Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/35

 

 

 

 

       2023           01           05                                         2023/ДШМ/35

 

Б.Лт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Х.Анхцэцэг,

            хохирогч Д.Эын өмгөөлөгч Г.Баяржаргал,         

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Доржсүрэн, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/686 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Ш.Оюумаа, хохирогч Д.Эын өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Лт холбогдох 2110000001216 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Л нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Дэлгэрэх” хотхоны 67а байрны 604 тоотод хамт архи ууж байсан Д.Эын гэдсэн тус газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь “хэвлийн хөндийд нэвтэрч, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Лыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Лыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Лт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,  шүүгдэгч Б.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/686 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Миний бие Б.Л нь “Сэлбэ-Оюу” компанид цахилгаанчин, гагнуурчин хийдэг ба гэртээ настай ээжийн хамт амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр эгч маань ирж, ээжийг эмнэлэг явж үзүүлнэ гээд аваад явсан юм. Би тэр өдөр хөдөөнөөс мах ирж байсан тул найз Э, Батбаяр, Э нарыг дуудсан. Тэгээд намайг мах чанаж байхад Э, Батбаяр нар ирсэн. Бид мах идэж, архи ууж байгаад манайд хоносон юм. Маргааш өглөө нь тэд “одоо яах уу” гэхэд би “манайд мөнгөн аяга байгаа, тэрийг ломбарданд тавья” гэхэд тэд зөвшөөрч 50.000 төгрөгтэй болж, архи авч, гэрт орж түүнийгээ ууж байхад Э 1 шил архитай орж ирсэн. Тэгээд гадаа харанхуй болж байхад Э утсаар өмнө нь хутгалуулж байсан талаараа ярин “би чамайг шоронд өгөөгүй шүү” гэж чанга чанга орилоод байсан. Би тэгэхэд мах идэж байгаад “чи битгий гэрт чанга чанга орилоод бай, хөрш айл юу гэж бодох юм” гэхэд Э утсаар ярьж байсан уурандаа “чи тэгээд яах гээд байгаа юм” гээд босоод ирсэн. Би “чи юу яриад байгаа юм” гээд босоход миний мөрнөөс барьж аваад сэгсрэн “май чи шаа л даа” гэсэн. Тэгж байгаад түлхэхэд нь би хойшоо унах гээд тогтож ядаад байж байхад “чи намайг шаачихлаа” гээд хэвтэхэд нь “юу яриад байгаа юм” гээд хартал цус гарч байсан. Тэгээд би түргэн дуудаад Батбаяр, Э нарыг хувцсаа өмс гээд бид 4 такси барьж эмнэлэгт очсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба хохирогчид эрүүл мэндийн тусламж үзүүлж, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлж, барагдуулсан. Би найзыгаа хутгалах санаатай хутгалаагүй. Санамсаргүй, болгоомжгүй энэ хэрэг боллоо. Би үнэхээр их гэмшиж байна. Тэр хутга манай гэрийн л хутга. Гэтэл намайг зэвсэг санаатай бэлдэж байгаад хутгалсан гэж үзээд байгаад гомдолтой байна.

Иймд миний болгоомжгүй үйлдсэн хэргийг зөв зүйлчилж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Б.Энх-Амгалан гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох нь хэсгийн “...Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт” хэсэгт, “...Шүүгдэгч Б. Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Дэлгэрэх” хотхоны 67а байрны 604 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хамт архи ууж байсан Д.Эын гэдсэн тус газар хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндийд нэвтэрч, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учраалсан болох нь хохирогч Д.Э, шүүгдэгч Б. Л нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Н.Эн “Л, Э хоёрын дуу чангараад байсан. Тэгээд сэрж ядаад байж байтал Э хөлөөс татаад намайг сэрээгээд “Хайдав хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд өндийгөөд босоод иртэл Л дунд зэрэг хутга баруун гартаа барьчихсан зогсож байсан. Харин Э хэвлий хэсгээ нэг гараараа дарчихсан тэрнийх нь цаанаас цус гарч байсан...” /хх 138/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн шинжээч эмч 11906 дугаартай “... Д.Эын биед хэвлийн хөндийд нэвтэрч, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх 29-30/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6/, хохирол төлбөр барагдуулсан талаарх баримт /хх 8/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.” гэж дүгнэжээ.

Гэтэл Б.Лын өмгөөлөгч нарын зүгээс “...би санамсаргүйгээр хутганд орсон. Хайдав намайг хутгалаагүй, би өөрөө хутганд орсон.” /хх 15-16, 18-19, 22-23, 95, 99-100/ гэж хохирогч Д.Э, шүүгдэгч Б.Л нарын мөрдөн байцаалтын шатанд болсон явдлын талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүдийг шинжлэн судлуулж, зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох, онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй эдгээр баримтуудыг анхаарч үзэлгүй, үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй хууль зүйн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй боллоо.

Түүнчлэн өмгөөлөгч нарын зүгээс дээр дурдсан баримтуудаас гадна “...би өөрөө хутганд санамсаргүйгээр орсон” гэсэн хохирогчийн удаа дараагийн мэдүүлгүүдийг давхар нотолсон мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх 85-88/, хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл /хх 95-97/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 90-91/ зэрэг нотлох баримтуудыг мөн шинжлэн судлуулж мэтгэлцсэн болно. Эдгээр баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүтэй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдсон эсэх талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлтэд дурдаагүй байна. Ийм учраас өмгөөлөгч нарын зүгээс хэргийн бодит байдлыг тал бүрээс нь үнэн зөв, бүрэн бодитойгоор тогтоохын тулд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан эдгээр баримтуудыг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлуулж, мэтгэлцсэн болно.

Гэтэл анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн энд дурдсан олон нотлох баримтуудыг хэрхсэн талаараа шийдвэртээ огт тусгасангүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" гэж тус тус заасан нөхцөл байдалд хамаарна гэж өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хувьд үзэж байна.

2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ хууль зүйн дүгнэлтэд “...Харин хохирогч Д. Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа мэдүүлсэн мэдүүлэгтээ... ба өнөөдрийн шүүх хуралд..., Тухайн үед Хайдавыг санаатай хутгалсан гэж бодохгүй байна. Бид хоёр нэг нэгэндээ өс санасан, муудалцсан зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэж мэдүүлж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчид холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаанд тогтвортойгоор мэдүүлэгч өгч байсан хохирогч, шүүгдэгч нар Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж заавал хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцэх ёстойг анхаарах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх... хүсэлтийг шүүх дээр дурдсан гэмт хэргийн шинж бүрийн үндэслэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан баримтуудаар хүлээн авах үндэслэлгүй юм.” гэж дүгнэжээ. Энэ дүгнэлтээс үзвэл анхан шатны шүүх хохирогчийн хоорондоо зөрүүтэй болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгийн талаар “хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж дүгнэлт гаргажээ” гэж өмгөөлөгчийн хувьд үзэхээс өөр аргагүй байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий хэргийн оролцогч бөгөөд худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Энэ талаар хохирогчид заавал сануулж, түүнээс мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульчлан тогтоосон журам юм. Харин “... Тухайн үед Хайдавыг санаатай хутгалсан гэж бодохгүй байна. Бид хоёр нэг нэгэндээ өс санасан, муудалцсан зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн агуулга бүхий хохирогчийн мэдүүлгүүд хавтаст хэргийн 15-16, 18-19, 22-23, 95-97, 99-100 дахь талуудад авагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтууд гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх хуралд ч энэ талаараа хохирогч мэдүүлсэн нь мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн өөрийн мэдүүлгээ дахин нотолсон хэрэг гэж ойлгогдохоор байна. Энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу эдгээр мэдүүлгүүдийг харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэх ёстой.

Гэтэл шүүх “...хохирогч, ... Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж заавал хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцэх ёстойг анхаарах нь зүйтэй” гэж түүний мэдүүлгүүдийн талаар хууль зүйн тайлбар хийсэн нь үнэхээр ойлгомжгүй боллоо.

Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлд хамаарна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ч хэрхсэн тухайд анхан шатны шүүх шийдвэртээ ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болохыг онцлон тэмдэглэе.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан үндэслэлээр, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу манай үйлчлүүлэгч Надмид овогт Балдандоржийн Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрт зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, ялыг хөнгөлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Ш.Оюумаа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/686 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бусад нотлох баримтаар миний үйлчлүүлэгч Б.Л нь хохирогч Эыг хутгалж, шууд санаатай хүнд гэмт хэрэг үйлдсэн болох нь лавтай сайн тогтоогдохгүй байгаа хэмээн мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг бусад нотлох баримт нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдал байсан юм. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээс шалтгаалж шүүх хэргийг бүрэн нотлогдсон гэж үзсэн. Өмгөөлөгчийн хувьд үүн дээр маргах зүйл алга. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдал, хувийн байдал бусад нотлох баримтыг үндэслэн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлийг дээрдүүлж хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэх нөхцөл байдал байна гэж үзлээ. Мөн шүүх хуралд хохирогч Э нь “Л хохирол төлбөр төлсөн, уучлал хүссэн. Бид олон жилийн найзууд одоо надад гомдол санал байхгүй биеийн байдал сайн болсон тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч” гэж хүссэн байгаа. Мөн мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож гэмшиж, шүүх хуралд “гэм буруугаа ойлгож гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч” гэж хүссэн нөхцөл байдлыг хуулийн дагуу үнэлж шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Хуульд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ дүгнэлт хийж сайн дураар хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогч гомдол, санал байхгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 т заагдсанаар хөнгөрүүлж шийдэж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Д.Эын өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт хэсэгт “...Шүүгдэгч Б.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Этай маргалдсаны улмаар түүний гэдсэн тус газар хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндийд нэвтэрч, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл үүсгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л, хохирогч Д.Этай маргалдсаны улмаас түүний гэдсэн тус газар хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” энэ гэмт хэргийг зэвсгийн чанартай хутга хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. ...Шүүгдэгч Б.Л өнөөдрийн шүүх хуралдаанд “...Би хутгалсан байж болно, гэхдээ яаж хутгалснаа санахгүй байна..." гэж мэдүүлж байх боловч энэ нь эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх ба энэхүү эрхээ эдлэх хэмжээ хязгаартай байна. Харин хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа мэдүүлсэн мэдүүлэгтээ “...ширээн дээр чанасан өвчүү түмпэн дотор махаа идэх шар бариултай хутга байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Хайдав намайг сууж байхад босож ирээд 2 удаа ширээн дээр байсан хутгаараа миний гэдэс рүү дүрж хутгалсан... сүүлд Л надаас гуйгаад найз нь шоронд явах гээд байна шүү дээ гэхээр нь би найзыгаа бодоод хутганд санамсаргүй орсон гэж худлаа хэлсэн юм...” (хавтас хэргийн 12, 110 дахь тал) гэсэн ба харин өнөөдрийн шүүх хуралд “...Тухайн үед Хайдавыг санаатай хутгалсан гэж бодохгүй байна. Бид хоёр нэг нэгэндээ өс санасан, муудалцсан зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэж мэдүүлж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчид холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаанд тогтвортойгоор мэдүүлэг өгч байсан хохирогч, шүүгдэгч нар Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг хүссэн тохиолдолд "мэдүүлэг өгөхгүй байх" эсхүл "дуугай байх" эрх гэж үзэж заавал хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцэх ёстойг анхаарах нь зүйтэй...” гэж дүгнэснийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаанд тогтвортойгоор мэдүүлэг өгч байсан... гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч болсон үйл явдлын талаар согтуу байсан учир сайн санахгүй зөрүүтэй мэдүүлгүүд өгч байсан байдаг.

Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай хэлбэр, үйлдэл, эс үйлдэхүйнхээ улмаас хор уршиг учрах нь зайлшгүй болон учрах нь бүрэн боломжтойг урьдаас мэдэж байсан, тэр хор уршгийг учруулахыг хүсэж хийсэн эсэх тал дээр дүгнэлт хийгээгүй, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэг дээр хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

 Асуулт: Та яллагдагч Б.Лтай юуны улмаас маргасан юм бэ? Та 2021 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, 2021 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэг, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр өгсөн хохирогч, яллагдагч нарыг мэдүүлэг авсан тэмдэглэл эдгээр 3-н мэдүүлгийн аль нь үнэн зөв юм бэ? Дээрх 3-н байцаалтыг авахдаа гэрч, хохирогчийн эрх үүргийг та уншиж танилцсан уу? Та хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориудаар худал мэдүүлсэн, гүтгэсэн бол хүлээх хариуцлагатай танилцсан уу энэ талаар та ярина уу.

Хариулт: Бие биенийхээ үгийг даахгүй жижиг сажиг юмнаас маргасан. Миний 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр өгсөн хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг өгсөн нь үнэн зөв. Надад гэрч, хохирогчийн эрх үүрэг танилцуулсан ба би уншиж, тухайн эрх, үүрэгтэй танилцсан.

Асуулт: Таныг яллагдагч Б.Л нь хутгалж хүнд гэмтэл учруулсан юм уу? Ямар учраас та гэмтэх болсон юм бэ.

Хариулт: Б.Л нь намайг хутгалаагүй жижиг сажиг юман дээрээс болж муудалцаад гэрт нь Б.Лыг хутгаа бариад босоод зогссон байхад нь би чи намайг шаах гээд байгаа юм уу гээд хоёр гараа мөрөн дээр нь тавьж түлхээд, татаад байсан юм. Тэр үед би Б.Лын барьж байсан хутганд санамсаргүй орсон. /99талаас/ ..” гэж тодорхой мэдүүлсэн. Үүний өмнө хавтаст хэргийн 95 дугаар тал дээр хохирогч яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахад ч болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч хэрэг явдал болсон өдөр архи уусны улмаас болсон явдлын талаар тухайн үед сайн санахгүй байгаа талаараа хамгийн анх 2021 оны 11 сарын 25-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Би 2021 оны 11 сарын 23-ны өдөр багын найз Хайдавын гэрт 12 цагийн үед 0.33 литрийн Хараа бариад гэрт нь очсон, тэгээд тэдний гэрт Хайдавтай нөгөө авч очсон архиа хувааж уусан, тэгээд цааш нь сайн санахгүй байна, одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Эрүүл болохоороо мэдүүлэг өгнө өө...” гэж мэдүүлсэн байдаг. 2021 оны 11 сарын 27-ны өдөр хохирогчоор тогтоон мэдүүлэг авахад “...сууж байсан хутгаараа миний гэдэс рүү дүрж хутгалсан юм. Үүний дараа Хайдав гэмтэл явъя гээд намайг дагуулж гэмтэл рүү ирсэн...” гэж мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгээ 2021 оны 12 сарын 13-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...Би өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Бид хоёр хоорондоо маргалдаад би санамсаргүй хутганд орсон юм байна лээ. Намайг гэмтэлд хэвтэж байхад байцаагч ирж мэдүүлэг авсан юм. Мэдүүлэг өгсний дараа Хайдавтай би ярьсан чинь намайг санамсаргүй хутганд орсон гэж хэлсэн. Цагдаа дээр очих юм бол чиний болсон зүйлийг яръя би гомдол саналгүй гэдгээ хэлнэ гэсэн юм.

Асуулт: Та өмнө мэдүүлэг дээрээ намайг Хайдав 2 удаа хутгалсан гэж мэдүүлсэн байна энэ учиртай юм бэ.

Хариулт: Тухай үед би уурласан байсан юм. Тухайн үед мах идэж сууж байгаад намайг хутгалсан гэж бодож байсан юмаа. Би тэгээд мэдүүлгээ тухайн үед бодож байснаараа өгсөн. Тэгээд сүүлд Хайдавтай ярьж болсон зүйлийн талаар асуухад Хайдав надад чи бид хоёр хоорондоо маргалдсан чи тэгээд босохдоо миний хутганд өөрөө орсон юм гэж надад хэлсэн. ...Миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн байгаа. Надад одоо гомдол санал байхгүй...Бид хоёроос өөр хүмүүс байгаагүй юм.

Асуулт: Та ямар шалтгаанаас болж маргалдсан юм бэ.

Хариулт: Хайдав бид хоёр олон жилийн өмнөөс найз нөхөд байсан юм. Бид хоёрт хувийн өс хонзон байхгүй. Тухай үед архи уугаад нэг нэгнийхээ үгийг даахгүй маргалдсан байх. Бид хоёрт одоо ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд гомдол санал байхгүй... гэж мэдүүлсэн байдаг.

Харин хамгийн сүүлд буюу 2022 оны 3 сарын 4-ны өдөр Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч О.Аюурзана мэдүүлэг авахдаа “...чи хамгийн анх хохирогчоор мэдүүлэг өгсөн шигээ мэдүүлэг өг, Лыг өмөөрөөд байх юм бол чамайг шоронд хийнэ, Лын өмгөөлөгч нар чамд мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн үү, битгий хэрэг завааруулах гээд байгаарай...” гэж дарамталж байгаад мэдүүлэг авсан гэж хохирогч Д.Э ярьдаг.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт, хөндлөнгөөс нөлөөлөх зүйл байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулж, тайлбарлаж өгч гарын үсэг зуруулсан анхан шатны шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч Д.Э болсон хэрэг явдлын талаар үнэнээр мэдүүлсэн гэж дүгнэж байна.

Иймд хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс Б.Лт холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Г.Ганбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: Үйлчлүүлэгчийнхээ болон урьд нь миний үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжин оролцож байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь Б.Л, Д.Э нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсан бөгөөд гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгч Б.Л нь өөрийн үйлдлийг хор уршигт хүргэж болохыг мэдэх бололцоотой байсан боловч хайхрамжгүй хандаж гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн. Хохирогч Д.Э, шүүгдэгч Б.Л нар олон жил нөхөрлөж байгаа. Тэдний хооронд өс хонзон, өр авлага огт байхгүй. Тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан бөгөөд Б.Л мах идэж байсан хутгаараа бусдыг гэмтээх бололцоотой нөхцөл байдал үүсэх боломжтой талаар мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандсан. Тухайн үед хохирогч Д.Э нь Б.Лын гэрт зүй бус үг хэрэглэсэн бөгөөд Б.Л “болиоч” гэж ёс зүй, ухамсрын хувьд зөв шаардлага тавьсан. Өмгөөлөгчийн зүгээс хор уршиг, үйлдэл хоёрын хооронд тохиолдлын шинжтэй шалтгаан холбоо байна гэж үзэж байна. Учир нь, санаатай хутгалъя гэсэн санаа зорилго байгаагүй. Үйлдлийн тухайд мах хутгаар идэж байсан талаар хүлээн зөвшөөрдөг. Үүний улмаас хохирогч Д.Э, түүний өмгөөлөгчөөс  “хутганд нь орсон” гэж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд мэдүүлдэг. Хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд Олон Улсын Эрүүгийн шүүхийн дүрэмд заасны дагуу нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг тусгасан. Эрүү шүүлт тулгах, ялгаварлан гадуурхахгүй байх, хорих ял биечлэн эдлүүлэх явдлыг багасгах, хохирол нөхөн төлүүлэх чиглэлд анхаарч зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх зэргээр ялын агуулгыг тодорхойлох нь уг хуулийн онцлог байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд санаатай хутгалсан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Харин болгоомжгүйгээр найзыгаа хутгалж гэмтээсэн болохоо хүлээн зөвшөөрч, гэмшиж харамсаж байгаа. Мөн тухайн үед Б.Л Д.Эад эмнэлгийн тусламж нэн даруй үзүүлж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Б.Л хувийн байдлын тухайд 80 настай эхийнхээ хамт амьдардаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан мэдүүлэгт мөрдөгч Б.Лаас “Та өмнөх мэдүүлэгтээ намайг Хайдав 2 удаа хутгалсан гэж мэдүүлсэн байна энэ ямар учиртай юм бэ” гэхэд “Тухайн үед би уурласан байсан юм. Намайг мах идэд сууж байгаад хутгалсан гэж бодож байсан юм. Би мэдүүлгээ тухайн үед бодож байснаараа өгсөн юм” гэж хариулдаг. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэх юм. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэж хүсэж байна. Мөн Б.Л нь 1942 онд төрсөн эх н.Дуламсүрэнтэйгээ хоёулаа амьдардаг атал анхан шатны шүүхийн шийдвэрт ам бүл 1 гэж дурдсан байгаа. Энэ талаар нотлох Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон түүний “Сэлбэ-Оюу” ХХК-д ажил хөдөлмөр эрхэлдэг, 1 сарын 1.500.000 төгрөгийн цалинтай, нийгмийн даатгал төлдөг талаар нийт 3 хуудас бүхий баримтыг гарган өгч байна. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Лыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.Л нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тухайн гэмт хэрэг гомдол мэдээллийг өгсөн иргэний “2 хүн такси барих гээд зам дээр зогсоод байна. 1 хүн нь цус алдаад байна” гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хүлээн авч шалгасан. Хохирогч өөрөө гомдол гаргаагүй. Хэрэгт авагдсан мэдүүлэг болон шүүхийн шатанд өгсөн Б.Л, Д.Эын мэдүүлэг, тайлбарт “бид 32 жилийн турш нөхөрлөж байгаа багын найзууд” гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Д.Эаас мэдүүлэг авах гэсэн боловч мэдүүлэг өгөөгүй. Дараа нь мэдүүлэг өгөхдөө хохирогч Д.Э “хутганд нь орсон” гэж мэдүүлсний дараа “манай найз надаас найз нь шоронд орлоо гэж гуйгаад байхаар нь хутганд орсон гэж мэдүүлэг өгсөн. Үнэндээ намайг түмпэн дотор мах идэж байсан шар иштэй хутгаараа хэвлий тус газар дүрж хутгалж, гэмтээсэн” гэж мэдүүлсэн. Мөн тухайн цаг хугацаанд гэмтлийн эмнэлэгт очихдоо “би бусдад хутгалуулсан” гэж хэлсэн байдаг. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Э хамт байсан. Хэдийгээр, хутгалах үйл явцыг хараагүй боловч Эг Д.Э сэрээж, “Хайдав намайг хутгалчихлаа” гэж хэлсэн байдаг. Э “юу болоод байгаа юм бэ” гэхэд Б.Л баруун гартаа хутга барьсан, Д.Эын хэвлий тус газраас цус гоожиж байсан. Хохирогч Д.Э “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д очиж төрсөн ахдаа “Би Б.Лт хутгалуулсан” гэж хэлсэн байдаг. Б.Лын ах Б.Э “найз нөхөд байж яагаад нэгнээ ингэж байгаа юм бэ” гэхэд Б.Л “намайг уучлаарай, миний буруу” гэж ярьсан байдаг. Иймд Б.Л өөрийнхөө ямар буруутай үйлдэл хийснийг тухайн цаг хугацаанд мэдэж байсан. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр “их сэмж хатгагдсан буюу хэвлий хөндий гэмтсэн” хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Уг гэмтэл нь хүч үйлчилсний улмаас учирдаг. Хохирогч Д.Э анхан шатны шүүх хуралдаанд “ширээний 2 талаас маргалдаж, ширээ цохиж босож ирсэн. Миний цээж рүү түлхээд ширээн дээр байсан хутгаар хутгалсан. Гэхдээ манай найз намайг санаатай хутгалаагүй” гэж тайлбарладаг. Үүнээс дүгнэхэд хохирогч, шүүгдэгч 2 олон жил нөхөрлөсөн найзууд бөгөөд хохирогч гомдол саналгүй болсон. Болгоомжгүйгээр хутгаар хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулна гэж байхгүй. Өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байна. Мөн Б.Лын “би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хутгалснаа санахгүй байна. Гэхдээ би найзыгаа хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлдэг. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйлдлээ санахгүй байгаа нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Ширээний 2 талд маргалдаж байсан хүмүүс нэгнийхээ барьж байсан хутганд хэвлий тус газраараа орох боломжгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч Д.Э өмгөөлөгчгүй байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Баяржаргал “...эрх ашгийг чинь яаж хамгаалах юм бэ гэж үйлчлүүлэгчтэй ярьсан” гэж тайлбарлаж байна. Гэтэл үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг яаж хамгаалаад байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Лыг тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болон эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Ш.Оюумаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг  хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн байх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Л нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Дэлгэрэх” хотхоны 67а байрны 604 тоотод хамт архи ууж байсан Д.Эын гэдсэн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /хх 1/, хохирол төлсөн тухай баримт /хх 7-8/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 62-65/, 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 66/, 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 89/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 85-88/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Д.Эын “...бид хоёр маргалдсан. Хайдав сууж байгаад босож ирээд ширээн дээр байсан хутгаараа миний гэдэс рүү 1 удаа дүрж хутгалсан юм. ...Тухайн үед би уурласан байсан бөгөөд мах идэж сууж байгаад намайг хутгалсан гэж бодож байснаараа мэдүүлэг өгсөн. Тэгээд сүүлд Хайдавтай ярьсан чинь “чи бид хоёр хоорондоо маргалдсан, чи босохдоо миний хутганд өөрөө орсон” гэж надад хэлсэн. Миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Надад гомдол, санал байхгүй. ...Бид хоёр олон жилийн өмнөөс найз нөхөд байсан, хувийн өш хонзон байхгүй. Тухайн үед архи уугаад нэг нэгнийхээ үгийг даахгүй маргалдсан байх. ...Б.Лыг хутгаа бариад босоод зогсчихсон байхад нь би “чи намайг шаах гээд байгаа юм уу” гээд хоёр гараа мөрөн дээр нь тавьж түлхээд, татаад, түлхсэн юм. Тэр үед би Б.Лын барьж байсан хутганд санамсаргүй орсон. ...Би найз Лыг гуйгаад байхаар нь өмнөх мэдүүлэг дээрээ найзыгаа бодоод худал мэдүүлэг өгсөн. Л жижиг маргаан дээрээс болж намайг нэг удаа хэвлий тус газар хутгалсан. ...Л мах идэж байсан хутгаараа намайг нэг удаа шууд хутгалсан. Бид хоёр ширээний хоёр талаас маргалдаад, босоод зогссон байхад намайг хутгалсан юм. ...” /хх 9-13, 14-16, 99-100, 109-111/,

гэрч Ч.Мийн “...тухайн хүн хэвлийдээ хутгалуулсан шархтай байсан бөгөөд асуусан асуултад бүрэн хариулахгүй, бусдад хутгалуулсан гэж тэмдэглэсэн байна. ...” /хх 69/,

гэрч Д.Эын “...Би өөрийн төрсөн дүү Эыг 1 хоног сахиж эмнэлэг дээр байсан. ...норкозтой хагалгаанд ороод гарсан ба норкоз нь гарсаны дараа “хэн чамайг хутгалсан бэ” гэж Эаас асуухад “Лын гэрт архи дарс уугаад түүнтэй маргалдсан, зүгээр байхад хутгалсан” гэж надад хэлсэн. ...” /хх 113-114/,

гэрч Н.Эгийн “...би ядарсан байсан учраас унтаад өгсөн. Л, Э хоёрын дуу чангараад байсан. Сэрж ядаад байж байтал хөлнөөс Э татаж сэрээгээд “Хайдав хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд өндийгөөд босоод иртэл Л дунд зэргийн хутга баруун гартаа барьчихсан зогсож байсан. Харин Э хэвлий хэсгээ нэг гараараа дарчихсан, тэрнийх нь цаанаас цус гарч байсан. ...Намайг сэрэхэд Л гартаа хутга барьчихсан байсан. Би яг хутгалж байхыг нь хараагүй. ...” /хх 138-139/,

яллагдагч Б.Лын “...май чи шаачих л даа гээд дахин дахин түлхээд байснаа гэнэт чи намайг шаачихлаа шүү дээ гэхээр нь юу болов гээд харсан чинь цус гараад эхэлсэн ба хувцасаа өмсөөд шууд эмнэлэг рүү явсан. Би санаатай хутгалсан зүйл байхгүй бөгөөд хутгалснаа ч мэдээгүй. Тэгээд гэмтэл дээр очиж хагалгаанд оруулж өгсөн. Э бид хоёр эхлээд 0.75 граммын “Хараа” нэртэй архи уусан ба дараа нь 0.5 граммын шилтэй “Хараа”, сүүлд 0.75 граммын архи ууж сууж байгаад дээрх асуудал болсон. Би Эыг хутгалсан гэж ерөөсөө бодоогүй, Э өөрөө “май чи шаачих” гээд над руу дайраад байсан. Би хутганд орсоныг мэдээгүй бөгөөд цус гарсаны дараа мэдсэн. Би маш их гэмшиж байна. Архи дарснаас хол байж, дахиж ийм хэрэгт орохгүй. Би найзынхаа эмчилгээний зардлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 38-40, 141/ гэсэн мэдүүлгүүд,

“...Д.Эын биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 19:46 минутын үзлэгээр шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11906 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 27-30/,

“...Д.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. ...” гэх 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 144-145/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Б.Лыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Лт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Б.Энх-Амгалан “...би өөрөө хутганд санамсаргүйгээр орсон” гэх хохирогчийн удаа дараагийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулж мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрхсэн талаараа шийдвэртээ огт тусгасангүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" гэж тус тус заасан нөхцөл байдалд хамаарна гэж өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хувьд үзэж байна. ...Б.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий,

шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Ш.Оюумаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий,

хохирогч Д.Эын өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдолдоо “...хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэж агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...бид хоёр маргалдсан. Хайдав сууж байгаад босож ирээд ширээн дээр байсан хутгаараа миний гэдэс рүү 1 удаа дүрж хутгалсан. ...Би найз Лыг гуйгаад байхаар нь өмнөх мэдүүлэг дээрээ найзыгаа бодоод худал мэдүүлэг өгсөн. Л жижиг маргаан дээрээс болж намайг нэг удаа хэвлий тус газар хутгалсан. ...Л мах идэж байсан хутгаараа намайг нэг удаа шууд хутгалсан. Бид хоёр ширээний хоёр талаас маргалдаад, босоод зогссон байхад намайг хутгалсан юм. ...” /хх 9-13, 14-16, 99-100, 109-111/ гэх мэдүүлгүүд болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л нь хохирогч Д.Эыг болгоомжгүй хутгалсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Хохирогчийн эсрэг хийсэн Б.Лын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг хангаж байгаа бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд халдах үйлдэлдээ болон түүний улмаас үүсэх үр дагаварт зориуд хүсэж хүргэсэн идэвхитэй үйлдэл, ингэхдээ зэвсэг ашигласан зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн объектив, субъектив шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хуульчилжээ. .

Эдгээр зүйл, заалт нь шүүхэд эрх олгосон заалтууд бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалтууд биш байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Лын үйлдсэн гэмт хэрэгт тухайн зүйлд заасан ялын хэмжээгээр хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Ш.Оюумаа, хохирогч Д.Эын өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Хулан нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэж байна. ...” гэх саналыг гаргасан байхад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Б.Лыг гэм буруутай байна гэсэн дүгнэлт гаргав. ...” гэж агуулгын болон цаг хугацааны хувьд зөрүүтэй дүгнэлтийг хийсэн байна.

Мөн Б.Лт холбогдох хэрэг нь 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ЕШЗ/836 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хэргийг шүүгч И.Ганбатад хуваарилж, 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЗ/1336 дугаар шүүгчийн захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр товлож, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/1346 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдааны товыг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр товлосон. 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШТ/95 дугаар шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулж, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШТ/109 дугаар шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр товлож, удаа дараа тодорхойгүй шалтгаанаар, удаан хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байгаа зэргийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Лын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 1 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Ш.Оюумаа, хохирогч Д.Эын өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 1 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 83 хоног /наян гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ