Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 048

 

М.Е нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,      

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2020/00487 дугаар шийдвэртэй,  Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух, М.Е, С.Х, Ж.Б, Х.А, Цэнгэл сумын 02 дугаар багт оршин суух С.С, Цэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух К.Б, Цэнгэл сумын 6 дугаар багт оршин суух С.Д, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багт оршин суух Г.Б нарын нэхэмжлэлтэй, Цэнгэл суманд үйл ажиллагаа явуулах, “С” ХХК-нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.            

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Ахмарал, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1)."С" ХХК-ийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 549.500.00 төгрөгийг М.Ед, 1.095.000.00 төгрөгийг С.Хт, 1.047.000.00 төгрөгийг С.Сд, 903.875.00 төгрөгийг Ж.Бд, 904.500.00 төгрөгийг Г.Бд,1.006.625.00 төгрөгийг К.Бт, 570.375.00 төгрөгийг Х.Ат, 973.250.00 төгрөгийг С.Дт, нийт 7.050.125.00 төгрөг гаргуулах,

2). Мөн компанийн санхүүгээс ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 1.800.000.00 төгрөг М.Ед, 1.800.000.00 төгрөг С.Хт, 2.400.000.00 төгрөг С.Сд, 1.950.000.00 төгрөг Ж.Бд, 1.500.000.00 төгрөг Г.Бд, 1.950.000.00 төгрөг К.Бт, 1.950.000.00 төгрөг Х.Ат, 1.800.000.00 төгрөг С.Дт, нийт 15.150.000.00 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсжээ.

 

Нэхэмжлэлд: “”С” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь салбар Ховдголын уурхай анх 2013 оны 4 дүгээр сард үйл ажиллагаагаа эхэлж явуулсан он жилээс эхлэн тухайн уурхайд гомдол гаргагч М.Е, С.Х бид машинистын, С.С, К.Б, Ж.Б, X.А, Г.Б бид операторын, С.Д тогоочийн албан тушаалд томилогдож, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйл ажиллагааг зогсоох хүртэл 5-6 жил тасралтгүй ажиллаж байна. Гэтэл бидний ажил олгогч “С” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь салбар Ховдголын уурхай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс үйл ажиллагаагаа зогсоож, ажилчдын орон тоог цөөрүүлж, ажилчид бидний орон тоог хасаж, ажлаас чөлөөлсөн. Нэр бүхий гомдол гаргагч биднийг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тасалбар болгон чөлөөлсөн. Гэтэл ажилчид бидний орон тоог Ховдголын уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан орон тооны цомхотголын журмаар чөлөөлсөн атлаа ажлаас чөлөөлсөн тушаалд өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хэмээн бодит байдлыг нуун дарагдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж тушаал гаргасан. Бид үйлдвэрийн удирдлагад ажлаас чөлөөлсөн үндэслэлийг зөвтгөх талаар эсэргүүцэл илэрхийлэхэд удирдлагын зүгээс зөвтгөж өгнө гэсэн боловч засаж залруулаагүй.

1. Зүй нь ажилчид бидний орон тоо хасагдаж, бөөнөөр халагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1-д зааснаар шүүхэд гомдол гаргаж ажилчин тус бүр 3 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэхэмжилж байна. Гомдол гаргагч бидний үндсэн цалингийн хэмжээ Хөдөлмөрийн гэрээний 5.1-р заалтын 5.1.1-д зааснаар тогтмол тогтоогдсон тул нотлох баримтаар үнэлж, дундаж цалин тодорхойлох бүрэн боломжтой. Иймд ажилчид бидний 3 сарын цалин хөлсний дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох шийдвэр гаргаж өгнө үү.

2.Гомдол гаргагч бид ажилд томилогдсон мөчөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэл бидний цалин хөлсний 5%-ийг суутган авч, байгууллагад эрсдэлийн сан бий болгож, бидний цалин хөлснөөс хуримтлал буй болгосон байдаг. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар бүлгийн 7.2.5-д “Ажилтны сар бүрийн цалингийн 5%-тай тэнцэх мөнгөн хөрөнгийг суутган авч, эрсдэлийн санд хуримтлуулна. Ажилтан ... эд хөрөнгийн болон сахилгын хариуцлага гаргаагүй бол уг мөнгөн хөрөнгийг ажилтанд буцаан олгоно.” гэж заажээ. Тухайн эрсдэлийн санд хуримтлуулсан мөнгөн хөрөнгө ажилчид бидний цалингийн нэг бүрдэл хэсэг, өөрсдийн хөдөлмөрийн үр дүн, бидний цалингийн хуримтлал учраас бид эд хөрөнгийн дутагдал, хариуцлага хүлээж, төлбөрт суутгуулаагүй нөхцөлд бид буцааж авах ёстой. Нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн тул байгууллагын эрсдэлийн санд байгаа бидний хуримтлалыг байгууллагаас буцаан авч өгнө үү. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн гэрээний 5.1 дүгээр заалтын 5.1.1, 6.2.10, 7 дугаар заалтын 7.2.5-д зааснаар “С” ХХК-аас ажлаас халагдсаны тэтгэмжид М.Ед 1.800.000.00 төгрөг, С.Хт 1.800.000.00 төгрөг, С.Сд 2.400.000.00 төгрөг, К.Бт 1.950.000.00 төгрөг, Ж.Бд 1.950.000.00 төгрөг, С.Дт 1.800.000.00 төгрөг, X.Ат 1.950.000.00 төгрөг, Г.Бд 1.500.000.00 төгрөг, бүгд 15.150.000 (арван таван сая нэг зуун тавин мянган) төгрөг тус тус гаргуулан өгнө үү.” гэжээ.  

 

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад: “Дээрх хуулийн заалтын дагуу ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 1.800.000.00 төгрөг эрсдэлийн сангийн 549.500.00 төгрөг бүгд 2.349.500.00 төгрөгийг М.Ед, С.Хт ажлаас халагдсаны тэтгэмжид 1.800.000.00 төгрөг эрсдэлийн сангийн 1.095.000.00 төгрөг бүгд 2.895.500.00 төгрөг, С.Сд ажлаас халагдсаны тэтгэмжид 2.400.000.00 төгрөг эрсдэлийн сангийн 1.047.000.00 төгрөг бүгд 3.447.000.00 төгрөг, К.Бт ажлаас халагдсаны тэтгэмжид 1.950.000.00 төгрөг, эрсдэлийн сангийн 1.006.625.00 төгрөг, бүгд 2.956.625.00 төгрөг, Ж.Бд ажлаас халагдсаны тэтгэмжид 1.950.000.00 төгрөг, эрсдэлийн сангийн 903.875.00 төгрөг, бүгд 2.853.875.00 төгрөг, С.Дд ажлаас халагдсаны тэтгэмжид 1.800.000.00 төгрөг, эрсдэлийн сангийн 973.250.00 төгрөг, бүгд 2.773.250.00 төгрөг, Х.Ат ажлаас халагдсаны тэтгэмжид 1.950.000.00 төгрөг, эрсдэлийн сангийн 570.375.00 төгрөг, бүгд 2.520.375.00 төгрөг, Г.Бд ажлаас халагдсаны тэтгэмжид 1.500.000.00 төгрөг, эрсдэлийн сангийн 904.500.00 төгрөг, бүгд 2.404.500.00 төгрөг тус тус хариуцагч “С” ХХК-ны санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Тус аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа Ховдголын уурхайн үйл ажиллагааг Хонгконгийн олон улсын арбитрын төвийн 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн НКIАС/РА17079 тоот шийдвэр болон нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/04984 тоот захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 10 дугаар сард зогсоож битүүмжлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор уурхайн ажилтан ажиллагсдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд үүнд нэхэмжлэгч дээрх нэр бүхий иргэд мөн адил багтсан байдаг. Нэхэмжлэгчдийн эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө болох тус компанийн “Ажилтан ажиллагсдын эрсдэлийн санг бүрдүүлэх, зарцуулах журам”-д зааснаар зохицуулагдаж ирсэн бөгөөд тус журмын 4.1-д “... хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан болон дуусгавар болсон тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон тойрох хуудсыг үндэслэн ажилтны эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг буцаан олгоно” гэж заасан. Нэхэмжлэгчид компанийн санхүү хариуцсан албан тушаалтантай эцсийн тооцоо хийж дуусгаагүй, тойрох хуудас бөглүүлээгүй тул уг мөнгөн хөрөнгийг буцаан олгох боломжгүй. Уг тооцоог бүрэн хийж тус мөнгөн хөрөнгөөс хийх ямарваа нэгэн суутгал гараагүй тохиолдолд мөнгөн хөрөнгийг буцаан олгох боломжтой. Мөн нэхэмжлэгчдийн ажлаас халагдсаны тэтгэмж гэх 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 15.150.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан. “С” ХХК-ийн үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 10 дугаар сард гэнэт зогсоон тоног төхөөрөмж, эд хөрөнгөнүүдийг лацдан, уурхайн ажилчдад урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 15.150.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар  сарын 01-ний өдрийн 130/ШШ2020/00487 дугаар шийдвэрээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-ийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 549500 төгрөг М.Ед, 1095000 төгрөг С.Хт, 1047000 төгрөг С.Сд, 903875 төгрөг Ж.Бд, 904500 төгрөг Г.Бд,1006625 төгрөг К.Бт, 570375 төгрөг Х.Ат, 973250 төгрөг С.Дт, нийт 7050125 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “С” ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-ийн санхүүгээс ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө болох төгрөг 1.800.000 төгрөг М.Ед, 1.800.000 төгрөг С.Хт, 2.400.000 төгрөг С.Сд, 1.950.000 төгрөг Ж.Бд, 1.500.000 төгрөг Г.Бд, 1.950.000 төгрөг К.Бт, 1.950.000 төгрөг Х.Ат, 1.800.000 төгрөг С.Дт, нийт 15.150.000.00 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: ““С” ХХК-ны санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох нийт 7.050.125 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр, харин ажлаас орон тоо хасагдсан, ажилтны тоот цөөрүүлсний улмаас чөлөөлсөн нөхцөлд олгох 3сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжид 15.150.000 (арван таван сая нэг зуун тавин мянган) төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч М.Е, С.Х, С.С, К.Б, Ж.Б, С.Д, Г.Б, Х.А нарыг ажил олгогч “С” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь Хонг конгийн Олон Улсын арбитрийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн НК1АС/РА17079 дугаартай шийдвэр, нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/Ш32019/04984 дугаартай захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2019 оны 10 дугаар сард компанийн үйл ажиллагааг зогсоож, хөрөнгийг битүүмжилсэн тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй байна. Ажил олгогч “С” ХХК нь нэхэмжлэгч М.Е, С.Х, С.С, К.Б, Ж.Б, С.Д, Г.Б, Х.А нарыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “талууд харилцан тохирсон” гэх үндэслэлээр “хүсэлтээр чөлөөлөгдсөн” гэж тайлбарлах боловч, нэхэмжлэгч талын хүсэлтээр “бичгээр гаргасан хүсэлт, хурлын тэмдэглэл” зэрэг нотлох баримт шаардсан боловч хариуцагч тал гарган өгч нотолж чадаагүй. Энэ нь нэхэмжлэгч нар “ажлаас хүсэлтээр чөлөөлөгдөөгүй” болохыг нотолж байна. Энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт гаргасан боловч, хэргийг буруу шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт “нэхэмжлэгч нар ажлаас хүсэлтээр чөлөөлөгдөөгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдол гаргах байсан” гэжээ. Нэгэнт ажлын байргүй болсон, үйл ажиллагааг зогсоосон тул нэхэмжлэгч нарын зүгээс Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан үндэслэлээр шүүхэд гомдол гаргах шаардлага үгүй болсныг анхан шатны шүүх зөв дүгнээгүй байна. Нэхэмжлэгч нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хавтаст хэргийн материалаар нотлогдож байх тул хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж төлөх үүрэгтэй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

            Нэхэмжлэгч М.Е нарын 8 хүн хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд үйл ажиллагаа явуулах “С” ХХК-нд холбогдуулан “тус компанийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө 7.050.125.00 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжийн мөнгө 15.150.000.00 төгрөгийг тус тус гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцжээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Е, С.Х, С.С, К.Б, Ж.Б, С.Д нарын 7 хүн нэхэмжлэгч Х.А-ээр шүүхэд төлөөлүүлэхээр итгэмжлэл гаргасан байна.

           

            1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн эхний шаардлага болох тус компанийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө 7.050.125.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

           

2. Нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар 42.1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг хариуцагчаас шаардсан үндэслэлээ ажил олгогч “С” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь салбар Ховдголын уурхай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс үйл ажиллагаагаа зогсоож, ажилчдын орон тоог цөөрүүлж, ажилчид бидний орон тоог хасаж, ажлаас чөлөөлсөн. Гэтэл ажилчид бидний орон тоог Ховдголын уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан орон тооны цомхотголын журмаар чөлөөлсөн атлаа ажлаас чөлөөлсөн тушаалд өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хэмээн бодит байдлыг нуун дарагдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нар нь хэдийгээр ажлаас чөлөөлөгдөхдөө сайн дураараа ажлаас чөлөөлөгдөөгүй, ажилчид бидний орон тоо хасагдаж, бөөнөөр халагдсан гэж маргадаг боловч “С” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 156 дугаартай тушаалаар тус компанийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байрлах Ховдголын уурхайн Лебёдкын машинст ажилтай М.Еыг, 131 дугаартай тушаалаар Лебёдкын машинст ажилтай С.Хийг, 154 дүгээр тушаалаар баяжуулах оператор ажилтай Х.Бийг, 141 дүгээр тушаалаар баяжуулах оператор ажилтай Ж.Быг, 140 дугаар тушаалаар малтуурын оператор ажилтай Г.Б, 169 дүгээр тушаалаар тогооч ажилтай С.Д нарыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг, мөн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 134 дүгээр тушаалаар механизмын оператор ажилтай С.С, баяжуулах оператор ажилтай Х.А нарыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг тус тус үндэслэжээ.

Нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмж авах ёстой гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж хуульчилсан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй ба тэдгээрийн гаргаж өгсөн баримтуудаар нэхэмжлэлийн үндэслэл нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч нар нь ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийг буруу гаргасан гэж маргаж байгаа боловч уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын гомдол улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2020/00487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-ийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН                          

Д.КӨБЕШ