| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/00003/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 15
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, хохирогч Д.Э, шүүгдэгч М.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М.Г-т холбогдох эрүүгийн 1721000000140 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1976 оны 11 сарын 27-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, харуул хамгаалалтын мэргэжилтэй, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д хамгаалалтын ажилтай, ам бүл 6, эхнэр, 12-16 насны 4 хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 7-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1994 оны 11 сарын 22-ны өдрийн 128 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, регистрийн дугаартай, Х овогт М.Г.
Шүүгдэгч М.Г нь 2017 оны 11 сарын 06-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ий байранд Д.Э-ыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирлын баримтаа бүрдүүлээд ирвэл төлнө. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 сард /өдрийг сайн санахгүй байна/ би ээлжтэй байсан. Маргааш өглөө нь би Г-тэй ажил хүлээлцэх байсан. Гэтэл ээлжийн дарга Г-ийг чөлөө авсан ирэхгүй тул ажлаа М-д хүлээлгэж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би М-д ажлаа хүлээлгэж өгөөд хувцас сольдог өрөөнд хувцасаа сольж байхад Г гаднаас орж ирсэн. Орж ирээд ажлаа солилцъё гэхэд нь би “ээлжийн дарга М-д ажлаа хүлээлгэж өг гэж үүрэг өгсөн болохоор нь М-д хүлээлгээд өгчихлөө” гэж хэлсэн. Тэгсэн Г хоёулаа ямар ч байсан цуг явъя ажлаа хүлээж авъя гээд байхаар нь би “чи М-өөс ажлаа хүлээж ав” гэж хэлтэл Г намайг боосон. Тэгэхээр нь би хавирч унагахад Г намайг дахин боосон. Тэр хооронд бусад ажилчид ирж бид хоёрыг салгасан. Би цусаа угаагаад нойлоос гарч иртэл Г дахин намайг боож байсан. Тухайн үед бие гайгүй байсан. Харин гэртээ очиход толгой таллаж өвдөөд, ухаан балартаад байсан. Дараа нь би шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтэл учирсан талаар дүгнэлт гаргуулсан. Одоо би 3 өдөр ажилдаа яваагүй байсан актны мөнгө болон шүдний эмчилгээний мөнгө болох 370000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Гэрч Ч.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 11 сарын 06-ны өдөр ээлж бууж байсан. Өглөө 09 цагийн орчимд би буугаад хувцасны өрөөнд хувцсаа сольж байсан юм. Г тухайн үед Э-аас ээлж хүлээлцэх байсан. Г жаахан хоцроод ирсэн юм. Тэгээд ирээд тэр 2 ээлж хүлээлцэнэ, хүлээлцэхгүй гээд хоорондоо маргалдсан. Хоорондоо чанга чанга ярьж, бие биенээ хэл амаар доромжлоод маргаад байсан. Э ах түүнд хандаж “Улаан махны нахиур чи намайг чадахгүй шүү” гэсэн утгатай зүйл хэлэхэд Г нь түүнийг заамдаад авсан, хоёулаа заамдалцаад байж байхад Э ах түүнийг хавираад газарт унагаасан, тэгээд босч ирээд Г нь Э ахыг барьж аваад боосон. Цаана нь З гэж ажилтан хувцсаа сольж байгаад тэр хоёрыг салгасан. Энэ үед Э ахын амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 671 тоот дүгнэлтэд: “1. Д.Э-ын биед доод эрүүний баруун 1-р шүд, зүүн доод 1, 2-р шүднүүдийн сулрал, уг шүднүүдийн буйлны шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “/хх-ийн 26/ гэжээ.
-Шүүгдэгч М.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч М.Г нь 2017 оны 11 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ий байранд Д.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар хохирогчийг зодож, түүний доод эрүүний баруун 1-р шүд, зүүн доод 1, 2-р шүднүүдийн сулрал, уг шүднүүдийн буйлны шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Э нь намайг элдэв бусаар хэлж, намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би түүнийг адилхан заамдаж аваад барьцалдахад тэр намайг боогоод хөлөө миний хөлний араар хийж дэгээдээд унагасан. Тэгээд тэр ч мөн миний дээрээс дарж унан дээрээс цохисон. Тэгээд босоод ирэхэд түүний амнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “... Г ...намайг цамцны захаар минь ороогоод хана руу шахаад толгойгоороо намайг мөргөсөн. Ингэхэд миний ухаан балартаж, эрүү мэдээгүй болж шүднээс цус гарч эхэлсэн. ... Г-ийн мөргөснөөс болж доод үүдний 3 шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/, гэрч Ч.Б-ийн өгсөн: ...” Гнь Д.Э-ыг заамдаад авсан, хоёулаа заамдалцаад байж байхад Э ах түүнийг хавираад газарт унагаасан, тэгээд босч ирээд Г нь Э ахыг барьж аваад боосон. Цаана нь З гэж ажилтан хувцсаа сольж байгаад тэр хоёрыг салгасан. Энэ үед Э ахын амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 671 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.Э-д учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч М.Г-ийн санаатай үйлдлээр хохирогчийн шүд рүү мөргөсөн үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна.
Шүүгдэгч М.Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч М.Г-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Э-, гэрч Ч.Б-ийн нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 671 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны явцад хохирогч Д.Э нь 370000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар хохирогчийн нэхэмжилсэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох боломжгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч Д.Э нь 370000 төгрөгийн эмчилгээний болон бусад зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт Мөнхжаргалын Гантөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.Э нь эмчилгээний зардлын 370000 /гурван зуун далан мянган/ төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй.
6.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ....................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР