| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0031/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/33 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Ё.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Б холбогдох эрүүгийн 1738003800024 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ё.Б нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Дурсамж бүжгийн зүүн талын засмал зам дээр ... улсын дугаартай Хонда Фит маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж насанд хүрээгүй С.Тэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ё.Б нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Дурсамж бүжгийн зүүн талын засмал зам дээр ... улсын дугаартай Хонда Фит маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж насанд хүрээгүй С.Тэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ё.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...Дурсамж бүжгийн урд талын засмалаар хөндлөн гарах гэж байгаад ертөнцийн зүгээр урдаас хойшоо өгсөж явсан мотоцикльтой хүмүүсийн баруун талаас нь мөргөөд засмал зам дээр унагаасан. Би тухайн үед доороос ирж яваа мотоциклийг хараагүй засмал руу ортол засмал замаар өгсөж яваа мотоцикльтой хүнтэй мөргөлдсөн. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч С.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Ирээдүй цайны газрын хойноос 1000 төгрөгөөр явдаг мотоциклиор дүү Д.ын хамт суугаад 14 дүгээр хороонд байх гэртээ хүргүүлэхээр болсон. 14 дүгээр хорооны засмал замаар хойшоо өгсөөд явж байтал баруун гар талаас машин орж ирээд бид нарыг мөргөөд унагаасан. Баруун гар шуу хэсгээрээ хугарчихсан байхаар нь би зүүн гараараа дарчихсан чинь цаашаа орчихсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Х.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Захын урд талын засмал замаар яваад замын хойд талд байсан арьс нэхий авдаг хүмүүс рүү манай дүү эргэтэл ард явсан мотоцикль зүүн талын дугуй руу мөргөж унасан. Мотоциклийн жолооч болон ард сууж явсан эмэгтэй замын хажуу талын шороо руу унасан. Энэ үед манай дүү Ууганбаяр машинаасаа бууж яаралтай эмнэлэг орж үзүүлсэн нь дээр байх гээд нөгөө 2 хүнийг машиндаа суулгаад Нэгдсэн эмнэлэг орж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч З.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү Дөлгөөнболдын хөмсөг сэтэрсэн байсан. Нүүр нь сорвитой байгаа. Одоо манай хүү хэвийн цэцэрлэгтээ явж байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-32 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гудамж руу орох гэж байтал тас няс гээд явчихсан. Тэгээд хартал манай нөхрийг машин гарч ирээд мөргөчихсөн байсан. Тэгээд гүйгээд очтол араар нь сууж явсан жоохон хүүхдийнх нь нүүрнээс нь цус гарчихсан уйлчихсан машины жолооч тэвэрчихсэн сууж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Л.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...14 дүгээр хорооны засмал зам руу нилээн урдуур ороод засмал замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад миний зүүн талаас машин хажуунаас орж ирээд баруун тал руу мөргөсөн. Би болон тэр хоёр хүүхэд зам дээр унасан. Би босож ирээд эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирээд хоёр хүүхдийг аваад явсан. Мотоциклийн эд ангийг солиход машины жолооч надад 40.000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-38 дугаар хуудас/,
Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...14 дүгээр хороонд Пүрэвээ болон машины жолооч бид гурав явж байсан. Тэгсэн чинь жолооч мотоцикльтой хүн явж байна өнгөрөөгөөд явъя гээд халит зогссон. Тэгээд хөдлөх гэсэн чинь урдуур мотоцикль ороод жолооч нь газарт унаж харагдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,
Гэрч С.П-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дурсамж бүжгийн өөдөөс гарах гэж байтал тас няс хийх чимээ гарсан тэгтэл мотоцикльтой мөргөлдчихсөн байсан. Би мотоциклийг хаанаас ирснийг нь мэдээгүй. Мотоцикль дээр гурвуулаа явсан бололтой харагдсан. Би машинаас буугаагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-44 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 16-17,102-103 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 18 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Ё.Бийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 653 тоот
1. С.Т биед богтос ясны хугарал, цээжинд зулгаралт, баруун өвдгөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. С.Т биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 46 дугаар хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /ХХ-ийн 47-48 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын цагдаагийн ахмад А.Мөнх-Эрдэний 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар дүгнэлт /ХХ-ийн 53 дугаар хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн бүдүүвч /ХХ-ийн 49 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 106 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч З.Б- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 95 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч С.Т хууль ёсны төлөөлөгч Г.С-й 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738003800024 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Насанд хүрээгүй хохирогч С.Т хууль ёсны төлөөлөгч Г.Саранцэцэг, иргэний нэхэмжлэгч З.Б- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ё.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 64 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1738003800024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч Ё.Б-ийн ... дугаартай ВСD ангилалын жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ё.Б нь бусдад төлөх төлбөргүй байх тул ... улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ё.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1738003800024 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ё.Бийн ... дугаартай ВСD ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ё.Б-д буцаан олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын ... улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР