Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 08

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Пүрэвдагва Шүүгдэгч Х.Д Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д-д холбогдох 1723000670052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, ах нарын хамт Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сэнгэ овогт Х-ын Д РД:/ИА*********/ Шүүгдэгч Х.Д нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 10 дугаар сарын эхээр Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Их Богдын голын Таван салаа гэх газрын ойгоос ургаа болон унанги хуурай модыг түлээний зориулалтаар бэлтгэсэн болох нь түүний энэ үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, уг мэдүүлгийг нотолсон гэрч Х.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017.10.10-ны өдөр Алдархаан сумын Богдын гол гэдэг газраас ээжийнхээ гэрийг аймгийн төв оруулахаар өөрийн **-** ЗАА улсын дугаартай авто машинаар явсан юм. Тэгээд манай дүү До Их богдын голын Таван салаа гэдэг газар жаахан галын түлээ бэлтгэсэн байгаа гэртэй нь хамт ачаад явчих гэхээр нь тэгье гээд ачаад байж байтал байгаль хамгаалагч ирээд эндээс мод хийж ачиж болохгүй, асуудлаа аймаг орж шийдвэрлүүл гээд модоо буулгалгүй аймаг руу явуулсан” гэсэн мэдүүлэг, эргүүл шалгалт хийх явцдаа шүүгдэгчийг бэлтгэсэн модоо ачиж байхад нь илрүүлсэн Отгонтэнгэрийн тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагч Н.А-ийн энэ талаар мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрынхан эргүүл, шалгалтаар явж байхад Исузу маркийн **-** ЗАА улсын дугаартай авто машинаар Х.Г гэгч хоёр хүний хамт Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалттай бүсийн модны захаас 220см-240см урттай шүүнг мод бэлтгэж ачсан зогсож байхад нь таарч шалгаад харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна. Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хяналт шалгалт хийх үед илэрсэн нөхцөл байдал, бэлтгэгдсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Н.А, Т.Б нарын мэдүүлэг зэргээр нотлогджээ. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан. Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги/байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан. Завхан аймгийн Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар буюу тус аймгийн Отгон, Алдархаан сумын 95510 га талбайг Монгол Улсын бага хурлын 11 дүгээр тогтоолоор 1992 онд улсын тусгай хамгаалалтад авч,1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан байна. Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын бүсийг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж хуваан хуульчилсан байна. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн хязгаарлалтын бүсэд хууль бусаар мод бэлтгэхийг шаардаагүй харин тухайн газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийн “Их Богдын голын Таван салаа гэдэг газрыг улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс гэдгийг тогтоосон эх сурвалж хэрэгт авагдаагүй учир Х.Довуучийгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилсэн нь эргэлзээтэй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн ойд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр арчилгаа, цэвэрлэгээ хийхийг зөвшөөрчээ. Шүүгдэгч Х.Д нь тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн ойгоос түлээний зориулалтаар мод бэлтгэсэн бөгөөд түүний ургаа болон унанги хуурай модыг түлээний зориулалтаар бэлтгэсэн энэ үйлдлийг ойд арчилгаа, цэвэрлэгээ хийсэн гэж үзэх боломжгүй. Түүгээр ч барахгүй Х.Д нь зохих зөвшөөрөлгүйгээр түлээ бэлтгэсэн байна. Шүүгдэгчийн бэлтгэсэн мод нь 3.68 м3 хэмжээтэй бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 220800 төгрөгийн хохирол учирсан болох нь сум дундын ойн ангийн мэргэжилтний шинжилгээ хийсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо. Иймд Х.Д-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч ойн санд учруулсан 220800 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч Х.Д-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, ойн санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн бусад байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хорих ял оногдуулахыг тодорхой хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Х.Д-ийн хууль бусаар бэлтгэсэн 2 метрийн урттайгаар тайрсан, 38 ширхэг буюу 3.68 м3 хэмжээтэй хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөө/цахилгаан гэх/-г Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар албадан гаргуулж хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн учир дээрх зүйлсийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэнгэ овогт Х-ын Д-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан Х.Д-д Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хорих ял оногдуулахыг 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүгдэгч Х.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Х.Довуучийгийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 2 метрийн урттайгаар тайрсан, 38 ширхэг буюу 3.68 м3 хэмжээтэй хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөө/цахилгаан гэх/-г тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Х.Д нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Х.Д-ийн эд хөрөнгө болох сарлагийн соёолон үхрийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/52, Х.Г-ын эзэмшлийн ИСУЗУ маркийн **-** ЗАА улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5/16 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5/17 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 2 метрийн урттайгаар тайрсан, 38 ширхэг буюу 3.68 м3 хэмжээтэй хуурай шинэс модны битүүмжлэлийг шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.НЯМ