Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/33

 

 

 

 

   2023            1              5                                            2023/ДШМ/33

 

 

Н.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Д.Эы өмгөөлөгч Г.Тунгалаг,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/859 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Нт холбогдох эрүүгийн 2203 00458 0471 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Ний Н, ........... оны ... дүгээр сарын ...ий өдөр Завхан аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ................... дүүргийн ... дүгээр хороо, ................. дугаар гудамжны ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........................../,  

            Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 17 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны хойд замд “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота приус” загварын 30-77 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл өнхөрч явган зорчигч Д.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

Тээврийн прокурорын газраас: Н.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Ний Ныг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ноос нийт 14.884.250 төгрөг гаргуулж хохирогч Д.Эад олгож, Н.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Нын холбогдсон зам тээврийн осолд Д.Эы Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д “бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт түр зогсохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлгээр хөдөлшгүй нотлогдон тогтоогдсон байхад шүүх дээрх хохирогчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хууль ёсны, хуульд захирагдан үнэн зөв шударга шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Хохирогч Д.Эы Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн дээрх буруутай үйлдэл нь хохирлын хэмжээ ихсэхэд нөлөөлснөөс гадна гэмт хэрэг үүсэх нэг шалтгаан болсон байхад нэхэмжлэлийн хэмжээг багасгахгүйгээр шүүгдэгчээр төлүүлэхээр тооцсонд гомдолтой байна. Шүүгдэгч Н.Н гэм буруугаа хүлээж, анх удаа тохиолдлын шинжтэй, болгоомжгүй, санамсаргүй, хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн. Осол гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн ба бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэлгүй ял оногдуулсанд гомдолтой байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цаг болгож өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Н “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

Хохирогч Д.Эы өмгөөлөгч Г.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Эа өөрийнхөө гэрийн үүдэнд зайлшгүй түр зогсолт хийж, автомашиныхаа багажаас ачаа буулгасан. Энэ гэмтэл учрахад түүний илтэд болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэх зүйлгүй. Жолооч тээврийн хэрэгслээ бүрэн зогсоогоогүйгээс болж насанд хүрсэн хүний өвдгөөр нь мөргөж гэмтэл учирсан. Энэ хүний оронд бага насны хүүхэд гүйж явсан бол тархи няцрах байсан. Энэ нь жолоочийн өөрийнх нь буруутай үйлдэл тул шүүх тохирсон ял шийтгэлийг зөв оногдуулсан. Н.Нын зүгээс хохирол төлбөрийг барагдуулах оролдлого хийдэггүй, санаачилга гаргадаггүй. Цаг хожих шалтгаанаар давж заалдах гомдлыг гаргасан байх магадлалтай. Энэ хэргийг шалгаж байх хугацаанд автомашины лизингийн хугацаа төлөгдөж дууссан. Автомашинаа төлбөрт өгөх санаачилга гаргаж болно. Одоо хүртэл хохирол барагдуулаагүй байгаад Д.Эа гомдолтой байгаа. Шүүх энэ байдлыг олж хараад ял оноосон гэж үзэж байгаа. Н.Нт холбогдох хэргийн хувьд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Нт холбогдох хэргийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийн хувьд мөрдөгчийн магадлагаа гарсан. Жолооч Н.Н Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг унтрааж, цоожилж гарна гэсэн заалтыг зөрчсөнөөс тухайн осол гарсан. Явган зорчигч Д.Эа Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Дээрх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон. Шүүхээс Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Мөн хохирогчийн хохирлын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Ноос нийт 14.884.250 төгрөг гаргуулж хохирогч Д.Эад олгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирол барагдуулах арга хэмжээ аваагүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүх хуралдаан болсноос хойш олон сар өнгөрсөн. Прокурорын зүгээс хохирлоо төлсөн үү гэхэд төлөөгүй, даатгалд хандсан боловч даатгал шийдэхгүй байна гэдэг хариу хэлсэн. Хохирол төлбөрөөсөө 50 хувь, эсхүл 30 хувь төлөөд ороод ирсэн тохиолдолд шүүх хуралдаанд прокурорын байр сууринаас нийтэд тустай ажил хийлгэх ялаас хөнгөлөх боломжтой гэж үзсэн боловч хохирол, төлбөр төлөөгүй байна. Шүүгдэгч Н.Н болон түүний гэр бүлийн хүн нь ажил эрхэлдэггүй гэж байна. Шүүгдэгч Н.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхэд нөхөр нь хүүхдүүдээ хараад гэртээ байх боломжтой гэж үзээд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 17 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны хойд замд “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота приус” загварын 30-77 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл өнхөрч явган зорчигч Д.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Эы “...орцны гадаа өөрийн автомашинаасаа ачаа тээшээ буулгаж байсан юм. Тэр үед миний ард “Тоёота приус” загварын автомашин зогсоолоос гараад ирж байсан. Би түр зогсож байгаарай гялс ачаагаа буулгаадахъя гээд гараараа дохио өгсөн. Тэгээд хоёр цүнхтэй хувцсаа буулгаад буцаад машиныхаа ард ирээд үлдсэн зүйлсээ буулга гэтэл араас нөгөө машин мөргөөд миний эзэмшлийн “Лексус 450” загварын автомашинтай хавсраад зогссон...” /хх 19/,  

иргэний хариуцагч П.Гийн “...Манай байгууллага хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог байгууллага юм. “Тоёота приус” загварын 30-77 УНХ улсын дугаартай автомашиныг Н.Н гэх хүн барьцаалан 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 9.000.000 төгрөгийн зээл авсан. Манай байгууллага нь бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Учир нь, зээлдэгч Н.Нтой байгуулсан барьцааны гэрээний 2.8 дугаар зүйлд барьцаалуулагч нь барьцааны автомашиныг өөрөө унаж ашиглаж явах нөхцөлтэйгөөр барьцаалсан тохиолдолд барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, зам тээврийн осол аваарын улмаас бусдад хохирол учруулсан тохиолдолд барьцаалуулагч нь учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж зааж тусгайлан гарын үсэг зурсан, тийм учраас бусдад учирсан хохирлыг зээлдэгч Н.Н нь өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан байх тул Н.Н өөрөө хариуцна...” /хх 24/,

шүүгдэгч Н.Нын “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогчийн эрүүл мэндэд 790.000 төгрөг төлсөн...” /хх 81/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 10736 дугаар “...Д.Эы биед дотор жийргэвч мөгөөрс их бие, арын эвэр хамарсан хөндлөн урагдал, дотор талын дунд чөмөгт ясны гиалин мөгөөрс дотор булууны өмнөд хэсэгт гадаргуу тэгш бус буюу жижиг цөмөрсөн хугарал, ясны эдийн хавантай, тойг ясны хавантай, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 33-34/,

мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 978 дугаар “...“Тоёота приус” загварын 30-77 УНХ улсын дугаартай автомашины жолооч Н.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Эа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно. и/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт, гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэх магадлагаа /хх 70-71/,

хохиролтой холбоотой баримтууд /хх 101-114/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 5-6/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/,

“Тоёота приус” загварын 30-77 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 28/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Н.Нын үйлдлийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан “...хохирогчийн буруутай үйлдэл нь хохирлын хэмжээ ихсэхэд нөлөөлснөөс гадна гэмт хэрэг үүсэх нэг шалтгаан болсон байхад нэхэмжлэлийн хэмжээг багасгахгүйгээр шүүгдэгчээр төлүүлэхээр тооцсон, ...шүүгдэгч гэм буруугаа хүлээж, анх удаа тохиолдлын шинжтэй, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгож хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс Н.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл, ангид зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заажээ.

Хэргээс үзэхэд, хохирогч Д.Эа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д “бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт түр зогсохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хохирогч Д.Эы “...орцны гадаа өөрийн автомашинаасаа ачаа тээшээ буулгаж байсан юм. Тэр үед миний ард “Тоёота приус” загварын автомашин зогсоолоос гараад ирж байсан би түр зогсож байгаарай гялс ачаагаа буулгаадахъя гээд гараараа дохио өгсөн. Тэгээд хоёр цүнхтэй хувцсаа буулгаад буцаад машиныхаа ард ирээд үлдсэн зүйлсээ буулга гэтэл араас нөгөө машин мөргөөд миний эзэмшлийн “Лексус 450” загварын автомашинтай хавсраад зогссон...” /хх 19/, шүүгдэгч Н.Нын “...зогсоол дээрээс машинаа хөдөлгөөд гарах чиглэлд явж байтал зорчих хэсэг дээр нэг автомашин зам хаагаад тавьчихсан, нэг эрэгтэй арын багаажны хаалгыг нь онгойлгоод юм буулгаад байсан эрэгтэй гараа өргөөд түр байж байх дохио өгөх шиг болсон. Тэгэхээр нь би гялс гэр рүүгээ ороод гутлаа солиод гараад ирье гэж бодоод машиныхаа “Р” дээр дараад буутал миний машин урагш хөдлөөд нөгөө машинаас юм буулгаж байсан эрэгтэйг машинтай нь хавсарч мөргөөд зогссон...” /хх 48-49/ зэрэг мэдүүлгүүд, мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 978 дугаар магадлагаа зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн тухайн хэргийг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэх давж заалдах гомдол няцаагдаж байх ба шүүгдэгч Н.Нын хариуцах гэм хорын хэмжээг багасгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/859 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

                                      ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ