Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 579

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2015/01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: “...Х ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 48 дугаар “Санал ирүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах талаар маргаж байгаа юм. Уг тогтоолыг үндэслэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015/01 дүгээр дүгнэлтийг гаргасан. Гэтэл уг дүгнэлтийг нэхэмжлэгчид албан ёсоор танилцуулаагүй, мэдээгүй байхад гаргасан байдаг.  

Мөн тус аймгийн шүүхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 6/69 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн маргаан бүхий 48 дугаар тогтоолд аль хэдийн хариу ирүүлсэн байдаг бөгөөд уг хариунд “тусгай зөвшөөрлийг нь цуцлах дүгнэлт гаргуулах тухай танай ирүүлсэн албан хүсэлттэй танилцлаа. Тогтоол дээрх үндэслэл нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болохгүй гэж үзэж байна.” гэсэн хариуг ирүүлсэн хэрнээ 5 сарын дараа ийнхүү тодорхойгүй үндэслэлээр нэг асуудалд 2 өөр дүгнэлт  

Манай зүгээс хууль тогтоомжид заасны дагуу байгаль орчны төлөвлөгөөг цаг тухай бүрт нь холбогдох эрх бүхий албан тушаалтнаар батлуулсаар ирсэн. 

Гэтэл уг дүгнэлтэд “... “Х” ХХК нь байгаль орчны менежментийн болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэд сумын Засаг даргад танилцуулаагүй, орон нутгийн хөгжил, ард иргэдийн уламжлалт мал аж ахуйг дэмжих талаар тодорхой хийсэн ажилгүй талаар нутгийн удирдлага мэдээлсэн. ...мөн талбайн ойролцоох нуур, гол ширгэсэн, булгийн эхэнд цооног өрөмдсөнөөс хойш усгүй болсон... гэж сумын удирдлага үзэж байна.” гэж үндэслэл болгосон байдаг. Уг дүгнэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэж хийсэн дүгнэлт байдаг. Мөн хуульд зааснаар уулын ажлын төлөвлөгөөг орон нутгийн Засаг даргад танилцуулна гэж заагаагүй байдаг. 

Нэхэмжлэлийн шаардлагаа 4 үндэслэлээр гаргасан. Үүнд: 

1. Ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1/373 дугаар, 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/148 дугаар албан бичгээр нотлогддог. Найдвартай татвар төлөгч компаниудаас жил бүр 50.000.000 төгрөг буцалтгүйгээр байршуулдаг хэмээн 100.000.000 төгрөг нэхэж эхэлснээр уг ашиг сонирхолын зөрчил эхэлсэн ба хэрвээ уг мөнгийг төлөхгүй бол үйл ажиллагааг зогсооно гэдэг байсан. Нутгийн иргэдийг ажлын байраар хангана гэхээр зөвшөөрөхгүй, үйл ажиллагааг чинь зогсоож, нинжа нарыг оруулна гэдэг. “О” ГҮТББ нь гар аргаар алт олборлогчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага бөгөөд гар аргаар алт олборлогчдоо талбайд оруулна гэдэг.

2. Харин энэ дүгнэлт хэлбэрийн хувьд илт хууль бус, ямар удирдамжийн дагуу хэн гэдэг албан тушаалтан үйлдсэн болох нь тодорхойгүй, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон дүгнэлт нь тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд Гозгор цагааны талбайд гарсан байдаг. Гэтэл манай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Цагаан гозгорын тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай. Маргаан бүхий актыг гаргасан этгээдийн гарын үсэггүй, албан бланк дээр үйлдээгүй, тамга, тэмдэг дарагдаагүй, талбайд үзлэг хийсэн гэх атлаа манай компаниас эрх бүхий этгээдийг оролцуулаагүй, хяналт шалгалт хийх талаар мэдэгдээгүй. “...“Х” ХХК-ийн талбайн харуул А.Аийг байлцуулан талбай дээр хэмжилтийг хийсэн” гэдэг. А.А нь “Х” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш, талбайн харуул. “Олборлолтын ажил хийгдсэн цэгүүдэд хэмжилт хийхэд хэмжилтээр тогтоогдсон цэгүүд нь 201/А тоот тусгай зөвшөөрлийн талбайд хэмжилт хийсэн” гэж тэмдэглэсэн байна. Гэтэл “Х” ХХК-ийн захирал, эсхүл эрх бүхий этгээдийг оролцуулаагүй тул ямар цэгт хэмжилт хийсэн нь тодорхойгүй. 

Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ.”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана.” гэж заасаар байтал бидний зүгээс өнөөдрийг хүртэл уг хяналт шалгалттай холбоотой баримт бичгүүд болох эрх бүхий этгээдийн удирдамж, шалгалтын тэмдэглэл гэх баримтуудыг хараагүй байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05/2913 дугаар тус шүүхэд ирүүлсэн албан бичигт: “дүгнэлт гаргах байнгын ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн 2015/01 тоот дүгнэлтийг хүргүүлэв.” гэсэн атлаа уг дүгнэлтэд ажлын хэсгийн нэг ч хүний гарын үсэггүй, баталгаажуулсан тус яамны тамга, тэмдэг дарагдаагүй байдаг. 

3. Агуулгын хувьд тайлбарлахад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны шинжээч Цээлийн нуур, Шар усны гол ширгэсэн, булгийн эхэнд цооног өрөмдсөнөөс усгүй болсон гэж дүгнэсэн байдаг бол Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтэд “Х” ХХК-ийн уурхайн олборлолтын талбайгаас баруун хойш 6.5 км-т, Цээлийн нуураас баруун хойш 28 км-т байрлах ба тус компанийн өмчлөлийн гүний худгаас баруун хойш 8 км-т Шар усны гол, уг худгаас зүүн урагш 20 км-т Цээлийн нуур оршдог гэдгийг дурдсан байдаг. Тиймээс 8 км, 20 км-ийн цаана байгаа газрыг манайд хамааруулж үзэх нь зохисгүй. Мөн шинжээчийн дүгнэлт дээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт холбогдох хэрэгт шинжээчээр томилогдсон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Т, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Хонгор нар “Х” ХХК-ийн захирал Б.Б, Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Орхонтуул сумын Засаг дарга нарын төлөөлөл болон Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А******* нарын бүрэлдэхүүнтэйгээр 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрүүдэд ажилласан гэдэг. Гэтэл маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа талбайн харуул А.Аийг оролцуулдаг. Манай компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах гэж байгаа бол эрх бүхий этгээдэд мэдэгдэж, оролцуулах ёстой байсан ч оролцуулаагүй. Мөн “Орхонтуулын хишиг” ТББ-ын тэргүүн П.Д*******г оролцуулсан ч нэрийг нь бичээгүй байдаг. Ийнхүү манай байгууллагын эрх бүхий этгээд оролцоогүй учир ямар газар шинжилгээ хийснийг нь сайн мэдэхгүй байна.

4. 2015 онд Монгол Улс 12.6 орчим тонн орчим алт олборлосон байдаг. Түүний 6 тонныг аж ахуйн нэгжүүд, үлдсэнийг бичил уурхай эрхлэгчид буюу гар аргаар алт олборлогчид олборлосон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын усны татвар, газар эзэмшлийн төлбөр, хүн амын орлогын албан татвар, нөөц ашигласны татвар зэрэг багасч байгаа.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2015/01 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. ” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дараах 3 үндэслэлээр уг дүгнэлтийг илт хууль бус болох талаар тайлбарыг хэлье. Үүнд: 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасны дагуу маргаан бүхий дүгнэлтийг хэн гаргасан нь тодорхойгүй, хаяг, дүгнэлт гаргасан этгээдийн нэр, албан тушаал, гарын үсэг, тамга тэмдэггүй байдаг. Засгийн газрын 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 53 дугаар тогтоолд зааснаар Төрийн захиргааны байгууллагын албан бичиг нь тодорхой стандартын дагуу бичигдэх ёстой. Ийнхүү уг дүгнэлт нь төрийн захиргааны байгууллагын албан бичгийн бүрдэл буюу баталгаажуулалтын бүрдлийг хангаагүй гарсан байгаа юм. 

2. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг тодорхой заасан. 

Дээрх хоёрт үндэслэн тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй.” бол илт хууль бус гэж үзнэ. 

Мөн хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй.” гэж заасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар дүгнэлт гаргасан байдаг ба энэхүү заалтаар дүгнэлт гаргах хязгаарыг тогтоосон. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлт хийгдээгүй тохиолдолд дүгнэлт гаргах талаар зохицуулсан байгаа юм. Гэтэл хариуцагч нарын маргадаг гол шалтгаан нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, “Х” ХХК нь байгаль орчны менежментийн болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэд, сумын Засаг даргад танилцуулаагүй, орон нутгийн хөгжил, ард иргэдийн уламжлалт аж ахуйг дэмжих талаар тодорхой хийсэн ажилгүй талаар нутгийн удирдлага мэдээлж байсан, мөн ашиглалтын талбайн ойролцоох Цээлийн нуур, Шар усны гол ширгэсэн, булгийн эхэнд цооног өрөмдсөнөөр усгүй болсон, ус татах худагт тоолуур тавиагүй зэрэг байгаа юм. Эдгээр нь дүгнэлт гаргах хүрээ хязгаарт хамаарахгүй. Харин энэ хэсгийн төгсгөлд нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж орж ирсэн байдаг. Бас нэг асуудал нь энэ нөхцөл байдлууд шалгалтаар тогтоогдсон гэдэг. Гэтэл аль талбайд хэмжилт, шалгалт хийсэн нь тодорхойгүй байдаг бөгөөд уг дүгнэлттэй холбоотой цорын ганц нотлох баримт нь уг ажлын хэсгийн шалгалт юм. Мөн шалгалт хийх талаар удирдамж “Х” ХХК-д танилцуулаагүй, тус компанийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хийсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-дэх заалтыг зөрчсөн. 

Түүнчлэн уг дүгнэлт гарахаас 5 сарын өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нутгийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулах хүсэлтэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас хариу өгч “тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болохгүй, тиймээс Мэргэжлийн хяналтын газар хандаж шалгуулах эрхтэй” талаар дурдсан байсан. Ийнхүү богино хугацаанд нэг байгууллагаас 2 өөр хариу ирсэн нь ойлгомжгүй байгаа юм.

3. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар уг дүгнэлт нь утга агуулгын илэрхий алдаатай байгаа юм. Дүгнэлтийн нэгдүгээр хэсэгт 201Х дугаар тусгай зөвшөөрөл гэж дурдсан байдаг. 201Х, дугаар бүхий тусгай зөвшөөрөл нь эрх зүйн үр дагаврын хувьд хоорондоо ялгаатай. Дүгнэлтэд Гозгор цагааны алтны орд гэсэн байдаг, гэтэл манай компани Цагаан гозгор гэх талбайд тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Мөн дүгнэлтэд 42 дугаар тогтоолд үндэслэн дүгнэлт гарсан гэсэн ч 48 дугаар тогтоолд үндэслэн уг дүгнэлт нь гарсан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлын хэсэгт орсон этгээдүүдийн одоо шүүх хурал дээр дурдаж байна.  Гэтэл ажлын хэсэгт орсон ажилтнуудын гарын үсэг дүгнэлт дээр байдаггүй. 

 Нөхөн сэргээлт хийгдээгүй юм бол тодорхойлох хэсэгтээ ямар үйл ажиллагаа явуулсныг тодорхой дурдаагүй. Дээр нь ажлын хэсгийн авсан фото зургуудаас харахад уг нөхөн сэргээлт хийгдээгүй гэгдэх 0.2 га газар нь , *******А дугаар болон хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа 2 тусгай зөвшөөрлийн талбайн алинд хамаарч байгаа нь тодорхойгүй. Хамгийн гол нь шалгалт хийхдээ дугаар тусгай зөвшөөрлийн талбай, *******А тусгай зөвшөөрлийн талбайн хилийг мэдэх “Х” ХХК-ийн геологич, эсвэл гүйцэтгэх захирал Б.Быг оролцуулаагүй. Тусгай зөвшөөрлийн талбайнуудын хил хязгаарыг тодорхой мэдэхгүй байж 1 зураг аваад, энэ 0.2 га нь нөхөн сэргээлт хийгдээгүй гэх нь зүйд нийцэхгүй. Зураг дээрх газар нь олборлолт явуулж байгаа *******А дугаар тусгай зөвшөөрлийн талбайн газар ч байж болно. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дүгнэлттэй хавсаргаж албан бичиг явуулсан гэж байна. Гэвч дүгнэлтийг танилцуулж байгаа албан тоотын он, сар, өдөр, дугаарыг дүгнэлтийн он, сар, өдөр, дугаар гэж үзэхгүй. Энэ 2 бол өөр утга агуулга бүхий албан бичгүүд юм.”гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М хариу тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/30 тоот “Дүгнэлт гаргуулах тухай” албан бичиг болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А-144 тоот ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай" тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь үзэж дүгнэлт гаргасан.

МҮ 0******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, ус ашиглалтын дүгнэлтгүй, гэрээгүй, зөвшөөрөлгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийгээгүй байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2013-2015 онд хийгдсэн хяналт шалгалтаар улсын байцаагчийн тавьсан акт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн лавлагаа, Н.Б*******гийн хийсэн хэмжилт, С.Э*******ын хянасан зураг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичгээр тус тус нотлогдож байна. Харин тус газарт “Э*******” ХХК-аар 2012 онд “Х” ХХК-ийн Цагаан гозгорын алтны шороон *******А лиценз бүхий талбайг ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдсэн байна.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт орших Цагаан гозгорын алтны шороон  ордын *******А лицензийн талбайд ус ашиглуулах дүгнэлтийг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаартай гаргуулсан байна. Уг дүгнэлтийн 18-д “... дээрх ашиглаж буй хос гүний худаг нь тоолуургүй байгаа тул худгийн ус дамжуулах шугамууд нэг шугам болж буй хэсэгт усны тоолуурыг, үл буцаах хавхлаг, хог шүүгч, хаалтын хамт зохих журмын дагуу хийж гүйцэтгэх. Тоолуурыг үндсэн шугам дээр байрлуулах нь насосны даралтын алдагдлыг багасгах сайн талтайг харгалзан үзэж хэрэгжүүлэх” гэж дурдсан нь эдгээр ажлуудыг хийгээгүй байсныг баталж байна.

Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн учир хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Нэхэмжлэгч 2 үндэслэлээр маргаан бүхий дүгнэлтийг илт хууль бус гэж маргаж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж байна. Тус хуульд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалтын бичиг баримтыг хэрхэн яаж үйлдэх талаар дурдсан байдаг. Тиймээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд энэ хууль хамаарахгүй. 

2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, газар дээр очиж хяналт, шалгалт хийсэн. Шалгалттай холбоотой бүх бичиг баримт хэргийн материалд авагдсан. 

Мөн дүгнэлтийн дээд хэсэгт алдаатай бичсэн ч доор нь гэдгийг тодорхой бичсэн. Шалгалтын дүнг Ашигт малтмалын газар руу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр албан бичгийг дагалдуулан хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт байгууллагын тамга тэмдэг, даргын нэр гарын үсэг, холбогдох утасны дугаар бүгд байгаа. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан байна.” гэж заасан бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэдэг нь дараах байдлаар нотлогддог. 

“Х” ХХК-д 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ус ашиглуулах тухай дүгнэлт хүргүүлсэн байдаг ба энэ нь зөвхөн *******А дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарна. Харин ажлын хэсгийн шалгалтаар дугаар тусгай зөвшөөрлийн талбайд олборлох үйл ажиллагаа явуулсан ба ус ашиглах зөвшөөрөлгүй, нөхөн сэргээлт хийгээгүй байсан. Нэхэмжлэгч маань *******А, дугаар тусгай зөвшөөрлүүдээ хольж яриад байна. Эдгээр байдлыг шалгалтаар тогтоож, дүгнэлт гаргаж Ашигт малтмалын газар руу хүргүүлсэн. Нэмж хэлэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дүгнэлтэд тогтсон загвар байхгүй. Харин Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт бол тодорхой стандарттай. Эдгээрээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дүгнэлт нь хууль ёсны дагуу гарсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Дүгнэлтэд гарын үсэг зурагдаагүй гэж байна. Гэвч удирдамжийн дагуу шалгалт хийгдэж, томилолтын хуудсаа бөглөж, танилцуулга гаргасан. Энэ танилцуулга дээр ажилласан бүх хүмүүсийн гарын үсэг байгаа. Мөн шийдвэр нь хамтын шийдвэр байсан гэдгийг дахин дурдмаар байна.

 Мөн хэмжилт нь , *******А дугаар тусгай зөвшөөрлийн талбайн алинд хийгдсэн нь тодорхойгүй байдаг гэж байна. Манай яам өөрөө Ой, ус, тусгай хамгаалалтын газрын кадастрын хэлтэстэй бөгөөд кадастрын хэлтсийн дарга Н.Б******* өөрөө ажлын хэсэгт явсан. Манай кадастрын хэлтсийн өөрийн хийсэн хэмжилтийн дагуу *******А, дугаар тусгай зөвшөөрлийг хооронд нь ялган цэг авч, тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт хийсэн гэдгийг тогтоосон. Үүнийг google-ээс харж болно. Тиймээс үүгээр мэргэжлийн байгууллагын хийсэн хэмжилт гэдэг нь нотлогдоно.

 Түүнчлэн , *******А дугаар тусгай зөвшөөрлийн талбайн алинд нөхөн сэргээлт хийсэн нь тодорхойгүй гэж байна. *******А дугаар тусгай зөвшөөрлийн талбай дээр нөхөн сэргээлт хийсэн тайлангууд хэрэгт хавсаргагдсан. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, Сэлэнгэ аймгийн улсын байцаагч *******А дугаар тусгай зөвшөөрлийн талбай дээр нөхөн сэргээлт хийснийг хүлээж авсан тайлан байгаа. Гэтэл дугаар тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийснийг хүлээж авсан акт байхгүй. 

Нэхэмжлэлийн шаардлага нь дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж байгаа. Уг дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-ыг үндэслэн гарсан бөгөөд уг заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дүгнэлт гаргасан байна гэж заасан байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлд аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхой заасан. Тухайлбал эрх бүхий байгууллагаас баталсан байгаль орчны холбогдолтой стандарт, хэм хэмжээ, журмыг биелүүлж, дотоодын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хор хохирол учруулсан бол сөрөг нөлөөг бууруулах, таслан зогсоох үүрэгтэй бөгөөд жил бүр байгаль орчныг нөхөн сэргээх зардлыг төсөвтөө тусгах ёстой. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлэх ёстой байтал “Х” ХХК үүнийг биелүүлээгүй нөгөө талаасаа сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, зөрчлийг арилгах талаар дээд шатны байгууллагуудад санал тавьж шийдвэрлүүлэх эрхтэй Төрийн бус байгууллага юм. Мөн сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу өөрийн нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, санал дүгнэлт гаргаж, нөхөн төлбөрийг төлүүлэх бүрэн эрхтэй. Тиймээс орон нутгаас манай яаманд гаргасан санал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ саналын дагуу манай яамнаас газар дээр нь очиж шалгаж, дүгнэлт хийсэн. Ийнхүү шалгахдаа тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт хийж, холбогдох төлбөрийг төлснөө нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа хэрнээ нэг болохоор торгууль ногдуулсан актын талаар мэдэхгүй гэж ярих юм. Мөн дугаар тусгай зөвшөөрөл нь байгаль  орчны нарийвчилсан үнэлгээгүй, нөхөн сэргээлт явуулаагүй гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд байгаль орчныг хамгаалах үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд миний бие энэ ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж шийдвэр буюу дүгнэлт гаргахад оролцсон. Уг шийдвэр нь хамтын шийдвэр байсан. Байгаль хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг үндэслэн Нутгийн захиргааны байгууллага манай яаманд санал ирүүлсэн ба Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу нутгийн захиргааны байгууллагын ирүүлсэн саналыг үндэслэж уг дүгнэлтийг гаргасан. Шалгалтаар “Х” ХХК нь тусгай зөвшөөрлийн талбай дээр олборлолт явуулсан бөгөөд нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон. Тиймээс “Х” ХХК-ийн хийсэн ажлыг дутуу үнэлсэн зүйл байхгүй.

Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын санал хүсэлтийг хүлээн авч, хамтарч ажиллах гэрээ хийж, орон нутгийн хөгжлийн болон нийгмийн асуудал дээр хамтарч ажиллах үүрэгтэй гэж заасан байгаа. Гэтэл “Х” ХХК нь энэ үүргээ биелүүлдэггүй байснаас орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга удаа дараа шаардлага тавьсан ч түүнийг биелүүлдэггүй талаар гомдол гаргасан байдаг. Тиймээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа энэ асуудлыг харгалзан үзсэн.

Ажлын хэсэгт кадастрын хэлтсийн дарга, Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, газрын мэргэжилтэн орж хэмжилт хийж, түүнийгээ албажуулсан зургаа дүгнэлтэд хавсаргасан учир ямар нэгэн байдлаар “Х” ХХК-ийн хийсэн бүтээсэн ажлыг үгүйсгэсэн зүйл байхгүй.” гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2015/01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд дээрх захиргааны акт нь илт хууль бус гарсан болохыг дараах байдлаар дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Х” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи уул, уурхайн кадастрын албанаас 1998 оны 3 дугаар сарын 26, 2007 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр /шинэчлэн/ олгосон ашигт малтмал ашиглах тоот тусгай зөвшөөрлийн дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Цагаан гозгорын алтны үндсэн ордыг ашиглаж, 2006-2011 онуудад хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 321 дүгээр тушаалаар нөөцийг хүлээн авч бүртгэн, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн т-44 дүгээр тушаалаар уг алтны үндсэн ордыг ил аргаар ашиглах Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан байна. 

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/322 дугаар албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд “ ... Х ХХК ашиглалтын MV-00******* тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлтгүй, газар ашиглах гэрээгүй уурхайн олборлолт явуулсан, мөн МV-0******* тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлтгүй, газар ашиглах гэрээгүй 0,2 га газарт олборлолт явуулсан, нөхөн сэргээлт хийгээгүй үндэслэлээр дүгнэлт гаргуулахаар ханджээ.

Мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Х ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-00*******, МV-0*******  тоот тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд уламжилжээ. 

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6-69 дугаартай албан бичгээр “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй” хэмээн хариу өгчээ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/30 тоот албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад Х ХХК-ийн МV-0*******  тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд дахин дүгнэлт гаргуулахаар хандсан бөгөөд энэ мэдээлэл болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А-144 тоот тушаалаар байгуулагдсан байнгын ажлын хэсэг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан удирдамжийн  дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Х ХХК-ийн *******А, тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд шалгалт хийсэн гэх бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2015/01 дүгээр “MV-0******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай” дүгнэлт гаргасан байна.

Гэвч Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар гаргасан гэх уг дүгнэлт нь бичгийн хэлбэрээр гарсан боловч батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй, эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр албажаагүйгээс, мөн уг дүгнэлтийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүйгээс илт хууль бус акт болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Дүгнэлтийг Ашигт малтмалын газар руу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр албан бичгийг дагалдуулан хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт байгууллагын тамга тэмдэг, даргын нэр гарын үсэг, холбогдох утасны дугаар байгаа” гэж тайлбарлах боловч энэ нь уг дүгнэлтийг хүргүүлж буй хэлбэр болохоос уг дүгнэлт гэх актыг албажуулсан гэж үзэхгүй. Мөн энэ шалгалтын ажлын хэсгийн танилцуулга нь ажлын хэсэг хийсэн ажлаа дотооддоо тайлагнаж буй хэлбэр юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн дүгнэлт гаргах”-аар заасан байдаг. Гэтэл уг хуульд зааснаас өөр үндэслэлээр буюу “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, байгаль орчны менежментийн болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэд, сумын Засаг даргад танилцуулаагүй, орон нутгийн хөгжил, ард иргэдийн уламжлалт аж ахуйг дэмжих талаар тодорхой хийсэн ажилгүй талаар нутгийн удирдлага мэдээлж байсан, мөн ашиглалтын талбайн ойролцоох Цээлийн нуур, Шар усны гол ширгэсэн” зэрэг үндэслэлээр дүгнэлт гаргасан нь дүгнэлт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. 

Учир нь энэ асуудлыг хэлэлцсэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “... тус сумын иргэд буюу 120 бичил уурхайчдыг оруулж гар аргаар олборлолт хийлгэх, суманд хөрөнгө оруулалт авах асуудлыг Х ХХК шийдвэрлэхгүй байгаа, мөн тус компанийн олборлолтын үйл ажиллагаанаас шалтгаалан Шар-Усны гол, Цээлийн нуурын ундарга тасалдсан” асуудал дүгнэлт гаргуулах санал хүргүүлэх үндэслэл болжээ. 

 Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 18-04-017/10 дугаар дүгнэлтээр Х ХХК-ийн олборлолтын үйл ажиллагаанаас шалтгаалан Шар-Усны гол, Цээлийн нуурын ундарга тасалдсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн гар аргаар олборлолт хийлгэх, суманд хөрөнгө оруулалт авах асуудал нь сум орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаагүй гэх хууль ёсны шаардлага биш болно.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас хийх  хяналт шалгалтын ажилд хамаарахгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Ямарваа хяналт шалгалт нь шалгуулагч этгээдэд мэдэгдэж хяналт шалгалтад оролцох, тайлбар хийх боломжийг олгох нь зүйн хэрэг, гэтэл тус яамны ажлын хэсэг нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Х ХХК-ийн *******А, тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд шалгалт хийхдээ тухайн компанийн эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, байлцах боломжийг олгоогүй байна. Х ХХК-ийн талбайн харуул хамгаалалтын ажилтныг тус компанийн эрх бүхий этгээд гэж үзэхгүй. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2015/01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Илт хууль бус захиргааны акт нь гарсан хугацаанаас эрх зүйн үйлчлэлгүй болох тул түүнийг хүчингүй болгох шаардлагагүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Энэ шийдвэр нь хариуцагч хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалтыг дахин хийж, зохих дүгнэлт гаргахыг хязгаарлахгүй. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2015/01 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА