Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/32

 

 

Т.О, Ж.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ж.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Ж.Д, М.Э /цахимаар/,

Шүүгдэгч Т.О, Ж.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Т.О-ын өмгөөлөгч Ж.Д, шүүгдэгч Ж.Т-ын өмгөөлөгч М.Э нар тус тус эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Т.О, Ж.Т нарт холбогдох 2216001630166 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Н овогт Т.О нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дүгээр сарын .. -ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Жаргалант 3-р баг, Жаргалантын 12- ... тоотод оршин суух, ДЮ ................ регистрийн дугаартай,

 

Т овогтой Ж.Т нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, аав ээж дүү нарын хамт амьдардаг, Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Жаргалантын 12- ... тоотод оршин суух хаягтай, ДЮ .......................... регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Т.О, Ж.Т нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.О-ын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг ашиглан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг Долоох гэх нэртэй газарт байх иргэн Б.Б-ын эд зүйл хадгалдаг агуулах болох амбаарын цоожийг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтрэн портер машины кришик 2 ширхэг, газан кришик 1 ширхэг, помп 3 ширхэг, статер 2 ширхэг, дизель цахилгаан үүсгүүр, цахилгаан дрилль, тасдагч, хятад мотоциклийн мотор 3 ширхэг, гинж 1 ширхэг, зэс 3 килограмм, хайлш 30 килограмм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4,080,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.О-ын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг ашиглан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг Долоох гэх нэртэй газарт байх иргэн Б.Б-ын эд зүйл хадгалдаг агуулах болох амбаарын цоожийг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтрэн 160 ампертай аккумлятор 1 ширхэг, хятад мотоциклийн мотор 3 ширхэг, хятад мотоциклийн обуд 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.О-ын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн ногоон өнгийн мотоциклыг ашиглан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг “Өвгөн гэцэл” гэх нэртэй газарт байх иргэн Б.Б-ын эд зүйл хадгалдаг агуулах болох амбаарын цоожийг төмрөөр хөшиж хууль бусаар нэвтрэн “Приус11” маркийн машины кришик 1 ширхэг, “Приус11” маркийн машины под крило 1 ширхэг, Хятад мотоциклийн мотор 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 760,000 төгрөгийн нийт 3 удаагийн үйлдлээр хохирогч Б.Б 6,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт буруутгагджээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Н овогтой Т.О, Т овогтой Ж.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т, Т.О нарыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ж.Т, Т.О нарт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар шүүгдэгч Ж.Т, Т.О нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Т.О-ын эзэмшлийн 760,000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Ж.Т, Т.О нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Т.О-ын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол саналдаа: Эрүүгийн хэргийн шүүгдэгч Т.О-ын өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

 

Т.О-ын хувьд хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа ухамсарлан ойлгож өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ар гэрийн нөхцөл байдал нь 6 бага насны хүүхэдтэй, эхнэр нь нялх хүүхдээ хараад гэртээ байдаг, ганц ажил хийж амьжиргаагаа авч явдаг хүн нь байсан.

 

Иймд Т.О-ын гэмт үйлдэлээ ухамсарлан ойлгосон байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хуульд заасан доод хэмжээгээр өөрчилж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Т-ын өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол саналдаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 

Ж.Т-ыг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар гэм буруутайд тооцож 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан юм. Шүүгдэгч Ж.Т, Т.О нар нь нэг гэр бүлийн гишүүн аав, хүү хоёр бөгөөд 8 ам бүлтэй гэр бүлээ тэжээдэг гол хүмүүс юм.

 

Ж.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Б 6,025,000 төгрөгийн хохирол учруулж гомдол санал нэхэмжпэх зүйлгүй /хх-195/ нөхцөл байдал нь хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлийг бий болгож байгаа тул Ж.Т-т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас 2 сарын хугацааг хасч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх хэмжээ нь давж заалдах шатны шүүхэд байгаа тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Т.О давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа: Миний буруутай үйлдэл тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа: Миний буруутай үйлдэл тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч нарын 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулснаас 2 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хасаж шийдвэрлэхийг гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс уг гомдлыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Т, Т.О нарын 3 удаагийн үйлдлээр хохирогч Б.Б 6,225,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм ашиглаж, бусдын агуулах саванд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхээс тус бүр 1 жил, 2 сарын хугацаанд хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл буюу мотоциклийг 3 удаагийн үйлдлээр ашигласан. Тухайн агуулах саванд хүч хэрэглэн цоожийг эвдэж, нууцаар орсон болон бусдад 6,225,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, хохирол төлж барагдуулсан байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж прокурорын зүгээс ял тохиролцсон. Мөн прокурорын зүгээс доод хэмжээгээр тохиролцсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохиролцсон ялын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

                                                             ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

  1. Хэргийн үйл баримтын талаар:

Т.О, Ж.Т нар нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.О-ын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг ашиглан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг Долоох гэдэг нэртэй газарт байрлах иргэн Б.Б-ын амбаарын цоожийг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтрэн портер машины кришик 2 ширхэг, газан кришик 1 ширхэг, помп 3 ширхэг, статер 2 ширхэг, дизель цахилгаан үүсгүүр, цахилгаан дрилль, тасдагч, хятад мотоциклийн мотор 3 ширхэг, гинж 1 ширхэг, зэс 3 килограмм, хайлш 30 килограмм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4 080 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.О-ын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-150 маркийн ногоон өнгийн мотоциклийг ашиглан ГовьАлтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг Долоох гэх нэртэй газарт байрлах иргэн Б.Б-ын амбаарын цоожийг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтрэн 160 ампертай аккумлятор 1 ширхэг, хятад мотоциклийн мотор 3 ширхэг, хятад мотоциклийн обуд 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1 185 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор Т.О-ын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн ногоон өнгийн мотоциклыг ашиглан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг “Өвгөн гэцэл” гэх нэртэй газарт байрлах иргэн Б.Б-ын  амбаарын цоожийг төмрөөр хөшиж хууль бусаар нэвтрэн “Приус-11” маркийн машины кришик 1 ширхэг, “Приус-11” маркийн машины под крило 1 ширхэг, Хятад мотоциклын мотор 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 760.000 төгрөгийн нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Б 6 025 000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Эдгээр үйл баримт нь: Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Хохирогч нь Говь-Алтай аймгийн газар хөдлөлтийн станцын Тайшир сумын “Долоох” гэдэг газарт байрлах хээрийн станцын манаач ажилтай бөгөөд уг газарт  гурван амбаар, 5 ханатай гэр, албаны контейнер байдаг. 2022 оны 05 дугаар сарын дундуур уг газарт байрлах  амбааруудаас 2 ширхэг портер машины кришик, 1 ширхэг газан кришикг, 3 ширхэг помп, 2 ширхэг стартер, 3 ширхэг жанам, дизель цахилгаан үүсгүүр, хөх өнгийн цахилгаан жижиг дриль, улаан өнгийн гар тасдагч, хятад мотоциклын 3 ширхэг ажиллагаатай мотор, гинж, 3 кг орчим зэс, 30 кг орчим хайлш зэрэг зүйлүүд алга болсон байсан.

 

2022 оны 06 дугаар сарын дундуур “Долоох” гэдэг газарт байрлах хээрийн станц дээр байрлах амбаараас 160 амперийн аккумулятор, Хятад мотоциклын 3 ширхэг ажиллагаатай мотор, 3 ширхэгийг мотоциклын обудыг цоожийг нь эвдэлж ороод авч явсан байсан.

 

2022 оны 07 сарын 16-ны өдөр “Өвгөн гэцэл” өвөлжөөгөө очиж эргэтэл

өвөлжөөний амбаарт хулгайч ороод приус 11 машины кришик, под кастер, 2 ширхэг хятад мотоциклын мотор, 3 ширхэг мотоциклын обуд алга болсон байсан.

 

2022 оны 07 сарын сүүлээр Говь-Алтай аймгийн төв дээр Б-ийн түүхий эдийн цэгт түүхий эд өгч байхад амбаараас нь алдсан кришикнүүд хэвтэж байхаар нь тэнд зогсож байсан залуугаас хэн түүнийг өгснийг асуухад мотоцикльтой 2 залуу авч ирж тушаасан гэж хэлэхээр нь хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдсэн. Хулгайн улмаас 4 270 000 төгрөгийн хохирол учирсан юм. Тухайн үед би Т-ыг сэжиглэж байсан” тухай мэдүүлэг (хх 49-50, 129, 164),

 

Гэрч Б.М, М.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн: “Ж.Т гэх залуу 2022 оны 03 сараас эхэлж Таван-Эрдэнэ түүхий эд авах төвд байнга хөнгөн цагаан, зэс авч ирж өгдөг байсан. 2022 оны 07 дугаар сарын 16-ны орой 19 цаг 30 минутын үед Ж.Т өөрөөсөө ахимаг насны, жижиг, шар царайтай залуутай хамт ногоон өнгийн мустанг-5 мотоциклоор түүний ажиллуулдаг Таван-Эрдэнэ” түүхий эд авах цэгт ирээд Мотоциклын мотор 2 ширхэг, машины кришик 4 ширхэг, мотоциклын обуд 2 ширхэг бетон, сав суулга гэх мэт 60 кг орчим хөнгөн цагаан зүйлсийг 180 000 төгрөгөөр худалдсан. Тэр хоёр хүн өмнө нь хэд хэдэн удаа ирж юм өгч байсан. 2022 оны 07 дугаар сарын 16-с хойш 1 удаа ирж зэс хөнгөн цагаан зүйлс өгчихөөд явсан” тухай мэдүүлэг (хх 62-63, 66, 137-138),

 

Түүхий эд худалдан авах “Таван-Эрдэнэ” төвийн 2022 оны 07 дугаар сарын

16-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн

үзүүлэлтүүд (хх 27-28),

 

Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Б.Б нь 2000 оны үеэс эхлэн Солонгос машин болох портер, бонго, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл, ОХУ-д үйлдвэрлэсэн Иж планета мотоцикл зэргийг засаж янзалдаг болсон. Тэрнээс хойш байнга хөдөө мал дээрээ хөдөөний хүмүүсийн машин тэрэг, мотоциклыг засдаг. Амбаарт нь Бонго, портер машин кришик, мотор, дугуй, хятад мотоциклын мотор, хроп, обудь гээд төрөл бүрийн технк сэлбэгнүүд байдаг. Байнга машин тэрэгний сэлбэг цуглуулж байдаг” тухай мэдүүлэг (хх 168),

Гэрч Х.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “О нь гэрчийн хүргэн ах, Ж.Т зээ нь болдог бөгөөд 2022.02.05-ны өдөр буюу цагаан сарын өмнө О түүнээс ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоциклыг нь худалдан авсан“ тухай мэдүүлэг (хх 172),

 

Т.О, Ж.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Т.О-ын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн ногоон өнгийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 34-38),

 

Т.О-ын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн мотоциклыг 765.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-921/4010 дугаартай үнэлгээний тайлан (хх 90-92),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх  24-25, 32-33),

 

Гэрч М.Б-ээр түүнд эд зүйлс худалдан борлуулсан хүмүүсийг таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 125-127),

            Хулгайд алдагдсан эд зүйлсийг 6 025 000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн”

ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-921/4011 дугаартай

үнэлгээний тайлан (хх 76-79) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

  1. Нотлох баримтын талаар:

          Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

           Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

           Шүүгдэгч нар уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотлож байна гэж үнэлэх үндэслэлтэй.

 

  1. Эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээний талаар:

Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг тухайн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг тогтоож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.О, Ж.Т нарын үйлдэл нь бусдын эд хөрөнөө хадгалах зориулалт бүхий агуулах буюу амбаарт цоожийг нь хөшиж онгойлгох зэргээр хууль бусаар нэвтрэн орж, хохирогчийн өмчлөлийн эд зүйлсийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, машин механизмын нэг төрөл болох мотоциклоор тээвэрлэн авч явж, худалдан борлуулж, захиран зарцуулснаараа бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Тиймээс шүүгдэгч Т.О, Ж.Т нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

  1. Давж заалдах гомдлын талаар.

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөсөн нөхцөл зэргийг харгалзан тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар заасан байна.

Мөн давж заалдах шатны шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар олгогдсон хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Түүнчлэн анхан шатны шүүхийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйсийн талаарх дүгнэлт, шүүгдэгч нарт  авсан таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгчээс гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас урьд нь цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй талаарх дүгнэлт нь үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.

            Харин шүүгдэгч нарын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож энэ хооронд цагдан хоригдсон нийт хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Ж.Т, Т.О нарыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих” гэснийг “шүүгдэгч Ж.Т-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих” , “шүүгдэгч Т.О-ыг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих” гэж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “шүүгдэгч Ж.Т, Т.О нарт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих” гэснийг “Ж.Т-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Т.О-т оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Т, Т.О нарын анхан шатны шүүх хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүхийн энэхүү шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 71 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.Б

                  ШҮҮГЧИД                                  Ж.Б

                                                              Ч.Э