон эсэхийг холбогдох албаны хүмүүс нь өөрсдөө мэдэх байх. Дараа нь 10 сард Есөнбулаг сумын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, аймгийн Цагдаагийн газрын байцаагч нар хүрч ирээд Есөнбулаг сумын Засаг даргын захирамж үзүүлээд танай дэлгүүр Тамхины хяналтын тухай хуульд зааснаар 500 метрт хүрэхгүй байна гээд тамхины тусгай зөвшөөрлийг хураагаад явсан.” тухай мэдүүлэг (1 хх 98 ),
Гэрч Ц.Т-ын: “Тамхи худалдаалах хүсэлтээ Есөнбулаг сумын Засаг даргын захирагчийн ажлын албанд 2018 оны 05 сард гаргсны дагуу газрын даамал, мэргэжилтэн О хоёр дэлгүүрээс 3 дугаар сургуулийн гадна талын хашааны дээд өнцөг хүртэл хэмжиж үзээд хэмжээндээ хүрэхгүй байгаа тул зөвшөөрөл өгөхгүй гэхээр нь би Тамхины хяналтын тухай хууль уншихад сургуулийн хашаа гэсэн үг, өгүүлбэр байхгүй байсан. Тэгээд Засаг дарга Д-тай уулзаад хуульд байхгүй газраас хэмжилт аваад байна, дахиж хэмжилт хийж өгөөч гэж хүсэлт тавьсан. Тэгээд 3 дугаар сургуулийн дотор талын хаалганаас дэлгүүр хүртэл хэмжихэд 500 метртээ хүрч байсан тул тусгай зөвшөөрлөө гаргуулж авсан. Гэтэл Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Цагдаагийн газрын байцаагч, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нар нь хүрч ирээд дэлгүүр чинь хэмжээндээ хүрэхгүй, 500 метрээс дотогш байна гээд тусгай зөвшөөрлийг хурааж авсан.” тухай мэдүүлэг (1 хх 91),
Гэрч Г.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “Тамхины тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахаар 2019 оны 10 сард Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ өгөхөд агаараар хэмжихээр 500 метрт хүрэхгүй, газраар гар метрээр хэмжихээр 500 метрт хүрч байсан тул боломжтой талаас нь холбогдох хүмүүс нь шийдэж зөвшөөрөл огосон байх гэж бодож байна. Гэтэл 2020 оны 10 сарын үед Есөнбулаг сумын газрын даамал, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, цагдаагийн газрын байцаагч нар хүрч ирээд танай дэлгүүр чинь 500 метрт хүрэхгүй байна гээд тусгай зөвшөөрлийг хурааж аваад явсан.” тухай мэдүүлэг (1 хх 101),
Гэрч Б.Б-ын: “Оргил цаг хүнсний дэлгүүрийг 2014 оноос хойш ажиллуулж байгаа, анх 2016 онд тамхины тусгай зөвшөөрлөө гаргуулж авч байсан ба 2019 оны 03 сарын 04-ний өдөр хугацаа нь дуусахад Есөнбулаг сумын захиргаанд хүсэлтээ шаарплагатай бичиг баримтын хамт өгснөөс хойш мэргэжилтэн О нь зөвшөөрлөө ирж аваарай гэсний дагуу очиж авсан. Манай “Оргил цаг” дэлгүүр нь ерөнхий боловсролын 2 дугаар сургуультай ойрхон боловч гар метрээр болон алхаад хэмжихэд 500 метрийн хэмжээндээ хангалттай хүрэх ч холбогдох хүмүүс нь дэлгүүрээс сургууль хүртэлх зайг яаж хэмжсэнийг мэдэгдэхгүй байгаа тухай” (2 хх 56-57),
Гэрч Д.Д-ийн: “Алтайн оргил бөөний худалдааны төв нь 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2020 онд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл, хүсэлт, холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлэн өгсний дагуу тамхины тусгай зөвшөөрөл гарсан байсан. Гэтэл 2020 оны намар Есөнбулаг сумын мэргэжилтнүүд хэмжилт хийгээд хэмжээндээ арай хүрэхгүй 480 бил үү 490 метр болж байна гэж ярьцгааж байсан” тухай мэдүүлэг ( 2 хх 53-54 ),
Гэрч П.Ц-ийн: “Тамхины хяналтын тухай хууль 2014 онд батлагдсаны дараа мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас албаны хүмүүс хүрч ирээд тамхи зарах юм бол торгоно гэдэг байсан тул Тайшир дэлгүүр нь 1, 2 жил тамхи зараагүй. Тамхины хяналтын тухай хуулинд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэж байхгүй, зөвхөн ерөнхий боловсролын хичээлийн болон дотуур байраас 500 метрт тамхи худалдаалж болохгүй гэж заасан учраас Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ өгсөн. Хуулинд байхгүй нэр томьёо ашиглаж тусгай зөвшөөрөл хурааж, тусгай зөвшөөрөл хүчингүй болгож байгаа нь өөрөө хуулиа зөрчиж байгаа” тухай мэдүүлэг (1 хх 89 ),
Гэрч Ц.Б-ын: “Өрнөн-Ундрах” дэлгүүрийг түрээслэж байхад нь эсрэг талын Жаргалан дэлгүүр тамхи худалдах зөвшөөрөл авсан байхаар нь Есөнбулаг сумын захиргаанд өргөдөл, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, зохих дансанд нь 250 000 төгрөг тушааснаас хойш хэсэг хугацааны дараа тусгай зөвшөөрөл гарч байсан” тухай мэдүүлэг (1 xx 227-228),
Гэрч Х.Д-ын: “Сургалт үйлдвэрлэлийн төвд 9 дүгээр анги төгссөн сурагчид элсэн суралцаж 12 дугаар ангийг төгсөж бүрэн дунд боловсролтыг, тусгай мэргэжлийн хамт эзэмшиж төгсдөг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсролын тухай хуулийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, сургалтаа явуулдаг” тухай мэдүүлэг (1 хх 230-231),
Гэрч Д.Э-ийн: “Есөнбулаг сумын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд нь болон өмнө нь Тамхины зөвшөөрөл олгох ажлын талаарх боловсруулсан материал, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлж байгаа хүсэлт, өргөдлийн талаар танилцуулж байгаагүй. Мэргэжилтэн нь мэдээ, мэдээллээр хангаж ажиллаж байгаагүй. Тухайн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод зааснаар дээд шатны удирдлагыг мэдээ, мэдээллээр хангах, ажлаа Тамгын газрын өмнө тайлагнаж, бүх ажлынхаа гүйцэтгэлийн үр дүнг тайлагнаж хариуцлага хүлээх үүрэгтэй. Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нь Засаг дарга, Тамгын газрын дарга нарыг мэдээ, мэдээллээр хангах үүрэгтэй байсан. Мэргэжилтэн О нь хийж байгаа ажил үүрэгтэй холбоотойгоор ямар нэгэн зөрчил үүссэн бол тэр тухайгаа надад хэлж танилцуулж, надаас тодорхой чиг үүргийг авах ёстой байсан. Албан тушаалын тодорхойлолтоос Тамхитай холбоотой ажил, үүргийнх нь талаар эргэж харах, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг нь сануулах, Тамхины хяналтын тухай хууль, түүнтэй дагалдан гарсан дүрэм журмыг сануулах байсан. 2020 оны 10 сард тамхины зөвшөөрөл олгосон бүх материалыг О-ээс авч танилцаж үзэхэд газрын даамлын хэмжилтээр тодорхойлолтууд хийсэн байсан. Тухайн үедээ мэргэжилтэн О-т “газрын даамлын ажлын байрны тодорхойлолтод хэмжилт хийнэ гэсэн чиг үүрэг байхгүй байхад яагаад хэмжилт хийлгэсэн юм бэ? Чи өөрөө хэмжилтээ хийх ёстой гэдгийг хэлж байсан” тухай мэдүүлэг (2 хх 59-60 ),
Шинжээч Г.Б-ий: “Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн баруун талын булангаас Солонго дэлгүүрийн зүүн хойд талын булан хүртэл 2 долгионы GPS хэмжилтийн багажаар хэмжилт хийхэд 298,89 метр байсан,
3 дугаар сургуулийн баруун урд талын булангаас “Жаргалант” хүнсний дэлгүүр хүртэл 2 долгионы GРS багажаар хэмжилт хийхдээ шулуун шугамаар шууд татаж хэмжилт хийхэд 417,88 метр, Ембүү хүнсний дэлгүүр нь 370,75 метр, Өрнөн-Ундрах хүнсний дэлгүүр 364,90 метр зайнд тус тус байрлаж байсан,
Баялаг, Их-Уул дэлгүүрүүдээс 3-р сургуулийн хойд талын булан хүртэл хэмжилтийг тусгай багажаар авч хэмжихэд Баялаг дэлгүүр нь 213,42 метр, харин Их-Уул дэлгүүр 201,94 метр зайнд тус тус байрлаж байсан,
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 223,64 метр, 2 дугаар цэцэрлэгээс 664 метр, 3 дугаар цэцэрлэгээс 681.14 метр зайд Тайшир дэлгүүр байрлаж байсан,
2 дугаар сургуулийн хойд талын булангаас Тунамал-Эрдэнэ хүнсний дэлгүүр хүртэл шулуунаар хэмжилт хийхэд 406 метр, Алтайн-Оргил бөөний төвөөс 2 дугаар сургууль хүртэл 382,32 метр зайтай байсан. 4 дүгээр цэцэрлэгээс Тунамал-Эрдэнэ хүнсний дэлгүүр хүртэл 68 метр, Алтайн оргил бөөний төв нь 38.03 метр зайнд байрлаж байсан,
Ану хүнсний дэлгүүрээс 2 дугаар сургуулийн баруун хойд талын булан хүртэл шулуун зайгаар шууд татаж хэмжиж үзэхэд 241.43 метр зайд, Баянговь хүнсний дэлгүүр нь 275.65 метр, Оргил цаг хүнсний дэлгүүр нь 310,22 метр зайд тус тус байрлаж байсан тухай ” гэх мэдүүлэг (1 хх 116-119 ),
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 15- ны өдөр нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлт, АUTOCAD-2015 программ дээр харуулсан зураглал, Google earth зураглал (1 хх 114-115, 2 хх 71, 72-73),
Нэр бүхий 13 аж ахуйн нэгжид олгосон тусгай зөвшөөрлийн хуулбарууд (1 хх 126-135, 166-168),
Ш.Д Есөнбулаг сумын Засаг даргаар томилсон тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/103 дугаартай захирамж (2 хх 122),
Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай “Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Д нь нийтийн албан тушаалтанд хамаарах” тухай албан бичиг (2 хх 125) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2. Нотлох баримтын талаар:
Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ш.Д үйлдлийн талаарх хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын хэргийн үйл баримтын талаар өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байгаагаас гадна өөр хоорондоо харилцан зөрүүгүй байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг хэргийн үйл баримтыг нотлож байна гэж үнэлэх үндэслэлтэй.
Харин Б.О-ийг Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлчилгээ, тохижилт хариуцсан мэргэжилтнээр томилсон Есөнбулаг сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай захирамж (2 хх 144),
Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай “Есөнбулаг сумын Захирагчийн ажлын албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.О нь нийтийн албан тушаалтанд хамаарна” гэх албан тоот (2 хх 146),
Есөнбулаг сумын ЗДТГ-н ЗАА-ны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, тохижилт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт 2018.01.04-ний өдөр батлагдсан (2 хх 86-89),
Есөнбулаг сумын ЗДТГ-н Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт (2 хх 148-153) зэрэг нь шүүгдэгч Б.О-ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг нотлож байна гэж анхан шатны шүүх үнэлсэн боловч эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч Б.О нийтийн албанд ажиллаж тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж байсныг нотолж байгаа боловч Б.О тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг нотлохгүй байна.
3. Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар: Шүүгдэгч Ш.Д түүний өмгөөлөгч нар нь нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгосон үйл баримтын талаар маргаагүй харин энэ үйлдэлд оролцсон шүүгдэгч нарын оролцоо, шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хуулийг тайлбарлах хэрэглэх талаар улсын яллагч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар харилцан эсрэг байр суурийг илэрхийлж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэтгэлцэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан байна.
Прокуророос Ш.Д Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын захирагчийн ажлын албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.О-тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Д, Б.О нар прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Ш.Д үйлдэлд Эрүүгийн хуулийг тайлбарлаж, хэрэглэсэн байдал, эрх зүйн дүгнэлтийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.
Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор тус тус заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ш.Д нь албаны бүрэн эрхэд нь хамаарч байгаа хуульд заасан болзол шаардлага хангасан хүнсний дэлгүүрүүдэд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох, хуульд заасан болзол шаардлага хангаагүй хүнсний дэлгүүрт тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үүргээ албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлж дунд сургууль, цэцэрлэгээс 500 метрээс бага зайд үйл ажиллагаа явуулдаг буюу тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл авах болзол шаардлага хангаагүй хүнсний дэлгүүрүүдэд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгож албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хийсэн байна.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюул ихтэй гэмт хэрэг юм.
Ш.Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл авах хуульд заасан шаардлага хангаагүй буюу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метрээс бага зайд үйл ажиллагаа явуулдаг 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож тэдэнд хууль бус давуу байдал бий болгож, хуульд заасан дээрх шаардлагыг хангаж байгаа бусад хүнсний дэлгүүрүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг болон, тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах, тэр дундаа хүүхэд, цэцэрлэг, сургуулийн орчныг тамхины сөрөг үр дагавараас хамгаалах талаарх төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул шүүгдэгч Ш.Д үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Ш.Д нь тамхи худалдаалах эрх авах болзол шаардлага хангаагүй хүнсний дэлгүүрт тамхи худалдах зөвшөөрөл дур мэдэн олгосон үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзнэ.
Тиймээс шүүгдэгч Ш.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Д гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ш.Д үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 төгрөгөөр торгож шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгуулийн ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгч Б.О-ийн үйлдэлд эрүүгийн хуулийг тайлбарлаж хэрэглэсэн байдал, эрх зүйн дүгнэлтийн талаар:
Прокурор, анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-ийг Ш.Д-тай бүлэглэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн анхан шатны шүүх Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Хэдийгээр Б.О нь нийтийн албан тушаалтан мөн бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгох эрхийг хэрэгжүүлэхээр заасан боловч тухайн харилцааг зохицуулж буй дээд эрэмбэ бүхий эрх зүйн хэм хэмжээний акт болох Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгохоор заасан байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.О нь тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд албан тушаалын шийдвэр гаргах эрх мэдэлгүй, тусгай мэдлэг, мэргэжил, ур чадварын хүрээнд чиг үүрэг хэрэгжүүлж энэ талаар дүгнэлт, санал гаргадаг эрх үүрэг бүхий албан тушаалтан биш, тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хүсэлт хүлээн авах, бичиг баримтын төсөл боловсруулах зэрэг техникийн шинжтэй туслалцаа үзүүлэх үүрэг гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдсон байна.
Мөн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцох бөгөөд гэмт хэргийн “хамжигч” гэдэг нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулсан, өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлдсэн байдаг.
Гэтэл Б.О-ийн хувьд Ш.Д өгсөн албан үүргийн дагуу тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн байр ямар зайд байрлаж байгааг хэмжихэд оролцож, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метрээс бага зайд байрлаж байгаа аж ахуйн нэгжүүдийн талаар сумын засаг даргаар ажиллаж байсан Ш.Д-д мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Б.О-ийн хувьд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд иргэдээс хүсэлт хүлээн авах, бичиг баримтын төсөл боловсруулах зэрэг техникийн шинжтэй туслалцаа үзүүлэх үүрэг гүйцэтгэж байсан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлсэн шинжгүй, Б.О-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.
Б.О-ийг Ш.Д-тай бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ.
Иймд Б.О-ийг Ш.Д-тай бүлэглэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэснийг хүчингүй болгож, Б.О-ийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Давж заалдах гомдлын талаар:
Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх Б.О-ийг хуулийн хүрээнд тамхины зөвшөөрөл олгох асуудлыг хариуцдаг болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Б.О нь тамхины зөвшөөрөл олгох, хэмжилт хийх эрх бүхий субьект биш гэсэн нь үндэсэлтэй болохыг дээр дүгнэсэн болно.
Харин шүүгдэгч Б.О, Ш.Д нарын өмгөөлөгч нар нь тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгосон асуудал нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх захиргааны байгууллагаас хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд эрх зүйн акт гаргасан үйлдэл бөгөөд Ш.Д нь энэ асуудлыг ажлын хэсэг томилж шалгаад хуульд заасан шаардлагад нийцээгүй аж ахуйн нэгжид олгогдсон тамхи худалдан борлуулах зөвшөөрлийг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу өөрөө захирамжаар хүчингүй болгосон байхад үүнийг бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
Гэвч эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Мөн хуульд заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгосон засаг даргын захирамжийн улмаас үүссэн үр дагаварыг тухайлбал нэгэнт бий болсон хууль бус давуу байдлыг, уг хууль бус давуу байдлын улмаас учирсан хор уршгийг тухайн захирамжийг хүчингүй болгосноор арилгах боломжгүй.
Тиймээс нийтийн албан тушаалтан өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон эсэх нь тухайн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, уг шийдвэрийн үйлчлэлийн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхийг шалгаж шийдвэрлэхийг хязгаарлах үндэслэл болохгүй байна.
Түүнчлэн Есөнбулаг сумын Засаг дарга Ш.Д нэр бүхий 13 аж ахуйн нэгжийн тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захирамжийг Говь-Алтай аймгийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хүчингүй болгосон эсэх нь Ш.Д, Б.О нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж үндэслэлтэй шийдвэрлэхэд саад болохгүй.
Засаг дарга нь Хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд буюу жижиг дэлгүүрүүдийн ашиг орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх нь сумын засаг даргын зорилгод хамаарах асуудал байж болох ч энэхүү зорилго нь тамхины сөрөг үр дагавраас хүүхэд, өсвөр насныхан болон бусад иргэдийг хамгаалах төрийн ашиг сонирхлыг болон хуулийг зөрчих үндэслэл болох ёсгүй.
Мөн засаг дарга нь тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл хүссэн тухайн аж ахуйн нэгж нь сургууль цэцэрлэгээс ямар зайд үйл ажиллагаа явуулж байгааг хэмжих талаар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд заавар, зөвлөмж, аргачлал гаргаж ажиллах боломжтой байтал ийнхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэсэл болохгүйг дурьдах нь зүйтэй.
Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ш.Дд оногдуулсан торгох ялыг багасган өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч М.Э-ийн давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Ш.Д өмгөөлөгч Ж.Д-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ш.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг багасган өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг хасч, 2 дахь хэсгийн “Ш.Д 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6 000 000 төгрөгөөр” гэснийг “Ш.Д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 төгрөгөөр торгох” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын Б.О-т холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, Б.О-т прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэсэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О-ийг цагаатгаж, түүний өмгөөлөгч М.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Д өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э
ШҮҮГЧИД Ж.Б
Б.А