Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2023/0838/З |
Дугаар | 128/ШШ2024/0562 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Б******* овогт Х*******гийн М*******, РД:,
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Н.Э,
Хариуцагч: Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагч Н.Т,
Гуравдагч этгээд: Н.А,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н нарын хоорондын “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0071 дугаартай шийтгэлийн хуудасны нөхөн төлбөр болох 18,065,000 төгрөгийг хүчингүйд тооцуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Х.М*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Н.Т, гуравдагч этгээд Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Мөын 6 улсын дугаартай тоёота хайландер загварын автомашины гадна тал, моторын хэсэг хайрагдсан гэх гомдол, мэдээлэл гаргасан байна.
1.2. Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагч Н.Таас 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 007 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, 18,065,000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.
1.3. Х.М******* нь 2023 оны 0******* сарын 08-ны өдөр дээрх шийтгэлийн хуудсыг гардаж авсан талаарх дугтуйг шүүхэд ирүүлсэн.
1.4. Х.М*******оос Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагч Н.Тад холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0071 дугаартай шийтгэлийн хуудасны нөхөн төлбөр болох 18,065,000 төгрөгийг хүчингүйд тооцуулах” тухай гомдлын шаардлагыг 2023 оны 0******* сарын 15-ны өдөр гаргасан.
Хоёр. Гомдлын үндэслэл:
2.1. Гомдол гаргагч Х.М******* шүүхэд гаргасан гомдолдоо: “2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Х.М******* миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 9-хороо эгийн *******- Б тоот газарт 8х13 мкв дулаан гараашинд гал түймэр гарсан. Тухайн цаг хугацаанд Х.М******* миний бие иргэн Н.Аэд дулаан гараашийг нэг сарын 1,200,000 төгрөгөөр түрээслүүлж байсан бөгөөд Н.А нь автомашин засвар үйлчилгээ үзүүлэх ажил үйлчилгээг явуулж байсан. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр түрээслэгч Н.А иргэн Д.Мөын автомашинд засвар үйлчилгээ үзүүлж байхад гал гарч автомашин галд өртсөн. Иргэн Д.Мөын өмчлөлийн Toyota Highlander-XU 40 маркийн 6 улсын дугаартай автомашины 18,065,000 төгрөгийн хохирол гарсан гэж үзэн “А” ХХК хохирлын үнэлгээ гаргасан. Иргэн Д.Мө өөрийн өмчлөлийн автомашиныг 2023 оны 7 сард гуравдагч этгээдэд худалдан борлуулсан тухайгаа надад хэлж байсан. Гэтэл 2023 оны 7 сарын 20-ны өдрийн 007 дугаартай шийтгэлийн хуудаст Эрх бүхий албан тушаалтан Х.М******* намайг иргэн Д.Мөд нөхөн төлбөрт 18,065,000 төгрөгийг төлөхөөр шийтгэх хуудсанд дурдсан байна. Иргэн Д.Мө өөрийн өмчлөлийн автомашиныг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан тухайгаа 2023 оны 7 сард надад ярьж байсан. Гэтэл Эрх бүхий албан тушаалтан автомашиныг хэдэн төгрөгөөр худалдан борлуулсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй байж зөвхөн хохирлын үнэлгээгээр нөхөн төлбөрийг төлүүлэхээр заасан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан зөвхөн “А” ХХК-аас гаргасан хохирлын үнэлгээ үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй иргэн Д.Мөд бодит хохиролд хэдэн төгрөг учирсан тодорхойгүй /иргэн Д.Мө автомашинд учирсан хохирлоос хэдэн төгрөг даатгалын байгууллагаас авсан аваагүй зэрэг/ байхад шууд нөхөн төлбөрт 18,065,000 гаргуулахаар шийдвэрлэж байгаа тул Х.М******* миний бие 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 007 дугаартай шийтгэлийн хуудасны нөхөн төлбөрт 18,065,000 төгрөг төлөх хэсгийг хүчингүйд тооцуулахаар тус шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.
2.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Онцгой байдлын газрын улсын байцаагчийн зүгээс гал гарсан шалтгаан, нөхцөлийг хангалттай тогтоож чадаагүй. Үүнтэй холбоотой үндсэн шалтгаануудыг тодруулахгүй, гүйцэтгэхгүй иргэн Х.М*******од захиргааны арга хэмжээ авч хохирол барагдуулах талаар дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас тодруулж асуухад иргэний үүргээ зөрчсөн учраас гал гарсан гэсэн ерөнхий дүгнэлттэй байна. Гэтэл тус гал цахилгааны утас буруу монтажилсан, эсхүл ачаалал даахгүй утсанд өндөр ачаалал бүхий тоног төхөөрөмж залгасан эсэх, эсхүл дотор байгаа хүмүүсийн хэн нэг нь галын аюулын дүрэм зөрчсөн эсэх асуудлуудыг үндэслэлтэй, бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байна. Үндэслэл болгосон хуулийн зүйл заалтад ахуйн галын аюулын байдлыг хангах холбогдох хууль тогтоомж, галын аюулын байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх гэж байгаа, үүнийг зөрчсөн гээд байгаа. Галын аюул байдал гэх ямар норм, норматив, баримт бичгийн шаардлагыг хангахгүй байгаа талаар тодорхойлж чадаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, тус гараашинд гал унтраагуур байх ёстой байсан юм уу, монтаж нь тодорхой хэмжээгээр орох, гарах, утаснууд нь ийм даацтай байх ёстой гэх нөхцөл байдлуудыг тодорхойлолгүй шийдвэрийн хуудас оногдуулсан нь хууль бус, үндэслэлгүй болж байна гэж дүгнэж байгаа.
Хохирлын талаар үндэслэлтэй дүгнэлт бүхий дүгнэлтийг гаргаж өгч чадаагүй. Шүүх хуралдаанд хэлж байна. Гуравдагч этгээдээр оролцож байгаа хүн нэг л удаа байж байгаа. Тухайн үед галын үндсэн шалтгааныг тодруулах гэж Х.М*******, Д.Мө, хариуцагч бид 3 тулж ажилласан гэдэг асуудлууд яригдаж байна. Иймд өмнө нь тус машиныг тодорхой хэмжээгээр зассан ч бай, засаагүй ч бай шатаж байсан гэдэг нь тогтоогдсон байна. Цээж утсыг нь сольсон юм уу? үгүй юм уу? Зургийн харахад дээд талаас ямар нэг зүйл туссан байсан. Дотор байгаа зайлшгүй солих шаардлагатай байсан зүйлүүд нь юу байсан, гараашинд гал гарснаас шалтгаалсан засварууд байсан эсэхийг нарийвчлан тодорхойлж чадаагүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд зассан гэдгээ нотолж чадаагүй. Зассан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас Х.М*******од тавьсан захиргааны шийдвэрийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн үндэслэлийг дэмжиж оролцож байна. Хохиролтой холбоотой асуудлын Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх ёстой асуудал байх. Өнөөдөр улсын байцаагчийн хувьд хохирол тогтоосон гэдгийг нотолж чадаагүй, гэм буруутай эсэх, хэний хариуцлага алдсанаас шалтгаалсан эсэх талаарх асуудлуудыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны баримтад авагдсан баримтуудаар хангалттай тогтоох боломжгүй байхаар шийдвэрлэсэн шийдвэр байна. Иймд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх хэсгийг буруу хэрэглэж, дүгнэж гаргасан, бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадаагүй учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөөч үү гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн ******* хороо, Эгийн ******* дугаар гудамжны 5 тоотод иргэн Н.М*******ын 8х13 метрийн хэмжээтэй гараашны цахилгаан дамжуулах утас, таазны дулаалгын хөөсөнцөр шатаж гараашинд байсан Д.Мөын 6 улсын дугаартай “Тоёота Хайландер” загварын иргэн автомашины гадна тал, моторын хэсэг хайрагдсан гэх гомдол, мэдээллээр гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Т би, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, ахлах дэслэгч Г.Т*******ийн хамт хэргийн газарт хүрэлцэн очиж үзлэг хийсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн газраас цахилгаан дамжуулах утасны дээжийг хэргийн газраас шинжилгээнд зориулан хураан авч Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийг томилж, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12/89 дугаартай лабораторийн дүгнэлтийг гаргуулсан. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч буюу хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийг томилж 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 178/мэдээлэл/19 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулан Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дах хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан болно. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчлийн улмаас үүссэн 18,065,000 /Арван найман сая жаран таван мянга/ төгрөгийн хохирлын хэмжээг “А*******” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоолгож шийтгэлийн хуудсанд бичигдсэн. Тухайн зөрчил нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх хэсэгт “Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” гэж заасныг хэрэгжүүлээгүйн улмаас тухайн зөрчил гарсан нь хэрэг бүртгэлтийн явцад эрх бүхий албан тушаалтан тогтоож 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 007 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан болно” гэжээ.
3.2. Хариуцагч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эрхэм Х.М*******ын эзэмшлийн Н.Аэд түрээсэлж байсан гараашинд гал түймэр гарсан мэдээллийн дагуу хүрэлцэн очсон. Мэргэжлийн онцгой байдлын газрын галын байцаагч, галын шинжээч нарын бүрэлдэхүүн очсон. Гал түймрийн нөхцөл байдал нь очиход Улаанбаатар хотын Гал түймэр унтраах аврах ангиуд гал дээр ажиллаагүй, иргэн Н.А гарааштай байж байгаад засвар үйлчилгээ хийж бичлэг хийгээд гарч яваад эргэж орж ирэхэд гал түймэр гарсан нөхцөл байдал болсон гэдэг нөхцөл болдог. Иргэн Д.Мөын 6 улсын дугаартай Toyota Highlander-XU 40 маркийн автомашины хохирлын үнэлгээ гарсан. Хохирлын үнэлгээнд 18,065,000 төгрөг гарсан. Тус хохирлын үнэлгээг “А” ХХК буюу мэргэжлийн үнэлгээний компани үнэлсэн учраас эрх бүхий албан тушаалтны зүгээс гал түймрийн улмаас учирсан хохирол гэж үзэж шийтгэлийн хуудаст бичсэн. Х.М******* нь Н.Аэд хэргийн нөхцөл байдалд мэдүүлэг өгөхдөө Н.Аэд цахилгааны шаардлага хангаагүй, ашиглалтын шаардлага хангахгүй цахилгаан дамжуулах утсыг хэрэглэдэг байсан, зааварчилгаа өгсөн, цахилгаан халаагуурыг залгаж байхдаа өөрийн ашиглаж байгаа компрессороо унтраагаарай, компрессороо ажиллуулж байгаа тохиолдолд цахилгаан халаагуураа унтраа унтраагаарай гэж ашиглалтын шаардлага доголдолтой цахилгаан хэрэгслийг хүлээлгэж өгсөн гэж үзээд Х.М*******од 100,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, гал түймрийн улмаас учирсан Д.Мөд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээд Н.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2023 оны 07 дугаар сарын 20-ны 007 дугаартай шийтгэлийн хуудасны нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах гэсэн байна. Тухайн үед 00:00 цагт ажиллаж дуусгаад машин өгсөн ченжтэйгээ гараашныхаа гэрэл, ус бүх зүйлийг унтраагаад цоожлоод гарсан. Тухайн шөнө Н.А би шар хаданд өөрийн хуучин ажиллаж байсан гарааш дээр очиж ажилласан. Өглөөний 7 цагт гараашаараа орж хийж байсан Highlander маркийн машиныг хийхээр очсон. Тухайн үед эхнэр лүүгээ залгаад хоол байна уу гэж асуухад эхнэр хоол хийсэн байна гэсэн. Тэгээд гэр ойрхон учраас гэртээ ирж хоолоо идээд шууд гарсан. Ойролцоогоор гэр лүү явахад 10 минут болсон, гэртээ ирээд 20, 30 минут болсон. Тэгээд ажил руугаа очоод орох гэтэл дээврээс утаа гарч байсан. Тухайн үед гарааш хажуугаар хүн алхаад явж байсан. Би айгаад шууд ус цацаж галыг унтраасан. Унтрааж дууссаны дараа гараашны эзэн над руу дайрсан, чи гал гаргалаа гэсэн. Анх энэ гараашинд ороход дээвэр ус дусаал гоожих уу гэж асуухад ямар ч асуудалгүй гэсэн. Тухайн үед ороод удаагүй байхад бороо орж дээврээс дусаал дуссан. Тэгээд гараашны эзэнд дусаал дусаад байна гэж хэд хэдэн удаа хэлж байсан ч тоодгүй байсан. Дээврээ янзлахгүй бол дээврээс дусаал дусаад будсан машин муухай болгоод байна гэж хэлж байсан. Гурав, дөрөв хоног ч ажиллаагүй өдөр байгаа, янзалж дууссаны дараа гэрээгээ хийгээд ажиллана гэсэн. дараа нь дээвэр дээр нэг гялгар уут тавиад болцон гэж хэлж байсан. Шатсан нь гадны зүйл байхгүй монтаж буруу байна, өөр байна гэж байсан. 4 өөр өнгийн утас байна, урьд нь пускатель нь байнга унадаг байсан. *******0 компрессор л ажиллуулдаг байсан. Өөр заалтын зүйл хэрэглэж байгаагүй. Энэ галыг намайг санаатай тавьсан гэх юм. Тийм юм байхгүй шүү дээ. Би тодорхой хэмжээнд өөрийн зүйлээр хохирсон. Ямар ч шаардлага хангаагүй пускатель тогны утаснаас болж ийм зүйл болсон гэдэг нь шууд илт байхад галын байцаагч хүртэл ирээд ... гал гарсныг нь хүртэл дүгнээд гаргасан байгаа. Байнга шаардлага тавьж байсан дээвэр одоо зүгээр дусаал дусахгүй, пускатель сольсон гэж хэлж байсан. Тэр нь бол гаднах пускатель, миний бодлоор гаднах пускатель бага вольтоор, доторх нь өндөр байсан гэж бодож байна. Бүх тогоо өөрийн гараар хийсэн гэж байна. Урьд нь бас сарын өмнө машин шатаж байсан. Тэр машин бол холбогчоос дээр копуд унаж шатаж байсан, энэ нь миний буруу, өрийг нь төлж барагдуулсан байгаа. Гараашинд гарсан тогноос болж гарсан гал бол надад хамаагүй иймд энэхүү нөхөн төлбөрийг барагдуулж чадахгүй болно” гэжээ.
4.2. Гуравдагч этгээд Н.А шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Намайг ажиллаж байх хугацаанд пускатель байнга буудаг байсан. Хариуцагчийн хэлсэн тайлбар таарч байна. Цахилгаан асаагуурыг давхар залгахдаа компрессороо зайлшгүй унтраагаарай гэдэг зүйл хэлж байсан. Анх гэрээ, контракт хийнэ гэж ярьсан. Би бичиг үсэг мэдэхгүй учир эхнэрээрээ уншуулахад өөр компанийн гэрээ, контракт байсан. Иймд манай эхнэр гэрээ хийхгүй гэхэд дахин өөрийн нэр дээр гэрээ хийнэ гэсэн. Иймд гэрээ, контракт хийгээгүй” гэв.
4.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх гараашинд дусал тусах талаар асуухад тусахгүй гэсэн. Гэтэл 7 хоногийн дараа бороо ороход ус туссан. Цахилгаан холбодог хэсэгт ус тусдаг байсан. Иймд Х.М*******од үүний талаар хэлэхэд удахгүй янзалж өгнө гэсэн. Х.М******* янзалж өгөхөд гялгар цаас тавиад болсон гэсэн. Иймд удалгүй Д.Мөын машин шатсан. Нөхөн төлбөрийг гуравдагч этгээд төлж барагдуулсан. Гуравдагч этгээд өөр гараашинд ажиллаж байгаад өөрийн гараашинд ирээд гэртээ очиж хоол идчихээд буцаж ирэхэд гал гарсан байсан. Гал гарахад Х.М******* тус гараашны хажуугаар явж байсан. Гэтэл Х.М******* тус утаа нь гал түлж байгаа гэж бодсон гэсэн. Иймд гуравдагч этгээд ирээд хаалга онгойлгоход маш их утаа гарч байсан. Гуравдагч этгээд сандраад, ус цацаж унтраагаад, гал түймэртэй тэмцэх газрыг дуудсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Х.М*******оос Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагч Н.Тад холбогдуулан “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0071 дугаартай шийтгэлийн хуудасны нөхөн төлбөр болох 18,065,000 төгрөгийг хүчингүйд тооцуулах” тухай гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ,
-Д.Мөыг автомашинаа хэдэн төгрөгөөр борлуулсныг шалгаагүй, даатгалаас хэдэн төгрөг авсан болох нь тодорхойгүй,
-“А*******” ХХК-ийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг төлүүлэхээр заасан нь хуульд нийцээгүй, хохирлыг бүрэн шалгаж тогтоогоогүй,
- миний буруутай үйл ажиллагааны улмаас гал гараагүй байхад шийтгэл ногдуулж, нөхөн төлбөр төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
3. Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагч Н.Таас 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 007 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдэгдсэн гэж дүгнэж 100 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, 18,065,000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гараашийн цахилгаан дамжуулах утсанд гэмтэл гарснаас гал түймэр гарсан, тухайн гараашийг иргэн Х.М******* нь иргэн Н.Аэд автомашины засварын газрын зориулалтаар түрээслүүлсэн байсан, засвар хийлгэж байсан 6 улсын дугаартай, тоёота хайландер (Toyota highlander) загварын автомашин галд өртөж, хохирол учирсан нөхцөл байдал тогтоогджээ. Тодруулбал,
5. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12/89 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
5.1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4 гэж тэмдэглэсэн цахилгааны утаснууд нь шинжилгээнд тэнцэнэ.
5.2. Шинжээчид ирүүлсэн 4 гэж тэмдэглэсэн цахилгааны утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг. Бөмбөлөг үүссэн цахилгааны утсыг 1-р зургаар, дээж авсан цахилгааны утсыг 2-р зургаар харуулав. Бөмбөлөг үүсээгүй цахилгааны утсыг 3-р зургаар харуулав” гэжээ.
6. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 178/мэдээлэл/1******* шинжээчийн дүгнэлтэд:
6.1. Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал, гэрчийн өгсөн мэдүүлэг, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн дүгнэлт зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэн //богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ үүссэний улмаас гал гарсан байх үндэслэлтэй байна.
6.2. Гал түймрийн голомт нь тус гараашийн баруун хойд талаас үүсвэрлэн гарч шатах материалаар дамжин тархсан байна.
6.3. Хэргийн газрын үзлэгээр гал түймэр нь ил галын улмаас гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
6.4. Гал түймэр нь материалын физик, химийн шинж чанараас хамааран харилцан адилгүй байна. Хэргийн газрын үзлэгээр таазан хэсэгт байрлах материал гал түймрийн нөлөөгөөр хайлж, эд хогшил хураасан байсан жижиг тавиурын ард байрлах зөөлөвчтэй парлон материал, эд хогшил, автомашинд дээр наалдсан гэжээ.
7. “А*******” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар Д.Мөын эзэмшлийн 6 улсын дугаартай Toyota highlander загварын автомашины хохирлын үнэлгээг 18,065,000 төгрөг гэж үнэлсэн байна.
8. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ашиглалт, засварын зүүн төвийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 32/262 тоот албан бичигт “... тухайн шугам тоноглолд 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд гэмтэл тасралт бүртгэгдээгүй болно” гэсэн байна.
9. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-т “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” үүргийг ... иргэн хүлээхээр, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүргийг цахилгаан эрчим хүч хэрэглэгч хүлээхээр тус тус зохицуулжээ.
10. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дээрх нөхцөл байдал болон хууль тогтоомжийн зохицуулалтыг нэгтгэн үзвэл, хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Таас иргэн Х.М******* нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж маргаан бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулж, хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасанд нийцсэн гэж үзэхээр байна.
11. Учир нь Баянзүрх дүүргийн ******* хороо, Эгийн ******* дугаар гудамжны Б тоот хаягт байрлах 8x13 хэмжээ бүхий гараашийн зориулалттай объектыг иргэн Х.М******* эзэмшдэг, улмаар иргэн Н.Аэд түрээслүүлсэн тухайдаа маргахгүй байх тул уг объектын цахилгааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцах үүрэгтэй бөгөөд тухайн тохиолдолд цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэнээс үүдэн гал түймэр гарсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тохиолдолд тул гомдол гаргагч талын “шийтгэлийн ногдуулсан нь хууль бус” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
12. Харин гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчийн “цахилгаан дамжуулах утсанд гэмтэлд гарсан нь гараашийн цахилгаан холболт, цахилгаан дамжуулах утасны хүчин чадал зэрэг нөхцөл байдлаас шалтгаалсан эсэх, эсхүл түрээслэгч Н.Аээс цахилгаан дамжуулах утасны гүйдэл дамжуулах хүчин чадлаас илүү хэмжээний цахилгаан хэрэгслүүдийг нэгэн зэрэг цахилгаанд залгаж ашигласнаас үүссэн эсэхийг шалгаж тогтоогоогүй” гэх тайлбарыг буруутгах боломжгүй нь Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын цахилгааны хэлтсийн шинжээч Б.Б*******ын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “... хэргийн материалд хавсрагдсан 1 дугаарын цахилгааны утас нь 2.2 кВт-ын чадалтай компрессор, 3,3 кВт (15А)-ын хүчин чадалтай халаалтын тенн, ус халаадаг тенн, хөргөгч нь нэгэн зэрэг ажилласан тохиолдолд ачаалал даахгүй бөгөөд тоног төхөөрөмжүүдийн нийлбэр гүйдлийг дамжуулж чадахгүй. Харин дээрх тоног төхөөрөмжүүд нь дангаар ажилласан тохиолдолд 1 дугаарын цахилгааны утас гүйдлийг дамжуулах чадвартай” гэснээр тогтоогдов.
13. Гэвч энэхүү нөхцөл байдлыг тогтоох нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй зөрчлөөс гомдол гаргагчийг чөлөөлөх үндэслэл болохооргүй байна. Учир нь:
13.1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 33******* тогтоолоор батлагдсан “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийн 2.1.7-д “Барилга байгууламжийг түрээслэх гэрээнд тухайн барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах шаардлага, хариуцлагын талаар заавал тусгана” гэж заажээ.
13.2. Гомдол гаргагч Х.М******* нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ” гэрээг ирүүлсэн боловч гуравдагч этгээд Н.Аээс энэ гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй, мөн гал түймрийн аюулаас учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаарх тохиролцоогүй” гэж тайлбарлав.
14. Энэ тохиолдолд гомдол гаргагч Х.М******* нь барилга байгууламжийг түрээсэлж байгаа иргэний хувьд тухайн барилга байгууламжийн галын аюулгүй байдал алдагдвал хэн хариуцлага хүлээх талаарх нөхцөл байдлыг түрээсийн гэрээнд тусгаагүй байх тул галын аюулгүй байдлыг хангах талаарх дээрх Засгийн газрын тогтоолд заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
15. Гомдол гаргагч Х.М******* нь “А*******” ХХК-ийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг төлүүлэхээр заасан нь хуульд нийцээгүй, хохирлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж маргаж байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 2 дугаар зүйлийн 2.5-д “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.10-т “хуульд заасан бусад” гэж тус тус заасанчлан гомдол гаргагч Х.М******* нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “А*******” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргаж дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах эрхтэй байсан хэдий ч энэ хэрэгжүүлээгүй байна.
16. Энэ тохиолдолд гомдол гаргагчийн тайлбарлаж буй хохирлын үнэлгээ бодитой эсэх, иргэн Д.Мө даатгалын нөхөн төлбөр авсан эсэх, мөн шатсан машинаа худалдан борлуулсан эсэх нь хариуцагч албан тушаалтны үйл ажиллагаанд хамааралгүй гэж үзэх тул “А*******” ХХК-ийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг төлүүлэхээр заасан нь хуульд нийцээгүй, хохирлыг бүрэн шалгаж тогтоогоогүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
17. Иймд Х.М*******оос Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагч Н.Тад холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Х.М*******оос Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагч Н.Тад холбогдуулан гаргасан “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0071 дугаартай шийтгэлийн хуудасны нөхөн төлбөр болох 18,065,000 төгрөгийг хүчингүйд тооцуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ