Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 040

 

  Х.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00260 дугаар шийдвэртэй,  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух Х.Т-ийн нэхэмжлэлтэй, Х банкны Баян-Өлгий салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал, нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Байгонак, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х банкны Баян-Өлгий салбараас Т.А-гийн хувийн хадгаламжийн 5195008090 тоот дансанд байсан 21.249.500.00 төгрөгийг буцаан олгуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний төрсөн дүү Х.Т, түүний эхнэр (бэр) Т.Р нар нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд зуурдаар нас барсан ба 01-10 насны 4 хүүхдийг тус аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар асран хамгаалагч болсон. Х банктай түүний нэрээр хувийн хадгаламжийн гэрээ байгуулан 5195008090 тоот хадгаламжийн данс нээлгэж мөнгө хадгалуулсан байна. Миний төрсөн дүү Х.Т, бэр Т.Р нар нь нас барсны дараа 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр миний бие бага насны Т.Агийн нэр дээр хадгалуулсан мөнгөний хамтран эзэмшигчээр Х банктай 951900000673 тоот итгэмжлэлийн гэрээ байгуулсан. Гэтэл Х банк нь уг гэрээний хугацаа дуусаагүй байхад, уг гэрээнд заасан заалтыг ноцтой зөрчиж, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бага насны Т.Агийн хувийн хадгаламжийн 5195008090 тоот дансанд байсан 21.249.500.00 төгрөгийг хамтран эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр суутгаж авсан байсныг би сая мэдээд тус банкны удирдлага нарт хандсан боловч тэд “...дээрээс ийм шийдвэр ирсэн” гэж тодорхой хариу ч өгөөгүй, Т.Агийн хувийн хадгаламжийн 5195008090 тоот дансны хадгаламжийн анхны гэрээг ч надад танилцуулахгүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд ийнхүү хандаж байна. Хэрэв миний төрсөн дүү Х.Т, бэр Т.Р нар нь нас барахаас өмнө Х банканд төлөх зээл байсан бол зээлийн гэрээнд заасан барьцаат хөрөнгө байх ёстойгоос гадна уг гэрээг ах нь болох надад танилцуулж зээлээ барагдуулах талаар хамтран ажиллах боломж байсан гэж үзэж байна. Би Х банкны удирдлагад дүү Х.Т, бэр Т.Р нарын тус банктай тооцоо байгаа эсэх, хэрэв төлөх зээл байгаа юм бол зээлийн гэрээний материалыг надад танилцуулах талаар хүсэлт гаргасан боловч тэд “...хүний гэрээг хүнд үзүүлж болохгүй “ гэж надад үзүүлэхгүй байна. Нөгөө талаар Т.Агийн хувийн хадгаламжийн 5195008090 тоот данснаас түүний ээж Т.Р нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн 5195003750 тоот дансанд 14.000.000 төгрөг шилжүүлж авсан гэж байгааг би итгэхгүй байна. Иймд Х банкны Баян-Өлгий салбараас Т.Агийн хувийн хадгаламжийн 5195008090 тоот дансанд байсан 21.249.500 төгрөгийг хэний ч зөвшөөрөлгүйгээр суутгаж авсан мөнгийг буцаан олгуулж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Х банкны Баян-Өлгий салбарын Улаан байшинт тооцооны төв нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Т.Ртай “Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ”-ээр 18.000.000 төгрөгийг 325 хоног буюу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд ашигласан үндсэн зээл болон нийт хуримтлагдсан хүүгийн төлбөрийг зээлдэгч нь банканд нээлгэсэн 5195008090 тоот хугацаат хадгаламжийн данснаас зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг суутгах эрхээ дээрх гэрээгээр банканд олгосон бөгөөд банк дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн нөхцөлтэйгөөр тухайн гэрээг байгуулж, зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн Х банк дахь Т.Ргийн өмчлөлийн хугацаат хадгаламжийн мөнгөн хөрөнгө байх бөгөөд барьцааны зүйлийг зээлийн гэрээний хугацаанд банканд хадгалуулахаар талууд харилцан тохиролцсон байна. Мөн Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ” гэж, талуудын хооронд байгуулсан “Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ”-ний 2.2-т “Зээлдэгч буюу барьцаалуулагчийн эрх, үүрэг” гээд 2.2.3-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Барьцаалуулсан данснаас зээлийн төлбөрийг төлүүлэх бөгөөд уг данс дахь мөнгө хөрөнгө нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарах бусад төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд бусад данснаас зээлийн төлбөрийг барагдуулахад саад учруулахгүй байх”, 2.2.4-д Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эсхүл Банз гэрээг цуцалсан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны шаардсанаар үл маргах журмаар банканд захиран зарцуулах эрхээ шилжүүлэх гэж зээлдэгчид үүрэг болгосон ба банк гэрээнд заасан эрхийнхээ дагуу хадгаламжид байсан мөнгийг зээлийн төлбөрт суутгаж авсан нь хууль болон гэрээг зөрчөөгүй бөгөөд тухайн хадгаламжийг Т.Р хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулж Х банкны өндөр хүүтэй мөнгөн хадгаламжийг сонгож хадгалуулсан болохоос Монгол Улсын Засгийн газраас 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог тусгай зориулалттай мөнгөн тэтгэмж биш юм. Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн хүүхдийн бие махбод, оюун санаа эрүү өсөж бойжих, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах үйл явцад зарцуулагдах мөнгөн хөрөнгийг барьцаалж зээл аваагүй. Т.Р нь өөрийн бий болгосон мөнгөн хадгаламжийг барьцаалж зээл авах хэрэгцээ шаардлага гаргасан учраас гэрээ байгуулж зээл авсан ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал үүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр хэвээр байна” гэж, мөн хүүхдийн 198 дугаар зүйлийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан тул гэрээний дагуу мөнгөн хадгаламжаас зээлийг төлүүлсэн нь Х.Тий эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хохирол учруулсан, зөвшөөрөлгүй суутгал хийсэн” гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00260 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.3-ийг тус тус баримтлан хариуцагч Х банкны Баян-Өлгий салбараас хадгаламжийн мөнгө хүүгийн хамт бүгд 21249500 (хорин нэгэн сая хоёр зуун дөчин есөн мянга таван зуун) төгрөгийг гаргуулан тус банк дахь Т.А-гийн Боловсол-Хүүхдийн ирээдүй хадгаламжийн 5195008090 тоот дансанд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Иргэний хуульд зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгч буюу Т.Рд мөнгө санхүүгийн хэрэгцээ, шаардлага гарсан тул 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18.000.000 төгрөгийг жилийн 20.2 хувийн хүүтэй, 325 хоногийн хугацаатай, №0009978 дугаар хадгаламжийн дэвтрийг барьцаалан зээл авах саналаа Х банкны Баян-Өлгий салбарт илэрхийлж зээлийн гэрээний гол нөхцөл шаардлагыг зөвшөөрсний үндсэн дээр хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Т.Р нь эрх зүйн чадвар, чадамжтай байхдаа хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн учраас дээрх гэрээ хүчин төгөлдөр юм. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ”-ний 1.2-т “Зээл буцаан төлөх нөхцөл, хэлбэрийг тодорхойлж”, 1.2.2-т “Зээлдэгч нь банканд нээлгэсэн хугацаат хадгаламжийн данснаас “Зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг суутгах эрхийг энэхүү гэрээгээр банканд олгосон бөгөөд банк дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй болно” гэж, 2.1.6-т “Зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчийн банк дахь барьцаалуулсан данснаас төлбөрийг бүрэн барагдуулах, хэрвээ уг дансанд байгаа мөнгөн хөрөнгө нь зээл, хүүгийн төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад данснаас үлдэх төлбөрийг үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авна” гэж, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтэд барьцаа хөрөнгө хураах нөхцөл, барьцаагаар хангагдах шаардлага нь зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралтад заасан зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлийг хугацаандаа төлөөгүй бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагч /банк/-д үүсэхээр тус тус тохиролцсон байхад уг гэрээтэй бүрэн танилцаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь гэрээний дээрх заалтаар нотлогдож байна. Түүнчлэн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-т “Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг... хууль буюу гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-д "Харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх” гэж, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл ул маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж тус тус заасан бөгөөд дээрх хуульд заасан үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээг талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч Т.Ргийн зөвшөөрлийг авсан болно.

2. Хавтаст хэрэгт хадгаламжийн данснаас 2019.09.25-ны өдөр дээрх мөнгийг зээлд шилжүүлээгүй, харин 2019.09.28-ны өдөр буюу хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хугацаа дууссаны дараа зээлийн төлбөрт шилжүүлсэн бөгөөд хамтран эзэмшигч гэх Х.Тий зөвшөөрлийг авах шаардлага байхгүй. Учир нь Х банкны Баян-Өлгий салбарын Улаан байшинт тооцооны төв нь 2018.11.06-ны өдөр зээлдэгч Т.Ртай тухайн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг байгуулсан болохоос Х.Ттэй байгуулаагүй. 2019 оны 5 сарын 29-ний өдөр тус хадгаламжийн дансанд Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 5 сарын 24-ний өдрийн асран хамгаалагч тогтоох тухай А/123 тоот захирамжийг үндэслэн Х.Тийг хамтран эзэмшигчээр бүртгэх үед 5195008090 тоот дугаартай хадгаламжийн дансны гэрээний хугацаа дуусаагүй байсан бөгөөд банкны шинэ теллерийн хариуцлагагүй, анзааргагүй байдлаас 2019 оны 5 сарын 29-ний өдрөөс 2020 оны 05 сарын 29-ний хүртэл хугацаатай шинээр гэрээ байгуулан хэвлэж Х.Тд олгосон байна. Уг нь тус хадгаламжийн өмнөх гэрээний хугацаа 2019 оны 9 сарын 27-нд дуусаж түүнээс хойш шинээр гэрээ байгуулах ёстой байсан болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт нь Иргэний хууль болон гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийг буюу зээлдүүлэгчийг буруутгасан, хэргийн үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэдгийг анхаарч тухайн харилцаанд бодитой эрх зүйн болон хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж тогтоосон бөгөөд гэрээний зохих заалтууд, зээлийн төлбөрт суутгал хийсэн баримтуудтай бүрэн танилцаж үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагчаас гаргаж өгсөн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ /хэргийн 28 дугаар тал/, Т.Агийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 13 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтад тус байгууллагын тэмдэг бүхий “хуулбар үнэн” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, Ты Агийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.197.00 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                Д.КӨБЕШ