Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 17

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, хохирогч А.Г, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Б-д холбогдох эрүүгийн 1721000000145 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1963 оны 3 сарын 07-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, Ахмад настны нүдний шилний газар ажилладаг, ам бүл 1, Хэрлэн сумын 4 дүгээр баг 46-37 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 6 сарын 07-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, бие эрүүл, .................. регистрийн дугаартай, Б овогт С.Б.

 

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 11 сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 0-03 тоотод оршин суух иргэн А.Г-г зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бол төлнө гэв.

  Хохирогч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 13-ны өдөр манайд нэг найз маань орж ирээд ганц шил архи уучихаад гарна гэж хэлсэн. Тэгсэн архиа ууж дуусгаад согтоод унтаад өгсөн. Тэгэхэд Б гаднаас орж ирээд энэ юун хүн юм бэ? гэж асуугаад шууд толгой руу цохисон. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Миний хувьд эмчилгээний зардалд Б-аас 100000 төгрөг нэхэмжилнэ. Өөр нэмж хэлэх зүйл болон гомдол санал байхгүй гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 678 тоот дүгнэлтэд: “1. А.Г-ийн биед зүүн хацар, баруун, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн өгзөг, баруун бугалганы цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 17/ гэжээ.

-Шүүгдэгч С.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 11 сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 0-03 тоотод оршин суух хохирогч А.Г-г зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Б-ын мөрдөн байцаалтад хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Г маргаан үүсгээд байхаар нь миний уур хүрээд Г-ийн хөл гар руу цохисон, нүүр рүү нь 1-2 удаа алгадсан, үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч А.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Б миний үснээс зулгааж, хоолой боож намайг цохиж зодсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 678 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч А.Г-д учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч С.Б-ын санаатай үйлдлээр хохирогчийн хөл, гар болон нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон, үснээс нь зулгаасан үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч С.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Г-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 678 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б-аас эмчилгээний зардалд 100000 /нэг зуун мянган төгрөг/ гаргуулж хохирогч А.Г-д олгохоор шийдвэрлэв.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч Б овогт С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын  орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Б-аас эмчилгээний зардалд 100000 /нэг зуун мянган төгрөг/ гаргуулж, хохирогч А.Г-д олгосугай.

 

6.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ...............регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР