Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нээлттэй явуулсан шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгч Я.Г нарыг оролцуулан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4  дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 17160013200062 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, И овогт Я-ийн Г гэв.

 

Шүүгдэгч Я.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Х-ийн ам гэх газарт байрлах “СБ” хоршооны тэжээлийн агуулахад нэвтэрч, 00-00 ГАА улсын дугаартай УАЗ фургон машин ашиглан 61 уут тэжээлийг хулгайлж, хоршоонд 793.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Я.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Х-ийн ам гэх газарт байрлах “СБ” хоршооны тэжээлийн агуулахад нэвтэрч, 00-00 ГАА улсын дугаартай УАЗ фургон машин ашиглан 61 уут тэжээлийг хулгайлж, хоршоонд 793.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Шүүгдэгч Я.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...тухайн үед энэ хэргийг үйлдчихээд ямар нэгэн хүнд дарамт шахалт учруулахгүй гээд би өөрийнхөө хийсэн хэргийг илчилсэн... улсын яллагчийн уншиж танилцуулсан бүгд үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Тухайн үед би ганцаараа явж байсан. Би энэ машиныг худалдаж аваад задлаж байсан. Би өөрөө машин худалдаж аваад задлаад сэлбэгийг нь зардаг. Тэгээд задлаж байсан машинаа засаад унаад явж байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Я.Г-ийн “... 2017 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө Баян-Уул сумын төвөөс 3 км зайд байх М гэдэг хүний хариуцдаг хоршооллын агуулахаас 61 уут тэжээл ганцаараа хулгайлсан юм. Хулгай хийхдээ өөрийн эзэмшлийн дугаар номергүй хар ногоон өнгийн УАЗ фургон авто машиныг ашиглаж, тухайн авто машинд ачиж Шарга сумын Улаан туг  багийн нутагт байх найз Ө-нд аваачиж өгсөн. Оронд нь 10  тооны эр ямаа авсан. Нэг эр ямааг 60 мянгаар бодож авсан. Би Ө-д өмнөх жилийн 90 мянган төгрөгний өр байснаа суутгасан. Ингээд тэжээлийн үнэ болох 700 мянган төгрөг таарч байгаа юм. Тэгээд би өөрийн гэм буруутай үйлдлээ мэдэж байсан тул болсон хэргийн талаар хэсгийн төлөөлөгчдөө өөрөө илчилж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ44-45/,

Хохирогч Д.М-ын “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн үед манай нягтлан Б над руу залгаад тэжээлийн агуулахын гадна талын цоож эвдэрсэн байна гэж хэлсэн... Тэгээд би яваад очтол өрөөтэй байсан 70 тэжээл байхгүй байсан. Гэтэл 9-ийг нь өөр тэжээлүүд дээр нэмж өрсөн, 61 уут нь  алга байсан... Манай хоршоонд л ганц буусан тэжээл. Иргэдэд худалдан авалт хийгдээгүй. Манайх иргэдэд зарахдаа цаасан ярликыг авч зарж байсан. Он, сар нь 2017 оны 10 дугаар сарын 23, 9 гэсэн хоёр он, сартай 10 сар  гэдгийг окт гэсэн бичиглэлтэй байсан. Аймгийн хэмжээнд өөр ийм тэжээл буугаагүй...”  гэх мэдүүлэг /ХХ21-23/,

Иргэний нэхэмжлэгч Х.Д-ны “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Я.Г манайд орой ирээд өрнийхөө оронд тэжээл өгье гэж хэлсэн. Тэгээд би 9 уут тэжээл автал машин суусан мөнгө төгрөг байхгүй хэцүү байна. Одоо 52 уут тэжээл үлдсэн чи 10 эр ямаагаар аваатах гээд надаас гуйгаад салахгүй болохоор нь би 10 эр ямаа өгсөн... Г ганцаараа фургон машинтай ирсэн. Өнгийг нь сайн санахгүй байна... 61 уут тэжээл ачиж ирсэн өөр зүйл ачиж ирээгүй...” гэх мэдүүлэг / ХХ25-26/,

Гэрч Ч.Б-ын “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой 18 цаг 30 минутын үед О гэдэг хүнтэй цуг агуулах дээр Пронтер маркын тээврийн хэрэгсэлтэй очсон. Тэгээд гадна талын хаалгыг онгойлгох гээд очтол цоож нь шууд сугарсан. Тэгээд энэ рүү хулгай орчихож гээд гадна талыг нээтэл дотор талын цоож нь цоожтой байсан. Цоожийг ажиглатал цохисон бололтой мөр гарсан байсан. Гэхдээ цоожтой байсан. Тэгээд тэр цоожийг онгойлгож чадаагүй юм  байна гэж бодоод түлхүүрээр хэсэг оролдтол онгойсон. Тэгээд О-т 40 уут тэжээл ачуулсан... 70 уут тэжээл хураасан байснаас 9 ширхэгийг нь хойно аваачиж хураагаад 61 нь алга болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ27-29/,

Гэрч Г.Бо-ын “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр 995 уут тэжээл буулгасан. Тухайн үед би тэжээлийг хүлээж авсан... Тэгээд 11-12-нд шилжих шөнө 61 уут тэжээл алга болсон байсан. Хоршооны Б 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19 цагийн орчимд над руу утсаар ярьсан. Агуулахын гадна талын цоожийг цохисон байна. Дотор талынх нь цоожтой байна. Шинэ цоож дэлгүүрээс аваад ир гэж хэлсэн. Тэгээд цоож авч очоод ортол зүүн талд тусад нь хураасан 70 уут тэжээл байхгүй байсан. Тэгээд тоолтол нөгөө 70 уут тэжээлээс есийг нь хойт талд нь өрсөн намхан тэжээлүүд дээр тавьсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ30-31/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ5/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ7-9/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ11-12/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ33/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу олж авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч Я.Г нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /ХХ83/-ийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасныг шүүхийн  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, шүүгчийн 95 дугаартай захирамж /ХХ96-97/-аар хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулсан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар “хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэг болох нэг жилээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэг болох дөрвөн жилээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг заасныг баримтлан хорих ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд  шүүгдэгч Я.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэсэн зохицуулалттай байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг.....улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасныг журамлан шүүгдэгч Я.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизм болох түүний эзэмшлийн 00-00 ГАА дугаартай “УАЗ” фургон маркийн авто машиныг хураан авч улсын төсөвт шилжүүлж хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт хураагдаж ирсэн автомашинд үзлэг хийсэн 1 ширхэг дискийг /CD/ хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Я.Г нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.1, 36.2, 36,6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Я-ийн Г-ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И овогт Я-ийн Г-ийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 2, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Я.Г-ийн эзэмшлийн 00-003 ГАА дугаартай “УАЗ” фургон маркийн авто машиныг улсын төсөвт шилжүүлж, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Монгол улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт Я-ийн Г-д оноосон нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй

5. Шүүгдэгч И овогт Я-ийн Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан УАЗ фургон маркийн 00-00 ГАА дугаартай авто машиныг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

7. Хэрэгт хураагдаж ирсэн автомашинд үзлэг хийсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч И овогт Я-ийн Г нь цагдан хоригдоогүй, бичиг баримт нь шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА