Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0421/З |
Дугаар | 128/ШШ2024/0365 |
Огноо | 2024-04-23 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2024/0365
2024 04 23 128/ШШ2024/0365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б, Б.Б
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С төлөөлөгч: Ц.Т, Х.А
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Б, хариуцагч Н.Х, Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс Улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Хариуцагч нараас удирдамжийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаартай томилолттойгоор нэхэмжлэгч *****-д эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийжээ.
2.2. Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай ***** дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
2.3.Тус шүүх *****-аас гаргасан Улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С нарт холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.С, Н.Х нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актаар 4,436,734,837.32 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гардан аваад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т "Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана. гэж хуульчилжээ. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ****дүгээр тушаалын 01 Хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 1.3-т Татварын хяналт шалгалт гэдэгт /цаашид "хяналт шалгалт" гэх/ олон улсын гэрээ, татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг, татварын албаны баталсан дүрэм, журам, заавар, зөвлөмжийг мөрдлөг болгон "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-ын дагуу эрсдэлийн үнэлгээ тооцож хийсэн хяналт шалгалтыг ойлгоно.
Мөн журмын 2.9.1-д "хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслэн энэ журмын 3.5-д заасан томилолт олгогдсоноор хийнэ", 3.5-д "Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн төлөвлөгөөний мэдээлэлд үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно." гэж тус тус заажээ.
Манай компанийн татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, тухай бүр төлж байсан. Гэтэл татварын хяналт улсын байцаагчид татварын алба хүлээн авч баталгаажуулан, тухайн тайлангаар АМНАТ-ыг төлж байсан манай компанийг олон жилийн дараа буруутгаж АМНАТ-өө буруу гаргаж байсан мэтээр биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Үнэхээр манай татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахгүй хаана байдаг нь мэдэгдэхгүй, мөн ямар зорилгоор ажиллуулдаг эсэх нь тодорхой бус бирж гэх зүйлийн мэдээ, үнийг баримтлах ёстой гэж үзэж байсан бол манай компанийн тайланг хүлээн авахгүй буцаах эрх боломж нь татварын албанд бүрэн байсан, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" гэснийхээ эсрэг Монголын татварын алба татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, үйлчилгээг үзүүлж /татварын албаны бүтцэд татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх нэгж байдаг байна./ чадахгүй биднийг ноцтой эрсдэл орууллаа.
Түүнчлэн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид аж ахуйн нэгжид ашигтай. Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй ба харин түүний оронд хүчингүй болсон түүнчлэн үндэслэл болсон хууль Цэц дээр хүчингүй болсон зэрэг олон шалтгаанаар хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг ямар онол, сургаалын дагуу мөрдөх ёстой зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Эрх зүйн онолын суурь зарчим болох "хуулийг буцаан хэрэглэх талаар тухайлан заагаагүй бол тухай хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэж байх үед хүчингүй байсан Засгийн газрын тогтоолыг ямар хэм хэмжээний актаар амилуулж зөрчил гэж үзсэнийг тааж мэдэхгүй байна. Монгол Улсын Дээд шүүх олон нийтийн эрх зүйн мэдлэг, боловсролд зориулж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрх зүйн маргааны шийдвэрлэлтийн хураангуйг https://supremecourt.mn/ гэсэн хуудаст байршуулдаг болсон байна. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оруулсан "Татвар нэмэгдүүлэн тооцох журмыг буцааж хэрэглэхгүй" гэсэн мэдээнд "...Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй" байх суурь зарчмыг баримталдаг, энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй. Тодруулбал, 2019 оны 07, 08 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, дагаж мөрдөгдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 0000 дугаар журмыг хэрэглэж, татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцох нь маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцэхгүй, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв..." гэсэн байна.
Татварын алба ямар мэдээллийг ашиглах үүрэгтэй, эрхтэй вэ? гэсэн асуулт гарч ирэх ба Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу: Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын 3.3. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлохдоо тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй, ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг, харьцуулалт хийх боломжтой татвар төлөгч олон байгаа тохиолдолд хэд хэдэн татвар төлөгчийн этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоотой харьцуулалт хийн татварын ногдлыг тодорхойлж болно. 2.2. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийн мэдээллийг ашиглана: 2.2.6.уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл" гэсэн журмыг баримтална. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно.
Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт" нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд үндэслэл бүхий байх;, Татварын ерөнхий хуулийн тохирсон, шийдвэр нь 5.1.2. тодорхой байх; 5.1.3.шударга байх; зарчмыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3. "дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн" гэсний дагуу нөхөн татвар ногдуулах уу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам-ын 2.2.6-д "Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6-д уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийг ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь шийдвэр нь үндэслэлтэй болж чадсангүй.
3.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах. гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3.-д "татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх; гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэж болох ба гагцхүү бидний санхүүгийн тайланг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсан болно.
4.Жоншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс хэсэгчилсэн, түүвэрчилсэн шалгалт хийх бүрдээ татвар төлөлтийн зөрчил гаргадаггүй манай компанийг байнга тогтмол шалгаж, улмаар үндэслэлгүй нөхөн ногдуулалтын акт тавьсанд гомдолтой байна. Иймд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.С, Н.Х нарын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн № НА-21220000027 дугаартай Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актын төлбөр болох 4,436,734,837.32 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дурдсан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч маргаан таслах зөвлөлд гаргасан байдаг. Улмаар Маргаан таслах зөвлөлөөр урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхэд дараах үндэслэлээр дурдсан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Татвар төлөгч нарыг хяналт шалгалтын ажиллагаанд хамруулахдаа Татварын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу татварын алба эрсдэл, эсхүл татвар төлөгчийн хүснэгтэд үндэслэн татварын алба хяналт шалгалт хийдэг. Энэ үндэслэл журмаа зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч маргаж байна. Нэхэмжлэгч хуулийн этгээдэд ямар эрсдэлтэй вэ, өндөр эрсдэлтэй юм уу гэдэг зүйлийг тайлбарлаагүй. Татварын ерөнхий газрын дарга болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын удирдамжид зөвлөнө гэсэн агуулга байдаг.
Татварын хууль тогтоомжийг сурталчлах, таниулах, зөвлөх гэсэн агуулгаар хяналт шалгалт хийлээ гэсэн боловч нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Маргах үндэслэл Татварын ерөнхий хуулийн 40 дүгээр 40.1.4, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дугаар зүйлээр маргадаг. 2 дугаар үндэслэл нөхөн ногдуулалтын акт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой маргаан байдаг. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр хураамжаас бүрдэнэ, 7 дугаар зүйлийн 7.2.6-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр , 7.3-т тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна гэсэн байдаг. Нэхэмжлэгч 2 дахь үндэслэлээрээ олон улсын зах зээлийн үнэ бариад бид нарт зөвхөн ногдуулалтын акт үйлдчихсэн. Өөрөөр хэлбэл олон улсын үнэ гэдэг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.3-т харилцаанд заасан 47.14 гэсэн харилцаагаа шууд хэрэглэчихлээ гээд нэхэмжлэлийн үндэслэл болгож гаргадаг. Яагаад энэ асуудлыг хэрэглэхгүй байсан бэ гэдэг дээр нэхэмжлэгч маргахдаа олон улсын үнийг хэрэглэх, тодорхойлох боломжгүй юм.
Ашигт малтмалын хууль болон Татварын ерөнхий хууль өөрөө энэ үнэ хэрэглэгдэхгүй тохиолдолд гэрээний үнийг барих тухай нарийвчлан зохицуулаад өгчихсөн. Монгол Улсын татвар албан татвар, төлбөр хураамж, тодорхой төрлийн харилцааг зохицуулсан энэ хууль болон тухайн төрлийн хуулиар тухайн төрлийн харилцааг зохицуулсан хууль болон Татварын ерөнхий хууль дээр тодорхой харилцааг нарийвчлан зохицуулаад өгчихсөн байна гэж маргадаг. Өөрөөр хэлбэл энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална гэж заасан байдаг. Хариуцагч нарын ашиглаад байгаа олон улсын зах зээл, бүтээгдэхүүний үнэ нь олон улсын зах зээлийн үнэ байж чадахгүй, олон улсын гэдэг нэр томьёог ашиглах нь үндэслэлгүй байна гэдэг үндэслэлийг 2 дахь хэсэг дээр оруулж нэхэмжлэгчийн энэ зүгээс маргадаг.
Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-т экспортын бүтээгдэхүүний борлуулалт, үнэлгээний үндэслэл болох олон улсын жишиг үнийг тогтоодог биржийн зах зээлийн сурвалжийг тухайн бүтээгдэхүүний нэр төрийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэсний дагуу хариуцагч хариу тайлбараа гаргахдаа WWW.INDMIN.COM сайтыг ашигласан гэж ярьдаг. Энийг манай тохиолдол хэрэглэх боломжгүй байна. Бүтээгдэхүүний үнэ Бүгд Найрамдах Хятад Ард улсын Тяньжин боомт дээр зарлаад байгаа худалдан авагчийнх нь бүх ашиг шим, үр өгөөж шингэсэн үнэ гэж маргадаг. Манайх олон улсын үнээр борлуулж чадахгүй байгаа гэж нэхэмжлэгч тайлбар гаргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг хангаж ажилласангүй гэдэг зүйлийг гаргадаг. Удирдамж нь татварын хууль тогтоомжийг сурталчлах, таниулах, ойлгуулах гэдэг агуулгаар орсон боловч цөөхөн аж ахуйн нэгжид их хэмжээний татвар цуглуулаад өрөнд оруулчихлаа гэдэг байдлаар нэхэмжлэгч нарын зүгээс маргадаг. Иймд маргаан бүхий актыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай бүх ашигт малтмалын салбарт ийм асуудлууд гараад байгаа. Жонш дээр яривал Наушки эсвэл Эрээн гэсэн хоёр нөхцөлөөр жоншоо гаргаж байгаа. Гэрээний үнэ тодорхой байгаа. Гэрээний дагуу орж ирж байгаа төлбөр тооцоо дансаар орж ирдэг, бэлнээр төлөгддөггүй. Монголчуудын жоншоо зарж байгаа нөхцөл байдал, үнийн дүн тодорхой байгаа. Татварын албаныхан дэлхийн зах зээлийн үнийг бариад байгаа. Жишээ нь Тяньжиний боомтын үнийг яривал Эрээн дээр зарагдсан үнэ Хятадын газар нутагт төмөр замаар мянга гаруй километр явдаг. Поп үнэ гэдэг нь усан онгоцны тавцан дээр гарсан үнэ. Тэгэхээр Монголоос тээвэрлэгдээд Эрээнд хүрчихсэн үнэ дээр нэмэх нь Хятадын нутаг дэвсгэр дээрх тээвэрлэлт, ачилт, буулгалт, мөнгө хөлс, цалин зардал бүгд ороод хамгийн хямд тээвэр буюу Тяньжиний боомт, усан онгоцны тавцан дээр гарчихсан үнийн дүнгээс татвар тооцож авна гэхээр шударга бус байна.
Хятадууд тэр үнээсээ дотоодын татвараа төлж болно. Монголчууд орлого олоогүй байж нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагаа, тээвэр, ачилт буулгалт, орон нутгийн зардал, үйлчилгээ орсон үнийн дүн дээрээс татвар төлнө гэдэг шударга бус байна. WWW.INDMIN.COM гээд Засгийн газрын тогтоосон сайт руу ороод үзэхэд www.fastmarkets.com гэдэг хаяг болоод өөрчлөгдчихсөн байгаа. Дэлхийн нөгөө буурин дээр байгаа жоншны үнэ тогтоочхоод орон нутаг дахь үнийг барина гээд байгаа. Жоншны салбарт ийм үнийн дүнгээр төлбөл цаашдаа дотоодын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж оршин тогтнох боломжгүй. Хариуцагч тал Засгийн газрын тогтоолыг заачхаад байгаа. Засгийн газрын тогтоол өөрөө бодит байдал дээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3 дугаар зүйлүүдийг шат дараалаад хэрэглэчихээр гэрээний үнийн дүн хэрэгжих бүрэн боломж байсаар байтал өөр үнийн дүн ашиглаад дэлхийн зах зээлийн жишиг гээд байгаа.
Ашигт малтмалын бүтээгдэхүүн өөрөө тээвэрлэлтээсээ шалтгаалж тодорхой нэмүү өртөг шингэж үнэ нь өсөөд байгаа нөхцөлийг харгалзан үзэхгүй байгаа нь үндэсний аж ахуйн нэгжүүдийг унагах нөхцөл байдалд хүргэж байна. Ямар нэгэн байдлаар татвар төлөхгүй гэж зугтаагүй. Бодитой хийсэн гэрээ хэлцэл болон банкны дансны хуулга гэх зэрэг бүх баримтуудаа үзүүлж байгаа. Ийм татвар тавиад байвал бид нарт боломж байхгүй. Олоогүй орлогын дүн дээрээс тийм хэмжээний татвар төлөөд цаашдаа үйл ажиллагаа хэвийн жигд явах ямар ч боломж байхгүй. Дэлхийн зах зээлийн жишиг ханш гэдэг үнийн дүн дээрээсээ бодож нэмэлт эдийн засгийн хариуцлага буюу алданги торгууль, хүү тооцож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. гэв.
6.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж татварын алба хүлээн авч баталгаажуулан тухай бүр төлж байсан, гэтэл татварын улсын байцаагчид, татварын алба манай компанийн татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахгүй, хаана байдаг нь мэдэгдэхгүй, ямар зорилгоор ажиллуулдаг нь тодорхой бус бирж гэх зүйлийн үнийг баримтлан дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд татварын албанд тухайн үед тайлан хүлээн авахгүй буцаах эрх байсан ч тайланг хүлээн авсан мөн олон жилийн дараа буруутган ноцтой эрсдэлд орууллаа гэх нэхэмжлэлд, "***** нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-гаар 2018 онд 1,215.12 тн, 2019 онд 22,214.59 тн, 2020 онд 18,141.95 тн, 2021 онд 10,580.44 жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж экспортын гэрээний үнээр тооцон нийт 13,350,917,155.01 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс нийт 632,703,956.86 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр, 11,845,985.25 төгрөгийн нэмэлт төлбөр ногдуулсан тайланг ирүүлснийг татварын алба хүлээн авсан байна. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 28 дүгээр зүйлийн 28.1. Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 28.10. Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасны дагуу татварын албанаас баталсан аргачлал, журамд зааснаар татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй байна.
Мөн Татварын ерөнхий хуулийн 41 дугаар зүйлийн 41.1. Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татвар алба хянан шалгана" гэж заасны дагуу татварын алба хяналт шалгалт хийж хуулийг хэрэгжилтийг хангуулдаг. Татвар төлөгч дараах хууль тогтоомжийн заалтуудыг зөрчиж татварын ногдлоо үнэн зөв тодорхойлоогүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон.
Татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 36 дугаар зүйлд заасан жишиг үнийн аргаар тодорхойлох үүрэгтэй байна" гэх нэхэмжлэлд: 2.1.Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ. 36.2.1.татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй, 36.2.2. татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн, 36.2.3. татвар төлөгчийн тайлан, бүртгэл алдагдсан буюу устсан, 36.2.4. татвар төлөгчийн татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа, 36.2.5. татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй" тохиолдолд татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлддэг. Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.5."албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд "албан татвар"-ыг ногдуулахдаа мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д заасан "жишиг үнийн арга"-ийн аргыг хэрэглэж, татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолдог.
Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.3.Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам-ын 2.2. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийн мэдээллийг ашиглана, 2.2.6.уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл" гэж заалт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг тодорхойлоход тухайн бүтээгдэхүүний нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээллийг ашигладаг.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8. хууль, ёсны итгэлийг хамгаалах, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 76 дугаар зүйлийн 76.1.3. татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" гэсэн зарчмууд харилцан хамааралтай салбар эрхзүйд хэрэглэгдэж болох ба манай компанийн тайланг Татварын алба зөв гэж удаа дараа тайлан хүлээн авч байсан гэх нэхэмжлэлийн тухайд: Тус компани 2018 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг 2019 оны 05 сарын 08-ны өдөр ирүүлсэн ба татварын алба тайлангийн хавсралт мэдээ хэсгийг хоосон ирүүлснийг дахин тайлагнуулахаар 2019 оны 06 сарын 25-ны өдөр буцаасан. Улмаар хавсралт мэдээ хэсгийг бөглөн дахин 2019 оны 07 сарын 08-ны өдөр илгээснийг хүлээн авсан байна. Татвар төлөгч 2020 оны ТТ-15 тайланг 2021 оны 01 сарын 20-ны өдөр илгээснийг татварын алба шалгуур үзүүлэлт хангахгүй, тайланг залруулж ирүүлэхээр 2021 оны 03 сарын 03-ны өдөр, 2021 оны 03 сарын 10-ны өдөр тус тус буцаасан боловч тайлангаа засварлахгүй дахин ирүүлснийг 2021 оны 03 сарын 16-ны өдөр "татварын албанаас цахимаар хүргүүлсэн 2 удаагийн шаардлагыг хүлээн аваагүй нь эрсдэл тооцох үндэслэл" болох талаар татварын улсын байцаагч сэтгэгдэл бичиж анхааруулж тайланг хүлээн авсан. Мөн 2021 оны тайланг 2022 оны 01 сарын 25-нд ирүүлснийг татварын улсын байцаагч 2022 оны 03 сарын 03, 2022 оны 03 сарын 25, 2022 оны 09 сарын 29-ний өдөр шалгуур хангаагүй, экспортод гаргасан тоо хэмжээний мэдээлэл зөрүүтэй, экспортын борлуулалт тул олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн үнээр тайлагнах талаар сэтгэгдэл бичиж, тайланг залруулахаар татвар төлөгчид буцаасан боловч засварлахгүйгээр тайланг дахин ирүүлснийг анхааруулж хүлээн авсан нь татварын албаны бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хадгалагдсан байна. Дээрхээс үзэхэд "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр"-ийн тайланг засварлаж ирүүлэх, экспортод гаргасан жоншны борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнэд үндэслэн тодорхойлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах талаар татварын улсын байцаагчаас удаа дараа анхааруулж, сэтгэгдэл бичиж буцааж, татварын албанаас шаардлага тавьсан нь нотлогдож байна.
Иймд татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хэрэгжилтийг хангуулж өгнө үү. гэжээ.
7.Хариуцагч Ц.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татвар төлөгчийн эрсдэлийг тооцоод өндөр эрсдэлтэй гэж үзэн хяналт шалгалтад хамруулахаар татварын улсын байцаагч Н.Х, Ц.С нарт нэхэмжлэгч компанийг шалгах томилолтыг олгосон. Өмнөх асуудлыг нь яагаад хяналт шалгалтад хамруулах болсон талаар бид нар чиг үүргийн хувьд сайн мэдэхгүй байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр албан татварт хамаарч байгаа. Зах зээлийн үнийг тооцохоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар экспортод гаргасан бол олон улсын харилцаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг баримталсан үндэслэл нь тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй олон улсын бүтээгдэхүүний зах зээлийг баримталж тогтооно гэж заасан байна. Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдчихсан. Хайлуур жоншны үнэ ханш ямар байх юм бэ гэдгийг Ашигт малтмалын газрын сайд, Сангийн яамны сайдууд үнэ ханшийг нь тогтоогоод зарлаад өгчихсөн байгаа. Бидний хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журам заавраа бариад зарлагдсан үнэ ханшаар экспортод гаргасан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцоод ашигт малтмалын үйлчилгээний төлбөрөө ногдуулж явж байгаа.
Шүүх дээр 81 дүгээр тогтоолтой холбоотой асуудал яригдаж байгаа. Зарлагдсан үнэ нь зөв юм уу, буруу юм уу гэдэг асуудлыг шийдвэрлэх боломж байгаа байх. Бидний хувьд хүчинтэй мөрдөгдөж байгаа Засгийн газрын тогтоол 2019 оны 442, 465 дугаар тогтоолоор ашигт малтмалын нөөц ашигласны одоо үндсэн төлбөр буюу 5 хувиар тогтоож төлбөр тавьж байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны үнэ нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмыг ашиглаад төлбөрөө ногдуулаад хүчинтэй байгаа эрх зүйн актын хувьд төлбөр мөнгөө ногдуулаад явж байгаа. Энийг буруутгах үндэслэл байхгүй.
Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд заасан татвар төлөгчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах итгэл үзүүлнэ гэж яриад байгаа юм. Татварын алба татвар төлөгчид татварын албанд тайлангаа ирүүлснээс нь хойш татварын системд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахтай холбоотой ийм эрх зүйн актуудыг мөрдөж байна, үүний дагуу тайлангаа ирүүлнэ үү гэдэг шаардлагыг тухай бүрд нь тавьсан байдаг. Татвар төлөгч тайлангаа өгөөд, ирүүлсэн тайлантай холбоотойгоор татварын албанд хүчинтэй мөрдөж байгаа журам, заавар, аргачлалуудыг хэрэгжүүлсэн юм уу, хэрэгжүүлээгүй юм уу гэдгээр татварын алба буцааж коммент бичиж өгдөг. Олон улсын зах зээлийн үнийг баримталж татвараа ногдуулахаар байна. Гэтэл та гэрээний үнээр тайлагнасан учир татвараа засаж ирүүлээрэй гэдэг асуудлуудыг хөндсөн. Татвар төлөгч олон улсын зах зээлийн үнээр тайлагнах боломжгүй, гэрээний үнээр тайлагнана гэдэг байдлаар тайлан тооцоогоо өгсөн. Татварын алба тайланг нь хүлээгээд авчихсан. Татварын алба хүлээж авсны дараагаар хяналт шалгалтын үйл ажиллагаа Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу ногдлоо үнэн зөв тодорхойлж тайлангаа цаг хугацаанд ирүүлсэн юм уу гэдгийг татварын алба шалгаж, хяналт тавьж хуулийг хэрэгжүүлж акт ногдуулдаг. Төлбөр тооцоололтой холбоотойгоор хяналт шалгалтын явцад хийсэн тооцоолол, бусад баримт материалыг хяналт шалгалтын явцад гардуулахдаа татвар төлөгчид нэг бүрчлэн танилцуулаад бүх тооцоолол, бүх материалаа татвар төлөгчид акттайгаа хавсаргаад хүргүүлсэн. Татварын албаны татварын улсын байцаагч бидний тавьсан акт хүчин төгөлдөр, бүх мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хууль эрх зүйн актаар тогтоогдсон гэж үзэж байна. гэв.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ***** ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төрлөөр анх удаа татварын хяналт шалгалтад орж байгаа компани биш. 10 жилийн өмнө жишиг үнээр биш гэрээний үнээр төлбөрөө төлөөд акт тогтоолгоод хариуцлага хүлээж байсан. Шүүхийн шийдвэрүүдээр эцэслэн тогтоогдсон байдаг. Татварын алба Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь хэсгийг хэрэглэж тухайн бүтээгдэхүүний нэр төрөл нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр гэрээний үнээр авах эрх зүйн үндэслэл байхгүй. Энийг мэдэхгүй, эсвэл орлоготой холбож тайлбарлаж байгаа нь төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Ашигт малтмал байгалийн баялаг. Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуульд зааснаар төрийн өмчид байхаар хуульчилсан байдаг. Энэ хүрээнд төр өөрийнхөө өмчийг ашиглуулсныхаа төлөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр ашгаа тодорхойлж байгаа.
Улс баялгаа ашиглуулсныхаа төлбөрөө өөрөө тогтоодог. Жоншны компаниуд төрийн өмчийг ашигласныхаа төлөө өөрөө үнийг тогтоож, гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж байгаа нь нэг талаасаа төрийн өмчийг ашигласныхаа төлөө би ямар гэрээ байгуулна тэр гэрээгээрээ төлбөрөө төлнө гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Татварын улсын байцаагч нарын тухайд экспортын жонш дээр ногдуулж байгаа төлбөрийн харилцаа нь тодорхой тодорхойлогдчихсон байгаа. Хууль болон Засгийн газрын тогтоолууд дээр гэрээний үнээс тооцсон борлуулалтын үнэлгээг авч ногдуулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Экспортод жонш гаргасан бол олон улсын зах зээлийн үнийг авна. Жишиг үнийг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 5 дахь хэсэг дээр Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний поп үнийг авна гээд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу зарлачихсан. 81 дүгээр тогтоолын хавсралт хэсгийн эх сурвалжид магни гэх мэт бүтээгдэхүүнийг Засгийн газар зарлаагүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 буюу гэрээний үнээр тооцох нөхцөл бий болж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч компани болон жоншны салбарынхны тухайд бүх эрх зүйн эх сурвалж нь тодорхой байгаа нөхцөлд татварын улсын байцаагч түүнийг үндэслээд акт тогтоосон нь татварын байцаагчдын актыг хүчингүй болгох, бууруулах үндэслэл болохгүй. Энэ асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргаад WWW.INDMIN.COM сайттай холбоотой асуудлуудыг ярьж байгаа. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын тогтоол дээр эх сурвалж тодорхой байгаа нөхцөлд татварын улсын байцаагч хэрэгжүүлэгч агентлагийн субъект учир хэрэгжүүлэхээс өөр эрх байхгүй. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоомжийн хүрээнд тавьсан акт үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс ... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнийн дүнгээс тооцон суутган төлөх ёстой. гэж, хариуцагчаас ... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасны олон улсын зах зээлийн үнээр төлөх ёстой. гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч *****-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох тухай шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Татварын Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтарсан Хяналт шалгалт хийх тусгай удирдамж-тайгаар хариуцагч нар нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаартай томилолттой нэхэмжлэгч *****-ийн 2018-2021 он хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийжээ.
5.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай ***** дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
6.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч *****-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зохих журмын дагуу төлөөгүй байна гэж үзэж, 2,966,359,633.15 төгрөгийн нөхөн татвар, 923,933,394.13 төгрөгийн торгууль, 546,441,810.04 төгрөгийн алданги, нийт 4,436,734,837.32 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
7.Нэхэмжлэгч ***** нь маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
8.Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн дээрх тогтоолд ... Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож ... төсөвт төлнө; Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны нэмэлт өөрчлөлт/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд ат тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө; мөн хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны нэмэлт өөрчлөлт/-ийн 47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, Ашигт малтмалын тухай хууль /2006 он/, /2019/-ийн 47 дугаар зүйлийн 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; Ашигт малтмалын тухай хуулийн 47.8-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 488 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр-ийн 5-д Хайлуур жонш Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.Indmin.com), Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар, 2019 оны 9 дүгээр сарын 4- ний өдрийн 342 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам зэрэг хайлуур жоншны хүдэр, баяжмалд хамааралтай хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газрын тогтоол, журмыг татварын хяналт шалгалтад ашигласан байна.
Иймд гомдол гаргагчийн нөхөн ногдуулалтын актын үндэслэл болсон хууль, Засгийн газрын тогтоол нь хүчингүй болсон гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. гэжээ.
9.Нэхэмжлэгч *****ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан ****** 2018 онд 1,215.12 тн, 2019 онд 22,214.59 тн, 2020 онд 18,141.95, 2021 онд 10,580.44 тн жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж экспортын гэрээний үнээр тооцон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн байна.
10.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:, 47.2.Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:, 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;, 47.14.Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана. гэж тус тус заажээ.
11.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо олон улсын зах зээлийн үнийг баримтлахаар байх бөгөөд энэ үнийг Засгийн газар нийтэд зарлахаар байна.
12.Монгол улсын Засгийн газар нь хуулийн дээрх заалтын дагуу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай 81 дүгээр тогтоолоор 2 дугаар хавсралтаар хайлуур жоншны зах зээлийн үнийн эх сурвалжийг нийтэд нэрлэн зарлажээ.
13.Дээрх үнийг үндэслэн ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох ёстой гэж үзсэн хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
14.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3.дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн. гэж заажээ.
15.Хуулийн заалтаас үзвэл, дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн гэрээний үнийн дүнгээр экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тодорхойлох боломжтой байна.
16.Харин маргаан бүхий тохиолдолд, дээрх хуулийн заалтыг хэрэглэж гэрээний үнийн дүнгээр экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тодорхойлох боломжгүй байна.
17.Тодруулбал, хайлуур жоншны зах зээлийн үнийг Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор тодорхойлох боломжтой байх тул дээрх хууль болон Засгийн газрын тогтоолыг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар нөхөн төлбөр, торгууль, алданги тогтоосон хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
18.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *****-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай ***** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.14-т заасныг тус тус баримтлан *****-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ