Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

 

Ц.Б, Ц.П, Ц.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.М /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан,   

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг прокурор Ц.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Ц.Б, Ц.П, Ц.А нарт холбогдох 2116001300096 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овогт Ц.Б нь Монгол Улсын иргэн,  халх, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ... - ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэлгүй, ДИ .....................регистрийн дугаартай,

 

О овогт Ц.А нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн Оргил 5-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДИ .................. регистрийн дугаартай,

 

О овогт Ц.П нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дүгээр сарын ... -ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 2- ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДИ .................. регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Ц.Б, Ц.П, Ц.А нарын 2021 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн Оргил 5-р багийн Угалзын 7- ... тоот хашаанд оршин суудаг хүргэн ах М.О-ын гэрийн цонхыг эвдлэн нэвтрэн орсон үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргээр, шүүгдэгч Ц.Б-ын хохирогч М.О-ыг “эгчийг маань зодож дээрлэхсэн” хэмээн зүүн гарын шуу, зүүн хөлөнд нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зүүн шуу, зүүн өвдгөнд шарх буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт  хэргээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.П, Ц.А нарт холбогдох 2116001300096 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч О овогт Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч О овогт Ц.Б, О овогт Ц.А, О овогт Ц.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нарт бус бүрд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж, жинхэнэ эдлэх ялыг 950 (есөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нарт сануулж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуур, модны гар хөрөө 1 ширхэгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэн, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн обьект нь нийтийн хэв журам бөгөөд нийтийн хэв журам гэдэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны аж төрөх ёсны хэм хэмжээг ойлгохоор байна.

Уг гэмт хэргийн обьектив талын шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан идэвхтэй үйлдэл юм.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг Үндсэн хуулиар олгогдсон орон байрны болон хувь хүний чөлөөтэй явах эрхэд халдсан, саад учруулсан үйлдлийг, хүч хэрэглэсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаасан байхыг тус тус ойлгохоор байна.

Дээрхээс дүгнэхэд 2021 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн Оргил 5-р баг, Угалзын 7- ... тоот хашаанд хохирогч М.О-ыг шөнийн цагаар гэртээ амарч байх үед нь шүүгдэгч Ц.Б, Ц.П, Ц.А нар нь бүлэглэн хаалга, цонхыг нь цохиж, хаалгаа тайлж өгөөгүй буюу орон байрандаа чөлөөтэй байх эрхээ эдэлж байхад нь нийтийн хэв журам буюу халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд нь хүч хэрэглэж цонхыг нь хагалан орж, хохирогчийн бие махбодид халдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Түүнчлэн иргэн хүн шөнийн цагаар хаалгаа цоожлон гэртээ амарч байхад цонхыг нь хагалж орсон үйлдэл нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны аж төрөх ёсны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл юм.

Мөн нийтийн хэв журам зөрчих гэдэг нь нийтийн амгалан тайван байдал болон хувь хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөнд халдсан балмад үйлдэл бөгөөд олон нийтийн газар нь зөвхөн үзвэр, үйлчилгээний газар хамаарахгүй бөгөөд гудамж талбай, орон байр болон тэдгээрт хамаарах орчны орон зайг олон нийтийн газарт мөн адил хамааруулна.

Уг гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийгөө хүч чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал мөн боловч уг үйлдлийг хийхэд өмнө бий болсон хувийн таарамжгүй харилцаа болон гэнэт үүссэн шинжтэй байх эсэх нь сэдэлт санаа зорилгод хамаарахгүй тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн гэж үзэхээр байна.

2. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Учир нь шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нар нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орохдоо хүч хэрэглэж хохирогч М.О-ын байшингийн цонхыг хагалан эд хөрөнгийг устгаж, гэмтээж орсон үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын орон байранд эзэмшигч, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрсэн үйлдэл байхаар хуульчилсан байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн...” гэж заасан байна. Тиймээс эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б, Ц.А, Ц.П нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Ц.Б, Ц.П, Ц.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

 Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүч хэрэглэсэн гэдгийг хуульчийн зүгээс ойлгохдоо хүч хэрэглэх гэдгийг тухайн орон байрны эзэмшигчид хүч хэрэглэхийг хэлнэ гэж өөрийн зүгээс ойлгож байна. Мөн хуульд өөрчлөлт орсонтой холбоотой би буруу тайлбарласан байж магадгүй. Давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх хэргийг хүндрүүлэхээр буцаах эрх 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн байхгүй болсон гэж ойлгож байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

1.Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Б, Ц.П, Ц.А нар нь 2021 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн Оргил 5-р багийн Угалзын 7- ... тоот хашаанд оршин суудаг хүргэн ах болох М.О-тай “Эгчийг минь зодож, дээрэлхэж, хөөж явууллаа. Бид нарыг ална гэж ярьдаг” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар байшингийнх нь цонхыг хөлөөрөө өшиглөн хагалж, хагарсан цонхоор байшинд нэвтрэн орж, шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.О-ын зүүн гарын шуу, зүүн хөлөнд нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан байна.

Энэ нь хохирогч М.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед гэртээ амарч байхад нь Ц.Б, Ц.А, Ц.П нар ирж хаалгаа онгойлго гэж цонхыг нь цохиод Ц.А нь “Монуугийнхан үхээд дууссан. Чи ганцаараа шүү.” гээд хэлэхэд нь уур нь хүрч цонхны 2 талаас хэрэлдэж, маргалдаж байтал байшингийнх нь  цонхыг хага өшиглөөд Ц.Б түүний араас Ц.А, Ц.П нар ороод ирэхээр нь өөрийг нь зодох гэж байна гэж айсандаа гартаа барьсан хөрөөгөөрөө Ц.Б-ыг цохиж аваад зодоон болсон. Тухайн үед шилэн хүзүү рүү гараараа цохиод, гуя, сүүж, хөлийн шилбэ зэрэг газарт хөлөөрөө өшиглөөд байсан. Одоогоор биед ямар нэгэн зовуурь байхгүй. Цонх хагарснаас өөр эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Хагалсан эд зүйлийг төлж барагдуулж өгсөн. Шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” тухай мэдүүлэг (1  хх 79, 80, 82),

Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “М.О-тай 1993 онд гэр бүл болж хүү, охин хоёр төрүүлсэн бөгөөд  нөхөртэйгөө муудалцаад хотод ирчихсэн байх үедээ “М.О-тай муудалцах болгонд чамайг надаас салах юм бол 3 дүүг чинь ална гэж заналхийлээд байна. Та 3 очоод эвтэйхэн ярилцаад учир зүйгээ олоод ирээрэй” гэж Ц.Б, Ц.А, Ц.П нарт хэлсэн. Ярилцах гэж очоод М.О-тай маргалдсан талаар Ц.Б-аас сонссон.” тухай мэдүүлэг (1  хх 106),

Гэрч С.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “М.О хүргэн нь бөгөөд том хүү Ц.Б-ын зүүн тохой хэсэгт юмаар урсан том сорви байхаар нь хэн ингэсэн талаар асуухад М.О ах хөрөөгөөр урсан гэж хэлсэн. Зодооны талаар өөр мэдэх зүйл байхгүй.” тухай мэдүүлэг (1  хх 108),

Гэрч О.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “М.О нь гэрчийн аав бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд би хотод ирсэн байсан учраас зодооны талаар мэдэхгүй хожим дүүгээсээ аав зодуулчихсан байна гэж сонсоод Говь-Алтай аймаг орж аавтайгаа уулзахад аавынх нь биед ил харагдах шарх, сорви байгаагүй. Ааваасээ тэр талаар асуухад юм хэлээгүй.” тухай мэдүүлэг (1  хх 110),

Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “М.О-ыг хүргэн дүү нар нь зодсон талаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагт утсаар дуудлага өгсний дагуу очиход М.О-ын гэрийн цонх нь хагархай, М.О цээж нүцгэн, цээж өвдөөд байна гээд гэртээ сууж байсан.” тухай мэдүүлэг (1  хх 127),

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн: “М.О-ын биед зүүн шуу, зүүн өвдгөнд шарх, хамар, хэвлий, бүсэлхий баруун тохойнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн ташаан толгойд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүдээс зүүн шуу, зүүн өвдгөнд үүссэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгаа” талаарх 317 дугаартай дүгнэлт (1  хх 135-136),

 Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн: “ Ц.Б-ын биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдсон нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа” тухай 318 дугаар дүгнэлт (1  хх 132-133),

 Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “М.О-ын биед учирсан зүүн шуу, зүүн өвдгөнд үүссэн шарх гэмтэл нь тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд М.О-ын биед учирсан гэмтлүүд нь бүрдлээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа” тухай мэдүүлэг (1 хх 119),

Шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нарын шүүх хуралдаанд өгсөн: “Тэр өдөр яагаад том эгчийг зодож дээрэлхэж хөөж, бид нарыг ална гэж ярьдаг” талаар нь асууж ярилцахаар хотоос ачиж ирсэн ачаагаа тарааж дуусгачихаад шөнө болсон хойно хүргэн ах М.О-д очсон. М.О-д очиход хаалгаа тайлж өгөхгүй, “Ц-ыг ална, хүйс тэмтэрнэ. Та гурвыг орж ирэх юм бол алаад сийчээд өгнө” гэх мэтээр хэлээд хөрөө, заазуур бариад цонхоо тогшоод байхаар нь Ц.Б нь цонхны шилийг өшиглөж ороод араас нь Ц.А, Ц.П нар орж  М.О хөрөөгөө бариад дайрахаар нь Ц.Б түүнтэй барилцаж авч зуухан дээр унаж, зодолдож байхад нь Ц.А, Ц.П хоёр М.О-ын гартаа барьсан байсан заазуур, хөрөө хоёрыг нь салгаж аваад гэрлийг нь асааж “Яагаад бид хэдийг заналхийлж эцгийн нэрийг хэлж эгчийг минь дээрэлхэж, дарамтлаад байдаг” талаар асууж ярилцсан” тухай мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1  хх 13-20), Үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1  хх 21-24), Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас эвдэрсэн эд зүйлс болох вакум цонх,  шаазан аяга зэргийг 104,000 төгрөгөөр үнэлсэн Ашид Билгүүн ХХК-н 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ820/766 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт (1  хх 139-142) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

2. Нотлох баримтын талаар.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Мөн хэргийн үйл баримтыг нотлож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар шүүгдэгч, хохирогч, прокурор нар харилцан эсрэг байр суурь илэрхийлж маргаж, мэтгэлцээгүй байна.

Шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нар нь хохирогч М.О-тай маргалдаж, түүний зөвшөөрөлгүй, хүч хэрэглэж гэрт нь орсон үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотлож байна гэж үнэлэх үндэслэлтэй.

4. Эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээний талаар:

 

Прокуророос шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нарын хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, бусдыг хүч хэрэглэн зодож олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, Ц.Б-ыг дээр дурдсан гэмт хэргийг үйлдэх явцдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж давхар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх өөрчилж шүүгдэгч нарын хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Ц.Б-ын М.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь бусдыг үл тоомсорлон басамжлах, доромжлох, өөрийн хүч чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс  давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх сэдэлт зорилгоор нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, бусдыг хүч хэрэглэн зодсон, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг шинжийг агуулж байдаг.

Гэтэл шүүгдэгч нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу тодруулж  хэлбэл  эгчийг нь зодож, гэрээсээ хөөж явуулан, надаас салвал дүү нарыг нь ална гэж хэлсэн зэргээс бий болсон хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогчтой маргалдан, улмаар гэртээ оруулахгүй гэхэд нь гэрийнх нь цонхыг хагалан орж шүүгдэгч Ц.Б хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Тиймээс шүүгдэгч нарын үйлдэлд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байгаа буюу шүүгдэгч нар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилготой байсан болох нь тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нар нь хохирогч М.О тэдний хэнийг нь ч гэртээ оруулахыг зөвшөөрөөгүй, тэднийг гэртээ орохыг хориглосоор байхад гэрт нь нэвтрэн орсон нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Б нь эгчийг нь зодож, гэрээсээ хөөж явуулсан, өөрийг нь ална гэж хэлснээс үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.О-ын эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор түүнтэй барилцан авч ноцолдож хөл рүү өшиглөж, гар руу нь цохиж уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай урчуулах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн хийж буй хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирч болохыг лавтай сайн мэдэж байсан атлаа уг үр дагаварыг буюу бусдын эрүүл мэндэд хохирол учруулахыг зориудаар хүсч үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг. 

Шүүгдэгч Ц.Б-ын хохирогч М.О-ыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон үйлдэл нь хохирогч М.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой, гэм буруугийн бодит хамааралтай байна.  

Тиймээс анхан шатны шүүхийн шүүгдэгч нарын үйлдлийг прокурорын яллах дүгнэлтэд зааснаас хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг, шүүгдэгч Ц.Б-ыг дээрх гэмт хэргээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй болжээ.

 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлуудыг болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгүүдэд заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлүүдээс торгох ялыг сонгож доод хэмжээгээр оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна.

3. Прокурорын давж заалдах эсэргүүцлийн талаар.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн обьект нь нийтийн хэв журам бөгөөд нийтийн хэв журам гэдэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон хамтын аж төрөх ёсны хэм хэмжээг ойлгохоор байна.

Уг гэмт хэргийн обьектив талын шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан идэвхитэй үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.

Түүнчлэн прокурор эсэргүүцэлдээ уг гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, доромжлох, өөрийгөө хүч чадалтай, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал мөн боловч уг үйлдлийг хийхэд өмнө бий болсон хувийн таарамжгүй харилцаа болон гэнэт үүссэн шинжтэй байх эсэх нь сэдэлт, санаа зорилгод хамаарахгүй тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн гэж үзэхээр байна гэжээ.

 Бусдад хүч хэрэглэсэн, бусдын эд хөрөнгийг устгасан, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжоор хамгаалсан байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих явцдаа дээр дурдсан хууль тогтоомжоор хамгаалагдсан хүний эрхэд халдсан байдгаараа ялгаатай.

Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг устгасан, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл болгоныг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах  гэмт хэрэг гэж үздэггүй.

Харин хүмүүсийн хамтран аж төрөх ёсны явцад хууль тогтоомж, зан заншил, ёс суртахууны сургаал номлолын үйлчлэлээр тогтоогдож, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг бүлэглэн зөрчиж,  бусдыг үл тоомсорлон басамжлах, доромжлох, өөрсдийгөө бусдаас илүү болохоо харуулах зорилгоор бусдын эд хөрөнгийг устгасан, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг гэж үздэг.

Тиймээс энэ гэмт хэргийг бусад ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгаж зүйлчлэхэд гэмт этгээдийн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу субьектив санаа зорилго, сэдэлт шийдвэрлэх ач холбогдолтой.

Энэ хэргийн шүүгдэгч нарын тухайд хохирогчийн байшингийн цонхыг хагалж, дотогш орж, шүүгдэгч Ц.Б хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  нь бусдыг үл тоомсорлох, басамжлах, доромжлох, өөрсдийгөө бусдаас илүү болохоо харуулах зорилго агуулаагүй байна.

Харин шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогч тэдний эгчийг зодож гэрээсээ хөөсөн, надаас салвал дүү нарыг чинь ална гэж эгчид нь ярьсан зэрэг хохирогчийн зүй бус үйл ажиллагаанаас шалтгаалж бий болсон хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулах сэдэлт, зорилгоо биелүүлэхийн тулд хийгдсэн үйлдлүүд байна. Тиймээс энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Мөн прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын орон байранд эзэмшигч, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрсэн үйлдэл байхаар хуульчилсан байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн” гэж заасан байхад анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан үйлдэл байдаг.

Тэгвэл шүүгдэгч нарын үйлдэл энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа эсэхийг тогтоохын тулд үндсэн бүрэлдэхүүнээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг давхар хангаж байгаа эсэхийг шалгах шаардлагатай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрсэн үйлдэл байхыг шаардаж байна.

Энэ зүйлд заасан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэг ойлголт нь аливаа хүнд хандсан бие мах бодийн хүчирхийлэл хийхэд чиглэсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгодог бол хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэгт бусад хүнийг айлган сүрдүүлэх зорилгоор үгээр хэлсэн, биет байдлаар үзүүлсэн идэвхтэй үйлээр илэрсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл эд хөрөнгөд хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэг ойлголт байх боломжгүй.

Тиймээс энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрхийн тулд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаардаж байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт, хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогчийн орон байранд нэвтэрхийн тулд хохирогчид хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин хувийн таарамжгүй харилцааны улмаас байшингийн гадна дотноос хэрэлдэж маргалдаж улмаар шүүгдэгч Ц.Б нь байшингийн цонхыг хагалан орж хохирогч М.О-д хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Тиймээс шүүгдэгч нарын үйлдлийг бусдын орон байранд нэвтрэн орохын тулд хүч хэрэглэсэн гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шүүгдэгч нарын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь зөв бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай зохицуулалтыг Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн анхан шатны шүүхийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, хохирогч хохирол нэхэмжлээгүй талаарх болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч нараас  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй талаарх дүгнэлт нь үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Б-ийн гаргасан давж заалдах эсэргүүцлийг  хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                         ШҮҮГЧИД                             Т.Ж

                                                         Ч.Э