Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0523

 

2024         06          17                                    128/ШШ2024/0523

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т цай” ХХК РД:,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхз******* РД:,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын дарга,  

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г /Хяналт, шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Х /Аж үйлдвэрийн газрын барааны тэмдгийн шинжээч/

Тус шүүх хуралдаанаар: “Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ дугаар тушаалаар иргэн З.От олгосон “Т” барааны тэмдгийг хүчингүй болгуулах” маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхз*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугар сарын 26-ны өдрийн А/ дугаар тушаалаар иргэн З.От “Т” гэх барааны тэмдгийг олгосон.

2. Нэхэмжлэгч “Т цай” ХХК-аас иргэн З.От олгосон барааны тэмдгийг хүчингүй болгуулахаар Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргасан байх ба тус зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Улмаар “Т цай” ХХК-аас “Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ дугаар тушаалаар иргэн З.От олгосон “Т” барааны тэмдгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасанд шүүх 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

4. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын I*******d компанитай холбогдож, эрүүл мэнд, чанарын шаардлага хангасан гэрчилгээ бүхий т судасны нарийсал, тархийг эсийн түвшинд сэргээх үйлчилгээтэй, ургамлын ор найрлагатай, мэргэжлийн эмчийн зааваргүйгээр өдөр тутам ердийн хэрэглээгээр хэрэглэж болох цайг Монгол Улсад импортлон оруулж ирж, худалдан борлуулдаг.

Тухайн эрүүл мэндийн цайг “Т*******” гэх нэршлээр худалдан борлуулахын тулд 2022 оны 09 сарын 25-ны өдөр Оюуны өмчийн газарт “Т*******” гэх нэрийг барааны тэмдгээр эзэмших хүсэлтээ гаргасныг хүлээн аваагүй бөгөөд дээрх гурван үгэн барааны тэмдгийн барааг импортлон оруулж ирж буй хүн, хуулийн этгээд эзэмших боломжгүйг мэдсэн. Тодруулбал, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” гэж зааснаар тухайн цайны үйлдвэрлэгч нь өөрийн бүтээсэн цайг бусад цайнаас ялгах зорилгоор эзэмшдэг онцгой эрх юм. Харин 2022 оны 12 сард “Т цай” ХХК-ийг үүсгэн байгуулах хүсэлтээ Улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль болон бусад хуульд заасан журмын дагуу гаргаснаар “Т цай” ХХК нь 2023 оны 01 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон ба хуулийн этгээдийн оноосон нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байна.

Гэтэл Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ тоот тушаалаар иргэн 3.От ******* улсын бүртгэлийн дугаараар “ТАРХИНЫ ШИДЭТ” гэх барааны тэмдгийг олгож, тухайн иргэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цайг импортлон оруулж ирж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цайны нэрийг сольж, “Т*******” гэх нэршлээр өөрөө бүтээсэн мэтээр худалдан борлуулж байгааг мэдсэн. Үүнээс харвал иргэн 3.О нь “ТАРХИНЫ ШИДЭТ” гэх 2 үгэн барааны тэмдгийг эзэмшдэг байтлаа ард нь ЦАЙ гэх үг нэмж байгаа нь өөрийн эзэмшдэг барааны тэмдгээ зохих ёсоор ашиглахгүй байгааг харж болно. Өөрөөр хэлбэл, иргэн З.О нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар тухайн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цайг бүтээгээгүй, түүний цай гэж хэлэх үндэслэлгүй юм.

Улмаар нэхэмжлэгчээс Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд “иргэн 3.От ******* улсын бүртгэлийн дугаараар "ТАРХИНЫ ШИДЭТ” гэх барааны тэмдгийг олгосон нь хууль бус, иргэдийг төөрөгдөлд оруулах эрсдэлтэй” гэх агуулгатай гомдол гаргасан ба тухайн зөвлөлөөс 2024 оны 01 сарын 22-ны өдрийн дугаартай “Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гарсан. Тухайн тогтоолд маргаж буй үндэслэлд бодитой дүгнэлт хийгээгүй, Оюуны өмчийн газрын шийдвэрээ хамгаалаад үлдсэн. Дээрх барааны тэмдэг нь манай компанийн нэршилтэй ижил, төсөөтэй, бараа бүтээгдэхүүний хувьд ижил бүтээгдэхүүн, хамгийн гол нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд барааны тэмдэг эзэмшигч нь мэдүүлэг гаргахад тухайн мэдүүлэг нь ямар бүрдэлтэй байхыг хуульчилсан. Үүний 6.5.12-т “тухайн барааны тэмдэг хамаарах бараа, үйлчилгээний ангилал болон бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт” гэж зааснаар дээрх барааны тэмдгийг серийн ямар бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглах талаар мэдүүлж, мэдүүлгийг шалгагч нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэгч мөн эсэхийг нягтлахаар байна.

2020 оны 01 сарын 23-ны өдөр батлагдсан Оюуны өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл олон улсын гэрээ, конвенц нь Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөгдөж байна. Монгол Улсын нэгдсэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 1 дүгээр зүйлийн 2-т “Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана”, 8 дугаар зүйлд “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж аж ахуйн нэгжийн гэж зохих журмын дагуу байгуулагдаж улсын бүртгэлд хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаа явуулахад ашиглах оноосон нэрийг хэлж буй хэлбэр юм.

Барааны тэмдгийн нэрийн хувьд үйлдвэрлэл үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд оноосон уг болон уг дүрс, өнгө өнгөний хосолмол хэлбэрээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан шаардлага хангасан нөхцөлд эрхийн хамгаалалд хийгдэж улсын бүртгэлд бүртгэдэг биет бус өмч юм.

Иймээс Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 сарын 26-ны өдрийн А/ тоот тушаалаар иргэн З.От олгосон "ТАРХИНЫ ШИДЭТ” барааны тэмдгийг хүчингүй болгуулж өгнө үү...” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхз******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч хуулийн этгээд буюу “Т цай” ХХК нь олон улсын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ ч утгаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компанитай гэрээ байгуулж тухайн цайг худалдан борлуулж, импортоор оруулж ирдэг компани байгаа. Тухайн цайгаа “Т цай” ХХК албан ёсны импортлогч гэдэг нэршлийг нэмж наагаад худалдан борлуулдаг. Үүний дараа “т” гэх барааны тэмдгийг эзэмшдэг иргэн З.Оээс Оюуны өмчийн газарт гомдол гаргаснаар маргаан эхэлдэг. Өөрөөр хэлбэл, барааны тэмдэг гэж Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт тухайн барааны тэмдэг гэж юу вэ гэдгийг нарийвчлан тодорхойлсон. Тухайн барааны тэмдгийг эзэмшигч нь өөрийнхөө бараа, үйлчилгээг бусдын бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор эзэмшиж байгаа онцгой эрхийг барааны тэмдэг гэж хэлж байгаа. Барааны тэмдэг нь дотроо дүрсэн, үгэн гэх мэтчилэн олон янз байдаг. Гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа тэмдэг нь үгэн барааны тэмдэгтэд орж байна.

Манай компанийн хувьд Улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль болон бусад хуульд заасан журмын дагуу эрх бүхий төрийн байгууллагад хүсэлтээ гаргаад тухайн “Т цай” гэдэг нэршлээр хуулийн этгээдээр нэрлэсэн. Гэтэл Оюуны өмчийн газрын даргын маргаан бүхий тушаалд т гэж 2 үг байгаа. Энэ нь яг юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй буюу “т” гэж юуг хэлээд байгаа нь тодорхойгүй. Гуравдагч этгээд нь т гэдэг 2 үгийг эзэмшдэг хэрнэ ард нь цай гэдэг үг залгаад тухайн барааг худалдан борлуулаад байгаа. Гуравдагч этгээдийн худалдан борлуулж байгаа цайг гуравдагч этгээд өөрөө үйлдвэрлэдэггүй, өөрөө зохиож бүтээгээгүй. Хятад улсаас цайг оруулж ирээд “т цай” гэдэг 3 үгийг бичиж наагаад энд худалдан борлуулж байгаа. Жишээ нь энэ “бонакуа” гэдэг /гартаа барьж үзүүлсэн/ усны шошгыг нь хуулж х*******д би өөрөө “З*******” гэдэг барааны тэмдгийг эзэмшдэг учраас энэ усан дээр “З*******” гэж бичээд нааж болохоор юм шиг ийм үйл ажиллагаа явуулаад байгааг манай компани эсэргүүцэж байгаа.

Нөгөөтээгүүр Оюуны өмчийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуулиас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасан. Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэлд багтана. Тухайн конвенцын 8 дугаар зүйлд холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүртгэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр, эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заана. Энэ утгаараа манай компани нь 2023 оны 01 дүгээр сард улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлээд улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байгаа. Маргаан бүхий тушаал нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр буюу манайхаас 5 сарын дараа гарсан ийм үйл баримт байгаа. Ийм учраас тухайн барааны тэмдэг нь зохих хуулийг зөрчсөн. Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.9 дэх хэсэгт Монгол Улсад аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр бол тухайн барааны тэмдгийг хүчингүй болгохоор заасан байгаа. Тийм учраас олон улсын гэрээ, конвенцоор манай аж ахуйн эрхтэй илэрхий зөрчилдөөд байгаа учраас хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Т цай” ХХК-аас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

6.1. Иргэн 3. Оийн мэдүүлсэн “Т цай” үгэн барааны тэмдгийн мэдүүлгийг хүлээн авч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтын дагуу шүүлт хийж, мэдүүлсэн тэмдэг нь тухайн бараа, үйлчилгээний үндсэн нэр, тэдгээрийн төрлийн нэр, нийтээр хэрэглэгддэг үг, хэллэг агуулсан буюу мэдүүлсэн үгэн илэрхийлэлд буй “цай” гэдэг үг нь 5, 30 болон 35 дугаар ангилалд тухайн бараагаа болон түүнтэй холбоотой бараагаа дагасан үйлчилгээгээ тодорхойлсон мөн нийтээр хэрэглэгддэг үг, хэллэг байна гэж үзсэн тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй” болон 5.1.2. “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” заалтыг үндэслэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргасан.

Урьдчилсан татгалзлын хариуд зөвхөн “Т” гэдэг холбоо үгээр барааны тэмдгийг бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн. Барааны тэмдгийн хайлтаар мэдүүлгийн анхдагч огноо буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө “ТАРХИНЫ ШИДЭТ” хэмээх холбоо үгийг барааны тэмдгийн 5, 30 болон 35 дугаар ангилалд мэдүүлсэн болон бүртгүүлсэн барааны тэмдэг байгаагүй тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн дүгнэлт гаргаж, барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргасан.

6.2. Барааны тэмдгийн тухайд “анхдагч огноо” гэсэн нэр томьёо нь Оюуны өмчийн газарт барааны тэмдгийг бүртгүүлэх өргөдөл гаргасан огноо юм. Барааны тэмдэг эзэмшигчийн давуу эрхийг тодорхойлох болон бусад ижил төрлийн барааны тэмдэгтэй харьцуулахад анхдагч гэдгийг тодорхойлоход энэхүү огноо маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2.“Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтооно” хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд мэдүүлгийн анхдагч огноо 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байна. Мөн тус хуулийн 8 дугаар зүйл Барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийх буюу 8.1-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргасан.

6.3. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 1 дүгээр зүйлд Аж үйлдвэрийн өмчийн хүрээг тусгаж өгсөн байна. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 1 дүгээр зүйлийн (2)-д Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод: а.патент, b.ашигтай загвар, с.бүтээгдэхүүний загвар, d. барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, е.газар зүйн заалт буюу эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, f.аж ахуйн нэгжийн нэр, g.шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана. Мөн Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Аж үйлдвэрийн өмчийн эрхэд 7.1.1.шинэ бүтээл; 7.1.2.ашигтай загвар; 7.1.3.бүтээгдэхүүний загвар; 7.1.4.барааны тэмдэг; 7.1.5.газар зүйн заалт хамаарна гэж хуульд тусгайлан нарийвчлан тусгаж өгсөн байх ба мөн хуулийн 7.2-д “Аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад эрхийн хамгаалалт хийлгэж, улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” хэмээн тодорхой заасан байна. Парисын конвенц болон Оюуны өмчийн хуулийн дагуу аж үйлдвэрийн өмчийн эрхийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төв байгууллага болох Оюуны өмчийн газарт мэдүүлэг мэдүүлж, эрхийн хамгаалалт хийлгэх шаардлагатай.

7. Иймд Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ тоот тушаалаар иргэн 3.От олгосон “ТАРХИНЫ ШИДЭТ” барааны тэмдгийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “Нэхэмжлэгч нь барааны тэмдгийг бүртгэсэн тушаал нь 2023 оны 06 дугаар сард гарсан гэж байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд барааны тэмдэг мэдүүлгийг хүлээж авсан өдрөөс анхдагч оноо буюу хайлт шүүлт эхлэх хугацаа тооцогддог. Иргэн З.Отэй холбоотой “т” гэх тэмдэг нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн огноотой буюу анхдагч огноотой. Шинжээч хайлт, шүүлт хийхдээ 2022 оны 10 сарын 31-ний өдрөөс өмнөх Монгол Улсад бүртгүүлсэн болоод мэдүүлсэн барааны тэмдгийн хайлтын санд хайлт шүүлт хийдэг.

“Т” гэдэг нь ямар утга агуулгатай юм бэ гэж байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд зааснаар барааны тэмдгийн илэрхийлэх хэлбэр буюу утга агуулгыг тодорхой заана гэсэн заалт байхгүй. Барааны тэмдэг нь илрэх хэлбэрийн хувьд үг болон дүрсэн, үг, дүрсний хослол, зохиомол, ямар нэгэн 3 ди хэмжээст гэх мэт олон янзаар илэрхийлэгдэж болдог. Тухайн барааны тэмдгийн шинжээс хайлт, шүүлт хийгээд яг тэр үгтэй холбоотой буюу ижил төстэй, үгээр барааны тэмдэгтэй холбоотой болоод барааны тэмдгийн ангилалтай холбоотой ижил төстэй бараа бүтээгдэхүүн мэдүүлэг гаргасан байна уу, гэдэгт хайлт, шүүлт хийдэг. Хайлт, шүүлтийн үндсэн дээр тухайн үгэн тэмдэг байгаагүй учраас мөн тухайн мэдүүлгийн 5, 30, 35 дугаар ангилалд ижил төстэй тэмдэг байгаагүй, бусад хуулийн заалтыг зөрчөөгүй учраас барааны тэмдгийг олгохоор шийдвэр гаргасан байгаа.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.9 болон Парисын конвенцын дагуу аж ахуйн нэгжийг шууд бүртгэнэ гэж тайлбарлалаа. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 1 дүгээр зүйлд аж үйлдвэрийн өмчийн хүрээг тусгаж өгсөн байдаг. Үүнд Парисын конвенцын 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод гээд заагаад өгчихсөн байгаа. а-д нь патент, б-д нь ашигтай загвар, с-д нь бүтээгдэхүүний загвар, д-д нь барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, е-д нь газар зүйн заалт буюу эх үүсвэрийн нэр, гарлын нэр. Шударга бус өрсөлдөөн болон аж ахуйн нэгжийн нэр нь манайхтай холбоотой зүйл биш. Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт аж үйлдвэрийн өмчид ямар зүйл хамаарагдах вэ, гэвэл 7.1.1-д шинэ бүтээл, 7.1.2-т ашигтай загвар, 7.1.3-д бүтээгдэхүүний загвар, 7.1.4-д барааны тэмдэг, 7.1.5 газар зүйн заалт гээд яг Парисын конвенцод заасан 5 заалт нь аж үйлдвэрийн өмчид Оюуны өмчийн тухай хуульдаа бас яг энэ 5 заалт орчихсон байгаа. Манайх барааны тэмдгээр бүртгүүлсэн “т” төрлүүдээр хайлт, шүүлт хийсэн. Хэрвээ тухайн нэхэмжлэгчийн гаргаад байгаа гомдол нь манайд өмнө нь мэдүүлчихсэн буюу манайд бүртгүүлчихсэн байсан бол ижил төстэй байна, хэн нэгний эрхийг зөрччихсөн байна гэх нэхэмжлэл үндэслэлтэй. Гэтэл манайд өмнө нь мэдүүлээгүй. Манайхаас тусдаа объект буюу аж ахуйн нэгжийн нэр, улсын бүртгэлтэй холбоотой зүйл яригдаж байгаа учраас Оюуны өмчийн газрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ дугаар тушаалыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “гуравдагч этгээд иргэн З.О нь барааны тэмдгийн “т” гэдэг нэрээр барааны тэмдгийн 5 буюу эмчилгээний цай, эмчилгээний зориулалттай цай, ургамлын цай гэсэн ангилал, 30 дугаар ангилал буюу ургамлын цай ангилал, мөн 35 дугаар ангилал буюу худалдаа гэсэн 3 төрөл барааны тэмдгийг эзэмшиж байна. Энэ барааны тэмдгийн анхдагч огноо улсын бүртгэлд яг хэзээ бүртгэгдсэн бэ гэхээр 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэл гаргаад байгаа “Т цай” ХХК-ийн захирал Х.Б******* гэж эмэгтэй байгаа. Энэ компанийг хэзээ нээж, байгуулсан юм бэ, гэхээр 2023 оны 01 дүгээр сард байгуулсан компани байдаг.

Энэ асуудлыг ярихаас өмнө барааны тэмдэг гэдэг юмаа нэхэмжлэгч өөрөө ойлгож байна уу. Жишээлбэл, Монгол Улсад “слава” гэж будаа худалдаалдаг. Монгол Улсад будаа тариалдаг. Тэр оруулж ирж байгаа компани нь өөрийнхөө будааг юугаараа ялгадаг вэ, гэхээр өөрийнхөө “слава” гэсэн тэр уут бүхий бараа үйлчилгээний гадна шошго, баглаа боодлоор нь ялгадаг. Үүнийг барааны тэмдэг гэж үзэж байгаа юм.

Би нэг зүйлийг шүүх дээр хэлж тэмдэглэлд нь тусгуулъя гэж боддог юм. Өмгөөлөгч хүн өөрөө шүүгчийг зөв шийдвэр гаргахад хууль зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Гэтэл бодит байдал дээр байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх дээр тайлбар хэлье. Нэхэмжлэлийн шаардлага нь Оюуны өмчийн газрын даргын 2023 оны А/ тоот тушаалыг хүчингүй болгуулъя гэж байна. Гэтэл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тодорхой заагаад өгчихсөн. Төрийн захиргааны байгууллагын дэргэд барааны тэмдэг, газар зүйн заалттай холбоотой доор дурдсан гомдол, хүсэлтийг маргаан шийдвэрлэх комисс буюу маргаан шийдвэрлэх зөвлөл хянан шийдвэрлэнэ. 32.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 7, 8, 23, 24 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаатай холбоотой мэдүүлэг нь гомдол гаргагчийн гомдлыг мөн маргаан шийдвэрлэх зөвлөл шийдвэрлэхээр заачихсан байгаа. Маргаан шийдвэрлэх зөвлөл 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаад тоот тогтоол гаргачихсан. Гэтэл үндсэн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Шүүх тогтоолыг хүчингүй болгох асуудлыг шийдэх үү эсхүл Оюуны өмчийн газрын даргын тушаалыг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэх үү гэдэг нь сонин асуудал байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага бол буруу байна гэсэн тайлбар гаргачихсан.

Иймд Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны А/ тоот тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10. Гуравдагч этгээд З.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “З******* овогтой О миний бие 2019 оноос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах оронд магистраар сурч байхдаа “Тархи толгойны эд эс сэргээгч хятад цай”-г олж, өөрөө хэрэглэж үр дүнд хүрснээр өөрийн орчуулгаар “т цай” хэмээн нэрлэж, энэхүү нэрээрээ олонд танигдсан билээ. Мөн Оюуны өмчийн газарт энэ нэрээрээ бүртгүүлж “т шид”, “т” гэх нэршлүүдийг хуулийн дагуу эзэмшдэг. Мөн мэргэжлийн хяналтын гэрчилгээтэй. Энэхүү цай Хятад улсаас цаасан ууттай ирдэг бол бид савлагааг сайжруулан төмөр савтай болгож, оюуны өмчөөр сав баглаагаа баталгаажуулах хүсэлт өгсөн хуулийн хугацаандаа шийдэгдэхийг хүлээж байгаа. Бид 10,000 хэрэглэгчтэй болж, олонд таниулахад олон жилийн миний хүч хөдөлмөр орсон. Гэтэл манайхаас цай авч хэрэглэсэн бололтой нэг эмэгтэй шууд л манай цайны олонд танигдсан нэрээр орц нь өөр цайг манай нэрээр гаргаснаар зогсохгүй  “Т цай” ХХК-ийг байгуулсан байсан. Энэхүү компанийг байгуулахдаа интернэтээр нэрийг нь хайгаад боломжтой байсан учраас авсан байдаг. Ингээд компани байгуулчихвал эдний бүх зүйлийг булааж чадна гэх шунахай сэдлээр нэршил болоод сав баглаа боодол, тэр ч бүү хэл шошго дээрх орчуулга, үг үсэг бүхнийг хуулбарласан байсан. Манай нэр хүндийг ашиглаж олон хэрэглэгчдийг төөрөгдүүлэх замаар залилж, манай захиалгыг өмнөөс нь хүргэж маш муухай зүйл хийж байгаад гомдолтой байна. “Т цай” ХХК нь манай эрхийг авлаа гэхэд хуурамч цайн дээрээ манай мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хүртэл булааж авч ашиглах уу, ийм луйврыг зогсооход шүүх миний тайлбарыг сайтар уншиж танилцахыг хүсэж байна. Мөн миний бие энэхүү хуралд эрүүл мэндийн шалтгаанаас буюу жирэмсэн хордлого ихтэй, тонустай, хэвтрийн дэглэмтэй байгаа тул өөрийн биеэр оролцож чадахгүй тул хүсэлт гаргаж байна...” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2.  “Т цай” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй, дугаар регистртэй, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалалт, хүлэмжийн аж ахуй, бөөний худалдаа, амралтын газар, цайны газар, түргэн хоол, катеринг үйлчилгээ эрхлэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

3. Оюуны өмчийн газрын Барааны тэмдгийн мэдүүлэг хүлээн авсан тухай мэдэгдэл ёсоор “барааны тэмдэг төрлөөр, бараа үйлчилгээний олон улсын 5, 30, 35 дугаар ангиллаар “Т цай” барааны тэмдгийн мэдүүлэг”-ийг иргэн З.О мэдүүлснээр мэдүүлгийн ******* дугаарт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 39 минутад маягт БТ-01-ээр хүлээн авч, улмаар тус газрын барааны тэмдгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр”-ээр мэдүүлгийн ******* дугаараар мэдүүлэг гаргагч З.Оээс “Т цай” барааны тэмдгийг 5 /эмчилгээний цай, эмчилгээний зориулалттай ургамлын цай/, 30 /цай, ургамлын цай/, 35 /худалдаа/ гэх бараа үйлчилгээний олон улсын ангиллаар мэдүүлснийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар шүүлт хийж  дүгнэлт  гаргасан байх ба уг барааны тэмдэг нь “тухайн бараа, үйлчилгээний үндсэн нэр, тэдгээрийн төрлийн нэр буюу нийтээр хэрэглэгддэг үг, хэллэг, мэдүүлсэн үгэн илэрхийлэлд буй “цай” гэдэг үг нь 5, 30 болон 35 дугаар ангилалд тухайн бараагаа болон түүнтэй холбоотой бараагаа дагасан үйлчилгээгээ тодорхойлсон мөн нийтээр хэрэглэгддэг үг, хэллэг байна” гэж үзэж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.“ялгагдах шинж чанар агуулаагүй дараах зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй”, 5.1.2.“тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэж заасныг үндэслэн бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргажээ.

4. Үүний дагуу гуравдагч этгээд иргэн З.Оээс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргаснаар мөн өдрийн 11 цаг 25 минутад “Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт хүлээн авсан тухай мэдэгдэл”-ийг PFDOC-2023-00014414 дугаараар хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлгийн ******* дугаараар мэдүүлэг гаргасан З.Оийн “Т” барааны тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу шүүлт хийж, мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэх “Барааны тэмдгийг бүртгэх тухай” дүгнэлт гарчээ.

5. Улмаар Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ дугаар тушаалаар “Т” барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч, улсын бүртгэлийн ******* дугаарт, мэдүүлгийн ******* дугаарт, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдагч огноотой бүртгэж, эзэмшигч З******* овогтой От бараа, үйлчилгээний олон улсын 5 дугаар ангилал /эмчилгээний цай, эмчилгээний зориулалттай ургамлын цай/-аар, 30 дугаар ангилал /цай, ургамлын цай/-аар, 35 дугаар ангилал /худалдаа/-аар барааны тэмдгийн гэрчилгээ олгож бүртгэжээ.

6. Ийнхүү дээр дурдсан Оюуны өмчийн газрын эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагааг буруутгаж, хариуцагч Оюуны өмчийн газрын даргын тушаалаар олгосон “т” барааны тэмдгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс “...Оюуны өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Монгол Улсын нэгдсэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 1 дүгээр зүйлийн 2-т “Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр ... багтана”, 8 дугаар зүйлд “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран... хамгаалах” зохицуулалт нь зохих журмын дагуу байгуулагдаж, 2023 оны 01 дүгээр сард улсын бүртгэлд бүртгүүлсэн манай аж ахуйн нэгжийн нэр, үйл ажиллагаагаа явуулахад ашиглах оноосон нэрийг хэлж буй хэлбэр бөгөөд энэ хугацаанаас хойш 5 сарын дараа 2023 оны 06 дугаар сард гуравдагч этгээдэд барааны тэмдгийг олгож маргаан бүхий тушаалаар бүртгэсэн үйл баримт нь хууль бус. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.9-д зааснаар аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр бол тухайн барааны тэмдгийг хүчингүй болгохоор заасан...” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан үндэслэлээр маргаж байна.

            7. Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “барааны тэмдэг” нь аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарахаар, 7.2. “аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад эрхийн хамгаалалт хийлгэж бүртгэлд бүртгүүлснээр үүсэх”-ээр, Оюуны өмчийн байгууллага нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1. “...мэдүүлэг хүлээн авах, хянах, хайлт, мөн чанарын шүүлт хийх, бүртгэх”, 12.3.2. “...бүртгэл хөтөлж, ...гэрчилгээ олгох, хүчингүй болгох, ...сан бүрдүүлэх” зэрэг чиг үүргийг гүйцэтгэхээр, хариуцагч Оюуны өмчийн газрын дарга нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1.“оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах”, 13.1.2.“...үйл ажиллагаанд хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан бол,

8. Оюуны өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан харилцааг тухайлсан хуулиар зохицуулна” гэж заасан ба Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” хэмээн нэр томьёоны тодорхойлолтод, 4 дүгээр зүйлийн 4.1. “Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, өнгөний хослол, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно” хэмээн барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэрийг зааж,

9. Харин барааны тэмдэгт тавигдах шаардлагыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараах зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй” гээд нийт таван зүйлийг барааны тэмдэгт тооцохгүйгээр, мөн хууль, зүйлийн 5.2-д нийт 11 заалтын хүрээнд барааны тэмдгийг бүртгэхгүй талаар шаардлага болгон заасан байна.

10. Маргаан бүхий үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг Оюуны өмчийн тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн зохицуулалтын агуулгаар тайлбарлан нэгтгэн дүгнэвэл,

10.1.  Хүчингүй болгохыг хүсэж буй “ТАРХИНЫ ШИДЭТ” барааны тэмдгийг бүртгэсэн бүртгэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал” гэж зааснаар “т” нь ямар нэгэн нэр томьёоны илэрхийлэл буюу аль нэгэн бүтээгдэхүүний оноосон нэр биш гэж, 5.1.2. “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэж зааснаар “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр” буюу “цай болгоныг тодорхойлж заасан нэр” биш гэж, түүнчлэн соёлын дурсгалт зүйлийн нэр биш, түүхэн хүмүүсийн нэр биш болох нь буюу мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар барааны тэмдэгт тооцохгүй байх нөхцөл тогтоогдоогүй болох нь хэрэгт авагдсан Оюуны өмчийн газрын шинжээчийн явуулсан хайлт, илэрцээр нотлогдож байна.

10.2. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. “дараах барааны тэмдгийг бүртгэхгүй”, 5.2.9. “Монгол Улсад нийтийн хүртээл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр” гэж заасныг маргаан бүхий “т” барааны тэмдгийг бүртгэсэн захиргааны үйл ажиллагаагаар илрэн гарсан захиргааны акт болох тушаалын холбогдох заалт зөрчөөгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн оноосон нэр аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтад ороогүй болохыг дурдах нь зүйтэй.

10.3. Монгол Улсын нэгдсэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 1 дүгээр зүйлийн (2) “Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслах зогсоох үйлдэл багтана” 8 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн нэр. “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүртгэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас өөрийн хуулийн этгээдийн нэрийг “Т цай” оноосон нэрээр 2023 оны 01 дүгээр сард улсын бүртгэлд бүртгүүлснээ онцгойлон үзэж, “маргаан бүхий барааны тэмдэг нь манай компанийн нэршилтэй ижил”, конвенцын дээрх заалтад буй “аж ахуйн нэгжийн гэж зохих журмын дагуу байгуулагдаж улсын бүртгэлд хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаа явуулахад ашиглах оноосон нэрийг хэлж буй хэлбэр юм” зэргээр тайлбарлан маргасныг хүлээн авах үндэслэлгүй.

10.4. Учир нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 6 дугаар зүйлийн (1) “барааны тэмдгийг бүртгэх ба мэдүүлэг гаргах нөхцөлийг холбооны гишүүн орон бүр өөрийн үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно” гэж заасан ба, Оюуны өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “оюуны өмч гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон ...болон аж үйлдвэрийн өмчийг” ойлгохоор зааж, 7 дугаар зүйлийн 7.1-д “аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах”, 7.1.4-д заасан “барааны тэмдэг” нь мөн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар “оюуны өмчийн эрхийг хамгаалалтад”-д орохдоо нарийвчилсан буюу Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн зохицуулалтаар хангагдахаар байна.

10.5. Өөрөөр хэлбэл, үндэсний хууль тогтоомж болох Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15. “анхдагч огноо” гэдгийг мөн хуулийн 7.2. “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоох”-оор, Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. “Аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад эрхийн хамгаалалт хийлгэж, улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх”-ээр, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6. “аж үйлдвэрийн өмчийн эрхийг эхэлж мэдүүлэх” нь оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим байхаар заасан нь маргаан бүхий энэ тохиолдолд үүссэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдагч огноогоор “т” гэх үгэн байдлаар илэрхийлэгдэх барааны тэмдгийг хариуцагч Оюуны өмчийн газрын даргын 2023 оны А/ дугаар тушаалаар улсын бүртгэлд бүртгүүлж, бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг олж авсан гуравдагч этгээдийн эрх түрүүлж үүссэн, аж үйлдвэрийн эрхийн хамгаалах объектод мөн нэгэн адил хамаарах “барааны тэмдэг” нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар барааны тэмдэг эзэмшигч /гуравдагч этгээд/-ийн онцгой эрх бүртгэгдсэн хэлбэр /мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг хангасан “т” үгэн илэрхийлэл/ болон бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт /Ниццийн хэлэлцээрээр баталсан бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 5, 30, 35-аар/-ын хүрээнд үйлчлэх, улмаар мөн хууль, зүйлийн 12.3.1. “бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх”, 12.3.5. “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” зэргээр хэрэгжихээр байна.

11. Иймд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана”, 9 дүгээр зүйлийн 9.1. “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно” гэж заасныг хариуцагч Оюуны өмчийн газрын даргаас бүрэн хянаж, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

12. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагч Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ дугаар тушаалаар олгосон...” гэж томьёолсон, шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд 2024 оны дүгээр сарын 09-ний өдрийн 1/3079 дүгээр албан бичгээр дээрх А/ дугаар тушаалыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаруулахаар шаардахад Оюуны өмчийн газрын 2024 оны дүгээр сарын15-ны өдрийн 5/234 дүгээр албан бичгээр хавтаст хэргийн 37-д авагдсан хариуцагч Оюуны өмчийн газрын даргын гарын үсэг бүхий баримтыг ирүүлсэн, нэхэмжлэгч талаас тухайлан дээрх тушаалын хууль зүйн үндэслэлтэй маргаагүй, харин тушаалаар гуравдагч этгээдэд олгосон барааны тэмдгийг хүчингүй болгуулахаар маргасан тул шүүхийн хяналтын цар хүрээг хэргийн оролцогчдын маргасан хэсгээр хязгаарлан, маргааны зүйлд,  маргасан үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн ба процесс ажиллагааны хэмнэлттэй зарчмыг хангах үүднээс тушаалыг гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.2.9, 7 дугаар зүйлийн 7.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг баримтлан “Т цай” ХХК-аас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ дугаар тушаалаар иргэн З.От олгосон “Т” барааны тэмдгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН