Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

 

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Э даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Б, ерөнхий шүүгч Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ө /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.С-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/133 дугаар цагаатгах тогтоолыг прокурор Ц.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Т.Б-д холбогдох 2216000680111 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц овогтой Т.Б нь Монгол улсын иргэн, халх, 19 ... оны ... дүгээр сарын ... -ний өдөр төрсөн, 44 настай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Энэрэл анагаах ухааны сургуульд ажиллаж байгаа, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо ... а байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ДЛ .................. регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Т.Б-ийг Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн сувилагчийн ангийн оюутан Б.Ц “Бичил амь судлал” хичээлийн дүнгээ гаргуулаагүй байхад нь 2020-2021 оны 4 хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрст оруулан Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газарт хүргүүлэн төгсөлтийн шалгалтад орох эрхийг олгуулж түүнд давуу байдал бий болгосон, уг үйлдлийн улмаас Б.Ц С202111428 дугаартай бакалаврын диплом олгогдсон,

 

Мөн тус сургуулийн сувилагчийн ангийн оюутан Т.О “Сэргээн засах”, “Хүүхэд сувилахуй II”, “Халдварт өвчин сувилахуй” “Нүдний өвчин сувилахуй” хичээлүүдийн дүнгээ гаргуулаагүй байхад нь 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрст оруулан Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөлтийн өмнөх Сургалтын бодлого зохицуулалтын газарт хүргүүлж шалгалтад орох эрхийг олгуулж түүнд давуу байдал бий болгосон, уг үйлдлийн улмаас Т.О-д С20211428 дугаартай диплом олгогдсон,

 

Мөн тус сургуулийн сувилагчийн ангийн оюутан А.У “Бичил амь судлал” хичээлийн дүнгээ гаргуулаагүй байхад нь 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрст оруулан Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газарт хүргүүлж төгсөлтийн шалгалтад орох эрхийг олгуулж түүнд давуу байдал бий болгосон, уг үйлдлийн улмаас А.У-д С202111443 дугаартай диплом олгогдож, бусдад давуу байдал бий болгосон” хэмээн үзэж Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овогт Т.Б-д холбогдох 2216000680111 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Б цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2216000680111 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорт буцааж, шүүгдэгч Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 45.7 дугаар зүйлд заасан журам болон эрхийг шүүгдэгч Т.Б танилцуулж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй зэргийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан А.У-гийн С202111443, Т.О-ын 202111428, Б.Ц-ын С202111450 дугаартай дипломуудыг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Яллагдагч Т.Б нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

 

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны даргын албан тушаалын тодорхойлолтын 1-р зорилтын хүрээнд гүйцэтгэх ёстой “Төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмыг хэрэгжүүлэх,

 

2-р зорилтын хүрээнд гүйцэтгэх ёстой “шалгалт, шүүлэг, хичээлийн хуваарийг тухай бүр гаргаж үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, Боловсрол шинжпэх ухааны яам, Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуульд гарган өгдөг тайлан мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв гарган хүргүүлэх, хичээлийн явц, шалгалтад үнэлгээ хийх, хяналт тавих чиг үүргийг зориуд хэрэгжүүлэхгүйгээр Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/19 дугаартай “Төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын

 

4 дүгээр зүйлийн 4.3-д заасан /хичээлийн төгсгөлийн дүн нь явц ба шалгалтын дүнгийн нийлбэрээс бүрдэх бөгөөд 70:30 харьцаатай байна. А.8-д заасан дараах тохиолдолд явцын үнэлгээг “үл тооцов” гэж үнэлэх шалгалтад оруулахгүй. 4.8.1-д заасан /хичээлийн явцын дүн 60 %-аас бага/, 4.8.3-д заасан /тасалсан, чөлөө авсан лекц, дадлага, семинарын хичээлийг тогтоосон хугацаанд нөхөж дуусгаагүй/,

 

6.3-д заасан /суралцах эрхийг түдгэлзүүлэх/, 6.3.3-д заасан /нэг улиралд 6 багц цагаас дээш хичээлийн хөтөлбөрийн дагуу шаардлага хангаагүй эсвэл хичээлд суугаагүй/, 6.3.5-д заасан /хөтөлбөрийн зөрүүг товлосон хугацаанд нөхөөгүй, амжилттай үнэлүүлээгүй бол/ гэснийг тус тус зөрчиж,

 

Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн сувилагчийн ангийн оюутан Б.Ц “Бичил амь судлал” хичээлийн дүнгээ гаргуулаагүй байхад нь 2020-2021 оны 4 хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрст оруулан Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газарт хүргүүлэн төгсөлтийн шалгалтад орох эрхийг олгуулж түүнд давуу байдал бий болгосон, уг үйлдлийн улмаас Б.Ц С202111450 дугаартай диплом олгогдсон,

 

Мөн тус сургуулийн сувилагчийн ангийн оюутан Т.О “Сэргээн засах”, “Хүүхэд сувилахуй II”, “Халдварт өвчин сувилахуй” “Нүдний өвчин сувилахуй” хичээлүүдийн дүнгээ гаргуулаагүй байхад нь 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрст оруулан Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төгсөлтийн өмнөх Сургалтын бодлого зохицуулалтын газарт хүргүүлж шалгалтад орох эрхийг олгуулж түүнд давуу байдал бий болгосон, уг үйлдлийн улмаас Т.О-д С20211428 дугаартай диплом олгогдсон,

 

Мөн тус сургуулийн сувилагчийн ангийн оюутан А.У “Бичил амь судлал” хичээлийн дүнгээ гаргуулаагүй байхад нь 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрст оруулан Анагаах шинжпэх ухааны үндэсний их сургуулийн Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газарт хүргүүлж төгсөлтийн шалгалтад орох эрхийг олгуулж түүнд давуу байдал бий болгосон, уг үйлдлийн улмаас А.У-д С202111443 дугаартай диплом олгогдож, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь нийтийн албан тушаалтан хуулиар хүлээсэн албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлыг нийтийн ашиг сонирхлын эсрэг урвуулан ашиглаж, эсхүл хэрэгжүүлэхээс зориуд зайлсхийж, өөртөө, ашиг сонирхлын хамаарал бүхий хуулийн этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор хууль бус гэмт үйлдэл, эс үйлдэхүй хийснээр бүрэн төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хөнгөн гэмт хэрэг юм.

 

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгодог байна.

 

Мөн эрх мэдлээ хэтрүүлэх гэдэг нь албан тушаалаа урвуулан ашиглаж байгаагийн нэг хэлбэр бөгөөд тухайн нийтийн албан тушаалтан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох хувийн ашиг сонирхлоо албан үүрэг, бүрэн эрхээсээ илтэд давсан болон огт хамааралгүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, тухайлбал, хамтын журмаар шийдвэрлэх асуудлыг дур мэдэн дангаар шийдвэрлэсэн, эрх мэдлээ хууль тогтоомжид заасан онцгой нөхцөл байдал бүрдээгүй байхад хэрэгжүүлсэн, хуулиар зөвшөөрөгдөөгүй, хийх ёсгүй үйл ажиллагаа хийснийг ойлгоно гэж заасан.

 

Яллагдагч Т.Б нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны даргаар ажиллаж байсан ба тухайн үед нийтийн албан тушаалтан байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны салбар сургууль нь 2021 онд Ковид цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтыг Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/19 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын дагуу явуулах ёстой байсан байна.

 

Тухайн журам нь 2020-2021 оны хичээлийн жилд хүчин төгөлдөр үйлчилж байсан ба тухайн журмаар 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан /хичээлийн төгсгөлийн дүн нь явц ба шалгалтын дүнгийн нийлбэрээс бүрдэх бөгөөд 70:30 харьцаатай байна. А.8-д заасан дараах тохиолдолд явцын үнэлгээг “үл тооцов” гэж үнэлэх шалгалтад оруулахгүй. 4.8.1-д заасан /хичээлийн явцын дүн 60 %-аас бага/, 4.8.3-д заасан /тасалсан, чөлөө авсан лекц, дадлага, семинарын хичээлийг тогтоосон хугацаанд нөхөж дуусгаагүй/,

6.3-д заасан /суралцах эрхийг түдгэлзүүлэх/, 6.3.3-д заасан /нэг улиралд 6 багц цагаас дээш хичээлийн хөтөлбөрийн дагуу шаардлага хангаагүй эсвэл хичээлд суугаагүй/, 6.3.5-д заасан /хөтөлбөрийн зөрүүг товлосон хугацаанд нөхөөгүй, амжилттай үнэлүүлээгүй бол/ улсын шалгалтад оруулахгүй байхаар зохицуулсан.

Мөн Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Боловсрол хариуцсан дэд захирал гэрч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2021 оны 01 сарын 28-ны өдрийн А/19 дугаартай “төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-д төгсөлтийн шалгалтад ямар нэгэн хичээлийн өргүй, сургалтын төлбөрийн үлдэгдэлгүй оюутныг төгсөлтийн шалгалтад оруулна гэж заасан байдаг. Иймд 1-ээс 3 хичээлийн дүнгээ гаргуулаагүй, дүнгийн тооцоотой оюутнууд төгсөлтийн шалгалтад орох эрхгүй юм. Шалгалт авах үйл ажиллагааг салбар сургууль өөрсдөө зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл оюутнуудын төгсөлтийн шалгалтад орох эрхийг салбар сургууль өөрсдөө өгнө...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 122-124 дүгээр тал/ гэж мэдүүлсэн бөгөөд тухайн хичээлийн жилд ямар дамжаа, курсийн хэн хэн гэдэг оюутныг улсын шалгалтад оруулах эрх олгуулах жагсаалт, судалгааг тухайн салбар сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын алба, албаны дарга гаргадаг байна.

Т.Б хувьд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн дор ажиллаж байсан сургалтын бодлого зохицуулалтын албаны арга зүйч нар болох Б.У, С.Ж нарыг мэргэжил арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрх бүхий албан тушаалтан байсан бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд төгсөх ангийн оюутнуудыг нэр бүхий судалгаа, улсын шалгалтад оруулах эрх олгох судалгааг хянаж явуулсан болох нь гэрч нар болох Б.У, С.Ж, М.Б нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б гэм буруутай гэж үзэх нотлох баримт хангалттай шалгагдаж тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Анагаахын шинжлэх ухааны төв сургууль руу шалгалт өгөх боломжтой оюутнуудын нэрсийн жагсаалтыг явуулах үед тус аймагт ковидын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөнийг бүрэн зогсоосон аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 24-ний А/182 дугаартай захирамж гарсан, уг захирамж гарахаас өмнөх өдөр Монгол Улсын Засгийн газрын 78 дугаартай тогтоолд заасны дагуу Т.Б нь 3645 дугаартай нэвтрэх зөвшөөрөл авч Хөхморьт сум руу явсан байна. Энэ нь 3 дугаар хавтаст хэргийн 238-239 дугаар авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэвч шүүгдэгч Т.Б Хөхморьт сумд байх хугацаанд буюу шалгалтын өмнөх орой болон шалгалт эхэлсний өглөө Б.У нь С.Ж, Т.Б нар руу шалгалтад орох оюутнуудын нэрсийг мэйлээр хүргүүлэхэд Т.Б ажлын байран дээрээ байгаагүй, Хөхморьт сумд байсан тул хяналт тавих боломжгүй нөхцөл байдалд байжээ гэж үзэн тухайн мэйлийг Т.Б явуулаагүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 78 дугаартай тогтоолд заасны дагуу Т.Б нь 3645 дугаартай нэвтрэх зөвшөөрөл авч Хөхморьт сум руу явсан байсан бөгөөд тухайн үед сургалтын бүх үйл ажиллагаа цахимаар явагдаж байсан болох нь тогтоогдсон. Говь-Алтай аймгийн Хөхморьт сум нь интернэт, 4G сүлжээ нэвтэрсэн бөгөөд тухайн мэйлийг Т.Б интернэттэй орчинд хаанаас ч явуулах бүрэн боломжтой тиймээс Т.Б хөдөө Хөхморьт суманд байсан учир мэйл явуулах боломжгүй байсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн байна. Энэ нь шүүхээс хэтэрхий нэг талыг барьж дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

 

Мөн Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “...журмын асуудал яригдаад хүүхдүүд төгсөлтийн шалгалтанд орсон. Үүнийг ойлгож байгаа. Хүүхдүүд нөхөлтөө хийгээд явж байсан учраас ийм зүйл болсон...” гэдэг байдлаар буюу тухайн асуудлыг мэдэж байсан талаараа илэрхийлж ярьсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.

 

Б.Ц, Т.О, А.У нар нь хичээлийн дүн гаргаагүй байхад төгсөх шалгалтад орж үнэт цаасан дээр диплом хэвлэгдэж баталгаажсанаар тухайн оюутнуудад давуу байдал бий болгосон байна.

Тиймээс тухайн оюутнууд нь дипломын хавсралтаа аваагүй, улмаар лицензийн шалгалтад орох эрхгүй байсан болох нь энэ гэмт хэргийг үгүйсгэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүхээс болон шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч М.Ө нар нь Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/19 дугаартай “Төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг зөрчсөн асуудлыг үндэслэлтэйгээр няцааж чадаагүй энэ талаар мөн цагаатгах тогтоолд тайлбарлаж, дүгнээгүй байна.

 

Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэр нь Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/19 дугаартай “Төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг анагаахын чиглэлээр сурч байгаа оюутнууд, мөн сургуулийн эрх бүхий албан тушаалтан зөрчөөд явж болох байдлаар нийгэмд сөрөг, буруу ойлголт төрүүлэхээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Т.Б нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүгдэгч Т.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Шүүгдэгч Т.Б өмгөөлөгч М.Ө давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

1. 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 24 минутад төв АШУҮИС-иас арга зүйч Б.С “Төгсөлтийн шалгалтын тухай” гэх гарчигтай цахим шууданг Т.Б, С.Ж нар руу илгээсэн байдаг.

2. С.Ж уг цахим шууданг хүлээн аваад 43 минутын дараа буюу 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 07 минутад өөрийн [email protected] хаягаас Т.Б рүү болон төв АШУҮИС-ийн арга зүйч С-ын [email protected] хаяг руу төгсөгчдиин нэрсийг хүргүүлсэн байна. Түүнчлэн тухайн үед Т.Б Хөхморьт суманд хөл хорионд орсон. /Говь-Алтай аймгийн Онцгой комиссын нэвтрэх зөвшөөрөл дугаар 3645/,Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 24-ний өдрийн А/182 дугаар захирамжаар 04 сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл бүх хөдөлгөөнийг бүрэн зогсоосон буюу “тэг” зогсолт хийсэн тул С.Ж-оос ирүүлсэн цахим шууданг шалгах, интернетэд холбогдох, комьпютертэй газар очих боломжгүйн улмаас төв АШУҮИС-руу явсан оюутны нэрсийг шалгах боломжгүй байсан гэх түүний мэдүүлэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл төв сургууль руу оюутнуудын нэрс явах үед Т.Б хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан нь зарим үед оюутнуудын нэрсийг шалгалтад орохоос өмнө хянах боломжгүйгээр шалгалт эхлэхээс хэдэн цагийн өмнө болон шалгалт эхэлсэний дараа ирүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог.

 

 Дээрхи нэр бүхий 3 оюутанд диплом олгох асуудал нь тус сургуулийн захирлын тушаалаар батлагдаж баталгааждаг. Захирал Б диплом олгож, гарын үсэг зурсан. Гэвч Б.Ц, Т.О, А.У нар нь дипломоо гардаж аваагүй, ашиглаагүй, дүнгийн тооцоотой асуудлаас болж хэн нь ч лицензийн шалгалтаа өгөөгүй тул тэдэнд ямар нэгэн давуу байдал бий болоогүй. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход эргэлзээ бүхий нотлох баримт хавтас хэрэгт цугларсан байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

Хэргийн үйл баримтын талаар:

2021 оны 05 дугаар сард Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн сувилагчийн ангийн оюутан Б.Ц-ын “Бичил амь судлал”, Т.О-ын “Сэргээн засах”, “Хүүхэд сувилахуй II”, “Халдварт өвчин сувилахуй”, “Нүдний өвчин сувилахуй” хичээлийн дүнгүүд гараагүй байсан ба оюутан А.У-гийн хувьд “Бичил амь судлал” хичээлийн дүн гарсан, “Нүдний өвчин сувилахуй” хичээлийн дүн гараагүй байжээ.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтэд А.У нь “Бичил амь судлал” хичээлийн дүнг гаргуулаагүй байж байгаад төгсөх шалгалтад орсон гэж дүгнэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Анагаахын шинжлэх ухааны төв сургууль руу шалгалт өгөх боломжтой оюутнуудын нэрсийн жагсаалтыг явуулах үед тус аймагт цар тахлын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөнийг бүрэн зогсоосон аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 24-ний А/182 дугаартай захирамж гарсан, уг захирамж гарахаас өмнөх өдөр Монгол Улсын Засгийн газрын 78 дугаар тогтоолд заасны дагуу  шүүгдэгч Т.Б нь 3645 дугаартай нэвтрэх зөвшөөрөл авч Хөхморьт сум руу явсан байна. Энэ нь 3 дугаар хавтаст хэргийн 238-239 дугаар авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Б Хөхморьт сумд байх хугацаанд буюу 2021 оны 05 дугаар сард шалгалтын өмнөх орой болон шалгалт эхэлсний өглөө Б.У нь С.Ж, Т.Б нар руу шалгалтад орох оюутнуудын нэрсийг мэйлээр хүргүүлсэн. Т.Б энэ үед ажлын байран дээрээ байгаагүй, Хөхморьт сумд байсан тул хяналт тавих боломжгүй нөхцөл байдалд байжээ. Энэ нь С.Ж болон Б.У /4 хавтаст хэрэг 89-96 дахь тал/ нарын мэдүүлэг, мэйл хүргүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №104 дүгээр тушаалаар цар тахлын улмаас улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан, онцгой нөхцөл байдал бүхий үе байжээ.

 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас цар тахлын нөхцөлд эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх, ажиллуулах тал дээр анхаарч, цаг үеийн нөхцөлд тохируулан хөнгөлттэй байдлаар төгсгөх, “улаан бүсэд ажиллуулах” бодлого баримталж амаар чиглэл өгч байсан талаар гэрч нар мэдүүлсэн байна. Б.У-ийн мэдүүлэг 4 дүгээр хавтаст хэргийн 93 дахь тал.

 

Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн давуу байдал олгох шинж нь дурын давуу байдал бус хууль бус давуу байдлыг санаатайгаар бий болгосон шинжийг агуулж байдаг. Гэтэл шүүгдэгч Т.Б-ий үйлдэл нь албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон шинжийг бүрэн агуулаагүй байна.

Шүүгдэгч Т.Б гэм буруутай гэж үзэх нотлох баримт хангалттай шалгагдаж тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/133 дугаар цагаатгах тогтоолын 6 дахь заалтад “А.У-гийн С202111443, Т.О-ын 202111428, Б.Ц-ын С202111450 дугаартай дипломуудыг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай“ гэснийг “ А.У-гийн С202111443, Т.О-ын 202111428, Б.Ц-ын С202111450 дугаартай дипломуудыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд шилжүүлсүгэй” гэж өөрчилж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

                         ШҮҮГЧИД                             Ж.Б

                                                                       Ш.Б