Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2024/0008/З |
Дугаар | 109/ШШ2024/0018 |
Огноо | 2024-06-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 109/ШШ2024/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Д
Хариуцагч: Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад холбогдох “Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын Г.Д-г Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Г.Д-г томилсон шийдвэр гаргахыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М, гэрч А.Э /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Иргэн Г.Д-г Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрлэгчийн албан тушаал томилохоос Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга татгалзсанаар уг маргаан үүсчээ.
2. Нэхэмжлэгч Г.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Н.Б- нь 2023 оны 5 сард өндөр насны тэтгэвэртээ гарч, Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаал дээр сул орон тоо гарсан. Н.Б-ыг түр хугацаагаар Цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон. Ингээд 2023 оны 11 сард тухайн ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлахад 4 хүн өрсөлдсөн бөгөөд би болон надтай өрсөлдсөн 2 хүн нь буюу 3 нь тэнцээгүй, харин тэнцсэн 1 хүн нь хуурамч дипломтой учраас тухайн сонгон шалгаруулалтаар сул орон тоо нөхөгдөөгүй. Ингээд дахиад 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус сул орон тоон дээр зарлагдсан сонгон шалгаруулалтанд би дахин оролцож, 1-р гарч ирсэн. Төрийн албаны Зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2023 он 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгчээр намайг томиуулахаар нэр дэвшүүлж, томилсон шийдвэр гаргахыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М-ад мэдэгдсэн. Гэтэл Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М- нь “2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтыг хангахгүй байна” гэсэн үндэслэлээр намайг Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилохоос татгалзсан хариуг өгөөд байна. Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд тавигдах шаардлагыг нь миний бие хангаж, бүртгүүлж, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Ингэхдээ тухайн үед үйлчилж байсан Боловсролын ерөнхий хуульд заасан болон сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд тавигдах шаардлагыг миний бие бүрэн хангаж байсан. Би 2001 онд Монгол Улсын Багшийн Их сургуулийн Архангай аймаг дахь Багшийн коллежийг “Монгол хэл, уран зохиолын багшаар төгссөн, 2002 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар томилогдон 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл багшаар, 2021 оын 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл арга зүйчээр ажилласан, одоо багшаар ажиллаж байна. 2010 онд Улаанбаатар хотын 106 дугаар сургуульд бага ангийн багшаар 1 жил ажилласан, мөн 2015 юмуу 2016 онд 6 сар арга зүйч хийж байсан. Мөн түүнчлэн Төрийн албаны Зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажпын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд томиолохоос татгалзсан үндэслэлээ тус хугацааг хэтрүүлж татгалзаж байгааг Архангай аймаг дахь Төрийн албан салбар зөвлөл хүлээн аваагүй. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасны дагуу Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын Г.Д-г Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Г.Д-г томилсон шийдвэр гаргахыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Г.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 5 сард манай Чулуут сумын цэцэрлэгийн эрхлэгч өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Тэгээд 11 сард болсон сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй, дараа нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон сонгон шалгаруулалтад оролцож нэгээр гарч тэнцсэн. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоол хүргүүлсэн байдаг. 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлэг мэдүүлсэн. Ингээд Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаас томилох, томилохгүй хариу ирэхгүй байсан учраас 2024 оны 4 дүгээр сард хүсэлтээ өгсөн байгаа. Ингээд томилохоос татгалзсан албан бичиг надад өгсөн. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны салбар зөвлөл 38 тоот тогтоолоор Г.Д-г Архангай аймгийн Чулуут сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр томилуулахаар нэр дэвшүүлсэн. Харин хариуцагч томилох үүрэгтэй байсан боловч 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр буюу 3 сар гарангийн дараа томилохоос татгалзсан. Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасан шалгуурууд хангагдахгүй байна гэдэг үндэслэлээр татгалзсан хариу тайлбар ирүүлсэн байдаг. Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлөөс баталсан сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж уг сонгон шалгаруулалтад тэнцсэн нэгээр гарсан хүний нэрийг дэвшүүлдэг. Ингэж нэр дэвшсэн хүнийг хариуцагч 14 хоногийн дотор татгалзах эрхийг хуульд заасан. Гэвч энэ эрхээ хэтрүүлсэн. Дээрээс нь хууль хэрэглээний хувьд төрийн албаны тогтоол шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй. Тусгай шалгалт хүчин төгөлдөр байгаа тусгай шалгалтын журмыг хүчингүй болгоогүй, төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоол нь хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгч ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох, ажил, хөдөлмөрлөх эрхлэх эрхтэй. Албан тушаалын тодорхойлолтод заасан шалгуурыг бүрэн хангаж байсан. Гэтэл одоо 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тухайн хууль мөрдөгдөхийг мэдэж байсан мөртөө сонгон шалгаруулалтыг зарлангаа томилохоос татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс арга зүйчээр ажилласан хугацаа нь хөндөгдөж эхэлж байгаа ч гэсэн Г.Д- нь 2021 оноос 2023 он хүртэл арга зүйчээр ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн томилох бүрэн бололцоотой байхад томилохоос татгалзаж байгаа нь хуульд зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Тийм учраас Төрийн албаны салбар зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолыг Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 25-ны өдрийн тогтоолын нэг дэх заалтыг биелүүлэх бүрэн боломжтой байгаа учраас уг тогтоолыг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Архангай аймгийн Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр нэхэмжлэгч Г.Д-г томилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
5. Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Чулуут сумын иргэн Г.Д-гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Архангай аймгийн Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад орсон Г.Д- нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтыг хангахгүй байгаа тул томилох боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө ажилласан жилийн асуудлуудтай ер нь маргаагүй. Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын процесстой маргаагүй. Ганц асуудал байгаа, Боловсролын ерөнхий хуулиуд бол шинэчлэгдэн батлагдсан, хууль шинэчлэгдэн батлагдаад ерөнхий орсон зарчмын өөрчлөлт нь шатлан дэвших энэ зарчмыг оруулж ирсэн. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар 10-аас доошгүй жил ажилласан байх, үүнээс 4-өөс доошгүй жил удирдах албан тушаал хашсан байх гэсэн заалт нэмэгдсэн. Цэцэрлэгийн эрхлэгч нь 4 жил арга зүйч хийсэн байх гэдэг тусгай шаардлагууд орж ирчихсэн. Тэгээд энэ тусгай шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байгаа учраас томилж болохгүй ийм нөхцөл байдлууд бий болсон. Төрийн албаны зөвлөлийн тогтоолтой холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан байна. Төрийн албаны тухай хуульд дээд шатны байгууллагын шийдвэрийг хууль зөрчсөн байвал биелүүлэхгүй байх ийм үүрэг, эрх нь байгаа. Тийм учраас нэр дэвшүүлсэн энэ тогтоол нь хуульд нийцэхгүй байх учраас биелүүлээгүй, нөгөө талдаа заавал 14 хоногийн дотор хариу тайлбар гаргаж өгөх шаардлагагүй 30 хоногийн дотор тухайн хүнийг томилоогүй бол татгалзсанд тооцоод дараагийнхаа хүнийг нэр дэвшүүлэх ийм хууль эрх зүйн ойлголт салбар зөвлөлд байгаа гэв.
7. Гэрч А.Э шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “ ... Чулуут сумын цэцэрлэгт 2006 оноос 2012 он хүртэл багшийн албан тушаалд, 2012 оноос 2022 он хүртэл арга зүйчээр ажиллаж байсан, 2013 оны 1 дүгээр сард жирэмсний амралтаа аваад 9 дүгээр сард нь ажилдаа ороод буцаад 2014 оны 10 дугаар сард жирэмсний амралтаа аваад 2015 оны 9 дүгээр сард ажилдаа орсон ... энэ хугацаанд Г.Д- миний оронд ажиллаж байсан ... арга зүйчээр ажиллаж байсан ...” гэв
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд
1.1. Иргэн Г.Д- нь Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилуулахаар нэр дэвшүүлснийг Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01/149 дүгээр албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал)
1.2. Улмаар иргэн Г.Д-гаас 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4., 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
2. Уг хэргийн маргааны үйл баримтыг дурдахад
2.1. Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Н.Б-ын өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийг хүлээн авч, ажлаас нь чөлөөлжээ. Үүний дараа 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/23 дугаар захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалт зохион байгуулагдах хүртэлх хугацаанд Н.Б-ыг түр томилсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дэх тал)
2.2. Улмаар Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргаас 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/177 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тооны захиалгыг хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 193 дахь тал)
2.3. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс дээрх сул орон тоонд 2023 оны 11 дүгээр сарын 1, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус сонгон шалгаруулалт зохион байгуулсан байх бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Р.Н-г тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч боловсролын баримт бичиг нь хуурамч байсан нь тогтоогдсон тул тус сонгон шалгаруулалтыг хүчингүй болгожээ. (2 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал)
2.4. Ийнхүү 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад иргэн Г.Д- 66 оноо, иргэн Э.Ө-н 65.6 оноо авч, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Г.Д-г Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал)
2.5. Иргэн Т гүн овогт Г-н Д нь 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 2001 онд Улсын багшийн их сургуулийн харьяа Архангай аймаг дахь Багшийн коллежийг “Монгол хэл-уран зохиолын багш” мэргэжлээр, 2013 онд Газарчин дээд сургуулийг “Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн” мэргэжлээр бакалавр, 2022 онд Глобал удирдагч их сургуульд Боловсрол судлалын магистр зэрэг тус тус хамгаалсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 50-54 дэх тал)
2.3. Анх Г.Д-г Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2002 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дүгээр тушаалаар тус сумын хүүхдийн цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллуулахаар томилж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 209 дэх тал)
2.4. Үүнээс хойш иргэн Г.Д- нь Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгт 2002-2009 он хүртэл багшаар, 2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 106 дугаар сургуульд багшаар, 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш одоог хүртэл Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллах хугацаандаа 2013 оны 1 дүгээр сараас 2013 оны 9 дүгээр сар хүртэл 8 сар, 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл 11 сар, 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 жил 11 сар 15 хоног Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгт арга зүйчээр тус тус ажилласан байх бөгөөд нийт 22 жил 6 сар багш /арга зүйч/-аар ажиллажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 84-87, 106-110, 121-126, 209 дэх тал)
2.5. Дээрх сонгон шалгаруулалтын дараа, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаар албан бичгээр тус зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаартай тогтоолыг хүргүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангаж, нэр дэвшүүлсэн иргэдийг тухайн албан тушаалд томилсон шийдвэрээ ирүүлэхийг мэдэгджээ. (2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал)
2.6. Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 01/92 дугаартай албан бичгээр Архангай аймгийн Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орсон Г.Д- нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтыг хангахгүй байгаа тул томилох боломжгүй” гэх татгалзлыг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлд хүргүүлсэн байна. Уг албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлөөс 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр “ ... нэр дэвшигчийг татгалзах үндэслэлээ ирүүлэх журамд заасан хугацаа хэтэрсэн тул таны үндэслэлийг хүлээн авах боломжгүй байгааг үүргээр мэдэгдье” гэх хариу хүргүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 33-34 дэх тал)
2.7.Улмаар иргэн Г.Д-гаас Чулуут сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр томилуулахтай холбоотой асуудлаар 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт өргөдөл гаргаж, тус газраас 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01/149 дүгээр албан бичгээр Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтыг хангахгүй байх тул Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилох боломжгүй байгаа талаар мэдэгдсэнээр уг маргаан үүссэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 9-15 дахь тал)
3. Хууль зүйн үндэслэлийн талаар
3.1. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4., 14 дүгээр зүйлийн 14.1.2., Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт зааснаар иргэн Г.Д- нь төрийн үйлчилгээний албан тушаалыг эрхэлж буй төрийн албан хаагч байна.
3.2. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4. дэх хэсэг Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.18.-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж зааснаар Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь төсвийн шууд захирагчид хамаарах бөгөөд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал юм.
3.3. Тодруулбал, төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах ажилтныг сонгон шалгаруулахтай холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 1.1-д “Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмаар зохицуулна.”, 2.1.3.-т Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт: 2.1.3.2.-т “төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт”, 8.5.-д “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог аливаа дараалал харгалзахгүй сонгон шалгаруулж нөхнө.” 12 дугаар зүйлийн 12.1.-д “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ.”, 12.3.-т “Нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно.”, 12.6.-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ.”, 12.7.-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ.”, 12.8.-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийг даалгана.”, 12.10.-т “Нэр дэвшигчийг томилохоос өмнө Төрийн албаны тухай хуулийн 22.1.5-д тавигдсан сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай баримтыг эрүүл мэндийн байгууллагаас, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д заасан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан авсан байна.” гэж тус тус зохицуулжээ.
3.4. Дээрх журмын дагуу явагдсан сонгон шалгаруулалтад иргэн Г.Д- оролцож, хамгийн өндөр оноо авч, Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснийг хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь,
3.5. Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 01/308 дугаартай албан бичгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тооны захиалгыг тухайн албан тушаалыг тодорхойлолтын хамт хавсарган Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлжээ. Тухайлбал, уг албан тушаалын тодорхойлолтын III. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэгт боловсрол: бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх, мэргэжил:сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч, мэргэшил:сургуулийн өмнөх боловсролын менежмент, сэтгэл судлал, туршлага: цэцэрлэгийн багш, арга зүйчийн ажлын нийт 8-аас доошгүй жил хийж гүйцэтгэсэн байх зэрэг шалгуур тавигджээ. (2 дугаар хавтаст хэргийн 24-29 дэх тал)
3.6. Улмаар дээрх шалгуурын дагуу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад иргэн Г.Д- 66 оноо авч, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Г.Д-г Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь тал)
3.7. Гэтэл хариуцагч байгууллагаас 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 01/92 дугаартай албан бичгээр Г.Д- нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтыг хангахгүй гэх үндэслэлээр томилохоос татгалзсан.
3.8. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2. дахь хэсэг Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна: 33.2.2.-т “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэж заасан бөгөөд уг хуулийн заалтыг мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 28.4, 28.5, 33.2 дахь хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тухайлан заажээ.
3.9. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Г.Д- нь хуулийн дээрх зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаанд сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, томилуулахаар нэр дэвшүүлсэн байх бөгөөд уг сонгон шалгаруулалтад холбогдуулан өргөдөл гомдол гараагүй, сонгон шалгаруулалт, түүний үр дүнтэй холбоотой асуудлаар ямарваа маргаан үүсээгүй, тус сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр байна.
3.10. Иймд нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалт, шалгуурын дагуу сонгон шалгаруулалтад оролцож нэр дэвшүүлсэн этгээдийг сонгон шалгаруулалтаас хойшхи хугацаанд шинээр тавигдсан шалгуурт нийцээгүй гэх үндэслэлийг зааж тухайн албан тушаалд томилохоос татгалзсан нь иргэн Г.Д-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.
3.11. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.4.-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тусгайлан заасан зарчмыг хангасан байх шаардлагатай, ийнхүү захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаа /сонгон шалгаруулалт/ нь тухайн иргэний хувьд эрх зүйн үр дагавар үүсгэж, тодорхой үр дагаварт хүргэдэг.
3.12. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтад заасан журмын дагуу шалгуур үзүүлэлтийг ханган оролцож, тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн этгээд нь уг өрсөлдсөн албан тушаалд томилуулах баталгаагаар хангагдах бөгөөд хариуцагч албан тушаалтан нь Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6. дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна.
3.13. Түүнчлэн Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаас иргэн Г.Д-г томилохоос татгалзсан хариуг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01//92 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлд хүргүүлсэн нь Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.6.-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ.” гэж зохицуулсан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
3.14. Нөгөөтээгүүр, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэг “Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь цэцэрлэгт эрхлэгч, ... байна.”, 33.2. дахь хэсэг Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна: 33.2.1.-д “багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн боловсролын удирдлага, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр энэ хуулийн 27.1.2-т заасан мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, төгссөн байх”, 33.2.2.-т “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэж тус тус заажээ.
3.15. Нэхэмжлэгч Г.Д-гийн хувьд, 2001 онд Улсын багшийн их сургуулийн харьяа Архангай аймаг дахь Багшийн коллежийг “Монгол хэл-уран зохиолын багш” мэргэжлээр, 2013 онд Газарчин дээд сургуулийг “Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн” мэргэжлээр бакалавр, 2022 онд Глобал удирдагч их сургуульд Боловсрол судлалын магистр зэрэг тус тус хамгаалсан, 2023, 2024 онд Боловсролын ерөнхий газраас зохион байгуулсан багшийн хөгжлийг дэмжих модуль сургалтад хамрагдсан, 2023 онд Удирдлагын академиас зохион байгуулсан төрийн албан хаагчдад зориулсан сургалтад хамрагдсан, 2002 оноос хойш боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 22 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд 2013 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл 8 сар, 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл 11 сар, 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 жил 11 сар 15 хоног Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгт арга зүйчээр нийт 3 жил 6 сар 15 хоног ажилласан ба 2018 онд заах аргач зэрэг олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 49-73, 84-88, 106-110, 122-126 дахь тал)
3.16. Мөн Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 01/55 дугаар албан бичгээр иргэн Г.Д-гийн Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүргүүлж, тус газраас 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 05/4126 дугаартай албан бичгээр “ ... Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Г-н Д ... ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно ...” гэх хариу хүргүүлж байжээ. (2 дугаар хавтаст хэргийн 2-5, 44 дэх тал)
Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6. дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 4.2.5. дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Д-гаас Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын Г.Д-г Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Г.Д-г томилсон шийдвэр гаргах, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА