Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

 

 

 

2023         01        03                             2023/ДШМ/17

            

    Д.О-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-гийн өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/706 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.О-т холбогдох эрүүгийн 2203003490451 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Д-ийн О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................. төрсөн, ... настай, э..эгтэй, ...... боловсролтой, ..................... мэргэжилтэй............................ ажилтай, ам бүл .., ...................... хамт ............... дүүргийн ... дугаар хороо, ....................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 6 дугаар сарын 23-нд 22 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 3-5 тоотын гадна “Mitsubishi Delica” маркийн 80-19 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “...Жолооч... хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...”, мөн дүрмийн 3.4-д “...Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...”, 12.2-д “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас шороон зам дээр хэвтэж байсан Б.Б-г дайрч, түүний амь насанд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Д.О-ыг өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Д.О-ын ВСDЕ ангиллын 27509 дугаар жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-д 25.000.000 төгрөг оршуулгын зардалд төлсөн, бусад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, “Их Монгол Шувуу” ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/706 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Д.О-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байна.

С.А миний нагац ах болох талийгаач Б.Б-г 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д.О нь автомашинаар дайрч амь насыг нь хохироосон. Үүний улмаас талийгаачийн ээж нь болох 81 настай А.Б нь сэтгэл санаа болон эдийн засгаараа хохирч байна. Учир нь, талийгаач ах маань миний эмээ болох А.Б-тай хамт амьдардаг байсан бөгөөд ахыг нас барснаас хойш эмээ маань ганцаараа амьдарч байна. Эмээг маань асрах хүнгүй хэцүү байна. Эмээ маань байнгын асаргаанд байдаг бөгөөд одоо хүн гуйж байнга асруулж байна.

Тухайн үед Д.О-ын жолоодож явсан машин нь бүрэн бүтэн техникийн шаардлага хангасан байсан бол ах маань амьд байх боломжтой байсан. Талийгаачийн ажил явдал дээр Д.О болон түүний ах, дүүсээс хүмүүс ирээгүй, эмээ болон манай ах, дүү нараас уучлалт гуйгаагүй. Д.О нь оршуулгын зардал гэж 25.000.000 төгрөг төлсөн. Талийгаачийн ээж болох А.Б болон ах, дүү нар нь мөн миний зүгээс шүүх Д.О-т хэт хөнгөн ял оногдуулж ял завшуулж байгаад гомдолтой байна.

Иймд Д.О-т 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг зөрчсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-гийн өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.О нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатнаас анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн, мөн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Миний үйлчлүүлэгч хохирогчийн талаас уучлалт гуйхаар хэд хэдэн удаа очсон боловч гэрт нь орох зүрх хүрээгүй учир дүү нараараа уучлалт гуйлгуулсан гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдолд дурдсанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй болсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 6 дугаар сарын 23-нд 22 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 3-5 тоотын гадна “Mitsubishi Delica” маркийн 80-19 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “...Жолооч... хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...”, мөн дүрмийн 3.4-д “...Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...”, 12.2-д “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас шороон зам дээр хэвтэж байсан Б.Б-г дайрч, түүний амь насыг хохироосон болох нь:

Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст 22:11:34 цагт амьсгаадаад машинтай дээгүүр гарсан гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа /1 хх 5/,

тээврийн цагдаагийн албаны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 7-23/,

жолооч Д.О-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /1 хх 6/,

2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд /1 хх 26-27/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-гийн “...Талийгаач Б овогтой Б нь 1966 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Бага насаа эцэг, эхийн гар дээр Био комбинатын Сонгинын аманд өнгөрөөсөн. Эцэг нь түүнийг бага байхад нь нас барсан гэж сонссон. Би түүний аавын талаар мэдэх зүйл байхгүй байна. Нийслэлийн 10 дугаар дунд сургуульд 1974-1982 онд сурч, 8 дугаар анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, Сургуулиа төгсөөд “Говь” ХХК-д 2 жил туслах ажилтнаар ажиллаж байгаад 1984 оноос Дорноговь аймгийн Зүүн баянгийн 169 дүгээр цэргийн ангид 3 жилийн цэргийн алба хаагаад, 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Сүлжмэлийн үйлдвэрт 3 жил засварчнаар ажиллаж байгаад дараа нь Сонгинын амралтад гахай маллагч, галч, туслах ажилтнаар 5-6 жил ажиллаж байгаад түүнээсээ гараад үйлдвэр комбинатад подвал түрээсэлж, захиалгаар гутал хийх ажлыг хувиараа 7-8 жил хийсэн. Тэрнээс хойш ажил хийхгүй гэртээ байдаг байсан. 1997 онд Эрдэнэтунгалаг гэх эмэгтэйтэй гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2003 онд хүүтэй болсон. 2005 оны үед эхнэрээсээ салаад түүнээс хойш ганц бие амьдарч байсан. Түүнээс хойш эхнэр, хүүхэдтэйгээ холбоогоо тасалсан, огт холбогддоггүй байсан. Хүү нь одоо Солонгос Улсад байдаг гэж сонссон. Яг хаана байдаг талаар нь бол мэдэхгүй. Салсан эхнэрийг нь хаана байдаг талаар нь мэдэхгүй. ...Миний ах нь бусдад тусархуу, ямар ч хүнд гэм хоргүй, сүүлийн жилүүдэд архи уудаг болчихсон болохоос биш мөрөөрөө, хорхойд ч хоргүй хүн байсан. ...Зам дээр байж байгаа хүнийг мөргөж амь насыг хохироосонд нь маш их гомдолтой байна. Оршуулгын зардлыг нэхэмжилнэ. 80 гарсан хөгшин ээж нь сэтгэл санааны маш хүнд дарамтад байна, гөлрөөд л суугаад байдаг болчихлоо. Өөр нэмж ярих зүйл байхгүй. /1 хх 36/,

“Их Монгол шувуу” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б.Самбасүндэвийг төлөөлөгчөөр оролцуулах тухай албан бичиг /1 хх 38/,

иргэний хариуцагч “Их Монгол шувуу” ХХК-ийн төлөөлөгч Б.С-ийн “...Би 2012 оноос “Их Монгол шувуу” ХХК-д ажиллаж байна. Одоо аж ахуйн албаны даргаар ажилладаг. Манай компани нь аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 80-19 УНА улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгсэл нь манай компанийн эзэмшлийн машин байгаа юм. Тухайн машиныг Д.О унаж яваад зам тээврийн осол гаргасан гэж сонссон. Осолтой холбоотой мэдэх зүйл байхгүй байна. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Д.О нь манай компанийн техникийг хариуцдаг хүн байгаа юм. Манай компанийн зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” /1 хх 42/,

гэрч Д.Т-ийн “...гөхххх гэх чанга чимээ сонсогдохоор нь эргээд хартал нөгөө цагаан өнгийн машин замын замын баруун талын хонхорхойд байх нэг зүйл дээгүүр овгоноод зүүн гар талын 2 дугуйгаараа гараад явж байсан. Тэр машин чигээрээ яваад баруун талын зүүн тийшээ харсан хаалгатай хашааны үүдэнд очоод зогссон. Тэр машиныг овгоноод гарсан зүйлийг нь харахад засмал замын баруун талд шороон зам дээр тогтсон шалбааг усны дэргэд хэвтэж байсан хүн дээгүүр дайраад гараад явчихсан байсан нь харагдсан. Гөхххх гэх чимээ нь болохоор тухайн хүнийг дайраад тэр нь машинд чирэгдэх чимээ нь байсан юм билээ. Тэгээд цагаан өнгийн машины жолооч машинаа зогсоогоод буугаад ирсэн. Тэгэхээр нь би түүнд “та сая хүн дайрчихлаа шүү дээ “ гэж хэлэхэд “өө яана аа” гээд уулга алдаад ах шууд цагдаа руу өөрөө дуудлага өгсөн. Жолооч нь машиндаа ганцаараа явж байсан бөгөөд настайвтар эрэгтэй хүн байсан. Удалгүй түргэний машин ирж үзээд тухайн хүнийг нас барсан гэж хэлчихээд яваад өгсөн. Түүний дараа цагдаа нар ирээд үзлэг хийсэн...” /1 хх 46/,

гэрч С.И-ын “...Д.О-той би 2013 онд анх танилцаж байсан. Түүнээс хойш мэднэ. ... 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Монголика” ХХК-ийн хашаанд төрсөн хүү Бат-Уудамын хамт гагнуурын ажил хийж байгаад орой 21 цаг өнгөрч байх үед харих гээд Приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн машинтайгаа хөдлөөд хүүгийнхээ хамт Биогийн гүүр өнгөрөөд хурд сааруулагч дээр хурдаа сааруулаад явж байхад засмал замын баруун гар талд замын баруун хажуугийн хурд сааруулагч, явган хүний гарцын тэмдэглэгээний харалдаа ертөнцийн зүгээр баруун талд засмал замын хучилтын шорооны налуу хэсэг дээр толгой нь зүүн тийш буюу зам руугаа харсан, баруун хажуу талаараа хэвтсэн байрлалтай нэг хүн хэвтэж байгаа харагдсан. Тухайн үед гадаа нар шингэсэн харанхуй болчихсон, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Би өөрөө машинаа унаад жолооч талын цонх онгорхой явсан бөгөөд хурд сааруулагч дээр хурдаа хасаад зогсоод гарах үедээ цонхоороо нэг эрэгтэй хүн хэвтэж байгааг харсан. Нэлээн ойроос харсан. Би бол хөдөлж байсан үгүйг нь мэдэхгүй байна. Унтаж л байх шиг байсан. Замаас нэг их холгүй замын хажуугийн налуу шороон дээр хэвтэж байхыг хараад би хамт явсан хүүдээ энд нэг хүн хэвтэж байна гэж хэлэхэд өндийж харчихаад бид хоёр цаашаа явсан. Тэр үед би машиныхаа гэрлийг асаачихсан явсан. Тэр өдөр Отой хамт гагнуурын ажил хийсэн. Маргааш өглөө нь дуусаагүй ажлаа үргэлжлүүлэн хийхээр О руу залгахад өчигдөр орой замын хажууд байсан хүнийг харалгүй машинтайгаа дээгүүр нь гарчихсан гэж хэлэхээр нь намайг ажил тараад явж байхад замын хажууд нэг хүн хэвтэж байсан тэр хүнийг л дайрчихаж дээ гэж түүнд хэлсэн. ...Тухайн хүн нь цагаан саарал өнгийн подволктой, хар хөх өнгийн өмдтэй байсан. Гутлыг нь бол анзаараагүй. Тачирхан үстэй хүн байсан. Би таньдаг хүн байж магадгүй гээд нэлээн сайн харсан. Тухайн үед хувцас хунар нь шавар шавхай болоогүй байсан...” /1 хх 48/,

гэрч И.Б-ын “...Д.О ахыг танина. Манай аавтай хамт ажил хийдэг бөгөөд би аавыгаа дагаж гагнуурын ажил хийж байхдаа тэр ахыг таньдаг болсон. ...Тэгэхэд аав надад жолооч талын цонхоороо харчихаад тэнд нэг хүн хэвтэж байна гэхээр нь өнгийгөөд аавын талын цонхоор харахад замын хурд сааруулагч, явган хүний гарцын тэмдгийн баруун харалдаа, замын баруун хажуугийн хөвөө хэсгийн налуу шороон дээр, баруун гар талаараа толгой хэсэг нь зам руу буюу зүүн тийш харсан эрэгтэй хүн байсан. Тэр хүн цагаан саарал өнгийн фудволктой, хар хөх өнгийн өмдтэй байсан. Бусад зүйлийг ажиглаагүй. Тэгээд л аав бид хоёр цаашаа давхиад харьсан. Ойр хавьд өөр хүн, машин тэрэг байсан эсэхийг анзаараагүй. Тухайн үед гадаа харуй бүрий болчихсон, нар шингэчихсэн байсан. Аав машины гэрлээ асаачихсан явж байсан. Тухайн хүн нь цагаан саарал ангийн фудволктой, хар, хөх өнгийн өмдтэй байсан. ...Хувцас нь миний харсан өнцгөөс шавар шавхай болсон зүйл байгаагүй. Тухайн хүнийг хэвтэж байхыг харчихаад өнгөрөөд 500 метр орчим явчихаад хүнтэй утсаар ярьсан цагаа харахад 21 цаг 31 минутад ярьсан байна. Тэгэхээр аав бид хоёр тэр хүний хажуугаар 21 цаг 25-30 минутын хооронд л өнгөрсөн болж таарч байна. Нар шингээд удаагүй байсан...” /1 хх 50/,

гэрч Ц.Б-ны “...Д.О гэх хүнийг танина. Тэр манай тэнд буюу хоршооллын байранд амьдардаг хүн байгаа юм. Ойрхон амьдардаг гэдэг утгаараа таньдаг. Найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Талийгаач Б.Б нь миний төрсөн дүүгийн нөхрийн төрсөн ах нь байгаа юм. Бид хоёр багаасаа нэг доор Био комбинатад өссөн хүүхдүүд байгаа юм. Би түүнийг бага байхаас нь мэднэ. ...2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед тагт /зүүн тийш харсан/ дээрээ гараад тамхи татаад зогсож байтал манай байрны хойд талаар баруун зүг рүү Б ганцаараа алхаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би түүнийг явж байна даа гэж харчихаад тамхиа татчихаад гэртээ орсон. Түүнтэй ямар нэгэн зүйл яриагүй холоос харсан. Тэр цагаан саарал өнгийн фудволктой, хар хөх өнгийн өмдтэй явсан. Ойртож уулзаагүй учраас эрүүл, согтуу байсныг мэдээгүй. Түүнээс хойш түүнийг дахиж хараагүй, түүнтэй уулзаагүй байж байтал орой 22 цагийн үед түүнийг осолд орсон гэж хүргэн дүү Чинзоригоос сонссон...” /1 хх 52/,

гэрч Ц.Н-н “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нисэхэд гэртээ байж байтал манай найз Т.Б над руу 19 цагийн үед залгаад манай Биогийн хашаанд гялс хүрээд ир машины юм үзүүлэх гэсэн юм гэхээр нь хашаандаа хийж байсан зүйлээ дуусгачихаад нэлээн байж байгаад өөрийнхөө 79-97 УНН улсын дугаартай хар, саарал өнгийн /Асфальтан саарал гэж ярьдаг/ Ланд-200 маркийн машинаа жолоодоод ганцаараа очсон. Хэдэн цагийн үед очсоноо бол сайн санахгүй байна. Намайг очиход бол гадаа гэгээтэй, нар арай жаргаагүй байсан. Биндэръяагийн хашаа урагшаа харсан гүйдэг том хаалгатай бөгөөд би хашааны хаалганы гадна талд баруун тийш нь хашаа руу шахаж машинаа зогсоогоод орсон. Тэгээд хашаанд нь ороод машиных нь эвдэрсэн зүйлийг нь үзээд байж байхдаа том хаалгаар урагшаа харахад засмал замын баруун талд баруун тийш салдаг буюу хашаа руу салдаг шороон замтай уулзварын баруун урд хэсэгт /салсан шороон замаас жоохон урагш/ толгой хэсэг нь зам руу зүүн тийш харсан цээжээрээ цайвар өнгийн, доогуураа бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн хэвтэж байгаа харагдсан. Хөдөлж байсан үгүйг анзаараагүй. Зайнаас хальт хараад л өнгөрсөн. Хашааны том хаалга нээлттэй байсан болохоор урагш харахад харагдаж байсан. Тэгээд машиныхаа талаар юм яриад эвдэрсэн зүйлийг нь үзээд байж байтал харанхуй болчихоор нь би явлаа гээд яваад өгсөн. Хэдэн цагийн үед гэдгийг бол мэдэхгүй байна. Намайг явахын өмнө Биндэръяагийн дүү нь гээд приус-2-той эрэгтэй ирж байсан. Би түүнийг бол танихгүй. ... Хэвтэж байсан хүний урд талд шонгийн мод түүний баруун талд нь хонхорхойд тогтоол ус буюу шалбааг байсан. Би тэр хүнийг харчхаад замын уулзвар руу орохдоо замынхаа зүүн гар тал руу шахаж хойд хэсгийг барьж замдаа ороод баруун гар тал руугаа эргэж урагш явсан. Хөдлөөд явахдаа нэг их хүчтэй давхиагүй миний машин механик бөгөөд зам нь хурд сааруулагчтай байсан. Намайг явснаас хойш тухайн хүнийг дайрсан асуудал гарсан байсан. Би бол зам руу нийлэхдээ тэр хүнээс маш холуур замдаа орж явсан. Ганцаараа явсан бөгөөд тэгээд шууд гэртээ харьсан...” /1хх 54-55/,

Шинжээч эмч Б.Б-ын “...Талийгаач Б.Б-д учирсан гэмтлүүд нь нэг удаагийн автомашины дайрагдалтын үед үүсэх боломжтой гэмтэл юм...” /1 хх 61-62/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1745 тоот цогцост үзлэг хийсэн дүгнэлт /1 хх 64-67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 3335 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 82-83/,

2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 86-92/,

2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 93-94/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2136 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 98-103/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн 2137 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 108-113/,

Авто тээврийн үндэсний төвийн 1138694940 дугаар дүгнэлт /1 хх 122-124/,

2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 904 дүгээр мөрдөгчийн магадлагаа, дүгнэлт /1 хх 129-131/,

Их Монгол шувуу” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг /2 хх 39/,

Б.Б-гийн нас барсны гэрчилгээ, лавлагаа /1 хх 160, 164/, Капитрон банкны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орлогын баримт /2 хх 11/, шүүгдэгч Д.О-ын гэм бурууг хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.О-ыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-гаас “...Анхан шатны шүүхээс Д.О-т хөнгөн ял шийтгэл оногдуулсан учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж зааснаас өөрөөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах болон хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/706 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                          ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                         ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ

 

                                    ЕРӨНХИЙ

                                          ШҮҮГЧ                                Б.ЗОРИГ