Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 114/2024/0005/з |
Дугаар | 119/ШШ2024/0033 |
Огноо | 2024-06-21 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 119/ШШ2024/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х овгийн Э-ын Ш,
Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал,
Гуравдагч этгээд: М овгийн Ө-ын Я нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я-ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/10 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий төрийн албан хаагчийн хөдөлмөрийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч З.Баяржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Ш нь Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргалд холбогдуулан
“Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я-ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/10 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /ХХ-ийн 31 дүгээр тал/
2. Нэхэмжлэгч Э.Ш нь Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Э.Ш-ийг ажилд томилох тухай” Б/01 тоот тушаалаар Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар томилогдон ажиллаж байжээ. /ХХ-ийн 42 дугаар тал/
3. Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар тушаалаар Э.Ш-т сахилгын шийтгэл ногдуулсан байна. /ХХ-ийн 177 дугаар тал/
4. Нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/307 дугаартай албан бичгээр хариу өгч, нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
5.1. Миний бие 10 настай, 2 настай 2 хүүгийн хамт амьдардаг ба том хүү маань хэл ярианы бэрхшээлтэй тул Монголдоо эмнэлэгт үзүүлж, мөн хэл яриа зүгшрүүлэх сургалтуудад удаа дараа явуулж байсан боловч бүрэн дүүрэн эдгээгүй тул Солонгос улс руу хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг эмчлэх боломжтой эсэх талаар өөрөө болон танил талаараа судлуулсан. Хүү маань том болох тусам хэл ярианаасаа ичиж, бүрэг ичимхий болж, хичээл сургуульдаа явах идэвхгүй болж байсан тул хүүдээ их санаа зовж Солонгос улс руу явж эмчлүүлье гэж гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад хүүгээ аваад явахаар шийдсэн. Ингээд 2023 оны 6 дугаар сард Тамгын газрын дарга З.Баяржаргалд үнэн учраа тайлбарлан хэлж ээлжийн амралтаа авч, нэмж 20 хоногийн чөлөө аваад хүүгээ дагуулаад Солонгос улсыг зорьсон. Тухайн үед Тамгын газрын дарга З.Баяржаргалаас “явсан ажил чинь бүтэхгүй бол хүсэлтээ гаргаад нэмж чөлөө авч болно шүү” гэж хэлж байсан. Солонгос улсад очоод хүүгээ эмнэлэгт үзүүлэхэд эмчилгээ хийх боломжтой гэсэн боловч эмчилгээний зардал нь миний бодож байснаас маш өндөр байсан. Харин нэг Монгол хүн тусалж 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Христийн цуглаанд явдаг бариа засал хийдэг Солонгос эмчтэй танилцуулж, 7 хоногт 3 удаагийн бариа засал, зүү, төөнүүр тавих эмчилгээг эхлүүлсэн. Эмчилгээ хийлгээд 7 хоногийн дараагаас хүүгийн маань хэл ярианд өөрчлөлт гарч эхэлсэн, эмч маань дор хаяж нэг сар эмчлүүлэх шаардлагатай, цаашид үргэлжлүүлбэл илүү үр дүн гарна гэж хэлж байсан. Ингээд миний ээлжийн амралт, чөлөөний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусаж ажилдаа орох байсан ба хүүгийн эмчилгээ 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуусах, мөн амралт зугаалгын цаг улирал эхэлсэн болоод ч тэр юм уу онгоцны тийз олдохгүй байдлууд нөлөөлж 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд чөлөө олгох хүсэлтийг байгууллагын [email protected] цахим хаягаар явуулсан.
5.2. Гэтэл Тамгын газрын дарга З.Баяржаргал нь чөлөө олгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Тиймээс би аргаа барж Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч найзтайгаа холбогдож 8 хоногийн эмнэлгийн магадлагааг авч шүүх рүү хүргүүлсэн. Хүүгийнхээ эмчилгээг 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуусгаад 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орсон. Ажилдаа ирээд хэсэг хугацааны дараа тухайн нөхцөл байдлыг Тамгын газрын даргад ярихад дарга хүний амьдралд юу ч тохиолдож болно, би чамайг ойлгож байна гэж хэлсэн боловч 3 хоногийн дараа ажлаас гарах хүсэлтээ өг, эсвэл би чамайг болон эмнэлгийн магадлагаа өгсөн эмчийг чинь цагдаад өгнө гэж сүрдүүлж эхэлсэн. Миний бие ажлаас гарах хүсэлтээ өгөөгүй тул Тамгын газрын дарга 2023 оны 10 дугаар сард Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар руу эмнэлгийн магадлагааны талаар албан бичгийг явуулсан. Дээрх албан бичгийн дагуу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/326 албан тоотоор эмнэлгийн магадлагаа нь хуурамч гэсэн хариуг өгсөн байна. Би эмнэлгийн магадлагааг ямар шалтгаанаар авсан тухайгаа тамгын газрын даргад үнэн учир байдлаа өөрөө эхэлж хэлсэн байхад дээрх газарт албан тоот явуулж, нотлох баримт цуглуулж байгаа нь намайг ажлаас халах зорилготой байсан гэж үзэж байна.
5.3. 2022 оны 12 дугаар сард Тамгын газрын дарга надад холбогдуулж сахилгын шийтгэл оногдуулсан ба дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад Тамгын газрын дарга хууль бус тушаалаа өөрөө хүчингүй болгосон атлаа надад өсөрхөж, миний 2022 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй, зохих журмын дагуу үр дүнгийн урамшууллыг одоог хүртэл олгоогүй, мөн 2023 оны 04 дүгээр сард төрийн албан хаагчийн зэрэг дэв нэмүүлэх болзлыг хангасан байхад хүсэлт, холбогдох баримтуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлд одоог хүртэл уламжлаагүй, энэ асуудлын талаар өөрт нь хэлэхэд тамга тэмдэг барьж байгаагийн хувьд юу хийх эрх нь надад байна гэх мэтээр дарамталж, эрх зүйн байдлыг минь дур зоргоороо удаа дараа дордуулж ирснээс харагдаж байна. Маргаан бүхий тушаалд сахилгын зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заажээ. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан төрийн захиргааны албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтантай гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажилладаг, монголд үзүүлээгүй байж аргагүй эрхэнд эмнэлгийн магадлагаа авсан нь миний буруу боловч тухайн үйлдэл нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд хамаарахгүй.
5.4. Тамгын газрын дарга нь тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” заасныг баримталсан. Миний хувьд дээрх хуульд заасан үүргээ зөрчөөгүй гэж үздэг. Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон Ёс зүйн дэд хороонд Тамгын газрын дарга гомдол гаргасны дагуу Ёс зүйн дэд хороо дүгнэлтээ гаргаж, дүгнэлтдээ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, 8.2-т Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Дээрх Ёс зүйн хорооны дүгнэлтийг гомдол гаргагч зөвшөөрөхгүй бол дээд шатны байгууллагын ёс зүйн дэд хороо, ёс зүйн хороонд гомдол гаргах эрхтэй ба энэ дүгнэлтийн талаар Тамгын газрын дарга нь гомдол гаргаагүй.
5.5. Маргаан бүхий 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1, 11.1.10б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа ажил тасалсан гэдгийг үндэслэсэн. Эрх бүхий албан тушаалтан хүний эрхэд халдаж, ажлаас чөлөөлж, субьектив эрхэнд халдах гэж байгаа бол хуульд заасан үндэслэлээр халдах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл байгууллагын хөдөлмөрийн дотоод журам дангаараа хүний хөдөлмөрлөх эрхэд халдах үндэслэл болохгүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж зааснаар миний бие Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан нэмэлт баталгаагаар хангагдах нь зүйтэй гэж үзэж байна. Дээрх үйлдлийг сахилгын зөрчил гэж үзэх аваас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сонгох боломжийг хэрэглэж, зөрчлийг анх үйлдсэн буюу давтан үйлдсэнийг болон сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь Э.Ш би 2014 онд Төрийн албан хаагчийн шалгалтад тэнцэж, шүүхэд 2015 оны 9 сараас хойш тогтвор суурьшилтай ажиллаж байсан ба Монгол улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан шаардлагыг хангаж, шүүгчийн туслахаар ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй, тамгын газрын даргад чөлөө хүсэж хүсэлт гаргасан, 8 хоногийн эмнэлгийн магадлагааг авсан талаарх үнэн байдлаа би өөрөө үнэнч шударгаар мэдэгдэж байсан. Төрийн албаны тухай хуулийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1-д “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагчийн гаргасан шийдвэр нь дээрх заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна. /бага хүү маань 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн./
5.6. Иймд Тамгын газрын даргын гаргасан сахилгын шийтгэл оногдуулж төрийн албанаас халсан шийдвэр нь Төрийн албаны тухай хууль болон журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохих журмыг, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг зөрчсөн, миний төрийн алба хаах, хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн, зөвхөн намайг ажлаас халах гэсэн зорилгодоо хүрсэн хууль бус шийдвэр гэж үзэж байна” гэжээ.
6. Нэхэмжлэгч Э.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие арван настай, хоёр настай хүүхдийнхээ хамт амьдардаг. Том хүү минь хэл ярианы бэрхшээлтэй. Монголд өмнө нь эмчид үзүүлж, сургалтад хамруулдаг байсан. Таван сард хүүхдээ Солонгос руу эмчлүүлэхээр гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад, Солонгос Улс руу хүүхдээ авч явахаар болсон. Тухайн үед даргадаа үнэн учраа хэлээд, хорь хоногийн цалинтай чөлөө аваад, ээлжийн амралтаа үргэлжлүүлэн авсан. Солонгос Улсад очоод таньж мэдэх хүнгүй, хэл ус мэдэхгүй, найзыгаа бараадаж очсон болохоор найзынхаа боломжтой үед нь улсын хоёр эмнэлэгт очиж үзүүлэхэд “эмчлэгдэх боломжтой” гээд үнийн санал танилцуулсан. Үнэ төлбөр нь миний төсөөлснөөс өндөр байсан учир тухайн үед хүүгээ эмчлүүлж чадаагүй. Мөн би 08 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орох байсан. Хүүтэйгээ хамт Христийн цуглаанд явдаг, тэр цуглаанд бариа засал хийдэг эмчтэй танилцаад, тэр эмчээр хүүхдээ сарын хугацаанд эмчлүүлэхээр болоод, долоо хоногт гурван удаа эмчлүүлдэг. Тэгээд эмчилгээ нь 08 дугаар сарын 13-ны өдөр дуусахаар болоод 07 дугаар сарын 19-ний өдөр Тамгын газрын даргад хүсэлт явуулсан. Тухайн үед Тамгын газрын дарга амарсан байсан тул зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн чөлөө өгөх боломжгүй гэсэн албан тоот хүргүүлсэн боловч тухайн үед цаг тулсан байсан. Тамгын газрын дарга ажил төрөл чинь бүтэхгүй байгаа бол нэмж чөлөө авч болно гэдгээ илэрхийлж байсан. 07 дугаар сарын 19-ний өдөр хүсэлт явуулаад 20-ны өдөр нь албан тоот ирсэн. Тухайн үед Монгол руу буцаад явъя гэхэд зуны улирал буюу аялал зугаалгын улирал эхэлчихсэн болохоор билет олдоогүй. Хүүхдээ долоо хоног эмчлүүлээд эмчилгээ нь маш их үр дүнтэй байсан тул эмчилгээг нь дуусгачихъя гэсэн санаа зорилготой байсан болохоор шууд ажилдаа ирэх боломж байгаагүй тул ийм нөхцөл байдалд орчихсон. 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ирэхэд ямар нэг асуудал үүсээгүй. Хоёр сар ажилласны дараа 10 дугаар сарын 15-ны өдрөөс энэ асуудал үүсч эхэлсэн. Чамайг цагдаад мэдэгдэнэ, чи эмнэлгийн магадлагааг хуурамчаар авсан гэдэг асуудлыг ярьсан. Тухайн үед би Тамгын газрын даргад үнэн учраа хэлсэн, ийм асуудал болсон гэдгийг хэлэхэд, чамайг би ойлголоо, амьдралыг чинь ойлгож байна гэж хэлсэн боловч гурав хоногийн дараагаас “ажлаасаа халагдах өргөдлөө өг, чи өгөхгүй бол магадлагаа өгсөн эмчийг чинь цагдаад өгнө” гэсэн. Энэ хугацаанд ирэх ямар ч боломжгүй байсан. Өөрөө хүсэж ажил тасалсан зүйл байхгүй, дотоод журамд заасны дагуу хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, мэдэгдэхгүй гурваас дээш хоног ажил тасалбал ажил тасалсанд тооцно гэсэн. Би тухайн үед байгууллагын цахим хаягаар мэдэгдсэн.
Ажил тасалсан гэж үзэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байна. Би Монголд шууд ирэх боломжгүй гадаадад байсан. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, шүүгчийн туслахын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Мөн миний оронд томилогдсон Ө.Я-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн хүнийг томилох ёстой байсан, сул орон тоо гараагүй байхад томилсон тул хууль бус томилсон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
7. Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э.Ш нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхийн Тамгын газарт “2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл том хүү А.Т ярьж чадахгүй ээрч, гацаад байдаг тул БНСУ-ын эмнэлэгт үзүүлэхээр 2023 оны дугаар сард цаг авсан байсан боловч үзлэг оношлогоо нь эмнэлэгийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалан 2023 оны 6 дугаар сард урагшилж товлогдсон тул дээрх байдлыг харгалзан үзэж ... 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажлын 20 хоногийн цалинтай чөлөө олгоно уу” гэх хүсэлтийг гаргасан. Хэдийгээр Э.Ш нь уг хүсэлтдээ БНСУ-ын аль эмнэлэгт, ямар оноштойгоор, хэдэн сарын хэдний өдөр хүүхдээ цаг авсан талаарх баримтыг хавсаргаж ирүүлээгүй боловч тухайн үеийн ажлын ачаалал, хүсэлтийн агуулга зэргийг үндэслэн шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Э.Ш-т 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 20 хоногийн цалинтай чөлөөг олгосон. Э.Ш нь үргэлжлүүлэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 18 хоногийн буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралтаа эдэлсэн.
Ээлжийн амралтаа эдэлж байх хугацаандаа 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн Тамгын газарт “...хүүхдээ 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай бариа заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Ажлын 9 хоногийн цалинтай чөлөө олгож өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн боловч уг хүсэлтэд БНСУ-ын аль эмнэлэгт хүүхдээ үзүүлсэн, ямар онош тодорч эмчилгээ хийлгэж байгаа болон цаашид ямар хугацаанд ямар эмчилгээ хийлгэх талаарх баримт мөн хавсаргаж ирүүлээгүй. Иймд хүүхдээ үзүүлсэн, эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг нотлох баримтыг ирүүлээгүй тул Шүүхийн тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай албан тоотоор Э.Ш-т “...Тамгын газар нь шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд хяналт тавих гэх мэт үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Дээрх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахад хүний нөөцийн дутагдал үүсээд байна. Иймд “Чөлөө хүсэх тухай” хүсэлтийг дахин хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн хариу мэдэгдсэн болно. Тухайн үед шүүгчийн туслах Ц.Т, Т.Д нар мөн албан ёсны чөлөө авсан байсан ба шүүгчийн туслах Э.Ш-ийн үүрэгт ажлыг шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Н хүлээн авч хийж гүйцэтгэж байсан бөгөөд ээлжит нийт шүүгч, ажилчдын шуурхай зөвлөгөөн дээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.М нь “...Тамгын газар 3 шүүгчийн туслахад нэг дор чөлөө өгч болж байгаа юм уу, шүүгчийн туслахын ажлыг шүүгчийн туслахаар орлуулж болохгүй юм уу? Би шинэ шүүгч гэтэл шүүгчийн туслахын ажлыг хийж байгаа шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн алдаа гаргавал, асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ?” гэдгийг илэрхийлж байсан. Мөн тухайн үед Э.Ш-ийн ажлыг хариуцан ажиллаж байсан Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Н-ын аавын бие муудлаа гэх үндэслэлээр чөлөө хүссэн. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Э шүүгчийн туслахын ажлыг хүлээн авсан боловч ээлжийн амралтын хугацаа тулж хугацаандаа амрах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Иймд цалинтай чөлөө авч БНСУ руу явсан шүүгчийн туслах Ц.Т, Э.Ш нарын хүсэлтүүд дээр яг адилхан хариулт илгээж, хугацаандаа ажилдаа орохыг мэдэгдсэн.
Гэвч Э.Ш нь ээлжийн амралтын хугацаа дуусахад ажилдаа ирээгүй бөгөөд Говь-Сүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Х-ийн 2023 оны 8 сарын 03-ны огноотой “Э.Ш-ийг өвчний учир 2023 оны 08 сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн тухай” эмчийн магадлагааг ирүүлсэн. Уг эмчийн магадлагаа нь 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн огноотой байсан боловч 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхийн Тамгын газрын албаны мэйлээр ирсэн. Шүүхийн тамгын газраас Говь-сүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт магадлагаа үнэн зөв эсэхийг тодруулж өгөхийг хүссэн албан бичиг илгээхэд тус эмнэлгээс “Э.Ш нь ...эмч Б.Х-д үзүүлэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд магадлагааны хуудасны он, сар, өдөр андуурагдан бичигдсэн болно” гэсэн хариу ирүүлсэн. Э.Ш-ийн эмнэлгийн магадлагааны хугацаа дуусаж, 2023 оны 8 дугаар сарын 16-нд ажилдаа ирсэн. Миний хувьд Говь-Сүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Х-ийн 2023 оны 8 сарын 03-ны өдөр олгосон эмчийн магадлагаа хуурамч байж болзошгүй гэсэн таамаг төрсөн тул Шүүхийн тамгын газрын даргын зүгээс Э.Ш-ийг “энэ болсон асуудалд ямар нэгэн тайлбар байна уу? үнэн зөв ярина уу? хамт олноо, албан байгууллагаа, төрийн алба, шүүхийн байгууллагад хуурамч, үйлдэл хийж болох уу?, энэ асуудал анхнаасаа эргэлзээ төрүүлж байгаа ч асуудлыг хүндрүүлэхгүй үнэнээ хэлнэ үү. Үгүй гэвэл би цагдаагийн байгууллагаар шалгуулахад бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн. Э.Ш “Та болиоч, ямар аймаар хүн бэ? энэ асуудлыг ингээд дуусгаач” гэх зэргээр уурлаж бухимдаж эхэлсэн. Тиймээс Тамгын газрын даргын зүгээс “Чи юу ярих, юу ярьж байгаагаа ойлгох чадваргүй болтлоо бухимдаж байна, тайвширсан хойно чинь дахин ярилцъя гээд гаргасан. Хэсэг хугацааны дараа дахин уг асуудлын талаар ярилцахад Э.Ш “би ажил олж хийхэд хэцүү, яг нэг ажил хийх гэж байтал хугацаа дуусах дөхөөд танд хүсэлт явуулаад боломжгүй гэсэн хариу ирэхээр нь найзыгаа гуйж байгаад хуурамч магадлагаа гаргуулсан, уучлаарай” гэдгээ хэлсэн. Энэ асуудалд Говь-Сүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга У.А болон эмч Б.Х нарын ч тангаргаасаа няцсан, худал хуурмаг, ёс зүйгүй үйлдэлтэй эвлэрэх боломжгүй, мөн эдгээр хүмүүсийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн Э.Ш нь төрд, тэр дундаа шүүгч болно гэдэг зорилготой шүүгчийн туслах хэмээх хариуцлагатай ажлыг хийх хугацаандаа байж боломгүй ноцтой үйлдэл хийснийхээ төлөө “Уучлаарай” гэдэг үг хэлээд өнгөрдөг үйлдэл биш гэж үзсэн тул уг асуудлыг дахин дотоод хяналт шалгалт хийлгүүлэхээр Говь-Сүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.М-д хандан 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142 дугаартай албан тоот илгээсэн.
Мөн Э.Ш-ийн худал үг, зальжин арга хэрээс хэтэрч 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нийт шүүгч, ажилтны шуурхай зөвлөгөөнд дээрх үйлдэлдээ:
...Э.Ш “Би цахимаар эмчид үзүүлсэн, онлайнаар холбогдоод үздэг болсон, надад эмчилгээ бичиж өгсөн. Мөн ажлын 8 өдрийн эмнэлгийн магадлагаа бичиж өгөөд тухайн үед дусал эм тариа бичиж өгсөн” гэж ярьсанд шүүгч нарын зүгээс дараах байдлаар үзэл бодлоо илэрхийлсэн нь шуурхай зөвлөгөөний тэмдэглэлд:
-Шүүгч Я.Т“...Солонгост Монголын эмчийн бичсэн эмчилгээг зөвшөөрөөд дусал, эм тариа өгөөд байна уу?... гэхдээ чи ээлжийн амралтаа аваад дээр нь 20 хоногийн цалинтай чөлөө аваад явсан байж ажилдаа сэтгэлгүй хандаж байна. Гэтэл чи цахимаар үзүүлсэн, цахимаар эмчилгээ хийлгэсэн гээд яриад байдаг... бид нар өнөөдөр энд хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс байж өөрсдөө ингэж хууль бус юм хийгээд байж болохгүй”,
-Шүүгч Ц.А “Ёс зүйн зөрчилтэй бол хариуцлагыг тооцуулах нь зөв”,
-Шүүгч Х.Б “Шүүгчийн туслах нар шүүн таслах ажиллагаанд оролцоод явдаг, ажиллагааны нэг эд эс болж явдаг учир ухамсартайгаар хандах ёстой. Үнэнээ хэлэх хэрэгтэй, дахиад хэд хоног Солонгост ажиллаж болох уу? боломж юу байна гэдэг талаас нь, эсвэл цалингүй чөлөө авч болох уу? гээд асуудлыг судалж үзэх ёстой. Хуулийн байгууллага тэр тусмаа шүүх байгууллагад ажиллаж байж ийм үйлдэл гаргаж болохгүй” ...гэх мэтээр тэмдэглэгдэн үлдсэн...
Говь-Сүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны 01/326 дугаартай албан тоотод:
Б.Х нь... “иргэн Ш өөрийн биеэр ирж үзүүлсэн, үе мөчөөр өвдөнө, нойргүйднэ, толгой өвдөнө, амархан ядарна, бие сульдана гэсэн зовиуртай байсан лабораторид шинжилгээ хийлгэх, эмийн эмчилгээнд хамруулах, сэтгэл засал эмчилгээ хийхээр төлөвлөсөн ч ирээгүй тул 3 дахь хоногт Г-аас асуухад Солонгост байгаа гэсэн. Тэгж өөр хүн үзүүлснийг мэдсэн” гэх.
Б.Г нь акт авахаас хэд хоногийн өмнө Б.Х эмчээс акт олгодог эсэхийг асууж байсан. Улмаар 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр найз Ш-хээ өмнөөс өөр хүн үзүүлсэн гэх,
Эмнэлгийн магадлагааг хуурамчаар үйлдсэн эсэхийг судалж тогтоосон тухай баримтын дүгнэлт хэсэгт:
-Эмч Б.Х нь эмнэлгийн магадлагааг хуурамчаар үйлдсэн болох нь ... Эмнэлгийн хуудас олгох, хянах журмын 1.7-д заасан “эмнэлгийн хуудсыг бичиж олгож буй эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн нь авилга ашиг сонирхлоос ангид, эмнэлгийн мэргэжилтний болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана” гэснийг зөрчжээ гэх,
-Лаборант Б.Г нь эмчийг хуурамч эмнэлгийн магадлагаа гаргах үйлдэлд хүргэсэн байна гэх,
-Хуурамч акттай холбогдож буй нэр бүхий мэргэжилтнүүдийн үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд харшилж байна.... гэх. Үүнээс үзэхэд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай Монгол Улсын хуулийн зорилт нь төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.
Гэтэл Э.Ш нь төрийн албаны тухай хуульд заасан дараах нийтлэг үүргээ сахин биелүүлээгүй, худал, хууран мэхлэлтээр аргацааж ажил албаа явуулж ирсэн, хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлаар цалинтай чөлөө хүсч, давхар ажил хөдөлмөр эрхэлж ашиг орлого олох санаагаа хэрэгжүүлэхээр хандсан. Учир нь аль ч үед хүүхдийн эрүүл мэндийн талаарх ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй болно.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө”, 7.1.3. “хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 7.1.4 “албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх”, 7.1.8 “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх”, 7.1.10 “багаар ажиллах, суралцах, шинэ санаачилгыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллана гэх зарчмуудыг сахиж биелүүлээгүй.
Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1-д ”Шүүгч ажилтан ээлжийн амралтаа батлагдсан хуваарийн дагуу хуулиар тогтоосон хоногоор эдэлж, хугацаандаа ажилдаа орно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу ажил тасалсанд тооцно” гэж заасан. Э.Ш нь хуулиар тогтоосон ээлжийн амралтын хугацаа дууссан байхад ажилдаа ирээгүй төдийгүй хуурамч эмнэлгийн магадлагаагаар халхавчлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 9 хоногийн ажил тасалсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.17 “үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон.
Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Э.Ш нь ... төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт гаргасан нь уг ёс зүйн хорооны гишүүд Э.Ш-тэй хамт ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой, санаа зорилго нэг тул үнэн бодит дүгнэлт гаргаагүй бөгөөд ёс зүйн хорооны гишүүд ч асуудалд шударга бус хандсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. “хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 12.1.5.” энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтэд үндэслэж, зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх” гэсэн нь ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг заавал удирдлага болгон шийдвэр гаргана гэсэн үг биш болно.
Уг ёс зүйн дэд хорооны дарга Х.Н нь Э.Ш-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт холбогдох захиргааны хэрэг маргаанд шүүхийн Тамгын газрын даргын итгэмжлэл олгох эрхийн акт боловсруулагдаж явцад тамгын газрын дарга З.Баяржаргалын 99154037 дугаарын утсанд ирүүлсэн “Төрийн албан хаагчийн ёс зүйн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй учир Ш-ийн хэрэг дээр төлөөлөгчөөр оролцохоос би татгалзаж байна, өөр хүн томилсон нь дээр юм байна” гэх мессеж ирүүлсэн. 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай “Ө.Я-ийг ажилд томилох тухай” тушаалыг нотлох баримтын үүднээс хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгч Э.Ш-т мэдээлсэн. Мөн хардах эрхийн хүрээнд илэрхийлэхэд 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16.00 цагт уг нэхэмжлэл шүүгч Д.Н-д хуваарьлагдаж, 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14.00 цагт Ерөнхий шүүгч Ж.О-т шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу хуваарьласан гэдэг. 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ажлын төлөвлөгөө, шүүхийн Тамгын газрын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй шүүгч Ө.М-ийн явуулсан сургалт, хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Э.Ш-ийн найз болох Х.Н /ёс зүйн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ дээрх утсанд ирүүлсэн мессежээр өөрөө илэрхийлсэн/, Ц.Т нар хамрагдсан.
Иймд шүүгч Ө.М нь шүүгчийн туслахаар нь ажиллаж байсан Э.Ш 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэл нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүгч Ө.М-д хуваарьлагдан очсон байсан атал уг нэхэмжлэлийн агуулгатай холбоотой ижил төстэй сургалт, хэлэлцүүлэг явуулж, нэхэмжлэгч Э.Ш-ийн найз нөхдийн асуусан асуултад хариулж, зөвлөмж, зөвлөгөө, заавар өгч байгаа үйлдэл нь шүүгчийн ёс зүйтэй харшилж байгаа мэт санагдаж хардлага төрж байгаагаа нуумааргүй байна. Уг сургалтын дараа буюу 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Э.Ш-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүгч Ө.М-ийн сургалт, хэлэлцүүлэг дээрээ өгсөн мэдээлэл, зааврын дагуу гуравдагч этгээдээр шүүгчийн туслах Ө.Я-ийг татан оролцуулах тухай хүсэлт гаргаж, шүүгч уг хүсэлтийг нь хангасан захирамж гаргасан нь шүүгчийн ёс зүйн зөрчил мөн гэж хардаж байгаагаа дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Ш-ийн гаргасан “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл бид нар маргаж ирсэн. 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ш-ийн өвчтэй байсан талаарх 08 дугаар сарын 03-ны өдрийн акт орж ирсэн. Яагаад өдрийн зөрүүтэй ороод ирэв гэх эргэлзээ гарч албан бичиг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар луу илгээсэн. Хуурамч магадлагаа биш гэдэг үндэслэлээр буцаж хариу ирсэн. Яагаад өдрийн зөрүүтэй байгаа юм бол? ямар үндэслэлээр энэ эрхийн акт манайд урд өдөр нь ороод ирсэн бэ? гэдэг асуудал үүсч, дахиж энэ асуудлыг нягталж үнэн зөв эсэхийг нягталж өгөөч гэх албан тоотыг дахин илгээсэн. Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газраас дотооддоо хяналт шалгалт хийхэд, үндсэндээ найзынхаа гуйлтаар, Солонгос улсад байгаа Э.Ш-ийн оронд нь өөр хүн оруулж үзүүлээд хуурамчаар 9 хоногийн магадлагаа бичиж өгсөн Х гэх эмч буруутай үйлдэл хийсэн байна гэдэг албан бичиг манайд ирсэн. Эдгээр албан бичгүүдийг үндэслээд, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газраас хариу бичиг ирэх хугацаанд Э.Ш ажилдаа орчихсон байсан.
Ажилдаа ирээд асуудлыг асууж тодруулахад Э.Ш нь маш их бухимдалтай над руу ямар аймшгийн хүн бэ? одоо болиоч, зогсооч гэсэн. Би Ш-т хандаж “хүний яриаг сонсох боломжгүй байна, өөрийгөө тайвшруул, дараа ахиж энэ асуудлаар ярилцъя” гээд гаргасан. Асуудал даамжирч явсаар хамт олны хурлаар асуудлыг хэлэлцсэн. Энэ яригдаж байх явцад Э.Ш үнэхээр ажилдаа сэтгэл зүрх гаргаж ажилладаг байсан бол, анхнаасаа уг асуудлаа үнэнээр илэрхийлсэн бол магадгүй шүүгч нараас нь бид нар туслахтайгаа хамтарч ажилламаар байна гэх хүсэлтийг тухайн үед гаргах байсан болов уу гэж би харж байсан. Манайх Иргэний болон Эрүүгийн давж заалдах шатын шүүх, Захиргааны хэргийн анхан шатын шүүх гэсэн гурван шүүх, Тамгын газартай, нийт шүүгч нар дотроос төрд ажиллаж байгаа, тэр дотроо шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүн хэрэгт авагдсан нотлох баримт дээр ажиллаж байгаа хүн өөрөө нотлох баримтыг хуурамчаар үйлдээд, энийгээ удаа дараа худлаа яриад зогсож байгаа хүн цаашид ёс зүйтэй байж чадах уу, үгүй юү гэдэг асуудал нэлээн яригдсан. Анх 06 дугаар сард явахад нь 20 хоногийн цалинтай чөлөө өгсөн, дээрээс нь амралтаа аваад, энэ хугацааныхаа цалин мөнгийг авч явсан. Ажлыг нь орлоод өмнөөс нь ажиллаж байгаа хүмүүсийг огтхон ч бодоогүй. Энэ асуудлыг чи бид 2 удаа дараа ярьсан. Ард нь хүн хүч муутай, дараагийнх нь хүн ээлжийн амралтаа авах хугацаа нь хэтэрчихээд гурван ажил хавсраад гүйцэтгэж байна, чөлөө олгох ямар ч боломжгүй байсан.
Боломж байсан бол чөлөөний асуудлыг би харж үзнэ гэдгээ илэрхийлж байсан. Нөхцөл байдал боломжгүй байна гэдэг албан тоот очсоор байтал ийм асуудал хөндөж орж ирж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагч хүн, цаашлаад удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр маш олон худлаа ярина, үйлдэхийг хичээсэн. Нотлох баримттай зүйл би ярьж байна, Ш нь “Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргатай би очиж уулзлаа ажилд орох боллоо намайг тушаалаа өөрчлүүлээд ир гэсэн, та тушаалаа хэзээ өөрчлөх вэ, би хэзээ очиж авах боломжтой вэ” гэдэг мессежийг над руу илгээж байсан утсан дээр одоог хүртэл байж байна. Одоо зогсооч, одоо болно гэдэг асуудал анхан шатанд яригдсан. Энэ хүртэл явсны хувьд бид нар өнөөдөр ийм шийдвэр нэгэнт гарчихсан тохиолдолд дахиж би хуурамч бичиг баримт авчирахгүй гэдэг асуудал ч яригдсан. Мөн Говьсүмбэр аймаг руу албан бичиг илгээсний маргааш нь та зөвшөөрөх юм бол би замаас нь зогсоочихно гэх асуудлыг ярьж байсан. Чи яг ингэж ажил хийдэг юм уу, энэ асуудлыг удаа дараа над дээр орж ирж ярих, хуурамч үйлдэл хийсэн нь баримтаар авагдчихаад байхад дахиад хуурамч үйлдлүүдийг надаар хүртэл хийлгэх гээд байдаг чинь ямар учиртай юм гэдэг асуудал ч яригдсан. Эгч хүний үүднээс, адилхан эмэгтэй хүний үүднээс асуудлуудыг бид нар ярилцдаг байсан. Удаа дараа би өрөөндөө дуудаж оруулж ирсэн. Одоо яах бол гээд харахаар дандаа худлаа ярьдаг байсан. Нэг сард тушаал хүлээж авчихаад тэрнээс хойш хоёр сард дараагийнх нь орны хүнийг ажилд авсан. Энэ бол Төрийн алба явж байх ёстой гэдэг үндэслэлээр, энэ хугацаанд би эвлэрье гэх үндэслэлээр ороод ирэх болов уу гэж тодорхой хэмжээний хүлээлт байсан. Нэг сараас хойш бид нар нэг, хоёр удаа таарч байсан. Надтай ярилцах болов уу гэж би харж л байсан. Гэхдээ би юу гэж өөрөө дуудаж ирээд хоёулаа ярилцъя гэх вэ дээ. Эвлэрэх орон зай энэ хүнд үнэн сэтгэлээсээ байсан уу? гэж би хүлээж байсан. Амьдрал баян, юу ч тохиолдоно гэдгийг би энэ хүнд ойлгуулахыг хичээсэн. Тийм ч учраас та надад зөвөөр, эергээр нөлөөлж чадсан шүү, би танаас маш их юм суралцаж чадсан гэдэг мессеж нь хүртэл надад хадгалаастай байдаг. Үнэхээр шүүгч нараас ярьдаг асуудал ч байдаг, хамтарч ажиллахад хэцүү гэж хоёр, гурван удаа надад хэлж байсан. Бид нар үр хүүхдийг нь бодоод амьдралыг нь бодоод юу ч хэлж чаддаггүй гэх асуудлыг гурван шүүгч нь Тамгын газарт хэлдэг байсан.
Та нар энэ хүнтэй асуудал ярих гэж байгаа бол албаны журмаар асуудлаа тавь, тэгэхгүй бол авч болохгүй хаяж ч болохгүй байна гэж хэлдэг байсан, Ш ч энийг мэдэж байгаа. Яагаад 08 дугаар сарын эхээр болсон асуудал нэг сард шийдэгдсэн бэ гэх асуудал гарч байна. Тийм ээ, би тэгэхдээ чамд ийм ийм боломжууд байна, би шийдвэр гаргах гээд байна, энэ шийдвэр гарчих юм бол хүндрэлтэй болчихно, ийм боломжууд байна гэхэд 02 дугаар сарын 11-ний өдрөөр миний шүүгчид өрсөлдөх эрх нээгдэнэ тэр болтол та намайг хүлээчих, тэр болтол би нарийн бичиг ч болсон хийе, нарийн бичиг хийх гэхээр ажилласан жил маань тооцогдохгүй, тасалдах гээд байна, боломжуудыг бид нар харилцан ярилцаж ойлголцох гэж зөндөө хайсан. Өнөөдрийг хүртэл ойлголцож чадаагүй учраас миний гаргасан шийдвэрийг намайг үзэн ядаж хувийн сэдэлтэй гаргасан гэж бодож байгаа бол уучлаарай, энэ миний хувийн компани биш, тийм учраас би төр, төрийн албан хаагчид тавих ёстой шаардлагын дагуу асуудалд хандсан. Нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн нэмэлтээр гуравдагч этгээдийг томилсон тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
8. Гуравдагч этгээд Ө.Я шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Ө.Я Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслахаар ажиллаж байсан. Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын орон тоонд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах тухай” зар оруулсныг тухайн үед мэдэж, тус өдөр шүүгчийн туслахаар шилжин ажиллах хүсэлтийг өгсөн. Дээрх хүсэлтийн дагуу Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал намайг дуудан уулзсан.
Ингээд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газарт “Зөвшилцөх тухай” албан тоотыг хүргүүлсэн байсан бөгөөд тус шүүхийн Тамгын газраас “шилжүүлэн томилоход татгалзах зүйлгүй” гэсэн хариу ирүүлсэн байсан. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргалын тушаалаар тус тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн шүүгчийн туслахын албан тушаалд хууль ёсны дагуу томилогдон ажиллаж байна. Иймд Э.Ш-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож өгнө үү” гэжээ
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн мэтгэлцээний явцад маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл, энэ тушаал ямар хууль, дүрэм, журмын дагуу гарах ёстой байсан, зөв буруу гэдэг дээр маргаж мэтгэлцэж байгаа. Миний эхнээсээ хэлсэн зүйл бол тушаалын үндэслэл нь зөвхөн ажил тасалсан гэдгээр гарсан. Хуурамч баримт үйлдсэн, үйлдээгүйг Тамгын газрын дарга шийдвэрлэх боломжгүй, эрх байхгүй, шалгадаг тусдаа процесстой, тусдаа асуудал. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалынхаа үндэслэл, тушаах хэсэг дээр энэ талаар тодорхой дүгнэсэн. Зөвхөн 9 хоногийн ажил тасалсан зөрчлийг, ноцтой зөрчил гэж үзээд шийтгэл оногдуулна гэх агуулгаар бичигдсэн байгаа. Ес хоног ажил тасалсан юм уу, үгүй юу, энэ ес хоног нь өөрөө шалтгаантай байсан уу, шалтгаангүй байсан уу? гэх процесс.
Хоёрдугаарт: зөрчлийг шалгах, шийдвэрлэх процесс хууль, дотоод журам, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын хүрээнд явсан уу, үгүй юу гэдэг дээр гол хууль зүйн дүгнэлт явах ёстой гэж ойлгож байгаа. Тэгэхээр ажил тасалсан уу, үгүй юу гэдэг асуудал байна. 9 хоног ажилдаа ирээгүй, ирээгүй шалтгаан нөхцөл нь тодорхой. Энэ дээр маргаан байхгүй гэж ойлгож байгаа. Энэ хүн тэр хугацаанд Монгол улсад байгаагүй, гадаад улсад байсан гэдэг дээр аль аль тал хүлээн зөвшөөрч байгаа. Сахилгын шийтгэл оногдуулах асуудалтай холбоотой хэд хэдэн нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх ёстой байдаг. Зөрчил гаргасан нөхцөл байдал, энэ хүн орон нутагтаа ажилдаа ирэх бололцоотой байж байгаад шууд ажилдаа ирээгүй тохиолдол биш, гадаад улсад байсан, шууд ирэх бололцоо байхгүй, онгоцны тийз олдохгүй байсан гэдгээ хангалттай тайлбарлаж байгаа. Үүнийг харгалзаж үзэх ёстой. Шалтгааны тухай асуудлыг гадаад улсад байсан гэдгээ анхнаасаа чөлөөний хуудас, чөлөө өгсөн хүсэлт дээр тодорхой байгаа. Гадаад улсад явах шалтгаанаар чөлөө аваад үргэлжлүүлээд ээлжийн амралтаа эдэлсэн талаар байгууллагад өгсөн баримтаар, дээрээс нь онгоцны тасалбар, гадаад паспортын хуулбар зэрэг баримтуудаар энэ хүн гадаад улсад байсан болох нь харагддаг. Хүүхдээ эмчлүүлсэн үү, ажил хийсэн үү гэдэг нөхцөл байдал дээр талууд мэтгэлцэж байна. Хүүхдээ эмчлүүлсэн гэдэг үнэн учраа хэлж байна. Би өмгөөлөгчийн хувьд энэ үндэслэлтэй байна гэж харж байна. Яагаад гэхээр ажил нь ороод байхад амарч зугаалаад явж байдаг хүн байдаггүй байх гэж бодож байна. Хоёрдугаарт: ажил тасалсан гэдэг үйл баримттай холбоотойгоор зөрчил мөн юм бол, ноцтой зөрчил үү? үгүй юу? гэдэг асуудал яригдах ёстой. Энэ байгууллагын дотоод журамд 11.1.10-т 5 төрлийн зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцно гэсэн байдаг.
Ажлын байран дээр архидан согтуурсан, мансууруулах бодис хэрэглэсэн, байгууллагын хөрөнгийг хувьдаа завшсан, ажлын байранд танхайрсан, хугацаатай тайлан мэдээг хоёроос дээш удаа дараа гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа ажил тасалсан гэх үндэслэлүүд байгаа. Тэгэхээр яг энэ тушаалын үндэслэл бол 11-1-10-ын Б-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 9 удаа ажил тасалсан гэдэг үндэслэл. Миний хувьд хөдөлмөрийн хууль, энэ байгууллагын дотоод дүрэм журмыг харахад гурван удаа ажил таслаагүй гэж үзэж байгаа. Энэ хүн нэг удаагийн үйлдлээр 9 хоног ажил тасалсан, 9 хоног ажилдаа ирээгүй буюу ээлжийн амралтаа дуусгаад орох ёстой хугацаанаасаа хожимдож ирсэн асуудал. Ноцтой зөрчилд тооцогдох уу? гэдэг дээр шүүх дүгнэлт хийх байх. Хоёрдугаарт ноцтой зөрчлийг Дээд шүүхийн 2012 оны 01 дугаартай зөвлөмж, 2006 оны 7 сарын 3-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолд заасан. Ноцтой зөрчил гэдэг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон үйлдлийг ноцтой зөрчил гэж ойлгоно гэж.
Э.Ш-ийн үйлдлээс байгууллагад эд хөрөнгийн хохирол учраагүй байна, бизнесийн болон ажил хэргийн нэр хүнд нь гутсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна, ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэл дээр Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар шүүн таслах ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдол саатал үүсээгүй, тухайн хэргийн тоо, нэхэмжлэлийн тоо бага байсан гэх байдлыг хэлсэн байдаг. Энэ үйлдлийн хувьд ноцтой зөрчил гэдэгт яагаад ч хамаарахгүй. Процессын хувьд сахилгын зөрчилтэй холбоотой асуудлыг шалгах процессыг Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журам болон байгууллагын дотоод журмаар зохицуулж байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмын 2-2-т “албан хаагч сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатын албан тушаалтан эсвэл дотоод хяналт шалгалт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно” гэж заасан. Энэ заалтыг шүүхийн Тамгын газар дотоод журмын 11.1-6-д “Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажилтан, эсвэл комисс сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтооно, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан ажилтанд танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримттай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж дотоод журамдаа заасан. Зөрчлийг шалгах процесс, дотоод журмынхаа заалтын хүрээнд явагдаагүй, өөрөө шалгаад өөрөө арга хэмжээ аваад явсан. Дотоод журмын агуулга тодорхой нэг хөндлөнгийн албан хаагч эсвэл комисс байгуулаад энийг шалгаад, эндээс гарсан дүгнэлт дээр үндэслэгдэж шийдвэр гарахаар журамлагдсан байдаг, гэтэл энэ зүйл алга байна.
Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, гомдол гаргах журам дээр сануулах сахилгын шийтгэл, цалингийн арга хэмжээ авах, төрийн албанаас халах шийтгэлийг ямар ямар тохиолдлуудад оногдуулж болох вэ гэдгийг тодорхой заасан. Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсвэл зөрчлийн шинж байдлыг тухайн албан хаагчийн төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байдаг. Гадаадад гацаад билет байхгүйн улмаас 9 хоног ажилдаа явж чадаагүй хүнийг, цаашдаа энэ хүнийг төрийн албанд ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй, төрийн албаны тухай хуулийн 48.1-т зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үзсэнийг харгалзаж шийтгэл оногдуулах зохицуулалт байдаг. Э.Ш-ийн хувьд өмнө нь сахилгын шийтгэл байхгүй, өмнө нь ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл авч байгаагүй. Үнэхээр энийг сахилгын зөрчил гэж үзэх бол шүүхээс энэ дээр энэ шалтгаан нь өөрөө хүндэтгэх шалтгаан мөн үү, биш үү гэдэг дээр дүгнэлт гаргах байх. Мөн ноцтой зөрчил мөн үү, үгүй юү гэдэг дээр шүүх дүгнэлт хийж шийдвэр гаргах байх. Миний бие өмгөөлөгчийн хувьд нөхцөл байдал магадгүй амьдрал баян хүмүүс ээлжийн амралтын цаг хугацаа, амралт зугаалгын цаг хугацаа таарсан, хэн нэгэн хүн албан тушаалтан, хэн нэгэн хүн хөдөө орон нутагт амарч зугаалж яваад машин тэрэг нь саатах ч байдаг юм уу, нөхцөл байдлын улмаас ажилдаа ирж чадаагүй нөхцөлийг тухайн байгууллагын удирдлага бодитоор хандаж, ажил тасаллаа гэдэг агуулгаар хандахгүй байх гэж бодож байна. Тийм учраас хууль зүйн хувьд энэ хүнд төрийн албанаас халах шийтгэл оноосон нь хэтэрхий хүнд шийтгэл гэж үзэж байна. Энэ хүн анх удаа сахилгын шийтгэл зөрчилд холбогдсон, шүүхийн захиргааны ажилтнуудын хүний нөөцийн хомсдолтой байгаа, 2015 оноос хойш энэ шүүхэд ажилласан, мэргэшсэн захиргааны албан хаагч гэж ойлгож байна. Энэ хүнийг заавал төрийн албанаас халахгүйгээр тухайн үед асуудлыг шийдвэрлэх бололцоо боломж хууль зүйн хувьд байсан байна гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй учраас хангаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийж байна” гэв.
10. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн шинж байдал, тухайн төрийн албан хаагчийг цаашид ажиллуулах боломжгүй гэж үзээд уг шийтгэлийг онгодуулсан байна. Ш өөрөө төрийн албан хаагч байж тэр тусмаа шүүхийн байгууллагын албан хаагч үнэн худлыг дэнсэлдэг байгууллагад ажиллаж байж хуурамч нотлох баримт авчирсан зөрчил гаргасан. Тийм болохоор зөрчлийн шинж байдал нь өөрөө хүнд, дээрээс нь цаашид ч төрийн албанд, тэр тусмаа шүүхийн байгууллагад ажиллах боломжгүйн байна гэж үзээд чөлөөлөх шийтгэл ногдуулсан байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулаад хэдэн зүйл тайлбарлая. Захиргааны ерөнхий хуулиийн 4.2.1-т “хуульд үндэслэх” зарчим байдаг. Тухайн захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлах ёстой. Энэ “хуульд үндэслэх” зарчмаа баримталж шийдвэрийг гаргасан.
Тухайн хүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргаад байж болохгүй. Төрийн захиргааны албан хаагч нар олон байдаг, ар гэрийн асуудалтай хүмүүс ч олон байгаа ганц Э.Ш биш. Энэ хүмүүс ажлаа хийгээд өөрсдөө төрийн албанд ажиллаж байгаагийнхаа хувьд ажлаа зохицуулаад явж байгаа. Э.Ш ганцаараа ажиллаж байгаа юм шиг миний асуудал, миний асуудал гэж яриад байх нь зохимжгүй. Энэ хүн ажлаа тасалсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байхад энэ хүний толгойг нь илээд ажиллуулаад байх боломжгүй. Хоёрдугаарт энэ хэргийн материалтай танилцаж үзэхэд надад ажиглагдаж байгаа зүйл нь Төрийн албаны тухай хуульд заасан захирах, захирагдах ёсыг баримтлахгүй байгаагаас энэ маргаан үүсээд байгаа юм байна. Тамгын газрын даргын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шаардлагуудыг хангаад шүүхийн Тамгын газарт даргаар томилогдоод ирсэн байхад захирагдах захиргааны албан тушаалтнууд хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй асуудал байж болохгүй. Захирах, захирагдах ёсоо баримтлаад, зарчмаа баримтлаад ажиллах ёстой.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ноцтой зөрчил гаргаагүй, байгууллагад хохирол учраагүй, бизнесийн нэр хүндэд нөлөөлөөгүй гэж байна. Шүүхийн байгууллагын захиргааны ажилтан нь өөрөө хууль бус нотлох баримт бүрдүүлээд, аваад, гуйгаад шүүхэд гаргаж өгч байгаа нь шүүх байгууллагын нэр хүндэд нөлөөлж, шүүхэд итгэх итгэлд нөлөөлж байна гэж харж байгаа. Өөрийнхөө найзад төвөг учруулаад найздаа сахилгын шийтгэл оногдуулчихсан, цаашид төрийн байгууллага, шүүх байгууллагын нэр хүндийг шалаар нэг хутгаж байна. Ажиллуулах боломжгүй нөхцөл байдал харагдахгүй байна гэж байна, харагдаж байгаа, ийм ёс зүйгүй хүнийг ажиллуулж болохгүй, гадаад дотоодод байгаа асуудал ерөөсөө асуудал биш, энэ хүний төрийн албан хаагч, нийтийн албан тушаалд ажиллах уу, тэр тусмаа шүүх байгууллагад ажиллах уу цаашлаад шүүгч болох боломжгүй хүн байна гэж шийдвэрээ гаргасан. Заавал халахгүй байж болох байсан гэж үзээд байна. Сахилгын шийтгэл ногдуулах журам дээр хүндрүүлэх нөхцөл байдлын таван үндэслэлийн гурвыг нь хангачихсан. 3 дугаар зүйлийн 3.4-т “зориуд шууд санаатайгаар зөрчил гаргасан, өөртөө давуу байдал бий болгохоор зөрчил гаргасан, зөрчил нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд нөлөөлөхөөр байвал сахилгын шийтгэлийг хүндрүүлэн үзэж оногдуулна” гэсэн зохицуулалттай журам байгаа. Тамгын газрын даргыг сахилгын шийтгэлийг өөрөө мэдээд оногдуулчихлаа гэж тайлбарлаад байна. Шүүхийн тухай хууль дээр Тамгын газрын дарга, тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх эрх нь байгаа. Энэ томилох, чөлөөлөх үндэслэл нь Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд, томилох, чөлөөлөх эрхийнхээ хэмжээнд гаргасан шийдвэр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасанчлан хүчингүй болгох шүүхийн шийдвэр гаргах тохиолдолд захиргааны акт нь хууль бус байх ёстой, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байх хоёр үндсэн хуулийн шаардлага хангагдсан байх ёстой. Энэ хоёр шаардлага хангагдаагүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Э.Ш нь Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргалд холбогдуулан
“Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж маргасан.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я-ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/10 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /ХХ-ийн 31-32 дугаар тал/
1.2. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан “Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я-ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/10 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгч Э.Ш нь Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Э.Ш-ийг ажилд томилох тухай” Б/01 тоот тушаалаар Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар томилогдон ажиллаж байжээ. /ХХ-ийн 42 дугаар тал/
2.2. Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар тушаалаар Э.Ш-ийг “ээлжийн амралтаа дуусаж, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирэх байтал Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгийн их эмч /Б.Х/-ийн “Э.Ш-ийг өвчний учир 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн тухай” эмнэлэгийн магадлагааг ирүүлсэн боловч уг эмнэлэгийн магадлагаа нь хуурамч байсан, хуурамч эмнэлгийн магадлагаа бүрдүүлж өгсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 9 өдөр ажил таслаж ажлын байрны ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /ХХ-ийн 177-178 дугаар тал/
2.3. Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий захиргааны акт /тушаал/-ыг эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан, тус Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/307 дугаартай албан бичгээр түүнд хариу өгсөнийг эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд уг маргаан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т “төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 75 дугаар зүйлийн 75.1-т “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн ... 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” , 76 дугаар зүйлийн 76.3-т “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” тус тус заасанчлан Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна. /1 дэх хх-ийн 1-5, 8 дугаар тал/
Хэргийн талаар:
2.4. Нэхэмжлэгч Э.Ш нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт “...том хүү А.Т ярьж чадахгүй ээрч гацаад байдаг тул Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-ын эмнэлэгт үзүүлэхээр 2023 оны 7 дугаар сард цаг авсан байсан боловч үзлэг оношлогоо нь эмнэлэгийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалан 2023 оны 6 дугаар сард урагшилж товлогдсон тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.4.4, 9.3.4.7-д заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажлын 20 хоногийн цалинтай чөлөө олгоно уу” гэх хүсэлт гаргасныг тус шүүхийн Тамгын газар хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Цалинтай чөлөө олгох тухай” Б/28 дугаартай тушаал гарган Э.Ш-т ажлын 20 хоногийн цалинтай чөлөө олгож шийдвэрлэсэн байна. /1 дэх хх-ийн 46, 49, 54 дүгээр тал/
2.5. Нэхэмжлэгч нь Бүгд найрамдах Солонгос улсад байхдаа үргэлжлүүлэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 18 хоног ээлжийн амралтаа эдэлсэн, мөн нэхэмжлэгчээс “Ажлаас чөлөө хүсэх тухай” хүсэлтийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “... 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай хүүхдээ бариа заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажлын 9 хоногийн чөлөө олгоно уу” гэх хүсэлтийг шүүхийн Тамгын газарт гаргасныг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 101 дугаартай албан бичгээр “... хүний нөөцийн дутагдал үүсээд байна, чөлөө хүсэх тухай хүсэлтийг дахин хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирэхийг мэдэгдье” гэж түүнд чөлөө олгох боломжгүй талаар хариу мэдэгджээ. /1 дэх хх-ийн 58-59 дугаар тал/
2.6. Нэхэмжлэгч Э.Ш нь хүү А.Т-ийн хамт Бүгд найрамдах Солонгос улс руу 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зорчиж, 08 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсад ирсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан /Бүгд найрамдах Солонгос улс руу зорчсон болон Монгол улсад ирсэн онгоцны тийзний хуулбар/ бичгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /1 дэх хх-ийн 183, 184 дүгээр тал/
2.7. Нэхэмжлэгч Э.Ш нь ажлын 9 өдөр ажил тасалсан байдлаа “аргагүй хамгаалалт” гэж үзэн өөрийн найз болох Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг лаборант Б.Г-аар дамжуулан хуурамч “эмнэлэгийн магадлагаа” бүрдүүлж шүүхийн Тамгын газарт хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохоос гадна нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.
2.8. Түүнчлэн хүү А.Т-ийг Бүгд найрамдах Солонгос улсад эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн талаар тайлбарладаг боловч энэ талаарх баримтыг шүүх гаргуулахаар шаардсан боловч гаргаж өгөөгүй, нотлоогүй болно.
2.9. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 92 дугаар зүйлд Шүүхийн захиргааны ажилтны ажилдаа баримтлах ёс зүйн талаар зохицуулсан бөгөөд тус зүйлийн 92.1.4-т “ажлын бус цагаар шүүхийн нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх”, 92.1.5-д “шүүхэд хүндэтгэлтэй хандаж, ажлын байр, олон нийтийн дунд биеэ зөв авч явах” заасан ёс зүйн шаардлагыг нэхэмжлэгч Э.Ш-ийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.
2.10. Мөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т “Шүүхийн Тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 87.1.2-т “шүүхийн Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 48 дугаар зүйлийн 48.1.4-т “төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж тус тус зохицуулсан.
2.11. Нэхэмжлэгч Э.Ш-ийн дээрх /факт/ үйлдэлд Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар тушаалаар Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2, 87.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.4, Монгол улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаал, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11.1.1, 11.1.10б, “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9.2.6 дахь заалтыг үндэслэн “Хуурамч баримт бүрдүүлсэн, ажлын 9 өдөр ажил тасалсан” үйлдэлд зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулсаныг буруутгах үндэслэлгүй.
2.12. Шүүхээс маргаан бүхий сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актад хууль зүйн дүгнэлт өгөх, түүнчлэн захиргааны актын үндэслэлийг хянан шалгах үүрэгтэй бөгөөд хэрэв тус маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй болох нь нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцлагын хэмжээг бууруулах, өөрчлөх эрхгүй.
2.13. Иймд маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гурав. Нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я-ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох “ гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.
3.2. Нэгэнт Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар бүхий тушаал нь үндэслэлтэй, дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я-ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/10 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Дөрөв. Нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.2.2-т “төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ” заасан бөгөөд төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
4.2. Хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.1.2, 92 дугаар зүйлийн 92.1.4, 92.1.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ш-ийн Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга /З.Баяржаргал/-д холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я-ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/10 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ