Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/21

 

Б.Х-дхолбогдох

эрүүгийн хэргийн тухай   

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С, түүний өмгөөлөгч Г.Минжмаа,

шүүгдэгч Б.Х-дгийн өмгөөлөгч Л.Бурмаа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Х-дхолбогдох эрүүгийн 20100055 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Х, 

Шүүгдэгч Б.Х-д нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 16-17 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Хбогд амралтын газрын зүүн урд зүгт байрлах Б ууланд талийгаач С.Эхамт гарч архи согтууруулах ундаа хэрэглээд шөнө 22-23 цагийн үед буцаж уулнаас буух үедээ хоорондоо маргалдаж улмаар түүнийг шөнийн цагаар орхиж явсан болгоомжгүй үйлдлийн улмаас С.Эын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Х-дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бодонгууд овгийн Батнямын Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-дг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Х-д3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Б.Х-дхолбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-дгаас нийт 10.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Снөхөн төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирол болон бусад зардалтай холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх “...шүүгдэгч Б.Х-дг гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.Х-доногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй...” гэж шийдвэрлэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад гэрч Д.Төгөлдөрийн мэдүүлэгт “...нүүрнийх нь хацар хавиар нэлэнхийд нь зулгарсан байдалтай жижиг, жижиг шарх, 2 гарын хуруунуудын дунд үеийн гадна хэсгээр цус хурсан байдалтай харагдаж байсан...”, шинжээчийн 3354 дугаартай дүгнэлтэд “...Б.Х-дгийн биед хүзүү, шуу, сарвуунд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо...”, 1314 дугаартай дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гогодолт гарсан байна, хар хөх өнгийн ороолтод 10х8 мм, хөх өнгийн жинсэн өмдөнд гарсан 8х4 мм хэмжээтэй гэмтлүүд хатуу мохоо зүйлийн гогодох, татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан гогодолтууд байна...”, 651 дугаартай дүгнэлтэд “...С.Эын цогцост зүүн нүдний дээд зовхи, баруун зүүн хацар, хамар, зүүн сарвуунд зулгаралт тогтоогдлоо...”, 721 дугаартай дүгнэлтэд "... Талийгаач С.Эрдэнэ- Очирын биед “зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт 2.0х0.1 см, зүүн хацарт 2.0х0.3 см, 4.0х0.1см, хамрын нуруунд 0.3х0.3см, 0.3х0.4см, хамрын үзүүрт 2.0х0.2 см, 0.3х0.2 см, 0.8х0.1 см, баруун хацарт 2.0х0.1 см, 0.1х0.1см цоохортсон хүрэн улаан өнгийн 1.0х0.2, зүүн сарвууны хуруунуудын 3 дугаар үенүүдэд хүрэн улаан өнгийн цоохортсон хүрэн улаан өнгийн зураас бүхий зулгаралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Талийгаач С.Эын биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Талийгаач С.Эын биед зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн хацар, хамар, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна...” гэсэн нөхцөл байдал тогтоогджээ. Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Х-д, талийгаач С.Э нар нь тухайн цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэн маргалдаж улмаар зодолдсоныг нотолж байна. Энэ талаар шийтгэх тогтоолд “...амь хохирогчийн биед учирсан зулгаралт, шархнууд зэргээс харахад тухайн үед амь хохирогч, шүүгдэгч нар нь ууланд гарсныхаа дараа согтууруулах ундаа хэрэглэн маргалдаж улмаар зодолдсон нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь согтууруулах ундаа хэрэглэснээс болж маргаан үүссэнээс шалтгаалжээ...” гэж дурдсан байна. Гэтэл шүүгдэгч Б.Х-д нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчтой маргалдсаны улмаас орхиж явсан тухай мэдүүлсэн боловч дээрх баримтуудаас үзэхэд тухайн үед маргалдан зодолдсон талаарх байдал тогтоогдсон бөгөөд зодолдсон, гэмтэл учруулсан талаар гэм буруугаа хүлээж мэдүүлээгүй байхад шүүх зодолдсон нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж зөрүүтэй дүгнэлт хийж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь үндэслэлгүй байна. Хэргийн байдлаас үзэхэд шүүгдэгч Б.Х-д нь эхэлж амь хохирогч С.Эыг дуудаж дагуулж уул руу явсан, хамт архи уугаад маргалдаж зодолдсоны улмаас хохирогчийг орхиж явсан байдал тогтоогдсон байхад шүүх зөвхөн орхиж явсан тухайгаа мэдүүлснээр нь гэм буруугаа хүлээсэн гэж дүгнэж Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэснийг зөрчсөн байна. Мөн хүүгээ алдсан эцэг, эхийн хувьд энэ мэтээр хүний амь насыг санаатай санамсаргүй хохироосон нь нотлогдсон мөн тухайн хүний үгэнд үндэслэн хэргийг шийдвэрлэж, өршөөлийн хуульд хамруулж байгаад гомдолтой байна. Байгалийн хүчийг ашиглан, архи уулган согтоож байгаад амь насыг нь хохироосон. Ямар ч гэрч, эд мөрийн баримтыг устган гэмт хэргийн ул мөрөө балласан нь нотлогдсон. Мөн талийгаач нь согтолтын дунд зэрэг байсан нь өөрийгөө удирдах, гэртээ ирэх боломжтой байхад яагаад осгож нас барсан нь ойлгомжгүй. Хохирогч бидний зүгээс уг хэргийг хуулийн засварыг ашиглан /Эрүүгийн хуулийн 15.2, 2017 оны 5 сарын засвар/ санаатай буюу захиалгаар /Эрүүгийн хуулийн 10.1/ үйлдсэн гэх хардлага байгаа болно. Энэ мэтээр хүний амь насыг санаатайгаар, захиалгаар хөнөөчихөөд ямар ч ял зэмгүй өнгөрч байгаад сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засгийн давхар давхар хохирч байгаа асуудлыг анхааралдаа авч хэргийн үнэн зөвийг олж шударгаар шийдвэрлэж өгнө үү. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр уг хэрэг үйлдэгдсэн болно. Мөн дахин ийм хэрэг бүү гараасай гэсэндээ энэ талаар бичсэн болно. Ийм учраас анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Х-доногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөсөн заалтыг хүчингүй болгож, ялыг нь биеэр нь эдлүүлж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Минжмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэзээ давж заалдах гомдол гаргаад өнөөдөр хэлэлцэгдэж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ талаар надад огт мэдэгдээгүй, давж заалдах гомдолтой танилцаагүй. Мөн хугацаа хэтэрсэн гомдлыг сэргээсэн шүүхийн шийдвэр гарсан байсан. Энэ талаар ч шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас хохирогчийг эхийнх нь бие муудаж, өвөө нь нас барсан гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ гэмт хэргийн улмаас дээрх хүмүүсийн эрүүл мэнд хохирсон талаар тогтоосон баримт байхгүй. Мөн зодоон хийсэн нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх зодоон болсон гэж дүгнэсэн гэж тайлбарлаж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд зодоон хийснээс үүссэн гэмтэл тогтоогдоогүй. Түүнчлэн хохирогч талаас уучлалт гуйгаагүй, сэтгэл санааны хохирол төлөөгүй учир гомдолтой байна гэж тайлбарлалаа. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйсан бөгөөд “найз минь нас барахын оронд би нас барсан бол улс орондоо ихийг хийж бүтээх чадвартай, өндөр боловсролтой залуу байсан. Би маш их гэмшиж, харамсаж байна” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгчийн талаас анхан шатны шүүх хуралдааны шатанд 1 цагийн завсарлага авч 9.600.000 төгрөгийн оршуулгын зардлыг 10.000.000 төгрөг болгон төлж барагдуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.”, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус заасан. Үүний дагуу шүүгдэгчийн зүгээс хохирлоо төлж барагдуулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Хохирогч талаас сэтгэл санааны хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Х-д нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 16-17 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ханбогд амралтын газрын зүүн урд зүгт байрлах богд ууланд иргэн С.Эхамт гарч архи согтууруулах ундаа хэрэглээд шөнө 22-23 цагийн үед буцаж уулнаас буух үедээ хоорондоо маргалдаж улмаар түүнийг шөнийн цагаар орхиж явсан болгоомжгүй үйлдлийн улмаас С.Эын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Х-д анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол 10.000.000 нөхөн төлж, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул анхан шатны шүүхээс түүнд 3 жилийн хугацаагаар хорих оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирол болон бусад зардалтай холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.Х-д нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 16-17 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ханбогд амралтын газрын зүүн урд зүгт байрлах богд ууланд иргэн С.Эхамт гарч, архи согтууруулах ундаа хэрэглээд шөнө 22-23 цагийн үед буцаж уулнаас буух үедээ хоорондоо маргалдаж улмаар түүнийг шөнийн цагаар орхиж явсан болгоомжгүй үйлдлийн улмаас С.Эын амь насыг хохироосон болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сийн “...3 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед намайг Дархан-Уул аймагт байхад эхнэр Эрдэнэцэцэг утсаар залгаад хүү С.Эыг гэртээ ирж хоносонгүй, өчигдөр өдрийн 14 цагийн үед гэрээсээ гараад явсан, компьютерээ авч яваагүй байна гэж хэлсэн. Тэгээд би ...харж бай болохгүй бол хичээлээ хийдэг интернеттэй газар нь очоод үз гэж хэлсэн. Тэгсэн эхнэр уг газар нь очиж асуухад үзэгдээгүй, ирээгүй гэж хэлсэн байсан. Миний хүү Эрдэнэ-Очрын гар утас нь холбогдохгүй байсан. ...цагдаагаас залгаад хүрээд ир гэж хэлсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирээд зураг үзүүлсэн ба миний хүү мөн байсан. ...Манай хүү С.Эыг Монголд ирсэн байхад БНХАУ-д халдварт өвчин гарсан учир хичээл нь интернетээр орж эхэлсэн. Тэгээд манай хүү гэртээ голдуу хичээлээ хийгээд хааяа Дашчойлон хийдийн урд талд байдаг интернет кафед очиж хичээлээ хийдэг байсан. ...Сүүлийн үед миний хүүд айж, санаа зовсон зүйл анзаарагдаж харагдаагүй, хичээлээ их шаргуу хийж байсан. Гэрийн хүрээнд зөрчилдөх зүйл гардаг, хааяа ээжийнхээ хэлсэн зүйлийг хийхгүй, аяга тавгаа байранд нь тавьж хураахгүй, цэвэрлэхгүй байхаар нь загнаж зандарч байдаг. Би хэлэх гэсэн юмаа хэлчихдэг, цохиж зодож байгаагүй, миний хүү өөдөөс хэрэлдээд дайраад байхгүй, дуугүй сонсоод суудаг, хүнтэй зодолдож үзээгүй, архи дарс ууж байгаагүй их даруухан...миний хүү ууланд алхаад байдаггүй ... ” /1хх 120-121/,

гэрч А.Эрдэнэбаатарын “...Би талийгаач С.Эын ээжийнх нь төрсөн дүү байгаа юм. ...Ямар учраас ууланд гарсныг нь мэдэхгүй байна. Би аавтай нь хамт Сэлэнгэ яваад Улаанбаатар хот руу ирж байхад цагдаагаас залгасан, тэрнээс өмнө ээж нь аав руу нь утсаар яриад гэртээ ирж хоноогүй гэж хэлж байсан. Тэгээд би аавтай нь ярилцаад 20 настай шүү дээ найз нөхөдтэйгөө уулзаад явж байгаа шүү дээ гэж хэлж байсан. Талийгаач С.Э 3 дугаар сарын 04-ний өдөр хичээлээ хийнэ гээд гарсан гэж байсан, өөр мэдэх зүйл байхгүй...” /1хх 143-144/,  

гэрч Х.Идэрбаярын “...2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед найз Идэрхүү, Ариунзаяа, Төгөлдөр нарын хамт Хан-Уул дүүрэгт байдаг Ханбогд амралтын газар салхинд гарахаар ирээд Ханбогд амралтын газрын зогсоолоос зүүн талын уул руу гарахаар явсан. Тэгээд уул руу өгсөөд 500 метр газар явж байхад хүн яваад жим гарсан замын баруун талд хувцас харагдахаар нь очиж үзэхээр Төгөлдөр, Идэрхүү бид 3 хамт очиж харсан чинь дээшээ харсан хэвтсэн байдалтай толгой хэсэг нь доошоо харсан, ахаа гээд дуудсан чинь хариу өгөхгүй мөн гэдэс нь ил гарсан хэсгээс уур гарч байсан. Амьсгалж байгаа шинж байхгүй болохоор нь найз Идэрхүү 103 түргэн тусламж дуудсан. Би 102 тусгай дугаарт залгаж цагдаа дуудсан. ...Бид нарыг доороос өгсөж байхад 4 хүүхэдтэй таарсан өөр сэжиг бүхий хүнтэй таараагүй надаа анзаарсан зүйл байхгүй. ...анх манай найз С.Идэрхүү харсан Тэгээд би дуудлага өгөөд Төгөлдөр, Ариунзаяа, Идэрхүү бид нар бүгд буусан. Тэгээд түргэн тусламж ирэхэд Идэрхүү эмчтэй хамт дээшээ зааж өгөхөөр гарсан...” /1хх 151/

гэрч Д.Төгөлдөрийн “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед найзууд болох Идэрхүү, Ариунзаяа, Идэрбаяр нарын хамт Хан-Уул дүүрэгт байдаг Богдхан амралтаар дайраад Богд уул руу алхаж эхэлсэн уулын хормойноос дээш 10-15 минут алхаж байхад хүмүүсийн алхдаг жимийн баруун талд 15 метр орчим зайд доороос алхаж байхад эхлээд хүний тайлаад тавьсан куртик шиг харагдаж байгаад харалдаа ирэхэд гэдэс хавиараа арьс нь ил гарсан хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь ойртоод очиход хар куртиктэй дээш харсан байдалтай цэнхэр өнгийн жинсэн өмдтэй 30-40 насны эхний байдлаар харагдах эрэгтэй хүн хэвтэж байсан. Уг хүний өмдний урд хэсгээс уур гарсан нойтон харагдаж байсан. Ийм учир цагдаагийн 102 дугаар болон эмнэлгийн 103 дугаарт манай найз Идэрбаяр, Идэрхүү 2 залгаж дуудлага өгсөн. ...Доороос өгсөж байхад гэр бүлээрээ явж байгаа хүмүүс бууж ирж байсан. Уулнаас өөр ямар нэгэн сэжигтэй айсан сандарсан хүн зөрж харагдаагүй. Анх уг хэвтэж байсан хүнийг унтаж байгаа юм болов уу гээд зүүн гарын мөр хавьцаа нь түлхэж хүрээд огт хөдлөхгүй хатуу байсан. Ойр хавьд нь ул мөр архины шил байгаа эсэхийг анзаараагүй. ...Тэр хүнийг урьд өмнө харж байгаагүй, ам хамраас нь шингэн зүйл гараагүй байсан. Нүүрнийх нь хацар хавиар нилэнхүйд нь зулгарсан байдалтай жижиг жижиг шарх, 2 гарын хуруунуудын дунд үеийн гадна хэсгээр цус хурсан байдалтай харагдаж байсан..” /1хх 160-161/,

гэрч А.Анугийн “...Богд уул руу бид нар бол явж байгаагүй. Талийгаач С.Э Богд уул алхсан гэж бол ярьж байгаагүй. ...тэгээд сүүлд 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “amigas” гэсэн нэртэй фэйсбүүк болох групп чат дээр “ууланд авирахад хүйтэнд ямар гоё хоол хийвэл дээр вэ” гэж асууж байсан...” /2хх 194-195/,

гэрчээр Б.Х-дгийн “...13-14 цагийн орчимд 100 айлын гүүрэн гарцны хойд талын зам дээр уулзсан. Бид хоёр ууланд хамт гаръя гэж өмнөх 7 хоногт ярьсан байсан ба уржигдар уулзаж хичээлээ жигдлээд яг хаана уулзах уу, яах уу гэдгээ ярьж тохирсон. Тэгээд өчигдөр бид хоёр уулзаад зайсангийн хойно байдаг богд уул руу алхсан, замдаа автобус унаанд суугаагүй алхсаар байгаад зайсангийн “Оргил” супермаркет руу ороод 1 ширхэг том чипс, 4 лааз пиво, 1 шил 0,5л архи ивсан. Тэгээд шууд уул руугаа алхсан ба уулын бэлээс орой хүртэл алхахдаа замдаа 2-3 удаа амарч, авч явсан хоол унднаасаа идээд дээшээ гарсан. Уулын орой дээр гарахад 16-17 цагийн орчим болж байсан, бид хоёр эхлээд авч явсан хоолоо идсэн дараа нь худалдаж авсан пиво, архиа уугаад хоорондоо ойр зуурын юм яриад суусан. Тэгээд шөнийн 22-23 цагийн орчимд бид хоёр уулын оройгоос эргээд доошоо буусан, эхэндээ явган хүний жимээ дагаад бууж байсан, мод руугаа ороод харанхуйд төөрөөд явган хүний жимээсээ гараад чулуу, модтой аймар огцом замаар явсан. Тэгтэл С.Э замдаа зогсоод намайг дуудсан, би яваад очсон чинь миний уруул дээр үнссэн. Яагаад үнссэнийг би мэдэхгүй байна. Тэгэхээр нь би С.Эоос жоохон зайтай зогсоод “зүгээр үү хоёулаа хурдан бууя" гэсэн чинь өөдөөс манай найз охиныг муулаад эхэлсэн. ...бид хоёр муудалцаад миний уур хүрээд С.Эийг тэр
уулан дунд нь үлдээгээд ганцаараа буугаад явчихсан юм. Би уулнаас буугаад зам гараад гараад явж байсан чинь нэг машин ирээд “унаа авах уу” гээд зогсохоор нь суугаад сансарын түнель хүртэл яваад
7500 төгрөг төлөөд буусан. ...” /1хх 170-174/,

шинжээч эмч М.Золжаргалын “...талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр буюу осголтын улмаас нас барсан нь тогтоогдсон ба гислогийн шинжилгээ болон задлан шинжилгээний макро өөрчлөлтүүдээс осгож нас барсан нь тогтоогдож байна. ...талийгаачийн цусанд 1,8 ходоодны шингэнд 1,6, шээсэнд 2,5 промил илэрсэн бөгөөд энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарч байгаа юм. Тухайн хүний биеэ авч явах чадвар нь идэж уусан хоол хүнсний хэрэглээ уусан архины хэмжээ, орчны температур, тухайн хүний архи даах чадвар зэргээс хамаарна...” /1хх 183-185/ гэх мэдүүлгүүд,  

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3354 дугаартай: “...Б.Х-дгийн биед хүзүү, шуу, сарвуунд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” /1хх 188-189/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №05/115 дугаартай: “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ханбогд амралтын зүүн урд талын богд уулын энгэрт 20 настай эрэгтэй Сарангэрэлийн С.Э нь осгосон байдалтай нас барсан гэх хэргийн хохирогчийн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. Амь хохирогч Сарангэрэлийн С.Эын гарын хээний дардас нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардсуудтай болон эзэнгүй гарын мөрүүдтэй тохирохгүй байна” /1хх 192-193/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №1550 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн фудболка, хар хөх өнгийн ноолууран ороолт, хар өнгийн юүдэнтэй цамц, хар хөх өнгийн юүдэнтэй цамц, шаргал өнгийн үсгэн хээтэй хөх өнгийн дотоож, цагаан оруулгатай хөх өнгийн оймс 1 хос, саарал өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн даавуун куртка, хар өнгийн гутал 1 хос зэрэг нь нойтон хөгцөрч муудсан байна. Цус болон биологийн бусад ул мөр илрээгүй” /1хх 195-196/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №1314 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гогодолт гарсан байна. Хар хөх өнгийн ороолтод гарсан 10*8мм, хөх ангийн жинсэн өмдөнд гарсан 8*4 мм хэмжээтэй гэмтлүүд хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин гогодолтууд байна. Бусад хувцас гэмтэлгүй байна” /1хх 198-199/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №651 дугаартай: “...Талийгаач С.Эын цогцост зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн хацар, хамар, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар нийлээд болон тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цусанд 1,8 промилл, ходоодны шингэнд 1,6 промилли, шээсэнд 2,5 промилл спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаачийн үхэлд нөлөөлөхөөр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн шулуун гэдэсний амсарт шинээр үүссэн гэмтэл тогтоогдоогүй болно. Талийгаач нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Талийгаач С.Э нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ” /1хх 236-237/ гэх дүгнэлтүүд,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...амь хохирогч С.Э нь Батнямын Б.Хгийн хамт оргил худалдааны төвийн хаалгаар 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 21 минутад орж иж байгаа бичлэг байв” гэсэн тэмдэглэл /1хх 41-49/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Б.Хг амь хохирогч С.Эын хамтаар хаанаас хаа хүртэл явсан талаараа зааж өгнө үү гэхэд ...Б.Х-д нь би уул руу явсан газраа зааж өгч чадна гэсний дагуу ...уулын орой хэсэгт гарч амь хохирогчийн хамтаар сууж амарсан, ...амралтаас доош 1 км орчим явж Ханбогд амралтын газраас доош 1 км орчим явж автомашиныг зогсоон уг замын хажуу хэсгээс такси барьж явсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 69-75/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Х-дг “...хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Х-дгийн үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С “...Талийгаач С.Эын биед “зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт 2.0х0.1 см, зүүн хацарт 2.0х0.3 см, 4.0х0.1см, хамрын нуруунд 0.3х0.3см, 0.3х0.4см, хамрын үзүүрт 2.0х0.2 см, 0.3х0.2 см, 0.8х0.1 см, баруун хацарт 2.0х0.1 см, 0.1х0.1см цоохортсон хүрэн улаан өнгийн 1.0х0.2, зүүн сарвууны хуруунуудын 3 дугаар үенүүдэд хүрэн улаан өнгийн цоохортсон хүрэн улаан өнгийн зураас бүхий зулгаралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Талийгаач С.Эын биед зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн хацар, хамар, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна...” гэсэн нөхцөл байдал тогтоогджээ. Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Х-д, талийгаач С.Э нар нь тухайн цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэн маргалдаж улмаар зодолдсоныг нотолж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №651 дугаартай “...Талийгаач С.Эын цогцост зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн хацар, хамар, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар нийлээд болон тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /1хх 236-237/ гэх шинжээчийн дүгнэлт гарсан байх тул үүнийг дахин шалгуулахаар прокурорт буцаах боломжгүй гэж үзлээ.   

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй ба Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж хуульчилснаар ял шийтгэлийг хүндрүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй болно.  

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сийн гаргасан “... Б.Х-доногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөсөн заалтыг хүчингүй болгож, ялыг нь биеэр нь эдлүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ