Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

 

 

 

 

 

  2023           01            03                                          2023/ДШМ/18

  

     З.Г-ид холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Баасанбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг, Н.Мандах,

шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон, Л.Ганганбарс, Ө.Алтангадас,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Л.Ганганбарс, Г.Бат-Отгон, Э.Ганбат нарын гаргасан гомдлуудыг үндэслэн З.Г-ид холбогдох эрүүгийн 1804001520095 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн З-ийн Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................... төрсөн, .. настай, э..эгтэй, ................ боловсролтой, ................ мэргэжилтэй, “.......................” ХХК-д ........... ажилтай, ам бүл .., .................-ийн хамт .................. дүүргийн .. дугаар хороо, ........ дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Шүүгдэгч З.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны орой бага насны буюу 6 настай М.М-ыг Багануур дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 18 тоотод орших гэрээсээ “Ээжид нь хүргэж өгнө” хэмээн .... БРА улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэлд суулган авч яваад, хээр аваачиж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан түүний өмдийг тайлж, бөгс /анус/ рүү нь нойтон сальфетка, бэлэг эрхтэн болон хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: З.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ийг 18 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ид оногдуулсан 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Г-ийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 337 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож, шүүгдэгч З.Г-өөс 9.277.513 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С /РД:СЮ74030808/-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар шүүгдэгч З.Г-ид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тоггоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

             Шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Э.Ганбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/700  дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

             Бага насны хохирогч М.М-ын мэдүүлэг нь үнэн зөв эсэхэд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, түүний мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдоогүйд анхаараагүй шийдвэрлэсэн.

             Ажиллагаагаар бага насны хохирогч М.М нь 3. Гийг таньж олоогүй нь түүний мэдүүлэгт тусгагдсан үйл баримт З.Г-тэй хамааралгүй байгааг нотолж, гэмт хэрэг үйлдсэн этгээд 3.Г гэж шийдвэрлэх үндэслэл болж буйг шүүх зөв дүгнээгүй болно.

             Насанд хүрээгүй бага насны хохирогчийн мэдүүлэгт огт яриагүй зүйлс, үйл баримтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаан болгон дээр мэдүүлж буйд шүүх дүгнэлт хийж зөв үнэлээгүй.

             Олон удаагийн шинжээчийн дүгнэлтээр /№929, 7910, 1138/ “Бага насны хохирогч М.М нь “Мухар гэдэс уртсаж тахиралдсан эмгэг” буюу долихосигма өвчинтэй байгаа нь тогтоогдож, харин шулуун гэдэсний амсар, дотор салстад механик гэмтэл, түүний үлдэц, сорви тогтоогдоогүй болно.

             Шинжээч С (хх-206х) дүгнэлтээ тайлбарлаж мэдүүлэхдээ: “...Гадны биед хийхэд бага насны хүүхдийн шулуун гэдэс урагдана, урагдаад эдгэвэл заавал сорвижилт үүснэ гэжээ. Уг дүгнэлт, мэдүүлгийг шүүх үнэлж чадаагүй, үгүйсгэж няцаасан үндэслэлээ тоггоолд дурьдаагүй.

             1 хх 126-166 талд Мын ЭХЭМҮТөвд эмчлүүлсэн өвчний түүхийг шүүх судалж, зөв үнэлж, зөв дүгнэлт хийгээгүй болно.

             Уг өвчний түүхэнд үндэслэж, шүүх эмнэлгийн шинжээчийн бүх дүгнэлт гарсан бөгөөд долихосигма буюу бүдүүн гэдэсний доод хэсэг буюу аарцгийн хөндийд байрлах тахир гэдэс урт байх нь төрөлхийн шалтгаант эмгэгтэй гэдгийг 100 хувь оношилсон, ийм өвчний үед илрэх шинж тэмдгийг /суулгах гэм мэт/ гэрч нар нотолсон байгааг шүүх зөв үнэлж, дүгнэлт хийгээгүй.

             Иймд гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад З.Г-ийг гэм буруутай гэж үзэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Л.Ганганбарс гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс холбогдогчийн гэм бурууг тогтоосон үндэслэлүүд болох гэрч хохирогчийн мэдүүлгүүд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, бусад нотлох баримтаар нотлогдоогүй, ашиг сонирхолтой байхад гэм буруугийн нотлогоо болгон үнэлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөвхөн яллах талыг баримтлан үнэлсэн нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан баримтуудад дурьдагдсан яллах үндэслэлүүд гэвэл хүүхдийн мэдүүлэг, ээжийнх нь мэдүүлэг, өмдөндөө баасан тухай эгч нарынх нь мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт л байгаа. Яллаж байгаа эдгээр баримтуудад насанд хүрээгүй хохирогч М.М-ын өөр өөрөөр мэдүүлсэн мэдүүлгийг эс тооцвол З.Г-ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж шууд нотолж байгаа баримт нэг ч байхгүй.

Хохирогч хүүхэд тогтвортой мэдүүлж байгаа гэдэг үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүх үнэлсэн. Хүүхдийн мэдүүлэг энэ хэрэгт 4 удаа байдаг. Огт өөр өөр юм ярьдаг. Унтаад сэрэхэд тэр ах цэцэрлэг дээр ирчихсэн байсан, уул руу гарсан, багажинд хийсэн, нойтон болон хуурай цаас бөгс рүү нь чихсэн, толгой руу өшиглөсөн, цус гартал гарыг мушгисан, 2 тамхи дуустал татуулсан, гэртээ хариад ядраад байна гээд өөр ах цэцэрлэг рүү хүргэж өгсөн гээд огт болоогүй юмыг болсон мэт яриад мэдүүлэг болгон дээрээ өөр өөрөөр ярьж байгаа хүүхдийг тогтвортой мэдүүлж байна гэж үзэх үү. Хүүхдийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар нотлогдож байвал үндэслэл болгохсон. Өмдөндөө баалаа гэж загнаж зандраад үг хэлийг нь сугалчих гээд, үг зааж өгөөд байхад хүүхэд тэрийг л ярьсан гэдэг нь тодорхой байдаг. Мэдүүлэг дээрээ хүртэл ээж рүүгээ хардаг, ээж тэгж хэлээрэй гэж хэлж өгсөн гээд мэдүүлчихсэн байдаг. Ямар ч хариуцлага хүлээхгүй субъект. Гэрт нь хүргэж өгсөн нэг тохиолдлыг хэдэн сарын дараах үйл баримттай холбоод хэрэгт  хамааруулж хүнийг яллаад байвал ер нь юу болох вэ?

Хүүхдийн мэдүүлэг үнэн гэж үзээд байгаа юм бол цэцэрлэг дээр З.Г огт ирээгүй, дахин гэрт очиж өөр бас нэг хүн хүүхдийг ээжид нь хүргэж авчраагүй талаар, бусад огт болоогүй зүйлүүдийг ярьсан зүйл.? Бусад гэрчүүдийн мэдүүлгийг юугаар няцааж байна вэ? Хүүхэд зурагт мэдээллийн хэрэгслээр харсан зүйлээ ярьж болно гэдгийг сэтгэцийн эмч Э.Д-ийн мэдүүлэг, худлаа яриад бодож байгаад хэлэх зүйлээ залруулаад байна гэдэг нь сэтгэцийн эмнэлэгийн асуумж, мөрдөн байцаалтын тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байна. Хүүхэд өөрийг нь хүчирхийлсэн ахыг танина гэдгээ анхнаасаа хэлсэн. Гэтэл таниулах ажиллагаа хийхэд огт таниагүй. Мөн 32-56 дугаарын машины дотор, гадар зургийг хараад таниагүй. /2 хх 63/.

Мэдүүлгийг бүхэлд нь үнэлээд, түүний ярьж байгааг үндэслэл болгож болох уу, үгүй юу гэдэгт дүгнэлт хийх ёстой байхад, шүүх хэт нэг талыг баримтлаж хэрэгт авагдсан баримтуудаас зөвхөн яллах талын баримтыг ашигласан нь шүүх нь шүүхийн биш, ял төлөвлөсөн прокурорын байр суурьнаас хандсан гэж үзэж байна.

2. Шүүхээс гэрч М.Ш, Н.М, Б.Э, Н гэх мэт олон гэрчийн мэдүүлгийг яллах үндэслэл хэмээн тогтоолд дурьдсан. Гэтэл эдгээр хүмүүсийн мэдүүлэг нь зөвхөн хүүхдийг авч явсан, З.Г дагуулж явсан гэх мэт тодорхой асуудлуудыг дурьдсан байх бөгөөд харин ч эдгээр хүмүүсийн мэдүүлэгт байгаа цаг хугацаа, хүүхэд зүгээр явж байсан болон эрүүл мэндийн хувьд өөр бусад шалтгаанаар өвдсөн байж болох тухай цагаатгах талын маш чухал үндслэлүүдийг орхигдуулсан байгаа нь дээр дурьдсанаар ял төлөвлөж буй прокурорын байр суурьнаас хандсан гэдэг нь харагдаж байна. Мөн эдгээр гэрчүүдийн мэдүүлсэн цагаатгах талын мэдүүлгүүдийг ямар, ямар үндэслэл баримтаар үгүйсгэж байгаагаа тогтоолд дурьдах ёстой хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3. Шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт цагаатгаж буй баримтуудыг няцаан үгүйсгэж буй үндэслэлээ дурьдах ёстой. Энэ хэрэгт удаа дараагийн шинжилгээ хийгээд хохирогчийн биед үүссэн гэмтэл байхгүй, эсхүл гэмтлийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтүүд гарсан байдаг. Эдгээр дүгнэлтүүд нь гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоох боломжгүй гэсэн баримт байтал, ийнхүү гэмтэл байхгүй байгаа нь гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэл гэж үзэж байгаа нь туйлын ойлгомжгүй, баримтыг эсрэгээр нь ашигласан үйлдэл юм. Олон удаагийн шинжээчийн дүгнэлтүүд нь цаг хугацааны хувьд бүгдээрээ л хойно хийгдсэн байтал, зөвхөн гэмтэлтэй байж болох таамаг дэвшүүлсэн дүгнэлтүүдийг үндэслэл болгоод бусдыг нь үнэлэх боломжгүй гэж орхигдуулж байгаа нь шүүх мөн л нэг талыг барьж дүгнэлтээ гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

4. Мөн дээр дурьдсанаар гэрчүүдийн мэдүүлгийн цагаатгах талын үйл баримтуудыг огт үнэлэлгүйгээр орхисон ба шүүх шинжилгээний дүгнэлтэд хүрэлгүйгээр зөвхөн үйл баримтаас харахад л цаг хугацаа орон зай мэдүүлгүүдийн зөрүү, хэрэгт цугларсан үйл явдал болж буй хэсэг нь өөрөө гэмт хэрэг гарсан байх ямар ч боломж байхгүйг харуулж байгаа гэдгийг маш няхуур анхааран үзнэ гэдэгт найдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдогч З.Г-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

             Шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Г.Бат-Отгон гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/700  дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

             1. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлын талаар тогтоогдсон үйл баримт, түүнд шүүхээс хийсэн дүгнэлт хэсгийн 3-рт “...Их гүн 02-02 тоотод байрлах өөрийн хашаандаа очиж нохойгоо хооллосон. Улмаар 6 настай хүү М.М-д хүч хэрэглэн өмдийг тайлж, анус руу нь сальфетка, бэлэг эрхтэн болон хуруугаа хийж хүчирхийлсэн үйл баримтууд тогтоогдож байна.” гэсэн байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд “хээр аваачиж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж...” гэж хэрэг учрал болсон гэх газрыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд хэрэг учрал болсон гэх газрыг 2 өөрөөр тогтоосон байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн ...” нотолбол зохино гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хэрэг учрал гарсан газрыг хөдөлбөргүй тогтооно гэж ойлгогдож байна. Гэтэл улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол хэрэг учрал гарсан гэх газрыг 2 өөрөөр тогтоож байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

             2. Мөн анхан шатны шүүх ... бага насны хохирогч М.М, хууль ёсны төлөөлөгч Т.С ...эдгээрийн мэдүүлгүүд хоорондоо утга агуулгын зөрүүгүй, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж дүгнэжээ. Гэтэл бага насны хохирогч М.М нь хэрэгт 4 удаа мэдүүлэг өгөхдөө 4 өөрөөр мэдүүлсэн байдаг. Тухайлбал, 1 хх 64 талд “...намайг гэр рүү дагуулж явсан, гэрт нь 2 том ах байсан. ...”, 1 хх 66-77 талд “...намайг унтаад босоход тэр ах цэцэрлэг дотор ирчихсэн байсан. ...”, 2 хх 63 талд “...гэрт байсан том агаа нь намайг гэрээсээ авч гараад алхаж яваад цэцэрлэг рүү хүргэж өгсөн. ...”, мөн 2 хх 182 талд “...намайг гэмтээсэн ах сахалгүй, намхан туранхай... нөгөө том ах жаахан сахалтай, өндөр нуруутай байсан гэх мэтээр харилцан зөрүүтэй мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, шүүх мэдүүлгүүд хоорондоо утга агуулгын хувьд зөрүүгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

             3. Мөн анхан шатны шүүх “...Улмаар 6 настай хүү М.М-д хүч хэрэглэн өмдийг тайлж, анус руу нь сальфетка, бэлэг эрхтэн болон хуруугаа хийж хүчирхийлсэн үйл баримтууд тогтоогдож байна.” гэж дүгнэдэг. Гэтэл 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 294 тоот дүгнэлтэд “...М.М-ын бүдүүн шулуун гэдсэнд гэмтэл шарх сорви үгүй байна. ...Бага насны хүүхдийн анус руу гадны биет хүчээр оруулах, хүчиндэх эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийн улмаас ануст гэмтэл шарх үүснэ, үүсэхгүй байх боломжгүй гэж дүгнэсэн байдаг. Мөн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд М.М нь төрөлхийн долихосигма өвчтэй тухай тогтоосон байдаг. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтүүдэд тодорхой дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

             4. Шүүх гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй гэж дүгнэдэг. Гэтэл гэрч М.Ш, Б.Н, Н.М нар нь хэдэн цагт хүүхдийг цэцэрлэгээс авч гарсан тухай харилцан зөрүүтэй мэдүүлдэг.

             5. Мөн полиграфийн магадлагаа, Шүүх сэтгэц эмгэг судлалын 226 тоот шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хүүхдийн цэцэрлэгийн ирц зэрэг цагаатгах талын үйл баримтуудад шүүх ямар нэг дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

             Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, З.Г-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.  ...” гэв.

             Шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Ө.Алтангадас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгч нарын байр суурийг дэмжин тайлбар гаргаж байна. Хохирогч тухайн үед 6 настай байсан ба өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд, түүний сэтгэхүй, төсөөлөл, итгэл үнэмшилээс хэт давсан мэдүүлгүүд өгсөн байдаг. Хохирогчоос анхны мэдүүлгийг хэрэг гарсан гэх цаг хугацаанаас 6 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авсан. Энэ мэдүүлгээр мөрдөгч хөтөлсөн шинжтэй асуултуудыг тавьж мэдүүлэг авсан. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо хохирогчийн биед учирсан гэх гэмтэл, үүссэн өвчин зовуурийг 1 сарын дараа биш, хүчиндүүлсэн өдрөөс эх, ойр дотны хүмүүс нь мэдэх боломжтой байсныг харгалзаж үзээгүй. Энэ талаар олон нотлох баримт байдгийн нэг нь шинжээч С-ийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгт “анусаар хүчиндүүлсэн тохиолдолд ямар байдал ажиглагдах вэ” гэж асуухад, “хошногоны эргэн тойронд салст урагдаж, цус их гарч, хавдаж улайна. Бага насны хүүхэд бол зовуурь ихтэй уйлагнана” гэснийг шүүх харгалзан үзэх ёстой байсан гэж үзэж байна. Хэрэгт нийт 6 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Эдгээр дүгнэлтүүдийг агуулгаар нь авч үзвэл миний үйлчлүүлэгчийг цагаатгах талын нотлох баримт болж байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс шинжээчээс авсан мэдүүлгийн зарим хэсгийг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд бусад баримтуудыг үгүйсгэсэн дүгнэлт гаргалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу 5 ажиллагаа нэмж хийгдсэн. Өөрөөр хэлбэл, бага насны хохирогчийн эх болон нагац эгчээс мэдүүлэг авч, Сэтгэц эмгэг судлалын үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гаргуулсан бөгөөд энэ дүгнэлтийг хэрэг гарсан гэх цаг хугацаанаас хойш 2 жил 10 сарын дараа гаргуулсан байдаг. Анхан шатны шүүх энэ дүгнэлтийг үнэлсэн байдаг. Гэтэл бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт болон шинжээч Адъяасүрэнгийн дүгнэлтүүдийг судалж үзвэл миний үйлчлүүлэгчийг цагаатгах нотлох баримтууд байдаг. Энэ талаар шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй. Мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолд З.Г-ийг яллах бүхий л нотлох баримтууд тусгагдсан. Гэтэл Улсын дээд шүүхээс үүнийг эргэлзээгүй тогтоогдоогүй байна гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Г-ийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хүүхэд хэрэг гарах үед 6 настай байсан. Тийм аймшигтай зүйлийг өөрөө зохиогоод ярина гэдэг боломжгүй. Хүүхдийн минь эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Сэтгэл санаа нь маш тогтворгүй байгаа. Байнгын эмчилгээнд байдаг, сэтгэл зүйчийн хяналтад байдаг. Маш их жингийн илүүдэлтэй бөгөөд цусан дахь сахрын хэмжээ нь хэвийн хэмжээнээс давсан. Анх шинжилгээ авсан эмч “хүүхэд чинь амь насны наана ирлээ. Хэрэв үүнээс удсан бол түгжрэл болж амь насанд нь аюултай байж” гэж байсан. Сэтгэл санаанд нь үүсэн айдас түгшүүр өнөөдрийг хүртэл арилаагүй. Сургуульдаа явахаасаа явахгүй нь их байсаар хүүхэд маань 10 нас хүрлээ. Цаашид ямар эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй. Гэдэс нь маш том хөөлттэй байсаар байгаа. Өнөөдрийг хүртэл биднийг маш ихээр хохироосоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-ийн өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд хохирогчийн 4 удаагийн мэдүүлэг зөрүүтэй талаар дурдсан байна. Шүүгдэгч З.Г Их гүн 02-02 тоотод очсон талаараа зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан гэрч Н-гийн мэдүүлгээр Н-г буулгасны дараа хүүхдийг буцааж авч явж байх үедээ нохой хооллосон байдаг. Хүүхэд нохой хооллосон тухай тодорхой мэдүүлсэн байгаа. Нохой хооллосон үйл явдлаа тодорхой хэлээд машинд суусан, машинаас буусан, машинд ямар эд зүйлс байсан талаар маш тодорхой мэдүүлсэн учир шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан хүүхдийн мэдүүлэг зөрүүтэй гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрч Б мэдүүлэгтээ 6 настай хүүхэд зурагт үзээд даган дуурайж худал мэдүүлэх боломжгүй талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хэлсэн байдаг. Мөн шинжээчийн дүгнэлтүүд тухайн гэмтлүүд тогтоогдох бололцоогүй гэсэн агуулгатай гарсан. Шинжээч А анх шинжилгээ хийсэн үзлэгийн баримтыг үндэслэх ёстой гэж маш тодорхой заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Н эмч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинжилгээ хийсэн байдаг.  Энэ хүний үзлэгийн тэмдэглэл болон гэрчийн мэдүүлэгт цагаан шохойжсон сорвитой байсан, урагдалтай байсан гэдгийг эмнэл зүйн хэллэгээр тодорхой дурдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогчийг “Мухар гэдэс уртсаж тахиралдсан эмгэг” буюу долихосигма өвчинтэй гэх төрөлхийн өвчтэй гэж тайлбарлаж байна. Энэ талаар гэрч, эмч Б “өтгөн хаталтын хэлбэр, долихосигма гэдэг нь 2 өөр” гэж мэдүүлсэн. Мөн өмгөөлөгч нарын зүгээс таньж олуулах ажиллагаа явуулахад хохирогч таньж олж чадахгүй байсан талаар давж заалдах гомдолдоо дурджээ. Гэтэл таньж олуулах ажиллагааг хэрэг үйлдэгдсэнээс 1 жилийн дараа хийсэн гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн гэрч Б тухайн үед хүүхдийг хэн дагуулж орж ирж, ээжийг нь сураглаж явсныг болон 2018 оны 5 дугаар сарын үед хүүхэд ямар зовуурьтай байсан талаар мэдүүлсэн байгаа. Дээрхээс дүгнэхэд, хүүхэд ямар нэг байдлаар зохиож ярих боломжгүй, эмнэлгийн үзлэгийн бүх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж болохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол гаргасан боловч хуульд заасны дагуу үйлчлүүлэгчдээ танилцуулсан гэсэн тэмдэг тэмдэглэгээ надад байгаа баримт дээр харагдахгүй байгаа учир өмгөөлөгч Э.Ганбатын давж заалдах гомдлыг хэлэлцүүлэх боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-ийн өмгөөлөгч Г.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогчийн мэдүүлэг бусад баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хуурай болон нойтон сальфетка илэрсэн талаар дурдагдсан. Хохирогч анус руу нь хуурай болон нойтон сальфетка хийсэн талаар болон нохой хооллосон талаар мэдүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эмч Н үзлэг хийж хүүхдийг нохойноос айдаг болохыг тогтоосон. Мөн Улсын нэгдүгээр эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “тосолсон тохиолдолд гэмтэл үүсэхгүй байх боломжтой” гэж дурдагдсан. Хохирогч мэдүүлэгтээ “ээж халуурахад бөгсөнд лаа хийдэг байсан. Тийм зүйл хийсэн” гэсэн байдаг.  Хохирогчийн мэдүүлэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

             Шүүгдэгч З.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр нинжин сэтгэл гаргаж хүүхдийг хүргэж өгснөөс хүүхдийн сэтгэцэд нөлөөлөхүйц, бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийгээгүй. Намайг хийгээгүй хэрэгт гүтгэсэнд маш их гомдолтой байна. ...” гэв.

Прокурор Э.Баасанбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос нийт 4 удаа мэдүүлэг авсан. Мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй. Хүчирхийлэлтэй холбоотойгоор шинжээч болон гэрчүүдээс мэдүүлэг авахад 6 настай хүүхэд өөрт тохиолдсон зүйлээ үнэн зөвөөр мэдүүлэх боломжтой бөгөөд хохирогч өөрт тохиолдсон зүйлээ үнэн бодитой ярьж байна, харсан үзсэн зүйлээ үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай, 6 настай хүүхдэд хэн нэгнийг гүтгэх сэтгэхүй суугаагүй байдаг талаар мэдүүлсэн. Тээврийн хэрэгслийг таньж олуулах ажиллагааг хэрэг гарснаас 1 жилийн дараа хийсэн. 1 жилийн хугацаанд хүний гадаад байдал өөрчлөгдөх болох учир хохирогч шүүгдэгчийг таниагүй байх боломжтой юм. Полиграфийн магадлагааг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэдгийг магадлал дээр дурдсан байгаа. Шинжээчийн дүгнэлтүүд хэрэг гарснаас нэлээд хугацаа өнгөрсний дараа гарсан учир зарим дүгнэлтүүд зөрүүтэй гарсан. Бусад асуудлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-ийн өмгөөлөгч Н.Мандахтай санал нэгтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.Г-ид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

             Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

             Шүүгдэгч З.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны орой бага насны буюу 6 настай М.М-ыг Багануур дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 18 тоотод орших гэрээсээ “Ээжид нь хүргэж өгнө” хэмээн .... БРА улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэлд суулган авч яваад, хээр аваачиж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан түүний өмдийг тайлж, бөгс /анус/ рүү нь нойтон сальфетка, бэлэг эрхтэн болон хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

             Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагын мэдээлэл /1 хх 9/,

             Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 13-14/,

             Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /1 хх 16-23/,

             Насанд хүрээгүй хохирогч М.М-ын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, урьдчилсан сэргийлэх тарилгын гэрчилгээ, Илаарших ӨЭМТ тодорхойлолт, эрүүл мэндийн үндэсний төвийн лавлагаа /1 хх 29-36/,

             Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 37-40/,

             Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /1 хх 45-49/,

             Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын хаягийн бүртгэл /1 хх 50-51/,

             Насанд хүрээгүй хохирогч М.М-ын /1 хх 64-65, 66-68, 2 хх 63, 182-183/ мэдүүлгүүд,

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-ийн /1 хх 74-76, 77-78, 79/ мэдүүлгүүд,

             Гэрч З.Г-ын /1 хх 80-82, 83-84/, С.А-гийн /1 хх 85-86/, Б.Э-ын /1 хх 87, 2 хх 174-175/, Н.М-ын /1 хх 90, 2 хх 82/, С.Б-ын /1 хх 94/, Ж.М-гийн /1 хх 100/, С.С-гийн /1 хх 106, 3 хх 216-217/, Т.С-гийн /2 хх 184-185, 3 хх 219-220/, Т.Г-ын /1 хх 109/, Э.Д-ийн /1 хх 107-108/, А.У-ын /1 хх 110-111, 112, 115-117/, Р.Н-ын /2 хх 67-68/,

             шинжээч Ө.С-ийн /1 хх 204-208/, шинжээч Д.Д-гийн /2 хх 65-66/  мэдүүлгүүд,

             Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистик дүн бүртгэлийн хэлтсийн албан тоот, М.М-ын өвчний түүх, эмчлүүлэгчийн картын хуулбар /1 хх 118-166/, насанд хүрээгүй хохирогч М.М-ын эрүүл мэндийн байдлын талаарх баримтууд, Амбулаториор эмчлүүлэгчийн карт, өвчний түүх, эрүүл мэндийн талаар тайлбар, гэрэл зураг, сиди /4 хх 25-46/,  

             Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгийн багш, ажлын цагийн бүртгэл, рапортын дэвтрийн хуулбар /2 хх 154-156/,

             Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9443 дугаар хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 171/,

             Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 684 дугаар дүгнэлт /1 хх 173-175/,

             Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 701 дүгээр дүгнэлт /1 хх 194-197/,

             Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн сэтгэл зүйчийн тэмдэглэл /2 хх 72-74/

              Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар хүний биед хийсэн шинжилгээний дүгнэлт /2 хх 168-169/,

             Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 226 дугаар шинжээчийн дүгнэлт /3 хх 227-230/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр  сарын 13-ны өдрийн 294 дугаар дүгнэлт /3 хх 239-243/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч З.Г-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч З.Г-ийг бага насны хохирогч М.М-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан түүний өмдийг тайлж, бөгс /анус/ рүү нь нойтон сальфетка, бэлэг эрхтэн болон хуруугаа хийх зэргээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг...” үйлдсэн буюу хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч З.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ид оногдуулсан 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Л.Ганганбар, Г.Бат-Отгон нараас “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Г-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Э.Ганбатаас “...Гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад З.Г-ийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.  

Учир нь, шүүгдэгч З.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн тайлбарт “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй гэж заажээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Л.Ганганбарс, Г.Бат-Отгон, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч З.Г-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш нийт 109 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Л.Ганганбарс, Г.Бат-Отгон, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ийн цагдан хоригдсон 109 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                     ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

               ЕРӨНХИЙ                    

                     ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ