Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/34

 

 

 

 

         2022           01            05                                    2023/ДШМ/34

 

Д.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд  даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Цд холбогдох 2207000000165 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хороо, Тайж 1 дүгээр гудамжны 7 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Птэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний нурууны зүүн далны зүүн хажуу хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн прокурорын газраас: Д.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Цд холбогдуулан Налайх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, зүйлчлэн ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцон бэхжүүлэн авсан 1 дүгээр хавтаст хэргийн 180, 181 дүгээр хуудаст 7 ширхэг гарын мөр, хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий сиди 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалах, хар саарал өнгийн бариултай хутга 4 ширхэг, хар өнгийн бариултай хутга ирлэгч 1 ширхэг, заазуур 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэх, цагаан өнгийн богино ханцуйтай футболк 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэгийг шүүгдэгчид тус тус шилжүүлж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зардалгүй, шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд авсан гэрч Б.Ш, Б.Б, Т.О, Ч.Н, Б.М болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 8 дугаар сарын 9-ны өдрийн 20:00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо, Тайж 1 дүгээр гудамж 7 тоотод Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар хэрүүл маргаан үүсгэж, өөрийн биеэ хамгаалах чадваргүй байсан миний хүү Б.Пг санаатайгаар нурууны зүүн далны зүүн хажуу хэсэгт нь хутгаар хутгалж амь насанд нь хүрч, бүрэлгэж, бидэнд маш их гарз хохирлыг санаатайгаар учруулсан.

Цд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүнийг алах зүйл ангиар зүйлчилсэн боловч анхан шатны шүүх шударгаар шүүгээгүй, мөн манай өмгөөлөгчийн тайлбар шаардлагыг хүлээн аваагүй, зүйл ангийг өөрчилсөн /цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй дүгнэлт гарсан байхад, цочрон давчидсан гэж шүүх дүгнэлт гаргасан/.

Цын мэдүүлэг нь хүн алсан хүн гэхэд их цэгцтэй тайван байсан. Тиймээс хүүгийн маань амь нас хохирсонд эцэг эхийн хувьд маш их гомдолтой байна. Миний хүү Б.П нь архи дарс хэрэглэдэггүй, элдэв янзын зан аашгүй, харилцааны соёлтой, бусадтай эвтэй, нэр хүндтэй, нийтэч, айлын ганц хүү бөгөөд голомтыг залгуулан авч явах хүүхэд минь байсан.

2021 оны 10 дугаар сард Ц гэх эмэгтэйг авчирч бид нартай танилцуулж Налайх дүүргийн 7 дугаар хороо, 2-12 тоотод бид хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах явцдаа Ц нь согтууруулах ундааны зүйлд дуртай, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биднийг доромжилж агсан тавих гэх мэтээр элдэв янзын зохисгүй үйлдлийг гаргаж байсан. Удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж ирсэн үедээ бидний хажууд миний хүү Б.Пг “ална эсвэл чамаас сална” гэж удаа дараа дарамталдаг байсан. 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор тусдаа гарч Налайх дүүргийн 3 дугаар хороо, Тайж 1 дүгээр гудамж, 7 тоотод айлын хашаа байшин түрээслэн амьдрах болсон.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр миний бие шүүх хуралдаанд оролцож маш их гомдолтой байгаагаа хэлсэн. Мөн гэмт хэрэгтэн Ц нь цагдаа прокуророос өгсөн “Хүнийг алах гэмт хэрэг” үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч би хүн алсан гэж мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгч нь хүртэл түүний хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байхад, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал шүүгч Д.Чинзориг нар нь Цын гэмт хэргийг “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан” гэж үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Учир нь, миний бие цагдаагийн байгууллагад болон шүүхийн байгууллагад хавтаст хэргийг бүрэн уншиж танилцахад шинжээчийн дүгнэлтээр Ц нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж илрээгүй гэдэг нь нотлогдсон байсан. Бас гэрч Ш нь тухайн үед Ц хүн алах түвшний уур уцаар бухимдалгүй байсан, түүнийг гэрээс гарахад тэр 2 эвлэрээд үлдсэн гэдгийг хэлсэн. Гэтэл шүүх зөвхөн гэмт хэрэгтэн алуурчин Цын үгийг үнэн мэт хүлээн авч шийдвэр гаргасан, гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа, хэрэв амь хохирогч Цтай ноцолдсон бол өөд өөдөөс харсан байх ёстой, хэрэв өөд өөдөөсөө харж байсан бол Ц аргагүй байдалд орсон байх ёстой, хэрэв аргагүй байдалд орсон бол Ц амь хохирогчийг урдаас нь тэвэрч байгаад араас хутгалсан байх ёстой гэж өөрөө өөртэйгээ төсөөлөн ярьж тайлбарласан нь голомт залгах ганц хүүгээ алдаад, үнэнг нь тогтоолгохоор итгэж байсан намайг маш их гутаан доромжилсонтой адил болсон.

Учир нь, миний хүүг ямар ч нотлох баримтгүй байхад Цыг аргаүй байдалд ортол нь хүчирхийлж зоддог байсан мэт, үхсэн хүн үг хэлэхгүй болохоор яаж шийдсэн ч хамаагүй гэсэн байдлаар шийдвэрлэсэнд маш их гомдож байна. Уг нь энгийн иргэн хүний хувьд Монгол Улсын хууль шүүхийн байгууллагад маш их итгэж явдаг байсан ч одоо бол үнэхээр итгэл алдарч, үхсэн хүний хохь болгодог, мөнгөтэйд нь үйлчилдэг байгууллага гэж ойлгоход хүрч, голомт залгах ганц хүүгээ алдсан намайг амьд явах ч хүсэлгүй болгож байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний хүүгийн амь насаа алдсан бодит үнэнийг зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Д.Цыг хуучин нөхөртэйгээ удаан хугацаагаар гадуур явлаа, утсаар өөр хүнтэй ярилаа гэж хардалтын улмаас уурлан маргалдахдаа шүүгдэгчийг “ээж рүүгээ явлаа” гэх үед түүний зүүн өгзгөнд хутгалж, улмаар утсыг нь авахаар буйдан дээр дарж хоолойг нь боомилж хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч Д.Ц нь амь хохирогчийг өөртэй нь хутга булаацалдан дахин зууралдаж байх үедээ баруун гартаа барьсан хутгаараа зүүн гарын шууг хутгаар зүсэж, улмаар нурууны зүүн далны хажуу хэсэгт нь хутгалж алсан болох нь тогтоогдож байна”, “хохирогчийн тухайн цаг хугацаанд шүүгдэгчийн эсрэг хутгаар болон гараараа хүч хэрэглэсэн, ээж рүү нь явуулахгүй байх эрхшээл дарамтад оруулсан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хууль бус үйлдлүүд нь шүүгдэгчийг сэтгэл зүйн эмгэгт байдалд хүргэн санаа сэтгэл гэнэт цочролд хоромхон зуур автан хүчтэй цочрон давчдах шууд шалтгаан болж өөрийн үйлдлээ ухамсарлах чадваргүй үедээ хүнийг алсан болох нь нотлогдож байна” хэмээн дүгнэн Д.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслээгүй, хэргийн үйл баримтад бодит дүгнэлтийг хийгээгүй болно.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудад тулгуурлаагүй, хэрэг гарах үед хажууд нь харж байсан мэт сэтгэгдлийг төрүүлэхүйц байдлаар төсөөллөөс төсөөллийг ургуулан хийсвэр, бодит бус дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж болно” гэж заасан буюу зөвхөн нотлох баримтад л тулгуурлахыг хуульчилсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нотлох баримт огт авагдаагүй байхад хэрэгт холбогдогч Д.Цын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн эх сурвалж тодорхойгүй мэдүүлгүүдийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Тухайлбал, гэрч Б.Шын /1хх 68-70/ мэдүүлгээр “Миний хажууд лав зодож цохилцож байгаагүй. Д.Ц нь жаахан ширүүн зантай, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам согтуу тавих гээд байдаг талтай, Цээгий Пг чи тэр хүүхэд рүүгээ зайл гээд хөөхөд П аав ээж рүүгээ очиж хонолоо гээд бид 2 байшингаас гарсан” гэх мэдүүлгээс харахад холбогдогч Д.Ц нь хохирогчид агсам тавьж, хохирогч ээж аавындаа хонохоор хөөгдөж гарсан байтал шүүх “Д.Ц нь ээжийх рүүгээ явах гэхэд хохирогч хорьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” мэтээр нь гэрчийн мэдүүлгийг гуйвуулан өөрчилж дүгнэсэн.

Мөн түүний мэдүүлэгт “Би араас нь ороход П эхнэрийнхээ утсыг авах гээд булаацалдаад буйдан дээр унагаагаад хоолойг нь боосон байсан, ... би Пг хойш нь татаж аваад салгахад Цээгий буйдан дээрээс босож ирээд чи найзыгаа хардаа бөгс рүү хутгалчихлаа гээд өмдөө доошлуулж харуулахад өгзөг дээр нь зүсэгдсэн харагдсан, амь хохирогч өө энэ яачваа би биш шүү гэж байсан, би бодохдоо буйдан дээр байсан хутган дээр суусан юм уу гэж бодсон, талийгаач тэрүүхэн үедээ тайвшраад хэрүүл намдахаар нь би явсан. Би 4-5 минутын дараа Цээгийгийн хашгирах чимээгээр буцаж орсон” гэж мэдүүлснээс харахад тухайн үед гар утас булаацалдан буйдан дээр ноцолдож байсан үйлдэл бүрэн дууссаны дараа хохирогчийн амь насыг хохироосон үйлдэл үйлдэгдсэн буюу бие даан тус тусдаа үйлдэл болох нь нотлогдож байна. Мөн гэрч нь эхний ноцолдож байсан үйлдлийг харсан, харин холбогдогч хохирогчийг хутгалж байхыг огт хараагүй болохоо мэдүүлсэн буюу түүний мэдүүлгүүдээр Д.Цын мэдүүлгүүд үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүх үргэжилсэн нэг үйлдэл, үүний улмаас холбогдогч сэтгэл санаа цочрон давчидсан хэмээн бодит бус дүгнэлт хийсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор хийгдсэн СЭМҮТөвийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 782 тоот “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт” /1хх 213/ хэсэгт “Д.Ц нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй” гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгүүд болон энэхүү дүгнэлтүүдээр хэргийн холбогдогч нь гэмт хэрэг үйлдэх үед сэтгэл санааны хүчтэй цочрон давчидсан нөхцөлд байгаагүй болохыг нотолдог. Гэтэл анхан шатны шүүхээс “шинжээчийн дээрх 782 тоот дүгнэлтийг гэм хэргийн тогтоогдсон үйл баримтаас зөрүүтэй дүгнэсэн учир дээрх дүгнэлтийн зарим хэсгийг үнэлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ” хэмээн дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүхээс тухайн нотлох баримтыг дотоод итгэл дээрээ тулгуурлан үнэлэхгүй байх эрх нь хуулиар олгогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу шинжээчийн 782 тоот дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт, хууль зүйн үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

Дээрх бүгдийг дүгнэн үзэхэд улсын яллагчаас Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэгт зүйлчилсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, түүний үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байхад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийн, зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж, гэмт этгээдэд ял завших боломжийг олгож байна.

Иймд дээр дурдсан үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “анхан шатны шүүх хэт хийсвэр байдлаар, хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан” гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, хэрэгт шүүгдэгч Д.Цын үйлдэлтэй холбоотой бичгийн баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх дүгнэлтээ гаргахдаа Шүүх эмнэлэг, сэтгэл судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүгдэгч Д.Цыг тухайн үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан үндэслэлүүдийг хууль зүйн онолын хувьд тайлбарлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэргийн тухайд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь “санаатай хутгалах явцдаа шүүгдэгч Д.Цын санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэж хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар дүгнэсэн. Прокурорын зүгээс хардалтын улмаас маргалдаж уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж яллах дүгнэлтэд дурдаж шалтгаан нөхцөлийг тодорхойлсон. Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилсөн. Прокурорын зүгээс уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн шалтгаан нь тухайн үед шүүгдэгчийн биед амь хохирогчийн үйлдлээс болж хөнгөн хохирол учирсан байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэвч амь хохирогч нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгч Д.Ц нь тухайн маргаан болж байх үед 2 удаа өөр газар руу явъя гэж өлгүүртэй хувцас руу явсан байдаг. Гэтэл сүүлийн хоолой боож байгаа хэсэг дээр шүүгдэгч Д.Ц гараа тавиулж, боолтоос нь мултарсан атлаа хаалгаар гарч явалгүй, гал тогоонд байсан хутга руу явсан. Мөн амь хохирогчийн зүүн гарт учирсан зүсэлт нь маш гүн байсан. Өөрөөр хэлбэл, хүн биедээ маш гүн зүсэлт авчихаад байхад Д.Ц үйлдлээ зогсоогоогүй тул санаатай хутгалсан гэж үзсэн. Ямар нэгэн байдлаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан зүйл байгаагүй гэж үзэж хэргийг зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Д.Цд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны ба үндэслэлтэй явуулах нөхцөл, боломжийг хангах нь процессын хэлбэр ба баталгаа гэсэн ойлголттой нягт уялдаа холбоотой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан процессын хэлбэрийн дагуу явагдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед заавал дагаж мөрдөн, захирагдаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон арга ажиллагааны хэрэгжих нөхцөл, явц, үр дүн, үндэслэл, журмыг процессын хэлбэр гэж ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алддаг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хэлбэр нь эрүүгийн процессын бүхий л үйл явцыг бэхжүүлэх, шүүхийн өмнөх болон шүүхийн шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон нөхцөл, журмыг системчлэн төрөлжүүлж дэс дараалалд оруулсан байдлаар зохицуулагдсан, аливаа шийдвэр гаргах журмын хэлбэршин тогтсон хэв маяг юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр процесс ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг бүрэн буюу зохих ёсоор процессын хэлбэрийг хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг тодорхой хуульчилж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх энэ шаардлагыг биелүүлээгүй буюу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь хуудас байхгүй тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчил гаргаж, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Цд холбогдох хэрэгт хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ. 

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй  байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт болоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч Д.Цын 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл нийт 63 хоног /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ