Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0497/З |
Дугаар | 128/ШШ2024/0456 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2024/0456
2024 05 27 128/ШШ2024/0456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Л.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: О.Х /РД:/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Э /өмгөөллийн нэгдсэн бүртгэлийн дугаар /,
Хариуцагч: Б дүүргийн Татварын хэлтсийн, Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С, П.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Ө /Татварын хяналт шалгалтын тасгийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч/.
Тус шүүх хуралдаанаар: “Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, П.О нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Б.С, хариуцагч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-аас Б дүүргийн Татварын хэлтсийн, Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С, П.О нарт холбогдуулан “...татварын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гарган маргаж байна.
2. “М” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, дугаар томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-иж бүрэн шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд татварын улсын байцаагч Б.С, П.О нар хийж гүйцэтгэснээр маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд төлбөр ногдуулжээ.
3. Нэхэмжлэл гаргагч нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хүлээн авч, тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гомдол гаргасан ба тус зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар гомдлыг нь хэлэлцэн хангахаас татгалзаж, нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоол гарч, нэхэмжлэгчид 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гардуулсан байна.
4. Нэхэмжлэгч “М” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Татварын улсын байцаагчид нь татварын хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10-т: “Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй”, 41.10.1-т: “татвар төлөгч болон түүний харилцагч этгээдийг үндэслэл бүхий шалтгаанаар дуудан ирүүлж, тайлбар авах”, 41.10.3-т “татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар лавлагаа гаргуулан авах”, 41 дүгээр зүйлийн 41.12-т: “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна”, 41 дүгээр зүйлийн 41.12.1-т: “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах”, 41.12.2-т: “татвар ногдуулалт, төлөлт, татварын хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх”, 41.12.3-т: “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах”, 76.1.3-т: “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэж тус тус заасан.
Гэтэл татварын улсын байцаагчид хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн, татвар төлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангалгүй, татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын холбогдох зохицуулалтыг ноцтой зөрчсөн буюу татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасан судалгаа шинжилгээг огт хийлгүй акт тавьсан нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна.
4.1. Зөрчлийн жагсаалтын 2-т: 2019 онд 969,299,093.98 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 139,297,267.13 төгрөгийн төлбөр гэжээ. Манай үйлчлүүлэгч компани нь 2017 онд Б дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 16 дугаар барилгыг буулган, 2018 оны 2 дугаар улиралд багтаан орчин үеийн дэвшилтэт технологиор, чанар, стандартын шаардлагад нийцсэн орон сууцны барилга барьж сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангах, орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн. Дахин төлөвлөлтөд хамрагдсан 16 иргэний 18 айлын орон сууц нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т: “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 4.1.1-т: борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг”, 5 дугаар зүйлийн 5.2.1-т: Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн гэж заасан борлуулалтад хамаарахгүй юм. Уг орон сууцжуулах ажлыг төрийн эрх бүхий байгууллагын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй, зөвхөн буулгалтын зардлаар хийж гүйцэтгэсэн.
Иймд Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлохгүй юм. Мөн иргэдэд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн буюу “борлуулалт хийгдсэн” гэж үзэхээр байна.
4.2. Зөрчлийн жагсаалтын 3-д: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй гэжээ. Тус компани нь 2019 онд 1,003,040,593.99 төгрөгийн борлуулалтын орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаагүй бөгөөд татварын улсын байцаагчид ямар үйл ажиллагаа явуулж олсон орлогыг дутуу тусгасан талаар тус компанийн захирал, нягтлан бодогчид тайлбарлаагүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
4.3. Зөрчлийн жагсаалтын 4-т: “2020 онд 147,933,636.36 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний орлогыг /борлуулсан орон сууц/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 24,165,084.59 төгрөгийн төлбөр” гэжээ. 2017 онд Б дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгахад хэмжээний зардал гарсан.
4.4. Зөрчлийн жагсаалтын 5-д: 2020 онд 147,933,636.36 төгрөгийн бараа, аж үйлчилгээний орлогод ААНОАТ ногдуулаагүй, төсөвт төлөөгүй зөрчилд /орон сууц борлуулалт/ 22,756,927.15 төгрөгийн төлбөр гэжээ. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар Татвар ногдуулалт, төлөлт зүйлийн 28.5-д: Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй, мөн хуулийн 29.1.1-д: анхан шатны баримт бүрдүүл нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх гэж хуульчилсны дагуу борлуулсан байр /орон сууцны/ төлбөрийн баримтыг иргэдэд цаг тухайд нь гарган өгч байсан тул хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.5. Зөрчлийн жагсаалтын 6-д: 2018 онд 925,498,327.27 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 92,549,832.73 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан гэжээ. Уг 77 айлын орон сууцны барилгыг улсын комисс 2019 оны 06 дугаар сард хүлээн авсан тус компани нь 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалт хийгээгүй юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т: Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 4.1.1. “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг гэж заасан. Дээрх заалтын дагуу, орон сууц захиалан бариулсан иргэд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн буюу борлуулалт хийгдсэн гэж үзэхээр байна. Орон сууц худалдан авсан иргэд эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, хөрөнгийг өмчлөх эрх үүссэнээр буюу 2019 оны 3 дугаар улирлаас эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтаар хүлээн зөвшөөрөхөөр хуульчилсан байдаг атал татварын улсын байцаагчид санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэлгүйгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн зөрүүгээр төлбөр ногдуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн учир хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Зөрчлийн 1,2,4 дүгээр хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь давж заалдах шатын шүүхээс шалгалтын үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтаас үүдэн анхан шатны шүүх рүү буцаасан байгаа. Нэгдүгээрт уг зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хяналт шалгалтын үйл ажиллагаа тэр чигтээ хууль бусаар явагдчихсан, хуульд үндэслээгүй гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар анхан шатны нотлох баримт гэж юуг хэлэх вэ гэвэл гүйлгээ гарсныг нотлох төлбөрийн баримт, нэхэмжлэх, мөн гэрээ хэлцэлтэй холбоотой бүх баримтыг одоо анхан шатын баримт байхаар заасан байгаа. Гэтэл тухайн төсөл хэрэгжүүлэгч компани 2015 онд Хот байгуулалт, хөгжлийн газраас зарласан төсөл шалгаруулалтад тэнцээд, батламжаар уг төслийг гүйцэтгэхээр сонгон шалгарсан байгаа. Сонгон шалгаруулалтын дагуу ажил гүйцэтгэх гэрээ эхний ээлжид тухайн барилгыг нураах, тухайн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, хүнсний байр луу шилжүүлэх, хөлс төлбөрийн тооцоог гүйцэтгэх гэх мэт маш их урьдчилсан зардал гарсан учраас 2018 оноос эхлээд төсөл хэрэгжсэн буюу 2018 онд тухайн барилгын суурийг олгож эхэлсэн. Ингээд төсөл хэрэгжээд Хот байгуулалт, хөгжлийн газартай байгуулсан 3 талт гэрээгээр 18 айлд орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлэх ажил гүйцэтгэх гэрээгээр уг ажлыг гүйцэтгэсэн байгаа. Уг 18 айлд хамгаалахаас бусад айлд бол орон сууцыг худалдан борлуулах замаар уг төслөөс ашгаа олох гэрээ хийсэн байгаа. Гэтэл хяналт шалгалтын үйл ажиллагаанд татварын улсын байцаагчид хяналт шалгалт хийхдээ уг 18 айлын орон сууц нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого учраас тэр төсөл хэрэгжүүлсэн газраасаа чөлөөлөлтийн нотлох баримтаа авчир, тэгвэл бид энэ удаа акт тавихгүй байж болно гэсэн чиглэлийг урьдчилаад өгчихсөн буюу хяналт шалгалт хийхдээ урьдчилсан дүгнэлт гаргаад татвар төлөгчийг төөрөгдүүлэх ажиллагаа хийчихсэн. Гэтэл татвар төлөгч тухайн үед мэргэжлийн хуулийн зөвлөгөө аваагүй, хяналт шалгалт хийж байгаа төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үгэнд итгээд. Мэдээж хянан шалгалт хийж байгаа эрх бүхий байгууллага хянан шалгах тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа учраас тухайн хууль мэдэхгүй албан аж ахуйн нэгж байсан мэтээр хот байгуулалтын газраасаа чөлөөлөлтийн баримтуудыг бүрдүүлээд цуглуулаад яваад байсан. Гэтэл баримт авчраагүй, хөөцөлдөөд явж байх хооронд нь энэ зөрчил байна гээд акт тавьчихсан байгаа. Уг акт тавихдаа хянан шалгалт нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасан хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг огт баримтлаагүй буюу анхан шатны нотлох баримтуудыг огт бүрдүүлээгүй харьцуулах, гадна дотноос хөндлөнгийн мэдээллийг цуглуулах. Нэгдүгээрт, татвар төлөгч өөрөө төөрчихсөн буюу чөлөөлөлтийн баримтыг цуглуулах юм байна гэсэн төөрөгдөлд орчихсон явж байсан. Хоёрдугаарт, анхан шатны баримттай холбоотойгоор 2019 оны сүүл буюу 2020 оны эхээр өмчлөх эрхийн гэрчилгээ нь уг иргэдэд гарсан уг орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг уг аж ахуйн нэгж байгууллага цуглуулах боломжгүй юм. Хувь хүний, эд хөрөнгийн мэдээлэлтэй холбоотой нотлох баримтыг зөвхөн хяналт шалгалт хийж байгаа эрх бүхий байгууллага, татварын хяналт шалгалт хийж байгаа байцаагчид өөрсдөө тодруулах ёстой. Гэтэл анхан шатны шүүхэд дахин хэрэг буцаахад цугларсан нотлох баримт юуг харуулж байна вэ гэвэл хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль бусаар явагдсан. Цахим нотлох баримт буюу аж ахуйн нэгжийн тайлан, цахим тайлангийн зөрөөнд үндэслээд тавигдчихсан гэдгийг нотолж байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн чухал нотлох баримт болох ямар баримтаар, ямар гэрээ хэлцлээр уг үйл ажиллагаа буюу борлуулалт хийгдчихсэн юм уу, ажил үйлчилгээ гүйцэтгэгдчихсэн юм уу гэдэг баримтыг огт шалгаагүй.
Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд маш тодорхой зохицуулалтуудыг заагаад өгчихсөн байгаа. Энэ зохицуулалтын 4 дүгээр зүйлд заасан зохицуулалтуудыг тэр чигээр нь зөрчсөн буюу огт нотлох баримт цуглуулаагүй. Улсын бүртгэлээс гэрчилгээ хэзээ гарсан, ямар айлууд хэдэн онд өмчлөх эрх шилжсэн гэх баримтуудыг огт цуглуулаагүйгээр шууд акт тавьчихсан. Хяналт шалгалтын үйл ажиллагаа тэр чигтээ хууль бус болсныг хамгийн гол нотлох баримт буюу гэрээ хэлцлийн баримтыг огт цуглуулаагүй, тайлангийн зөрөөгөөр тухайн байгууллага тайлангаа буруу гаргасан ч байж болно. Гэтэл зөвхөн тайлангийн зөрүүгээр акт тавьчихсан.
Татварын улсын байцаагч анхан шатны өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ бол 2018, 2019 оны зөрчил бол зөвхөн 18 айлын орон сууц буюу чөлөөлөлтөд хамрагдах ёстой айлуудын орон сууцад хамаарсан зөрчил юм гэдэг тайлбарыг хэлдэг. Энэ тайлбарыг маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Туяасайхан мөн би өөрөө бас биечлэн маргаан таслах зөвлөлийн хуралд оролцсон. Та нар гомдлоо татаж ав. Манайх сайхан цэвэрхэн акт тавьсан. Энэ тайлангийн чинь зөрөөн дээр энэ сайхан тоо гараад ирчихсэн. Тэр чөлөөлөлтийн баримтаа авчраад тэр хот байгуулалттайгаа учраа ол гэсэн чиглэлийг өгөөд яваад байдаг. Маргаан таслах зөвлөл дээр мөн анхан шатны шүүх дээр шүүгчийн маш тодорхой асуултад энэ зөвхөн 18 айлын орон сууцын чөлөөлөлт гээд үзээд байгаа баримттай чинь холбоотой зөрчил үү, гэхэд татварын улсын байцаагчид хийнэ гэсэн.
Давж заалдах гомдолдоо 2019 оны 969,000,000 төгрөг нь 18 айлд хамаарах зөрчил. 2018 оных нь бусад айлд хамаарах борлуулалт гэсэн тайлбарыг хийдэг. Гэтэл давж заалдах шатын шүүхээр цугларсан нотлох баримтад үндэслээд тэр акт татварын улсын байцаагчийн актад үндэслээд дүгнэлт хийх боломжтой байсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн айл уг 18 айлын орон сууцад хамаарахаас бусад цалин тооцоогоо хуульд заасан журмаараа зөрчилгүйгээр бүртгээд явж байсан байдаг. Энэ нь татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн татвар ноогдуулах төлөлтийг баталгаажуулсан тооцоо буюу энэ дээр татвар төлөгчийн тодорхойлсноор 2,000,306,795 төгрөг гэсэн дүнгээр энэ айл тайлангаа тайлагнаад явж байсан гэдэг нь нотлогддог. Гэтэл энэ 18 айлын орон сууц нь борлуулалт байх ёстой гэх зөрчилд үнийн зөрөөгөөр акт тавьчихсан. Хяналт шалгалтын үйл ажиллагаа нэгдүгээрт нь хууль бус хоёрдугаарт нь 2018, 2019 оны зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т борлуулалт гэж юуг хэлэх вэ, гээд заачихсан 4.1.3-т энэ байгууллагын гүйцэтгэсэн гуравласан гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлэхээр заасан 18 айлын орон сууцын хувьд байгууллага бол үнэ төлбөргүйгээр ажил үйлчилгээ гүйцэтгэчихсэн юм. Бусад айлуудын хувьд захиалгын гэрээгээр борлуулалт хийгдсэн. Борлуулалтын хуульд заасан журмын дагуу он онд нь тайлагнаад явж байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар ажил гэж юуг хэлэх вэ, гэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ хэлнэ гэж заачихсан. Ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой ажлыг захиалагчтай харилцан тохиролцоод хөлс авах зохицуулалттай гэрээ байгаа. Гэтэл энэ айл гуравласан гэрээгээр хөлс аваагүй юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татвар ноогдох орлого болон борлуулалт яагаад биш вэ, гэхээр тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд үнэ төлбөргүй хийчихсэн борлуулалт биш. Харин төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх замаар гуравласан тохиролцоогоор үнэ төлбөргүй хийчихсэн учраас энэ нь борлуулалтад тооцогдохгүй юм.
Уг айлуудын гэрчилгээ нь 2019 оны 06 дугаар сард улсын комисс хүлээж аваад 2021 оны 01 дүгээр сар гэхэд айлуудын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан буюу өмчлөх эрх тухайн 2021 оны 01 дүгээр сард үүссэн. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар борлуулалт гэж өөрөө өмчлөлд шилжсэнээр тооцно гээд заачихсан. Яагаад өмчид шилжсэнээр тооцдог вэ гэвэл, тухайн урьдчилж авсан мөнгө нь өмчлөх, өөр өмчлөгч рүү шилжих гэх мэт гэрээнд өөрчлөлт орох янз бүрийн нөхцөлүүд үүсдэг учраас өмчлөлд шилжсэнээр уг асуудлыг борлуулалтад тооцохоор заачихсан байгаа. Татварын улсын байцаагчид газартай бартердсан гэж яриад байдаг. Энд бол бартерын харилцаа огт яваагүй. Тухайн газар нь газар эзэмших гэрээ, газар эзэмших гэрчилгээгээр Хөрөнгө оруулалтын газрын нэр дээр байгаагаараа энэ нь нотлогддог. Гуравласан гэрээгээр ерөнхий захиалагч нь хот байгуулалтын газар, захиалагч нь тухайн иргэд байдаг.
Хяналт шалгалтын үйл ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн, зохих анхан шатны баримт дээр үндэслэчихсэн. Таамгаар акт тавьж байна. Зүгээр тайлангийн зөрөө дээр ийм ноцтой алдаа гаргаж болохгүй байх гэж бодож байна. Тухайн харилцаа ямар гэрээ контрактын үндсэн дээр явчихсан юм бэ, гэдэг нь нотлох баримтын нэгдүгээр номерын ач холбогдолтой юм. Бусад зөрчлийн 18 айлын орон сууц эсвэл бусад айлуудад хамаарах зөрчил юм гэх зөрөөтэй тайлбаруудыг өөрсдөө хийгээд байдаг. Татвар төлөгчид яг ямар тоо, ямар гэрээнд үндэслээд акт тавьснаа тайлбарладаггүй. Өөрсдөө ч үнэгүй шилжүүлчихсэн, үнэ төлбөртөө шилжүүлчихсэн, хоорондын ялгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь хянан шалгалтын үйл ажиллагаандаа дээрх гэрээ контрактыг огт хараагүй байдлаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл, энэ татварын улсын байцаагчдын 2018 он, 2019 оны тэр зөрчил юм гээд тайлбарлаад байгаа нь ч өөрөө үндэслэлгүй гэдэг нь гэрээ контрактыг үзээгүй байдлаар нотлогдоно. 2018 онд зөвхөн суурь нүхээ ухаж байсан буюу борлуулалт огт хийгдээгүй байхад нэмэгдсэн өртгийн албан татвар тавьчихсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь тэнцэж явах албагүй. Борлуулалт гэж юуг хэлэх вэ, гэвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар өмчлөл шилжсэнээр гээд тусдаа зохицуулалттай. Гэтэл энэ 2021 оны 01 дүгээр сард өмчлөлд шилжсэн борлуулалт гэж үзэх үндэслэл байхад 2018, 2019 онд акт тавьчихсан. Мөн 18 айлын зөрчил бол хуульд заасан үндэслэлээр ажил үйлчилгээ, борлуулалт биш гэдэг үндэслэл байна. Уг акт бүхэлдээ ямар тоог яагаад гаргаад ирсэн нь тодорхой биш байна. Шалгалтын үйл ажиллагаа нь тэр чигтээ хууль бусаар явагдчихсан учраас 1 болон 2, 4 дүгээр хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.
6. Хариуцагч Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, П.О нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тухайн хяналт шалгалтын ажил 4 сар орчмын хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд татвар төлөгчөөс баримт, бүртгэл, тооцоог удаа дараа шаардаж мөн гаргасан зөрчлүүдтэй холбоотой тайлбар, нотлох баримтыг гаргуулах хугацааг хангалттай өг ажилласан. Татвар төлөгчийн зүгээс гарсан зөрчлүүдтэй холбоотой хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах ямар нэг баримт, хууль зүйн үндэслэлтэй тайлбар ирүүлээгүй учир акт үйлдэн хяналт шалгалтын ажлыг дуусгасан.
6.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан хоорондын зөрүүтэй зөрчлийн хувьд Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 43 дугаар зүйл. Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам. 43.1. Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө гэж заасан. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл. Санхүүгийн тайланг тайлагнах. 9.6-т Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана гэж заасны дагуу баталгаажсан санхүү, татварын тайланг үндэслэн зөрчлийг тодорхойлсон болно.
6.2. Дахин төлөвлөлтийн айлуудад өгсөн орон сууцуудыг борлуулалтаар бүртгэж тайлагнаагүй зөрчлийн хувьд татвар төлөгчийн зүгээс тайлбарлахдаа нийслэлийн орон сууцны газраас айлуудад өгсөн байрнуудын борлуулалтыг татвараас чөлөөлнө гэж байсан гэсэн тайлбар өгч байсан тул татвар төлөгчийг тухайн тайлбар өгсөн газраасаа холбогдох эрх зүйн актыг авч ирэхийг хүсэж тодорхой хугацаа өгсөн мөн байцаагчид өөрсдийн зүгээс хайж судалж үзсэн боловч тухайн борлуулалтыг татвараас чөлөөлөхтэй холбоотой эрх зүйн акт олдоогүй, татвар төлөгчийн зүгээс гаргаж ирүүлээгүй тул зөрчлөөр авч хариуцлага ногдуулсан болно.
6.3. Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй татвар төлөгчийн ирүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тайлан мөн НӨАТ-ын тайлан, и-баримтын системд бүртгэж шивсэн мэдээллүүдийн зөрүүтэй тооцооллыг хавсралтаар хүргүүлэв. Уг хавсралтаас татварын тайлангуудад орлого хэрхэн зөрүүтэй тайлагнасан байдал тодорхой харагдаж байгаа болно. Гарсан зөрчил болгоныг татвар төлөгчид тайлбарлан өгч хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах, нотолгоо, үндэслэл гаргах нөхцөл боломжийг олгож ажилласан” гэжээ.
7. Хариуцагч улсын байцаагч Б.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “Хяналт шалгалтын үйл ажиллагаа нь 2022 оны 08 дугаар сараас эхлээд 12 дугаар сар буюу 4 сарын хугацаанд үргэлжилсэн байдаг. Хэсэг хугацаанд нягтлан байхгүй гэдэг шалтгаан хэлээд хойшлуулаад, жоохон хүлээнэ үү гэх хүсэлтийг тавьсных нь дагуу бид тодорхой хэмжээнд хүлээлгээд, шинэ нягтлан орж ирсэн. Шинэ нягтлантай уулзахад нягтлан нь өөрөө баримтууд байхгүй байгаад байна энэ тэр гэсэн шалтгаанууд хэлээд, тэрийг нь ч бас ойлгосон. Тэр баримтуудаа байгаагаар нь цуглуулаад, эмхлээд ир гэдэг байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилсэн. Тэгээд хяналт шалгалтын үйл ажиллагааны журам зөрчигдсөн гэж байна. Ямар нэгэн хяналт шалгалтын үйл ажиллагааны журам зөрчигдөөгүй. Татвар төлөгчөөс нотлох баримт болон холбогдох тайлбаруудыг гаргаж өгөх хангалттай хугацааг өгч, тайлбарлаж ийм учиртай юм байгаад байна үүнд нь ийм юм гаргаж өгөх ёстой байдаг. Гаргаж өгөөч ээ гэдэг байдлаар зөндөө хэлсэн. Энд нягтлан нь байхгүй байгаад байна. Нягтлан нь байвал илүү сайн мэдэх байх. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч байгаагүй болохоор цээжээрээ л юм яриад байна.
Зөрчлүүдийн хувьд нэг бүрчлэн хэлэхэд, 1 дүгээр зөрчлийн хувьд 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 2018 оны 18 айлын орон сууц борлуулалтыг борлуулалт мөн үү, биш үү, гэдэг асуудал бол гол маргаан энэ зөрчил дээр яригдаж байгаа. Тухайн 18 айлын орон сууц үнэ төлбөргүй шилжүүлээд байгаа нь борлуулалт мөн байх уу, биш байх уу, гэдэг асуудлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд тэр чигээрээ орлого болоод эсрэгээрээ нөгөө талдаа өртөгт нь бичиж байгаа. Газрыг аваад байгаа өртөг рүү шингээд ямар нэгэн ашиггүйгээр хуваах. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар дээр зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зардлууд, хасалтуудыг хийгээд зөрүү дээр нь татвараа ногдуулах л зохицуулалттай. Энэ үйл ажиллагаа нь барилгын компаниуд практик дээр ямар нэгэн газрыг өөрийн өмчлөлийн газраар юм уу, эсвэл газар худалдаж авдаг ч юм уу, эсвэл бартераар газар авдаг гэх мэтээр газраа аваад тодорхой хэмжээний төлбөр төлөөд, газар дээрээ барилга бариад, ашгаа олоод явдаг. Өөр гээд байгаа нь хотын захиргаа, улстай хамтарсан гуравласан гэрээтэйгээр ийм үйл ажиллагаа явагдаад байгаа гэдэгт татвар ногдохгүй, үнэ төлбөргүй өгч байгаа юм аа гээд. Тухайн барилгыг барихад энэ компаниас өөрсдөөс нь бүх зардал нь гарч байгаа. Тэр барилгыг буулгах, нураах тэр бүх зардал баланс дээр нь бусад татвараас нь хасагдахаар бүгд бүртгэгдээд л явж байгаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр, олон улсын бүх төрлийн бараа, ажил үйлчилгээд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. Ногдуулахгүй байх гэдэгт нь тэг хувь чөлөөлөгдөх гэсэн нөхцөл л байгаа. Чөлөөлөгдөх татвар бол дахин төлөвлөлттэй холбоотой чөлөөлнө гэсэн заалт байхгүй байгаа. Нэмэлтээр ямар нэгэн хууль тогтоомж, тогтоол гарсан байдаг байж магадгүй. Өөрсдөд нь буруу чиглэл өгсөн гэж бас яриад байна. Өөрсдөө чөлөөлөгдөнө гэж хот төлөвлөлтийнх хэлсэн гээд. Тэгвэл тэр хүмүүстэйгээ уулзаад бид нарын мэдэхгүй хууль тогтоомж байж магадгүй асуугаад ир ээ, бид нар ч бас өөрсдөө тодорхой хэмжээгээр хууль, дээд шатныхаа байгууллагуудтай бас сураглаад хайгаад, хуулийн тэнхимээс хүртэл хайлгуулсан. Мэдээж хэрэг татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд бид байж болох бүх л нөхцөлийг хайж байж шийдвэр гаргана. Юу юугүй шууд шийдвэр гаргана гэж байхгүй.
Борлуулалт гэдэг нь өөрийн өмчлөлийн барааг бусдад шилжүүлэхийг хэлнэ гэж байгаа юм. Тэр чинь өөрөө өөрийнхөө бараа материалаар байшин гэдэг зүйлийг бариад, улсын бүртгэлд манай энэ барааг энэ хүмүүст ингээд өг өө гээд шилжүүлэх хүсэлтээ гаргаад шилжүүлээд өгчхөж байгаа юм. Үүгээрээ бол нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн борлуулалт гэдэг нь тогтоогдож байгаа юм. Тиймээс уг 18 айлтай холбоотой зөрчил нь 2019 он дээр байгаа. Бас нэмэгдсэн өртгийн албан татварынхаа тайланд яг энэ айл маань 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварт 1,600,000,000 төгрөгийн орлого тайлагнасан байдаг юм. Нийт 12 сарын хугацаанд. Аж ахуйн нэгж гэхлээрээ 1,571,000,000 төгрөг энэ 2-ын зөрүүгүй 33,000,000 төгрөгийн татвар. Энэ 2 адилхан байх ёсгүй гэж тайлбарлаад байна. Уг нь адилхан байх ёстой. Энэ юугаар өөр байж болдог вэ, гэхээр аж ахуйн нэгж өөрөө аккурэль суурийг баримталдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар аккурэль болон мөнгөн суурь гэдэг нь хосолсон байдал хаа нэг тохиолддог. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь түрүүлээд мөнгөө авчхаад ажлаа гүйцэтгээгүй болохоор орлого хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэдэг асуудал яригддаг учраас нэмэгдсэн өртгийн албан татвар дээрээ илүү байх ч юм уу, тийм дутуу байх асуудал ярихаас биш аж ахуйн нэгж дээр ямар нэгэн тийм энэ 2 зөрүүтэй хаа хамаагүй зөрөөд явж байж болно гэсэн ойлголт ерөөсөө байхгүй учраас энэ 2-ын зөрүүгийн 33,000,000 төгрөгийн 2019 оны зөрчил. 2018 оны зөрчил дээр нэмэгдээд 1 дүгээр зөрчил нь болж байгаа.
2 дугаар зөрчил нь 2020 он дээр манай татварын и-баримт гээд систем байгаа. Уг системд и-баримтуудыг хэвлэж, худалдан авагч нартаа тухайн компани олгож байгаа. Тэр компанид олгож байгаа и-баримт, борлуулалтын баримтууд нь 720,000,000 төгрөгийн баримт олгосон байгаа боловч татварынхаа тайлангуудад 572,000,000 сая төгрөг тайлагначихсан байгаа. Зөрүү 147,000,000 төгрөг. Үүнд өөрөөр ямар нэгэн нэмэлт нотлох баримт, анхан шатны баримт, гэрээ, хэлцэл хараад байхаар зүйл байхгүй. Өөрсдөө тайлагнахдаа хүнд борлуулалтын баримт бичээд өгчихсөн, тэрийгээ тайлагнаагүй байна л гэдэг асуудал. Энэ борлуулалтын баримтаар чинь цаана нь хүн хөнгөлөлт эдлээд, буцаалт аваад, эрх эдлээд явж байгаа.
4 дүгээр зөрчилд мөн 2 тайлангийн л зөрүү байгаа. Аж ахуйн нэгж дээр 976,000,000 төгрөг тайлагначихсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр 41,000,000 төгрөг тайлагнасан. энэ 2 хамгийн багадаа адилхан тэнцүү байх ёстой. Зөрөө 720,000,000 төгрөг байгаа. Бид анхан шатны баримт ч юм уу, гэрээ хэлцэлтэй уялдаад, өөрчлөгдөөд байхгүй. Татвар төлөгчийн өөрийнх нь тайланг татвар төлөгч өөрөө үнэн зөв тайлагнах үүрэгтэй тайлангаа өгсөн байгаа. Тухайн үед нь нягтланд нь хэлэхэд шинэ нягтлан байсан учраас харин тэгсэн байна, ойлгож байна. Өмнөх нягтлангууд алдаа гаргачихсан юм шиг байна гэдэг байдлаар тайлбар өгөөд. Одоо танай байгууллага ямар ч тайлбар, нотлох баримт гаргаж ирээд нэмэргүй байна, яах вэ. Гэдэг байдлаар л тухайн үед шалгалтын үйл ажиллагаа явагдсан. Гэрчилгээг авч үзээгүй гэж байна. Үүнд гэрчилгээ авч үзээд байх шаардлага байхгүй. Өөрсдийнх нь тайлан гэсэн орлогууд зөрөөд байгаатай холбоотой асуудал дээр энэ хяналт шалгалтын ажил хийгдээд, актууд нь тавигдчихаад байгаа. Хуулийн маргаантай асуудал бол тэр 18 айлд Нэмэгдсэн өртгийн албан татварын орлого ногдох эсэх асуудал нь гол маргаан. Өмнөх анхан шатны хурал дээр энэ асуудлыг ярьж байгаад шүүх хурал завсарлаад дууссан. Дараа нь бид давж заалдах гомдолд бусад асуудлыг хэлэлцээгүй явчихлаа гэж хандсан” гэв.
8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Дэд жагсаалт батлах тухай” А/54 дугаар тушаалын хавсралтаар шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр А.Д сонгогдож, Э.Б*******, Б.Б******* нар нөөцөд сонгогджээ. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2.Шүүх бүрэлдэхүүн, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг харьцуулан үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14/ болгож шийдвэрлэлээ.
3. Б дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй, ******* дугаар регистртэй “М” ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, барилга угсралт, программ хангамжийн үйл ажиллагаа, зураг төсөл зэрэг чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон ******* дугаартай, БА-4.1 заалтын дагуу үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тус хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2014 оны 04 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлсэн.
4. Хариуцагч, татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж дугаар томилолтын дагуу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-иж бүрэн шалгалтыг гүйцэтгэн,
5. Нэхэмжлэгч хуулийн этгээдтэй холбоотой татварын албаны татварын удирдлагын нэгдсэн системд буй татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, Төрийн банкны *******, Капитал банкны *******, Улаанбаатар банкны ******* дугаар дансны талаарх мэдээлэл, Төрийн сангийн гүйлгээний 1 ш буюу 9,510,000.00 төгрөгийн, 2,454,728,587.27 төгрөгийн үнийн дүнтэй 22 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падааны мэдээлэл, 4,484,827,130.73 төгрөгийн үнийн дүнтэй 2617 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааны мэдээлэл зэргийг санхүүгийн тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, татварын тооцоолол, холбогдох бусад баримт материалтай тулган шалгаад,
5.1. 2019 онд 1,003,049,593.99 төгрөгийн татвар ногдуулах орлого, 969,299,093.98 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй,
5.2. 2020 онд 147,933,636.36 төгрөгийн татвар ногдуулах орлогод албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй,
5.3. 2018 онд 166,363,636.00 төгрөгийн суудлын автомашин худалдан авахад төлсөн татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтын хасалтаар төлөх татвараа бууруулсан зөрчил тайлагнасан,
5.4. 2018 онд 925,498,327.27 төгрөгийн, 2019 онд 969,299,093.98 төгрөгийн, 2020 онд 147,933,636.36 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй гэж үзсэнээр,
6. Нийт 3,360,077,923.96 төгрөгийн татварын зөрчил илрүүлж, 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. “...татварын тайланд багасгаж тусгасан, ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн, ... хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4. “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуул ийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн. Албан татвар ногдуулаагүй эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.1. “татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, ...тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх ...зарчмыг үндэслэн тогтооно”, 74 дүгээр зүйлийн 74.1. “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 82 дугаар зүйлийн 82.1.1. “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 84 дүгээр зүйлийн 84.1.2. “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэж заасныг үндэслэн 238,912,648.74 төгрөгийн нөхөн татвар, 36,722,190.47 төгрөгийн торгууль, 24,833,210.99 төгрөгийн алданги, нийт 300,468,050.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №******* дугаар нөхөн ногдуулалтын актаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь уг нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь эс зөвшөөрч, хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль бус явагдсан, хуульд үндэслээгүй, хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг огт баримтлаагүй” зэргээр болон шүүхийн шийдвэрийн Тодорхойлох нь хэсгийн 4-6-д заасан үндэслэлээр маргаж байна.
7. Нийт зөрчлөөр авсан дээрх 3,360,077,923.96 төгрөгийн мөнгөн дүн нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын “татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар” гэсний 1-4-д заасан буюу энэхүү Үндэслэх хэсгийн 5.1-ээс 4.4-д заасан зөрчилд холбогдох нийт зөрчлийн дүн бөгөөд үүнээс 5.3-д заасан зөрчилтэй буюу 166,363,636.00 төгрөгийн төлбөртэй анхнаасаа маргаагүй, харин нөхөн ногдуулалтын актын 1, 2, 4-д заасан буюу энэхүү үндэслэх хэсгийн 5.1, 5.2, 5.4-д заасан зөрчилтэй маргаж энэ зөрчилд хамаарах 3,193,714,287,96 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар маргасныг тэмдэглэж байна.
8. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2018 онд 967,475,600.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 965,051,058.59 төгрөгийн хасагдах зардалтай, 1,924,541.41 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 2019 онд 1,571,495,815.45 төгрөгийн борлуулалтын орлоготой, 1,569,361,564.02 төгрөгийн хасагдах зардалтай, 2,134,251.43 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 2020 онд 572,387,590.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 569,917,249.94 төгрөгийн хасагдах зардалтай, 2,470,340.06 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 2021 онд 87,184,272.23 төгрөгийн борлуулалтын орлоготой, 440,584,601.91 төгрөгийн хасагдах зардалтай, 353,400,329.68 төгрөгийн алдагдалтай, төсөвт нийт 1,000,000.00 төгрөгийн татвар төлсөн бол,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2018 онд 41,977,272.73 төгрөгийн борлуулалтын орлоготой, 898,690,033.76 төгрөгийн худалдан авалттай, 2019 онд 1,605,245,815.46 төгрөгийн борлуулалтын орлоготой, 1,231,032,280.30 төгрөгийн худалдан авалттай, 500.00 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалттай, 2020 онд 572,387,590.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 1,481,318,305.43 төгрөгийн худалдан авалттай, 2021 онд 87,184,272.73 төгрөгийн борлуулалтын орлоготой, 869,030,336.59 төгрөгийн худалдан авалттай гэж тайлагнасныг тэмдэглэж байна.
9. Харин цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого шууд бус орлогоос суутгасан албан татварын тайланг 2018 онд 86,140,694.00 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлснөөс 6,423,523.85 төгрөгийн татвар төлөхөөр, 2019 онд 52,769,000.00 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлснөөс 3,404,901.50 төгрөгийн татвар төлөхөөр, 2020 онд 122,249,563.46 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлснөөс 12,185,927.74 төгрөгийн татвар төлөхөөр 2021 онд 175,870,899.00 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлснөөс 20,596,831.54 төгрөгийн татвар төлөхөөр тус тус тайлагнаж, төсөвт нийт 19,127,185.38 төгрөгийн татвар төлсөн. Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар 2018-2021 онд тайлан ирүүлээгүй, мөн үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлангаар 2020-2021 онд харилцан хамааралтай этгээдтэй ажил гүйлгээ хийгдээгүй гэж тайлагнажээ.
10. Татварын алба ХШ06/01-д зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2018 онд хамаарах борлуулалтын орлогыг дутуу тооцож албан татвар ногдуулаагүй гэж 1,003,049,593.99 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1. “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж зааснаар, 2020 онд хамаарах бараа, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг дутуу тайлагнаж, албан татвар ногдуулаагүй гэж 147,933,636.36 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1. “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж зааснаар нийт 1,150,983,230.35 төгрөгийн зөрчилд 18,168,413.64 төгрөгийн нөхөн татвар, 5,450,524.09 төгрөгийн торгууль, 4,200,564.42 төгрөгийн алданги 27,819,502.15 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
10.1. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг ТТ-02-оор татварын албанд нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогын дүнг 1,571,495,815.45 төгрөгөөр тайлагнан /ХШ07/01 ёсоор/ хүргүүлсэн атлаа нэмэгдэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээний нийт борлуулалтын орлогыг жилийн өссөн дүнгээр 1,605,246,315.46 төгрөгөөр тайлагнаж, ТТ-0За-аар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан хүргүүлсэн нь болох нь хэрэгт авагдсан татварын тайлангаар тогтоогдох ба энэ тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг 33,750,500.01 төгрөгөөр дутуу тайлагнасан гэж тооцоолсон нь зөв байна.
10.2. Маргаан бүхий актын зөрчлийн 1 дэх хэсэгт хамаарах 969,299,093.98 төгрөг нь борлуулсан бүтээгдэхүүний өртгийг аж ахуйн нэгжийн албан татварын тайланд дутуу тусгаж албан татвар төлөөгүй, төсөвт төлөөгүй зөрчил /1,003,049,593.99-969,299,093.98=33,750,500.01/-д хамаарах ба энэ нь 2019 онд дахин төлөвлөлтийн айлуудад өгсөн гэх нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй 969,299,093.98 төгрөгийн 18 айлын борлуулалтын орлого бөгөөд энэ борлуулалтыг тайлагнаагүй болох нь татварын шалгалтаар тогтоогдсон байна.
10.3. Нэхэмжлэгч талын “орон сууц худалдан авсан иргэд эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж уг хөрөнгийг өмчлөх эрх үүссэний дараа буюу 2019 оны 3 дугаар улирлаас эхлэн борлуулалтаар хүлээн зөвшөөрөх байсан” гэх тайлбар үндэслэлгүй.
10.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 7.3. “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1.“үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1.“Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.1.“үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3. “Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна”, 5.3.1.“Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж”, 7 дугаар зүйлийн 7.1.“Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно”, 7.4. “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.1.“үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1.“Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1. “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж хуульчилсан, үүнийг хариуцагчаас зөв хэрэгжүүлсэн гэж үзнэ.
10.5. 2020 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг ТТ-02-оор нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогын дүнг 572,387,590.00 төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг ТТ-03а-аар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээний нийт борлуулалтын орлогыг өссөн дүнгээр 572,387,590.00 төгрөгөөр тайлагнасан авч, оффис и-баримт системийн борлуулалт хэсэгт 2020 оны 02 дугаар сарын 29-ны өдөр эцсийн хэрэглэгчээр 147,933,636.36 төгрөгийг шивсэн нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн тайлангаар тогтоогдож, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан дахь тайлан, хяналт шалгалтын ХШ-07 маягтаар нотлогджээ.
11. Татварын алба ХШ06/01-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараар 2019 онд 969,299,093.96 төгрөгийн байрыг борлуулалтаар тооцоогүй, 2018 онд 925,498,327.7 төгрөгийн орлогыг болон 2020 онд 147,933,636.36 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, дутуу тусгасан зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна.” 7.1.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж зааснаар 204,107,871.50 төгрөгийн нөхөн татвар, 31,271,666.38 төгрөгийн торгууль, 20,632,646.57 төгрөгийн алданги, нийт 256,012,184.45 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
11.1. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2018 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг ТТ-02-оор нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогын дүнг 967,475,600.00 төгрөгөөр гарган татварын албанд хүргүүлсэн атлаа, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг ТТ-03а-аар гарган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээний нийт борлуулалтын орлогыг жилийн өссөн дүнгээр 41,977,272.73 төгрөгөөр тайлагнан татварын албанд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан татварын тайлангаар тогтоогдох ба энэ тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 925,498,327.27 төгрөгөөр дутуу тайлагнасан гэж хариуцагч татварын улсын байцаагчдаас тооцоолсон нь зөв ба энэ байдал нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан дахь тайлангийн мэдээлэл, нэхэмжлэгч хуулийн этгээдээс хүргүүлсэн тайлангаар нотлогдож байна.
11.2. Борлуулсан орон сууцаа “иргэд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэний дараа “борлуулалт хийгдсэн” гэж үзэж, дотоодын бараа үйлчилгээнд суутган төлөх 969,299,093.98 төгрөгийн зөрчилд 96,929,909.40 төгрөгийн нөхөн татвар, 25,420,414.64 төгрөгийн торгууль, 16,946,943.09 төгрөгийн алданги нийт 139,297,267.13 төгрөгийн төлбөрийг энэ зөрчилд холбогдуулан тогтоосон нь үндэслэлтэй.
Учир нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар зохицуулсан харилцааны хүрээнд хот, суурин газрыг дахин дахин хөгжүүлэх цогцолбор үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчийг албан татвараас чөлөөлөх хуулийг тусгайлан хууль тогтоогчоос батлаагүй, хариуцагч нь татвар “зайлшгүй байх” татварын үйл ажиллагааны зарчмыг хангаж ажилласан байна.
11.3. Энэ хэсгийн 10.5-д зааснаар 147,933,636.36 төгрөгийн орлого бүргэгдээгүй, улмаар нэмэгдсэн өртгийн татвар төлөөгүй нь тогтоогдож байна.
12. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг хариуцагч нараас шалгасан ба энэхүү шалгалтад хамаарах хугацааны дотор хууль тогтоогчоос Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол, Татварын ерөнхий хуульд шинэчилсэн найруулга хийсэн.
Тодруулбал, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлгээр "үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, даатгалын журмын эсрэг зөрчил"-ийг зохицуулсан ба, 11.19 дүгээр зүйлийн 1. "татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор", 1.2. "татвар ногдох орлогоос бусад ... татварын тайланд багасгаж тусгасан ...бол нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" гэх заалтыг, хууль тогтоогчоос татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулахдаа буюу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг. “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж өөрчилснөөс гадна мөн зүйл дотор нь тайлбар хийхдээ “Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэж хуульчилсан. Энэхүү өөрчлөлт нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинэчилсэн найруулгаар батлагдсан Татварын ерөнхий хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр хуульчилсан. Иймд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-д “...татварын тайланд багасгаж тусгасан ...нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулахдаа торгууль, алдангийн хэмжээг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
13. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тооцож, улсын төсөвт тайлангаар ногдуулж төлөөгүй зэрэг татварын зөрчил гаргасныг тогтоож, маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1. "Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ", 18.1.1. "татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх", Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1. “татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 29 дүгээр зүйлийн 29.1. "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана", 41 дүгээр зүйлийн 41.1.“татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.“татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. “татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно” гэж заасныг хуулийн дагуу зөв хэрэгжүүлсэн, татвар төлөгчийн татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах үүрэг хангалтгүй байсан, татварын хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарсан дүрэм журмын зөрчил байхгүй, түүнчлэн татварын үйл ажиллагаанд баримтлах Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1. “зайлшгүй байх”, 5.1.2. “тодорхой байх” зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангуулж гарсан, үүгээрээ маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсэг нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
14. Сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулж болохыг зөвшөөрсний дагуу хэргийг хэлэлцсэн ба энэ тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн маргаан бүхий үйл баримтад өгсөн дүгнэлтийн үндэслэлтэй эсэх талаар шүүх бүрэлдэхүүний зүгээс тодорхойлох боломжгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74,1,Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 41 дүгээр зүйлийн 41.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, П.О нарт холбогдуулан гаргасан “тус татварын улсын байцаагчдын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актын зөрчлөөр тогтоосон хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Л.БАТБААТАР