Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018       01        09                                           16

 

                       

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, хохирогч Л.Ч, хохирогчийн төлөөлөгч Д.Цэрмаа, шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Х.Ц-д холбогдох эрүүгийн 201711000152 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд 1990 оны 5 сарын 03-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, одоо Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 6-13 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, .................... регистрийн дугаартай, Д овогт Х.Ц.

Шүүгдэгч Х.Ц нь 2017 оны 3 сарын 19-ний өдөр Хүүхдийн эрхийн тухай болон Гэр бүлийн тухай хуулиар хүлээсэн хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийн тэтгэмжийн мөнгө болох 1800000 төгрөгийг авч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 30-09 тоотод оршин суух Л.Ч-ийн гэрт 1 сар 20 хоногтой 2 ихэр нярай хүүхдээ орхин хаяж явсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

  Хохирогч Л.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 5 сарын 8-ны өдөр Шүр захаас тамхи аваад гарч ирэхэд Ц явж байгаа харагдсан. Тэгээд би “юун хүүхэд энд архи уугаад явж байгаа юм бэ?” гэж асуухад Ц надад бүх амьдралаа ярьсан. Би тухайн үед Ц-г өрөвдөөд өөртөө хань татаж хамт амьдарсан. Хамт амьдраад 7-8 сар болоход энэ хүн янз бүр болдог байсан. Би хамт амьдарч байх хугацаандаа Ц-г бичиг баримттай болгож өгсөн. Ц нь 6-7 сар болоод жирэмсэн гэдгээ надад хэлсэн. Тэгээд 3 сарын 19-ний өдөр буюу бүтэн сайн өдөр Ц нь халамжийн 40000 төгрөгөө авахаар банк явсан. Ирэхдээ их хэмжээний мөнгөтэй ирсэн. Би юун их мөнгө бэ? гэж асуухад ихэр хүүхдүүдийн 2000000 төгрөг орсон байхаар нь авлаа гэж хэлсэн. Хүүхдүүдийнхээ мөнгийг авсан өдрөө Ц нь намайг ажилдаа явсан хойгуур хүүхдүүдээ манайд орхиод авдар дотор байсан мөнгөө аваад явсан байсан. Би хашаа явсныг нь мэдээгүй болохоор араас нь их хайсан. Сүүлдээ Цагдаагийн газар болон холбогдох байгууллагуудад хандсан. Хамгийн гол нь би яагаад хүүхдүүдээ орхиод явсан талаар их гайхдаг байсан. Бид хоёр муудаж маргалдаж байгаагүй. Ц-г Улаанбаатар хотод байхад нь манай эгч хайж олоод уулзсан байсан. Ц нь манай эгчид хэлэхдээ “би хүүхдүүд дээрээ очмоор байна. Надад мөнгө төгрөг байхгүй” гэж хэлсэн байсан. Тэгээд манай эгч замын зардлын мөнгийг нь өгөөд Ц-г хооллож ундлаад Дорнод аймаг руу явуулсан байсан. 2017 оны 3 сард Цэнгэлмаа 2 хүүхдээ манайд орхиж яваад 11 сард Улаанбаатараас ирсэн. Ц-д гайгүй шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол, нэхэмжлэх  зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг, Бат-Үүлийн 6-13 тоот хаягын бүртгэлтэй Х.Ц нь 2017 оны 01 сарын 24-ний өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасагт хоёр ихэр хүү болох Ц, С нарыг 2017 оны 2 сарын 6-ны өдөр иргэний бүртгэлд бүртгүүлж хууль ёсны асран хамгаалагч нь болсон байгаа. Хууль ёсны асран хамгаалагч Х.Ц нь гэр бүлийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан ихэр хүүхдүүдийн эсэн мэнд аюулгүй орчинд өсөн бойжих эрхийг нь санаатайгаар биелүүлээгүй гэж үзэж байна. Хоёр ихэр хүүхдэд төрөөс өгч байгаа дэмжлэгийг өөртөө урвуулан ашигласан. Х.Ц нь тухайн хоёр ихэр хүүхдэд өгсөн 2000000 төгрөгийг хүүхдүүдэд биш өөрийн архидалтанд хэрэглэж ашигласан байдаг. Манай байгууллагын зүгээс Х.Ц-г санаатайгаар хүүхдээ хаясан гэж үзэж байна. 2017 оны 5 сард Ч хохирогч манай байгууллагад мэдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл Х.Ц-тай холбоотой ажлуудыг манай байгууллага хийж байна. Миний хувьд хүүхдүүдийн цаашид эрүүл аюулгүй орчинд өсөн бойжиход нь оролцоотой явж байна. Иймд Х.Ц-д хууль ёсны дагуу зохих ял шийтгэл оногдуулахыг саналтай байна гэв.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 52 тоот дүгнэлтэд: “ 1.Х овогтой Ц-ийн сэтгэцийн байдалд архины шалтгаант хараат байдлын хам шинж хэмээх өвчин тогтоогдож байна. 2. Архины шалтгаант хараат байдлын хам шинж хэмээх өвчин тогтоогдож байна. 3. Х.Ц нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож, үнэн зөвөөр тайлбарлаж, мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ.

-Шүүгдэгч Х.Ц-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-79/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Х.Ц нь 2017 оны 3 сарын 19-ний өдөр Хүүхдийн эрхийн тухай болон Гэр бүлийн тухай хуулиар хүлээсэн хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 30-09 тоотод оршин суух Л.Ч-ын гэрт 1 сар 20 хоногтой Ц.С, Ц.Ц нэртэй 2 ихэр нярай хүүхдээ орхин хаяж явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Х.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 1 сарын 24-ний өдөр 2 ихэр хүү төрүүлсэн. 2 хүүхдээ өсгөхөд хэцүү, хүндрэлтэй байсан. Миний хөхнөөс сүү гарахгүй 2 хүүхэд угжаар хооллодог байсан.  Ч-ыг ажилдаа явсан хойгуур нь гэнэт мөнгөтэй болсон дээрээ Улаанбаатар хот явмаар санагдаад 2 хүүхдээ орхиод гэрээсээ гараад тээврийн бирж ороод “Приус” маркийн машинд суугаад хот явсан. Замдаа би гэрээс авч гарсан 1800000 төгрөгнөөсөө архи авч ганцаараа ууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-79/, хохирогч Л.Ч-ын шүүх хуралдаанд өгсөн “...2017 оны 3 сарын 19-ний өдөр буюу бүтэн сайн өдөр Ц нь халамжийн 40000 төгрөгөө авахаар банк явсан. Ирэхдээ их хэмжээний мөнгөтэй ирсэн. Би юун их мөнгө бэ? гэж асуухад ихэр хүүхдүүдийн 2000000 төгрөг орсон байхаар нь авлаа гэж хэлсэн. Хүүхдүүдийнхээ мөнгийг авсан өдрөө Ц нь намайг ажилдаа явсан хойгуур 2 ихэр хүүхдүүдээ манайд орхиод авдар дотор байсан мөнгөө аваад явсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2 ихэр хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч Х.Ц  нь гэр бүлийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан ихэр хүүхдүүдийн эсэн мэнд аюулгүй орчинд өсөн бойжих эрхийг нь санаатайгаар биелүүлээгүй гэж манай байгууллагын зүгээс үзэж байгаагаас гадна Х.Ц-г санаатайгаар хүүхдээ хаясан гэж үзэж байна.  Иймд Х.Ц-д хууль ёсны дагуу зохих ял шийтгэл оногдуулахыг саналтай байна гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Ц нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4-т заасан үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж, 1 сар 20 хоногтой Ц.С, Ц.Ц нэртэй 2 ихэр нярай хүүхдээ хохирогч Л.Ч-р асрамжлуулах зорилгоор санаатай үлдээж явсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож  байх тул түүнийг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх үзлээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд шинэ хуулийн үйлчлэлийн дагуу шүүгдэгч Х.Ц-ийн үйлдсэн хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг журамлан  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2017 оны 3 сарын 19-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд түүний дээрх үйлдлийг энэ зүйлээр зүйлчлэхэд эрх зүйн байдал нь дээрдэж байна.

Шүүгдэгч Х.Ц-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Х.Ц-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Ч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ц нь төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв. 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /одоо 5 сартай жирэмсэн/ зэргийг харгалзан шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 1-д заасан 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.        

2015 оны Эрүүгийн хуулиар баривчлах ял хасагдсан тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 3 сар 1 хоногийн баривчлах ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн                          регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д овогт Х.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх  хэсэгт зааснаар  өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Д овогт Х.Ц-г төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-г 3 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 3 /гурав/ сар 1 /нэг/ хоног баривчлах ялаас чөлөөлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Х.Ц-ийн  ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР