Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0260/з |
Дугаар | 464 |
Огноо | 2018-11-19 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 464
Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй,
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот хашааг Ц.Б-т, 128 тоот хашааг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0323 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0458 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч П.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0323 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Ц.Б, С.Л нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот газрыг Ц.Б-т, Тахилтын 6 дугаар гудамжны 128 тоот газрыг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0458 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын гомдол “... давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 20.1.1 “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”-д заасны дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн “Ц.Б, С.Лахгваа нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6-109 тоот газрыг Ц.Б-т, Тахилтын 6-128 тоот газрыг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвар гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх үндэслэлийг нэг мөр тодруулж холбогдох нотлох баримтыг цуглууж хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт өгч маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болно.
6. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 6-109, 6-128 тоот хаягтай 1400 метр кв хэмжээ бүхий газруудыг 2011 оноос хойш эзэмшиж ирсэн гэх ба эзэмшил бүхий газруудыг бусдад эзэмшүүлэхдээ давхцуулж олгосон өөр этгээдэд эзэмшүүлсэн гэж байх боловч нэхэмжлэгч нарын энэ үйлдэл нь газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/, 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/-т заасныг зөрчсөн үйлдэл болохоос нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг нотлох үйл баримт биш юм.
7. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 218 дугаар захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-77 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг С.Т-д, Тахилтын 6-93 тоот хаягт байрлах 700 м.кв газар эзэмших эрхийг А.Б-оос С.Э-д шилжүүлэн, амины хашааны зориулалтаар, 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг захирамжаар С.Т, С.Э нарын эзэмшсэн нэгж талбарын 18626312372020, 18626312393030 (2009 оны 1 дүгээр сарын архивт уг нэгж талбарын дугаар нь 18626312393034 болж давхцалгүйгээр өөрчлөгдөн бүртгэгдсэн) дугаартай газар нь нэхэмжлэгч нарын “... 2011 оноос эхлэн хашаалж”, дүүргийн Засаг дарга (Газрын алба)-д хандаж 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Б-аас “... Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот” гэх хаягаар, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр С.Л-гаас “... Тахилтын 6 дугаар гудамжны 128 тоот” гэх хаягаар 0.07 га газар тус тус эзэмших хүсэлт гаргасан газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэжээ.
11. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Б, С.Л нар маргаан бүхий газрыг анх 2011 онд хашаалах үед, түүнчлэн, 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр уг газрыг эзэмших хүсэлтээ дүүргийн Засаг даргад анх гаргах үед, маргаан бүхий газар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 218 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр олгогдсон байх тул хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас бусдын эзэмших эрх нэгэнт үүссэн газарт давхцуулж, Ц.Б, С.Л нарт газар эзэмшүүлэх боломжгүй, энэ үндэслэлээр, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоох, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... /бидний/ хүсэлт гаргасан газар нь ... С.Э, С.Т нарт эзэмшүүлсэн газар биш, байршлийн хувьд өөр газрууд...” гэх боловч, нэхэмжлэгч талаас анх шүүхэд гаргаж өгсөн “Э С” ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг “алдаатай” болох нь тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Х х” ХХК-д хандаж хийлгэсэн маргаан бүхий газруудын кадастрын зургийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан, Ц.Б-ын эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь С.Т-ийн нэгж талбарын 18626312372020 дугаар бүхий газартай бүхэлдээ, С.Л-гийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь С.Э-ийн нэгж талбарын 18626312393034 дугаар бүхий газартай бүхэлдээ давхцалтай болох нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/144, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/795 тоот албан бичгүүд, хавсралт зураг, “Х х” ХХК-ийн үйлдсэн кадастрын зургуудаар тогтоогдсон байна.
13. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... С.Э, С.Т нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар 6-77, 6-93 гэх хаягт газар олгосон байдаг, ...анх 3-05, 3-11 гэсэн өөр хаягт газар эзэмшүүлсэнийг гараар засварлаж, 6-77, 6-93 болгож өөрчлөн хүсэлт гаргасан, ... дүүргийн Засаг даргын гарын үсгийг дуурайлган зурж, он сар өдөргүй, нөхөн олгов тэмдэг дарж, захирамж гаргуулсан” гэх зэргээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 218 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн үйл баримтад холбогдуулан маргасан, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, газрын давхцлын талаар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 218 дугаар захирамжаар “түрүүлж хүсэлт гаргасан” гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцсэн” талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.
14. Өөрөөр хэлбэл, 2011 онд маргаан бүхий газарт “... анх очиж, хашаалсан” гэх нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 218 дугаар захирамжаар гуравдагч этгээд С.Т, С.Э нарт уг газрыг эзэмшүүлсний улмаас хөндөгдсөн гэж шүүх дүгнэх боломжгүй юм.
15. Түүнчлэн, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр анхан шатны шүүхэд хандаж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 64 дүгээр заалт, 2 хавсралтын 30 дугаар заалтыг түдгэлзүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэх хүсэлтийг бичгээр гаргасан, Д.Ц 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөн шүүхэд хандаж, дээрх нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд “нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар” тодорхойлохдоо “Ц.Б, С.Л нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот газрыг Ц.Б-т, Тахилтын 6 дугаар гудамжны 128 тоот газрыг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” гэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
16. Иймд, “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлээгүй”, “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхийг шүүх хангаагүй” гэж үзэх үндэслэлгүй давж заалдах шатны шүүх “... /нэхэмжлэгч/ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнээ татгалзаж байна гэх хүсэлтийг гаргасан нь эргэлзээтэй байхад, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсан нь түүний хүсэл зориг байсан эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн буруу” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ... заасны дагуу ... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ... /байхад/ давж заалдах шатны шүүх /буруу дүгнэлт хийсэн/” гэх гомдол үндэслэлтэй, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0458 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА