Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 0496

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0496

Улаанбаатар хот

“ЖЮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч В.У нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “ЖЮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших “ЖЮ” ХХК-ийн 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа Ихтамир сумын Засаг даргын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг Ихтамир сумын засаг даргад даалгуулах” гэж гаргажээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.14, 14.5, 14.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЖЮ” ХХК- гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасны дагуу Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга хэмээн тодорхойлсон бөгөөд 2016 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бусад тооцож, 2017 оны төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухайд шийдвэрт ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчид холбогдолгүй асуудлаар дүгнэлт хийлээ. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар татаагүй, нэхэмжлэгч нөхөн төлбөр авах талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нөхөн төлбөрийн талаар нэхэмжлэгчтэй 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тохиролцох саналаа хүргүүлсэн нь нөхөн олговрыг нэг жилийн дотор олгоно гэсэн хуулийн заалтыг хэтрүүлсэн байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв. Шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлбар, нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг илгээсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Бид төлбөрийн талаар тохиролцоё гэхээр холбогдох утас, факс байхгүй” хариуг ирүүлсэн. Үүнээс харахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхнаасаа нэхэмжлэгтэй нөхөн төлбөрийн талаар тохиролцох санал, эрмэлзэлгүй байсан гэдэг нь харагдах бөгөөд энэ асуудлыг үүгээр орхиё.

Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот тогтоолыг хэзээ хүчин төгөлдөр болсон тухайд үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах” тухай тогтоол гаргаж тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийг 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 65 тоот албан бичгээр Ашигт малтмалын газар /хуучнаар/-т хүргүүлсэн байдаг. Ашигт малтмалын газраас тус албан бичгийн хариуг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргад хүргүүлсэн бөгөөд тогтоолыг хүлээн авч хавсралтаар батлагдсан солбицлын дагуу Кадастрын бүртгэлийн системд бүртгэж авсныг мэдэгдсэн манай компанийн 13402Х тоот хайгуулын талбайтай бүхэлдээ давхцалтай байна гээд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6-д заасныг анхаарна уу гэсэн албан бичгийг хүргүүлсэн байдаг.

Ихтамир сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргасан тухай тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компанид мэдэгдээгүйн улмаас 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хайгуулын ажил эхлүүлэх зорилгоор өрмийн бригадын ажилчдаа явуулсан өдөр тухайн тогтоолын талаар сонссон ба улмаар манай компани дээрх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд 2015 онд “Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгох, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 ооны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 582 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрыг тусгай хэрэгцээнд авах эрхтэй болохыг дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн үүрэгтэй болохыг Захиргааны хэргийн давж заалдах болон Хяналтын шатны шүүх онцолсон байдаг.

2015 онд манай компани шүүхэд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар тодорхойлон тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүгч нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тогтоолыг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон хэмээн дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй юм.

Шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлэж байх хугацаанд орон нутгийн зүгээс тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлээгүй. Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Нэгэнт тогтоол гарсан учир манай компани хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нэвтрээгүй. Орон нутгийнхны зүгээс ч хайгуулын ажил хийлгээгүй. Талбайд нэвтрэх боломж олгоогүй болно .

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 109/ШШ2017/0028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгчээс Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргыг тус сумын нутагт орших “ЖЮ” ХХК-ийн 1340Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж маргасан байна.

Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоол нь уг тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг  эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн 63 дугаар тогтоол 2017 оны 02 дугаар сарын 29-ны өдөр гарснаар үйлчилж эхэлсэн байна.

Тиймээс анхан шатны шүүх “... Маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага болох Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийнхээ дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрлийг эзэмшигч “ЖЮ” ХХК-д нөхөх олговрын талаар тохиролцохоор саналаа хүргүүлсэн нь нөхөх олговрыг нэг жилийн дотор олгоно гэсэн хуулийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан “... нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн хугацааг Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар тогтоолын үйлчлэлийг уг тогтоолтой холбоотой маргаан Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс тоолж эхэлсэн нь зөв байна.

Энэ хугацаанаас тооцвол хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот албан бичгээр “ЖЮ” ХХК-д нөхөх олговрын талаар тохиролцох саналаа хүргүүлсэн байна. Тиймээс тусгай хамгаалалтад авах тогтоол хүчинтэй байгаа учир 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлах асуудлаар хариуцагч сумын Засаг даргын зүгээс хууль бус эс үйлдэхгүй гаргасан гэж үзэхээргүй байна.

Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 06 дугаар тогтоол хүчинтэй үйлчилж байсан тул тус сумын Засаг дарга 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлах үүргийг хүлээхгүй, шүүхээс батлахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2017 оны хувьд нэхэмжлэгчээс 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлуулахаар хариуцагчид хандаагүй учир эс үйлдэхүй гаргасан гэж үзэж даалгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                              Ц.ЦОГТ