Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

Шүүгдэгч: Л.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л. Б-д холбогдох,,, дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Л. Б 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Л.Б нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны орой Архангай аймгийн Э сумын ,, дугаар баг  ,,,тоотод гэртээ иргэн Г.Этой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт ир үзүүртэй зүйлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд ,,, дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Г.Э-ын мэдүүлсэн: ...Би 2017 оны 10 дугаар срын 15-ны өдөр Дархан-Уул аймгаас хувийн ажлаар Архангай аймагт ирсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Э сумын 2 дугаар баг ,,, тоотод ээжийнхээ ахын охины гуйлганд оролцоод тэднийд байж байгаад 18 цаг 40 минутын үед гарсан. Би найранд орсон болохоор нилээн согтуу байсан. Тэгээд тэднийхээс шууд Арслан цохионы 07-13 тоотод байх хуурай дүү Бийнд очиж хоноё гэж бодоод тэднийх рүү явсан. Тэднийд явж ороход Б, эхнэр Г нар хүүгийнхээ хамт байж байсан. Би нилээн согтуу байсан болохоор тэднийд ороод тасарчихсан байсан. Бтэй юунаас болж маргалдах болсноо мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн боолт хийлгэж байсан. Би Архангай аймгийн Хараагүйчүүдийн салбар зөвлөлийн дарга хийж байх үедээ Бтэй 2010 онд анх танилцсан. Тэрнээс хойш байнгын харилцаатай байдаг. Бид хоёрт өс хонзон санасан юм байхгүй. Би Архангай аймагт ирэхдээ ер нь Бийнд ирдэг. Тэр өдөр яагаад зодох болсныг би мэдэхгүй байна. Би тэр орой согтуу янз бүрийн юм ярьж агсан тавьсан байх. Тэрнээс зүгээр байгаа хүнийг зодохгүй хүн. Би тухайн үед тасарчихсан байсан. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/

Гэрч Г.Гг-ийн мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 22-ны орой 20:00 цагийн үед байх би нөхөр, хүүхэдтэйгээ хамт байж байтал Э ах нилээн согтуу байдалтай гаднаас дүүгийнхээ гуйлганд яваад ирлээ гээд манай галын өрөөнд сууж байтал манай нөхрийг пизда минь арчаагүй, амьдралгүй эхнэрээсээ сал, эхнэрт чинь би өөр хүн олж өгнө гэх мэтээр доромжлоод суугаад байсан. Манай нөхөр хэлэхдээ та манайд яах гэж ирсэн юм, ах дүү нарынхаараа очооч гээд 2-3 удаа гаргах гэж оролдоод байх шиг байсан. Би тухайн үед том өрөөндөө зурагт хараад сууж байсан. Э гуай 10 гаруй хоног манайхаар байгаа юм, угаасаа энд ирэхээрээ манайд л байдаг, архи олдсон үедээ уучихаад, ирэхээрээ агсан тавиад олон юм яриад байдаг болохоор нь би тэр хоёрыг маргалдаж байхад нэг их тоогоогүй юм. Б Эын хаана нь, юугаар цохисон болохыг би том өрөөндөө байсан болохоор хараагүй, нэг орсон чинь Э ах цустайгаа холилдсон сууж байхаар нь түргэн дуудсан. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Э ах нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 06 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч Г.Э-ы мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр намайг ээж, аавын хамт гэртээ байж байтал оройны 21:00 цагийн үед Э ах гаднаас нилээн халамцуу орж ирээд том өрөөнд орж ирээд сууж байгаад, гал тогооны өрөө рүү орсон. Аав тэгэхэд галын өрөөнд байсан. Би орон дээр сууж байгаад унтаад өгсөн байсан. Би хүн орилох чимээнээр сэрсэн чинь аав Э ахтай маргалдаж байгаа сонсогдсон. Миний нойр хүрээд буцаад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь Э ах том өрөөний цонхны хажууд хэвтэж байсан, толгойноос нь цус гарсан байсан. Би Э ахыг яасан юм бэ гэж ааваасаа асуухад аав дуугарахгүй гараад явсан. Э ахыг орж ирэхэд манайд ээж, аав, бид гурав л байсан. Э ах гаднаас ганцаараа орж ирсэн. Би Э ахын толгойг цохиж гэмтээснийг мэдэхгүй, би унтаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/

 

Яллагдагч Л.Б-ийн мэдүүлсэн: ...Би тухайн үед Эыг санаатайгаар цохиогүй. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би Архангай аймгийн Э сумын ,, дугаар баг  ,, тоотод байх өөрийн гэртээ эхнэр, хүүхдийнхээ хамт байж байтал гаднаас Э согтуу орж ирээд архи аваад ир гэхээр нь байхгүй гэтэл арчаагүй амьтан дандаа байхгүй гэхийн гээд хэрүүл өдөөд байхаар нь гэрээс гаргах гээд түлхтэл том өрөөнд орчихоод гарахгүй байсан. Тэгэхээр нь галын өрөөний зуухны урд талд сууж байтал дахиж галын өрөөнд орж ирээд эхнэрийг чинь чамаас салгана, өөр хүнтэй суулгана гээд яриад байхаар нь миний уур хүрээд юу гээд хэрүүл гуйгаад байгаа юм бэ гээд айлгах гээд төмөр аваад ширвэтэл толгойд нь таараад цохичихсон юм. Би тэр өдөр хуучин муу машины хөгжимнөөс боолт тайлж авчихаад зуухны хажуугийн тавиур дээр тавьчихсан байсан юм. Тухайн үед гарт тэр төмөр таараад аваад ширвэтэл Г.Э ахын мөрөн дээр цохих шиг болсон. Тэгсэн чинь Э гуай тонгойж сууж таарсан юм байлгүй толгойд нь цохичихсон байсан юм. Би тэр төмрийг хогон дээр гаргаад хаячихсан байсан чинь хогны машин ачаад явчихсан байсан. Э ах манайд бараг хаваржсан юм. Тэгээд архи уучихаараа угаасаа агсан тавиад байдаг юм. Тэр өдөр согтуу орж ирчихээд хэл амаар доромжлоод байхаар нь айлгах гээд төмөр аваад ширвэтэл толгойд нь таараад цохичихсон юм. Би Э-т эмчилгээний зардалд 60.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 хуу/  

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 26-ны 459 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Г.Э-ын биед духны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн бохир шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 11 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 31-32 хуу/ 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 10 дугаар сарын 22-ны орой Архангай аймгийн Э сумын ,,дугаар баг Арслан цохионы ,,тоотод иргэн Г.Этой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны орой Архангай аймгийн Э сумын,,,дугаар баг  ,,, тоотод гэртээ иргэн Г.Э-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ Би нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн боолт хийлгэж байсан. Тэр өдөр Б яагаад зодох болсныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/, гэрч Г.Ггийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэгээд би зурагт үзэж байгаад орсон чинь Э ах цустайгаа холилдсон сууж байхаар нь түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06/, насанд хүрээгүй гэрч Г.Эы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би хүн орилох чимээнээр сэрсэн чинь аав, Э ахтай маргалдаж байгаа сонсогдсон. Миний нойр хүрээд буцаад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь Э ах том өрөөний цонхны хажууд хэвтэж байсан, толгойноос нь цус гарсан байсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/, яллагдагч Л.Бийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “галын өрөөний зуухны урд талд сууж байтал дахиж галын өрөөнд орж ирээд эхнэрийг чинь чамаас салгана, өөр хүнтэй суулгана гээд яриад байхаар нь миний уур хүрээд юу гээд хэрүүл гуйгаад байгаа юм бэ гээд айлгах гээд төмөр аваад ширвэтэл толгойд нь таараад цохичихсон юм. Тухайн үед гарт тэр төмөр таараад аваад ширвэтэл Г.Э ахын мөрөн дээр цохих шиг болсон“ гэх мэдүүлэг /хх-ийн 23-26/, хохирогч Г.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 26-ны 459 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

            Иймд шүүгдэгч Бовогт Лгийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-гийн Б -ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бөд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ