Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2023/0898/З |
Дугаар | 128/ШШ2024/0561 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0561
2024 07 03 128/ШШ2024/0561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М*******” ХХК /РД: *******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С, Б.Ж,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, И.Х, М.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т, Х.А******* нарын хоорондын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан актын тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Б.Ж, хариуцагч Б.М, М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, М.А, И.Х нарын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актын Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх хэсгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу 1, 2 дахь хэсэг /актын хавсралтын 2, 3 дахь/ (15,649,746,203.1 төгрөг)-ийг хүчингүй болгуулах, Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 16,155,698,762.74 төгрөг гэснийг ААНОАТ, НӨАТ нөхөн татвар 505,952,559.5 төгрөг болгон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр холбоогүй болгон өөрчлүүлэх” гэж тодорхойлсон.
2. Шүүхээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох “Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 16,155,698,762.74 төгрөг гэснийг ААНОАТ, НӨАТ нөхөн татвар 505,952,559.5 төгрөг болгон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр холбоогүй болгон өөрчлүүлэх” гэснийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан захиргааны акт гэж хүлээн авахаас татгалзсан болно.
3. Нэхэмжлэгч компани 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлөөс хянаад, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор нөхөн ногдуулалтын актын нийт дүнг бууруулж шийдвэрлэснийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр гардан авч, эс зөвшөөрсөн тул шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
4.1. Манай компани 2018 онд коксжих чанаргүй, боловсруулаагүй бусад төрлийн нүүрсэнд 15.3 тэрбум төгрөгийн АМНАТ төсөвт төлсөн гэж,
4.2. 2018 онд Шивээ хүрэн боомтоор экспортолсон 27.19.10 БТКУС кодтой коксжих чанаргүй, боловсруулаагүй бусад ангиллын 3,460,578.6 тонн нүүрс нь Нарийн сухайтын ордын хамгийн муу чанарын үзүүлэлт бүхий хөрсний давхаргын исэлдсэн нүүрсэнд хамаарна гэж,
4.3. Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр илчлэг 2976-3400 к/кал, барилцах чанар 0, хөөлтийн зэрэг 0, дэгдэмхий 40-46 хувь, үнслэг 22-34 хувь, чийглэг 18-23 хувь байдаг гэж,
4.4. Сар тутамд эрх бүхий байгууллагаас зарлаж байгаа Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлд нүүрсний төрөл, түүнд хамаарах чанарын үзүүлэлтийг заасан байдаг бөгөөд 2018 онд сар бүр зарлаж байсан үнийн мэдээлэлд коксжих чанаргүй боловсруулаагүй бусад нүүрсний түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний үзүүлэлтийг зарлаж байгаагүй гэж,
4.5. Нөхөн ногдуулалтын актаар төлбөр тавьсан коксжих чанаргүй, боловсруулаагүй, бусад ангиллын 2701.19.10 БТКУС бүхий нүүрс нь коксжих чанаргүй нүүрс ангиллын 27.12.13 БТКУС кодтой чанарын үзүүлэлтэд огт хамаарахгүй гэж,
4.6. Манай компанийн 2018 онд олборлон экспортолсон БТКУС 2701.19.10 код бүхий нүүрс нь МNS 6457:2014 стандартаар тодорхойлсон нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангиллын коксжих чанаргүй нүүрсэнд хамаарахгүй гэж,
4.7. БТКУС-ийн 2701.19.10 код бүхий коксжих чанаргүй боловсруулаагүй, бусад болон БТКУС-ийн 2701.13.13 буюу коксжих чанаргүй нүүрс гэсэн тусдаа код бүхий харилцан адилгүй өөр шинж чанар бүхий бараа гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т заасан аргачлалыг хэлэх нь зүйтэй байх. Тухайн гаргаж байгаа нүүрсний үнийг Гаалийн тарифын тухай хуулийн 17 дугаар зүйл, 19 дүгээр зүйлүүдэд заасныг үндэслэж тооцоолдог. Манайх Гаалийн тарифын тухай хуулийн 17 дугаар зүйл буюу хэлцлийн үнээр хийх нь зөв гэх шийдвэрийг гаргаж байгаа. Манайх хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, бүх компаниудад ачуулсан нүүрсний гэрээнүүд Татварын ерөнхий газар дээр байгаа. Гаалиар гаргасан тээврийн зардал, гаалийн хураамжууд тодорхой байж байгаа. Эдгээр зүйлүүд нь бүрэн хийгдэж байгаа. Бид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг сар болгон гаргаж татварын албанд тушаадаг. Тайланг эхний 6 сард үнэтэй холбогдуулаад хэлцлийн үнээр авах уу, олон улсын зах зээлийн үнээр авах уу гэдэг асуудлыг тухайн үед тайлан хүлээж авч байсан татварын байцаагч болон Маргаан таслах зөвлөлд энэ асуудлыг хэлсэн. Тайлан 6 сараас авахдаа тайланг хүлээн авлаа баталгаажууллаа, гэхдээ татварын дараагийн хяналт шалгалтын асуудалд ярихгүй, татварын хяналт шалгалтаас давсан асуудал байна гээд хүлээж авсан байгаа. Иймд энэ нь татварын байцаагч хяналт шалгалт хийгээд эхлэхэд гарсан зөрчил биш, өмнө нь энэ талаар яах вэ гэдгээ холбогдох газруудад нь хандаж мэдээлж байсан. Бид бүх мэдээллүүдийг өгч тайлагнасан байдаг. Гэрээний үнээр тайлагнасан гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М*******” ******* компани нь ******* аймгийн Гурвантэс суманд байрлах Нарийн сухайтын ордоос чулуун нүүрс олборлож гаргадаг. 2018 онд БТКУС код бүхий 3 төрлийн нүүрсийг олборлож Бүгд Найрамдах Хятад Ард улсад экспортолсон. Үүнд БТКУС 2701.12.12 кодтой сул коксжих нүүрс, 2701.12.13 кодтой коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс, 2701.19.10 кодтой коксжих чанаргүй, боловсруулаагүй бусад төрлийн нүүрсийг олборлосон байдаг. ******* компанийн хувьд 2018 онд Шивээ хүрэн боомтоор 2701.19.10 БТКУС кодтой коксжих чанаргүй, боловсруулаагүй бусад ангиллын 3,460,578.6 тонн нүүрсийг олборлосон байдаг. Энэ нь Нарийн сухайтын ордын хамгийн муу чанарын үзүүлэлт бүхий хөрсний давхаргын исэлдсэн нүүрсэнд хамаардаг нүүрс байгаа. Тодруулбал, энэ нүүрсний үзүүлэлт Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр илчлэг нь 2976-3400 ккал, харьцагч чадвар нь 0, гүйлтийн зэрэг нь 0, дэгдэмхий байдал нь 40-46%, үнслэгийн байдал нь 22-34%, илчлэг нь 18-23% байдаг. Тухайн үед Сангийн яамнаас экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг сар болгон мэдээлж гаргадаг байсан. Үүнд нүүрсний төрөл, түүнд хамаарсан чанарын үзүүлэлтүүдийг тус тус заасан байдаг. 2018 онд сар бүр зарлаж байсан үнийн мэдээлэлд БТКУС кодтой 2701.19.10 бүхий коксжих чанаргүй, боловсруулаагүй бусад нүүрс болон түүнтэй адил төрлийн бүтээгдэхүүний үзүүлэлтийг огт зарлаж байгаагүй. Маргаан бүхий татварын байцаагчдын гаргасан актаар нөхөн төлбөр тавьсан коксжих чанаргүй, боловсруулаагүй бусад ангиллын 2701.19.10 код бүхий нүүрс нь коксжих чанаргүй ангиллын коксжих чанаргүй нүүрсний ангиллын 2701.12.13 БТКУС кодтой чанарын нүүрсний чанаргүй үзүүлэлтэд огт хүрдэггүй. Тухайн нүүрсний төрөлд хамаарахгүй болно.
Тухайлбал, коксжих чанаргүй нүүрс буюу БТКУС кодтой 2701.12.13 дугаар бүхий нүүрсний дэгдэмхий байдал нь 28-37%, илчлэг нь 5500 ккал-аас их байхаар заасан. Харин манай ******* компанийн экспортолсон коксжих чанаргүй, боловсруулаагүй бусад ангиллын нүүрсний дэгдэмхий байдал нь 40-46%, илчлэг нь 2976-3400 ккал-тай байхаар заасан байдаг. Мөн манай компанийн 2018 оны хувьд борлуулсан 2701.19.10 коксжих нүүрс нь MNS64572014 стандартаар тодорхойлсон нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангиллыг коксжих, чанаргүй нүүрсний тодорхойлолтод бол хамрагддаггүй. БТКУС кодтой тодорхойлсноор 2701.12.13 буюу коксжих чанаргүй нүүрсний ангилалд багтдаггүй. БТКУС 2701.19.10 код бүхий коксжих чанаргүй, боловсруулаагүй бусад болон 2701.12.13 код бүхий коксжих чанаргүй нүүрс гэсэн тусдаа код бүхий харилцан адилгүй, өөр шинж бүхий бараанууд буюу 2 өөр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд бараа болгон тодорхойлогддог. АМНАТ-ын борлуулалтын үнэлгээ тооцохоор сар тутам Сангийн яамнаас зарлаж байсан зах зээлийн үнийн мэдээлэлд заасан ангилал, чанарын үзүүлэлтэд хамрагдаагүй буюу олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлд 2701.19.10 код бүхий коксжих чанаргүй, боловсруулаагүй бусад ангиллын нүүрсний мэдээллийг бол зарладаггүй байсан. Иймд маргаан бүхий актад үндэслэж тавьсан 2701.12.13 буюу коксжих чанаргүй нүүрс болон бидний гаалийн мэдүүлэгт дурдаж экспортонд гаргасан 2701.19.10 код бүхий нүүрснүүд нь БТКУС код болон чанарын үзүүлэлтийн хувьд эрс өөр 2 төрлийн нүүрсийг татварын байцаагч нарын хэлж байгаагаар адил төсөөтэй бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, манай мэдүүлж гаргасан ангиллын нүүрсийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д заасны дагуу гэрээний үнийг баримтлан мэдүүлж, гэрээний үнийг баримтлах ёстой байсан.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаартай тогтоолыг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар дурдахад 2014 оны 220 дугаар тогтоолын 2.7-д “аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-д заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь ижил стандарт бүхий нүүрсийг хэдий ижил бондоор тухайн сард экспортолж байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-т заасан гэсний дагуу тодорхойлсон үнээс 10 буюу түүнээс дээш хувиар зөрөөтэй бол татварт ноогдох борлуулалтын үнэлгээг аргачлалын 2.1-д заасны дагуу тооцно” гэж заасан. Манай компанийн 2018 онд олборлож борлуулсан БТКУС код 2701.19.10 коксжих чанаргүй, боловсруулаагүй бусад ангиллын нүүрс нь ******* аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үнэтэй харьцуулахад хамгийн өндөр байсан. Гэтэл Засгийн газрын 220 дугаар тогтоолын шаардлагыг хангахгүй гэж үзэж жишиг үнийг ашиглах нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, жишиг үнийг бус Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д заасны дагуу гэрээний үнийг баримталж АМНАТ ноогдуулах хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
7. Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор MNS 6457:2014 “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” стандарт шинээр батлагдаж, “Түүхий нүүрс”-ийг коксжих нүүрс, сул коксжих нүүрс, коксжихгүй нүүрс гэж гурав ангилсан. Уг стандартыг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д заасныг үндэслэн гаргасан “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолоор Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт” дахь зарим үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын 19 дэх хэсгийн 19.10-т “Бусад нүүрс”, 2701.19.10 кодтой “Коксжих, чанаргүй нүүрс” гэж тодорхойлсон.
Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт" дахь зарим үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын 19 дэх хэсгийн 19.10-т “Бусад нүүрс”, 2701.19.10 кодтой “Коксжих чанаргүй нүүрс” /эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгийн хэмжээ 5833 ккал.кг-аас бага байх/ гэж тодорхойлсон. Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр болон татвар төлөгчийн ******* ХХК-ийн “Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн”-ээр дээрх БТКУС кодтой нүүрсийг Монгол Улсын хилээр экспортлон ирсэн харилцаа юм. Түүнчлэн 2018 оны 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9 саруудад экспортолсон 1,987,650.00 тонн нүүрсний дээжид Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр 2701.19.10 БТКУС ангиллын кодтой “Боловсруулаагүй, коксжих чанаргүй, бусад нүүрс байна”, “Шинжилгээний дүн болон БТКУС-ийн ерөнхий тайлбар дүрмийн 1, 27-р бүлгийн ерөнхий тайлбар, Зүйл 27.01-ийн гарчгийн тайлбарыг үндэслэн ангилав” гээд чийгтэй жинд тооцсон илчлэгийн 5 удаагийн шинжилгээний дундаж 4988 ккал.кг буюу MNS 6457:2014 стандартын “Коксжих чанаргүй нүүрс” ангиллын илчлэгийн 4500 ккал.кг-аас дээш байх нөхцөлийг хангасан. Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лаборатори нь тус татвар төлөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-нд нүүрс чулуун, марк F нэртэй 2701.19.10 ангиллын кодтой, 2018 оны 01 дүгээр сарын 22-нд нүүрс чулуун нэртэй, 2701.19.10 ангиллын кодтой, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр чулуун нүүрс, 2701.19.10 ангиллын кодтой, 2018 оны 5 дугаар сарын 18-нд эрдэс, түүхий эд, марк F нэртэй, 2701.19.10 ангиллын кодтой, 2018 оны 6 дугаар сарын 27-нд коксжих чанаргүй нүүрс нэртэй, 2701.19.10 ангиллын кодтой, 2018 оны 8 дугаар сарын 22-нд нүүрс, марк F нэртэй, 2701.19.10 ангиллын кодтой мэдүүлсэн дээжид шинжилгээ хийж, шинжилгээний үр дүнгээр дүгнэлт үйлдэж баталгаажуулахдаа “Шинжилгээний дүн болон БТКУС-ийн ЕТД-1, 27-р бүлгийн ерөнхий тайлбар, мөрийн тайлбар-2, Зүйл 27.01-ийн гарчиг болон тайлбарыг үндэслэн ангилав” гэсэн нь татвар төлөгчийн мэдүүлсэнтэй тохирдог. Татвар төлөгчийн 2018 оны 5 удаагийн хүсэлтэд мэдүүлсэн 2701.19.10 БТКУС код, Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүн нь 2701.19.10 гэж ижил утгатай гарсан нь экспортод гаргаж байгаа эрдэс баялгийн бүтээгдэхүүний чанарын асуудал бөгөөд хэрэв Гаалийн байгууллага болон мэдүүлэг гаргагчид үл тохиролцвол дахин шинжлүүлэх магадгүй маргаанд шилжих хүртэл арга хэмжээг авч болно.
Иймд харилцан тохиролцсоны үндсэн дээр татвар төлөгч нь өөрөө 2701.19.10 кодтой, бусад төрлийн коксжих чанаргүй F ангиллын чулуун нүүрс гэж мэдүүлэн Монголоос бүрмөсөн гаргах горимоор экспортолсон нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны MNS 6457:2014 стандартаар батлагдсан "коксжих чанаргүй нүүрс”-ний ангилал дотор байх 2 төрлийн нүүрсний нэг нь коксжих чанаргүй, бусад төрлийн нүүрс юм. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 1.1-д "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэ аргачлалыг баримтална." 1.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ." Гаалийн байгууллага нь Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторид тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх шинжилгээ хийлгэж болно.
Дотоодын зах зээлд борлуулсан тохиолдолд Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ." 1.3-т “Энэ аргачлалд заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний ангиллыг гагцхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахад ашиглана.” гэж зааснаас үзэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлсон уг аргачлалд заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний ангилалд тооцож ногдуулахаар зохицуулсан.
Уг аргачлалд ашигт малтмалын бүтээгдэхүүнийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гэж ангилан, боловсруулаагүй нүүрсийг ашигт малтмалын хүдэр ангилалд оруулсан. Татвар төлөгчийн коксжих чанаргүй, бусад нүүрсний чанарын үзүүлэлтийг Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-д тодорхойлсон ашигт малтмалын хүдэрт тавигдах шаардлага, үндсэн зарчим, мөн Сангийн яамны цахим хуудсаар зарласан коксжих чанаргүй нүүрсний 220 чанарын үзүүлэлттэй харьцуулбал 6 үзүүлэлтийн 5-д нь хангасан байна. Дээрх харьцуулалт Засгийн газрын 193 дугаар тогтоолоор баталсан аргачлалд коксжих чанаргүй нүүрсийг хүснэгтэд харуулсан зургаан үзүүлэлтээр тодорхойлохоор зааснаас М******* ХХК-ийн экспортолсон 2701.19.10 БТКУС кодтой боловсруулаагүй, коксжих чанаргүй, бусад нүүрсэнд агуулагдах барьцалдах чанар, дэгдэмхий, үнслэг, нийт хүхэр зэрэг үзүүлэлтийг хангаж байгаа, мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны дугаар тушаалаар өөрчилсөн илчлэгийн хэмжээ хангагдаж байгаагаас дүгнэхэд уг нүүрсийг 2701.12.13 БТКУС кодтой боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрстэй ижил ангиллын гэж үзэх бөгөөд зах зээлийн үнийн мэдээлэл сар бүр зарлагддаг байсан. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д зааснаар гэрээний үнийг баримтлах боломжгүй юм гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* компанийн экспортолж байгаа нүүрсний тухайд БТКУС кодын ангиллаар одоо маргааныг тавьж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 81 дүгээр тогтоолын дагуу биржийн үнэ буюу олон улсын зах зээлийн үнээр нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцох болсонтой холбоотой асуудал үүссэн. Энэ борлуулалтын үнэлгээг Засгийн газраас 47.2.1-д заасан экспортолсон бүтээгдэхүүнд бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын зах зээлийн үнийг баримтлан борлуулалтын үнэлгээг тооцно гэж хуульчилсны дагуу олон улсын зах зээлийн буюу 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу боловсруулаагүй нүүрсний тухайд 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дахь хэсэг дээр зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр гэдэг дээр 7 дээр нүүрс гээд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нүүрсний зах зээлийн үнэ буюу Эс Икс Коллийн үнийг бол олон улсын зах зээлийн үнэ гэж үзнэ гэж үзээд сар болгон борлуулалтын үнийг яаж тооцох зах зээлийн үнийг зарлаж байгаа. Тэгэхээр 2018 онд бол саяны татвар төлөгчийн хэлээд байгаагаар БТКУС кодоор нь ялгаж зарлаагүйгээс гомдлыг тавьж, маргааныг үүсгэж байгаа. Энэ дээр зарлагдсан нүүрсний хувьд юу байсан бэ гэхээр коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс гэдгээр боловсруулаагүй нүүрс гэдэг төрөл дээр нь зарласан гэсэн үг.
Тухайлбал, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг авч байна. Энэ дээр боловсруулаагүй нүүрс гэдэг төрлөөр коксжих чанаргүй нүүрс гэдгээр борлуулалтын олон улсын зах зээлийн үнэлгээг ямар үнээр тооцох юм бэ гэдгийг бол зарласан. Тэгэхээр эндээс юуг харж болох вэ гэхээр коксжих чанаргүй нүүрсэн дотор 2 БТКУС кодоор сүүлд 2020 онд хувааж ангиллыг тооцсон. Гэхдээ энэ 2020 онд хувааж, ангилж үзэж байгаагаас үл хамаараад 2018 онд нэг л үнийн мэдээлэл гарч байсан. Тэгэхдээ коксжих чанаргүй нүүрсэн дотроо саяны татвар төлөгчид гомдоллоод байгаа 2701.12.13, 2701.19.10 гэдэг кодтой нүүрс гэдэг нь хоёулаа хамаарч байгаа гэсэн үг. Кодыг нь энэ дээр зарладаггүй. Энэ дээр юуг зарладаг вэ гэхээр боловсруулаагүй нүүрсний төрөл дээр коксжих чанаргүй нүүрс юм уу, хүрэн нүүрс юм уу, сул коксжих юм уу, коксжих юм уу гэж ангилдаг. Тэгэхээр коксжих чанаргүй нүүрс дотроо 2020 онд ангилсан БТКУС кодтой нүүрсээр л явж байна гэсэн үг. БТКУС код ямар учиртай байх юм бэ гэхээр гаалийн байгууллага тухайн бүтээгдэхүүнээ ялгахын тулд энэ кодоор ангилж байгаа л гэсэн үг. Энэ кодыг хараад Хятад байна уу, Солонгос байна уу, Япон байна уу, боловсруулаагүй ийм нүүрс юм байна гэдгийг тэр кодоор нь хараад л хэн ч хараад мэддэг, ангилал барааных нь нэр л гэсэн үг. Олон улсын код гэсэн үг. Тэгэхээр коксжих чанаргүй нүүрсэнд хамаарч байгаа нь заавал хоёуланг нь салгаад үнийг нь өөр өөр зарлаад байгаа нь үүнтэй хамааралтай биш. Татварын хяналт шалгалтын явцад гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэл болгож байгаа. Энэ бол Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын хүдэр баяжуулах бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилалд тооцох үндсэн зарчмынхаа дагуу энэ аргачлалаа бариад, ангиллууд нь харгалзах үзүүлэлтүүдийг нь харж байгаад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө ногдуулж байгаа. Тэгэхээр татвар төлөгч өөрөө мэдүүлээд гаалийн лабораторийн дүгнэлт тухайн бүтээгдэхүүн нь ямар ямар үзүүлэлт шаардлагатай вэ гэдгийг үзүүлэлтийг хангаж байгаа юу, шаардлага хангаж байгаа юу гэдгийг бол гаалийн лабораторийн дүгнэлтээр маш тодорхой гаргаж ирж байгаа. Тэрийг үндэслээд л татварын улсын байцаагчид энэ 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалынхаа дагуу ногдуулж байгаа гэсэн үг.
Засгийн газрын 220 дугаар тогтоолын дагуу гэрээнийхээ үнээр тооцох ёстой гэдэг. Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох вэ гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2 дахь хэсгээр зохицуулж өгсөн. Тэгэхээр экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын зах зээлийн борлуулалтын үнэлгээгээр тооцно шүү гэж байгаа юм. 220 дугаар тогтоол тухайн үед үйлчилж байсан. Тэрийг бол үгүйсгээгүй. 220 дугаар тогтоол дээр ер нь бол шууд гэрээнийх нь үнээр тооцно шүү гэсэн зүйл биш. Журамласан харилцаа биш. Ямар шаардлагыг хангаж байгаа нөхцөлд бид нар гэрээний үнээр тооцох вэ гэдгийг Татварын алба тайлангаа ирүүлээд холбогдох материалуудыг ирүүлсэн тохиолдолд тухайн боомтоор гарч байгаа ижил төрлийн нүүрс экспортлогч компаниудын үнэтэй нь харьцуулалт хийж байгаа. Тэгээд 10%-аас дотогш байх юм бол эднийх гэрээнийх нь үнээр авчхаж байгаа. 10% хувиас зөрүүтэй байх юм бол экспортын үнэлгээ буюу олон улсын зах зээлийн үнээр тооцож байгаа. Тэр нь татварын хяналт шалгалтын явцад зөрүүтэй байсан учраас гэрээний үнээр чинь авахгүй, олон улсын зах зээлийн үнээр авна гэдэг ийм асуудал гарсан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, И.Х, М.А нар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 21221002689 тоот томилолтоор М******* ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн хяналт шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэсэн шалгалтаар дараах зөрчлийг илрүүлжээ.
3.1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлангаар /ТТ-15/ 2018 онд 1,987,650.00 тонн боловсруулаагүй коксжих чанаргүй, бусад төрлийн 244,993,109,080.23 төгрөгийн нүүрсний борлуулалтын үнэлгээг дутуу тооцож ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
3.2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар /ТТ-15/ 2018 онд 1,987,650.00 тонн боловсруулаагүй, коксжих чанаргүй, бусад төрлийн 244,993,109,080.23 төгрөгийн нүүрсний борлуулалтын үнэлгээг дутуу тооцож ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
3.3. Монгол Улсад байрладаггүй аж ахуйн нэгжүүдээр хийлгэсэн техникийн зөвлөх үйлчилгээний төлбөр, засвар үйлчилгээ, хуулийн үйлчилгээний төлбөр зэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрээс эх үүсвэртэй 2018 оны 726,950,026.67 төгрөгийн орлогыг шилжүүлэхдээ оршин суугч бусын гэрчилгээгүйгээр хөнгөлөлт эдлүүлж аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан суутган тооцож төсөвт төлөөгүй,
3.4. Хөөтийн уурхайгаас 2018 онд экспортолсон 1,203,546,594.07 төгрөгийн нүүрсний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн тайланд тайлагнаагүй,
3.5. Монгол Улсад оршин суугч бус гадаад улсын хуулийн этгээдүүдээс 2018 онд үзүүлсэн ажил, үйлчилгээний 115,477,319.70 төгрөгийн төлбөрийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлж, тайлагнаагүй,
3.6. Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар, торгууль, орон сууцны ашиглалтын зардал, сургалтын төлбөр, зочдын хэрэгцээний зардал зэрэгт төлсөн 543,073,810.35 төгрөгийг 2018 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож албан татвар ногдох орлогыг бууруулсан,
3.7. Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын орлоготой холбоотой 2018 онд 446,995,506.61 төгрөгийн худалдан авалтыг хасагдах зардлаар тайлагнан, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан гэж үзэж, 2023 оны 01 дүгээр арын 10-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтуудыг үндэслэн 19,420,584,292.63 төгрөгийн нөхөн татвар, 5,826,175,287.79 төгрөгийн торгууль, 3,884,116,858.52 төгрөгийн алданги, нийт 29,130,876,438,94 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
4. Нэхэмжлэгч компани Улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот нөхөн ногдуулалтын актаар 493,022,261,417.86 төгрөгийн зөрчилд 19,420,584,292.63 төгрөгийн нөхөн татвар 5,826,175,287.79 төгрөгийн торгууль, 3,884,116,858.52 төгрөгийн алданги, нийт 29,130,876,438.94 төгрөгийн төлбөрөөс 505,952,559.54 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсантай холбоотой 28,624,923,879.41 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах Зөвлөлд гомдол гаргасан байна.
5. Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах Зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор татварын Улсын байцаагчид М******* ХХК-ийн 2018 оны 1-9 дүгээр сард экспортолсон 1,987,650.0 тонн 2701.19.10 БТКУС кодтой, боловсруулаагүй, коксжих чанаргүй, бусад төрлийн нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ /хэлцлийн үнэ/ нь бусад аж ахуйн нэгжийн тодорхойлсон үнээс 10-аас дээш хувиар бага байсан гэж үзэж, татвар ногдуулах борлуулалтын үнэлгээг жишиг үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр, торгууль, алданги, нийт 28,624,923,879.41 төгрөгийн төлбөр ногдуулахдаа тухайн хилийн боомтын харьцуулах хэлцлийн нэгж үнийг тооцоолж, М******* ХХК-ийн үнийг оролцуулан харьцуулах дундаж үнэ гарган харьцуулж, борлуулалтын үнэлгээг тооцсон нь буруу гэж үзэж, татварын Улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 1,987,650.0 тонн 2701.10.10 БТКУС кодтой боловсруулаагүй, коксжих чанаргүй, бусад төрлийн нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг жишиг үнээр тооцож,, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр, торгууль, алданги, нийт 28,624,923,879.41 төгрөгийн төлбөр ногдуулснаас 1-4 дүгээр сард ногдуулсан 8,650,118,450.80 төгрөгийн нөхөн татвар, 2,595,035,535.24 төгрөгийн торгууль, 1,730,023,690.16 төгрөгийн алданги, нийт 12,975,177,676.21 төгрөгийн төлбөрийг бууруулах үндэслэлтэй гэж дүгнэж, нийт 29,130,876,438.94 төгрөгийн төлбөр ногдуулснаас 216,252,961,270.12 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,650,118,450.80 төгрөгийн нөхөн татвар, 2,595,035,535.24 төгрөгийн торгууль, 1,730,023,690.16 төгрөгийн алданги, нийт 12,975,177,676.21 төгрөгийн төлбөрийг бууруулж, 10,770,465,841.83 төгрөгийн нөхөн татвар, 3,231,139,752.55 төгрөгийн торгууль, 2,154,093,168.37 төгрөгийн алданги нийт 16,155,698,762.74 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчлөн бууруулжээ.
6. Нэхэмжлэгч компанийн талаас “...Хоёр өөр төрлийн БТКУС код, чанарын үзүүлэлт эрс өөр хоёр төрлийн нүүрсийг адил төстэй бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй. Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалтыг баримтлах хууль зүйн үндэслэлгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д зааснаар гэрээний үнийг баримтлах ёстой...” гэж, хариуцагчаас “...Засгийн газрын 193 дугаар тогтоолоор баталсан аргачлалд коксжих чанаргүй нүүрсийг зургаан үзүүлэлтээр тодорхойлохоор зааснаас М******* ХХК-ийн экспортолсон 2701.19.10 БТКУС кодтой боловсруулаагүй, коксжих чанаргүй, бусад нүүрсэнд агуулагдах барьцалдах чанар, дэгдэмхий, үнслэг, нийт хүхэр зэрэг үзүүлэлтийг хангаж байгаа, мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны дугаар тушаалаар өөрчилсөн илчлэгийн хэмжээ хангагдаж байгаагаас дүгнэхэд уг нүүрсийг 2710.12.13 БТКУС кодтой боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрстэй ижил ангиллын гэж үзэх бөгөөд зах зээлийн үнийн мэдээлэл сар бүр зарлагддаг тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д зааснаар гэрээний үнийг баримтлах боломжгүй...” гэж маргасан.
7. Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Үндэсний кодод нэмэлт өөрчлөлт оруулах тухай” дугаар тушаалын хавсралтын 13 дахь хэсэгт 2701.12.13 /коксжих чанаргүй нүүрс эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгийн хэмжээ 5833к/кал/кг-тай тэнцүү эсхүл түүнээс их байх/, 19 дэх хэсэгт 2701.19.10 “коксжих чанаргүй нүүрс эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгийн хэмжээ 5833 к/кал/кг-аас бага байх” гэж заасан байна.
8. Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал” 220 дугаар тогтоолын 2.3-д “Аж ахуйн нэгжийн нүүрс борлуулах гэрээний үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлно”,
Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалтад “коксжих чанаргүй нүүрс барьцалдах чанар Gi<50, дэгдэмхий 28-37,>378 илчлэг Qar >5000>=4500, үнслэг 25, нийт чийг <15 гэж,
Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Аргачлал баталж, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 103 дугаар тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 488 дугаар тогтоол, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 6 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрсийг гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнэ”, 7 дахь хэсэгт “БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ” гэж заасан байх бөгөөд Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн 2018 оны мэдээллийг үзвэл боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрсний үзүүлэлтийг барьцалдах чанар:G<508, Дэгдэмхий:V=28%-37%>37%, Үнслэг:A<=25%,>=25%, Илчлэг:Q>5500,>=4500 хангахаар тус тус заажээ.
9. Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид нэхэмжлэгч компанийн мэдүүлсэн нүүрсний шинжилгээний үр дүнгээр “…тухайн нүүрсийг нүүрс, нүүрсжих чанаргүй, бусад боловсруулаагүй 2701.19.10 ангиллын кодтой хуурай, бутархай, хар өнгөтэй чулуулаг төлөв байдалтай, …уг нүүрсний эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг 4871.5 ккал/кг…” гэж дүгнэсэн.
10. Шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд “…М******* ХХК-ийн 2018 онд олборлосон БТКУС-ийн 2701.19.10 дугаартай саб-битумт нүүрсний илчлэгийн хэмжээ Стандартын Үндэсний Зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан /2023 онд шинэчлэгдсэн/ MNS6457:2014 “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангиллын стандарт” нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ стандартаар коксжихгүй чулуун нүүрсний ангилалд хамаарах үзүүлэлтээр битумт буюу /2701.12.13/ кодтой нүүрсийг коксжихгүй чулуун нүүрсний ангилалд хамруулж, харин нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангиллын стандартаар илчлэгийн хэмжээ 5833 ккал/кг-аас бага саб-битумт буюу /2701.19.10/ кодтой нүүрсийг тухайн ангилалд хамааруулахгүй орхигдуулсан, ...энэ хоёр төрлийн нүүрс нь өөр хоорондоо хэрэглээнээсээ хамааран стандартын ангиллаараа ч ялгаатай хоёр өөр нүүрс байдаг, …энэ төрлийн чулуун нүүрсний битумт эсвэл саб-битумт нүүрсний аль нь болохыг тодорхойлдог чанарын гол үзүүлэлт нь илчлэгийн хэмжээ байдаг ба бусад чанарын үзүүлэлт нь ойролцоо утгатай байхаас үл хамааран олон улсын хэмжээнд Эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэгийн хэмжээ Qar 5833 ккал/кг утгаас их бол битумт нүүрс, бага бол саб-битумт нүүрс гэж ангилна...” гэжээ.
11. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, М******* ХХК-ийн 2018 онд олборлосон нүүрс нь хэрэглээний зориулалтаасаа хамааран битумт болон саб-битумт нүүрс гэх хоёр өөр төрөл болж ангилагддаг тул зах зээлийн үнэ нь харилцан адилгүй байна.
12. Маргалдагч талуудын маргаан хамаарах цаг хугацааны тухайн үед MNS6457:2014 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба тус стандартын чанарын ангилалд битумт нүүрс нь БТКУС-ийн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын 2701.12.13 мөрийн дугаартай коксжих чанаргүй нүүрс /эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгийн хэмжээ 5833 ккал/кг-тай тэнцүү эсвэл их байх/ боловсруулаагүй нүүрсний ангилалд хамаарч, БТКУС 2701.19.10 мөрийн дугаартай саб-битумт нүүрс нь MNS 6457:2014 стандартын коксжих чанаргүй нүүрсний ангилалд хамаарах боломжгүй, учир нь эрчим хүчний зориулалттай саб-битумт буюу коксжих чанаргүй нүүрсийг тухайн стандартад тусгаагүй билээ.
13. MNS 6457:2014 стандартын дагуу коксжих чанаргүй эрчим хүчний БТКУС 2701.19.10 кодтой нүүрс нь БТКУС-ийн 2701.12.13 кодтой нүүрсний чанарын хувьд ойролцоо байж болох ч адил төстэй бүтээгдэхүүн биш юм.
14. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М******* ХХК-ийн Шивээ хүрэн боомтоор борлуулсан 2701.19.10 кодтой коксжих чанаргүй, боловсруулаагүй бусад ангиллын 3,460,578.6 тонн нүүрс нь Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр илчлэг 2976-3400к/кал, барьцалдах чанар 0, хөөлтийн зэрэг 0, дэгдэмхий 40-46%, үнслэг 18-23% байсан байх ба 2018 онд эрх бүхий байгууллагаас ашигт малтмалын нөөц ашигласны борлуулалтын үнэлгээ тооцохоор сар бүр зарлаж байсан Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлд заасан ангилал, чанарын үзүүлэлтэд хамаарахгүй буюу олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлд зарлагддаггүй байсан болох нь тогтоогдож байна.
15. Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2.7-д “Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн ижил боомтоор тухайн сард экспортолж байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-т заасны дагуу тодорхойлсон үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-т заасны дагуу тодорхойлно”, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн 2018 онд олборлож, борлуулсан коксжих чанаргүй, боловсруулаагүй, бусад ангиллын 2701.19.10 БТКУС бүхий нүүрсийг гэрээний үнээр баримтлан тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар байна.
16. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан аргачлалд тодорхойлсон үзүүлэлтийг М******* ХХК-ийн экспортолсон 2701.19.10 БТКУС кодтой нүүрстэй харьцуулан үзвэл зах зээлийн үнийн мэдээлэлд илчлэгийн хэмжээг 5000>=4500 гэж заасан бөгөөд Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр нэхэмжлэгч компанийн нүүрсний илчлэг 2976-3400 ккал/кг гэж дүгнэснээс үзвэл нүүрсний чанарын гол үзүүлэлт болох нийт чийгийн хэмжээнд хүрэхгүй байх тул уг нүүрсийг 2701.12.13 БТКУС кодтой боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрстэй ижил ангилал гэж үзэж зах зээлийн үнийн мэдээлэлд сар бүр зарлагдсан гэх үндэслэлгүй юм.
17. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална”, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ын 2.7-д “Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн ижил боомтоор тухайн сард экспортолж байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-т заасны дагуу тодорхойлсон үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалыг 2.1-д заасны дагуу тооцно” гэж заасны дагуу татварын улсын байцаагчид М******* ХХК-ийн 2018 оны 1-9 дүгээр сард экспортолсон 1,987,650.0 тонн 2701.19.10 БТКУС кодтой, боловсруулаагүй, коксжих чанаргүй, бусад төрлийн нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ /хэлцлийн үнэ/ нь бусад аж ахуйн нэгжийн тодорхойлсон үнээс 10-аас дээш хувиар бага байсан гэж үзэж, татвар ногдох борлуулалтын үнэлгээг жишиг үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр, торгууль, алданги нийт 28,624,923,879.41 төгрөгийн төлбөр ногдуулсныг дээрх аргачлалыг буруу хэрэглэн М******* ХХК-ийн үнийг оролцуулан харьцуулах дундаж үнэ гарган борлуулалтын үнэлгээг тооцсон болон 2701.19.10, 2701.12.13 БТКУС кодтой нүүрс нь бусад аж ахуйн нэгжүүдийн дундаж үнээс 10.1-85.1 хувиар өндөр байгааг Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор дүгнэсэн байх тул шүүхээс дахин дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
18. М******* ХХК-ийн экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлох нөхцөл шалтгаан тогтоогдоогүй учир Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалын 2.3-д “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлох”-оор байна.
19. Иймд Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, М.А, И.Х нарын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот акт, тус актын хавсралтын М******* ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрөөс:
Хавсралтын хоёр дахь хэсэг болох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нэмсэн дүнгээр тооцоогүй, буруу хэрэглэж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх заалтыг зөрчсөн АМНАТ-ын 244,993,109,080.23 төгрөгийн зөрчилд 6,833,627,132.26 төгрөгийн нөхөн татвар, 2,050,088,139.68 төгрөгийн торгууль, 1,366,725,426.45 төгрөгийн алданги, нийт 10,250,440,698.39 төгрөгийн төлбөр,
Хавсралтын гурав дахь хэсэг болох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж төлөөгүй 244,993,109,080.23 төгрөгийн зөрчилд 12,249,655,454.01 төгрөгийн нөхөн татвар, 3,674,896,636.20 төгрөгийн торгууль, 2,449,931,090.80 төгрөгийн алданги, нийт 18,374,483,181.01 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь хэсэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, М.А, И.Х нарын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актын Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх хэсгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу 1, 2 дахь хэсэг /актын хавсралтын 2, 3 дахь хэсэг/ болох 15,649,746,203.19 төгрөгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ