Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/04374

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/04374

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **  дүүрэг, 15 дугаар хороо, Рш, **, **тоот хаягт оршин суух, Т овогт Э Б /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, * дүүрэг, * дүгээр хороо, д оршин байрлах, НГ /РД:***/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Б, өмгөөлөгч А.О, Ц.М, С.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч П.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан.

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эгийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие * төвийн даргын албан тушаалд 2018 оны 02 сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар томилогдсоноос хойш 6 жилийн хугацаанд албан тушаалын чиг үүрэгт заагдсан заасан ажил үүргийг алдаа мадаггүй гүйцэтгэж, хамт олонтойгоо гар нийлж үр бүтээлтэй ажиллаж ирсэн.

Гэтэл НГ н.э 2024 оны 03 сарын 12-ны өдөр Б/49 дугаар тушаалаар Э.Б намайг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас минь чөлөөлсөн. Улмаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлж, харилцан тохиролцож чадаагүй тул тус хорооны 2024 оны 04 сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрээр шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн тул тус шүүхэд хандаж ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. НГ н.э нь 2024 оны 03 сарын 12-ны өдөр Б/49 тоот ажлаас чөлөөлсөн тушаал нь бүхэлдээ хууль бус байх бөгөөд дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 

1. НГ-ын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн Б/49 тоот тушаалын 1 дэх хэсэгт намайг ...Эрүүл мэндийн газрын даргын удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай тохиолдолд мэдээ, мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, удирдлагын зүгээс ажил үүрэгтэй н холбоотой чиглэл өгөх зорилгоор удаа дараа дуудахад хүрэлцэн ирээгүй хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан... гэжээ. Миний бие ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд үүрэгт ажлаа чин үнэнчээр, тасралтгүй гүйцэтгэж ирсэн бөгөөд жил бүрийн эцэст байгууллагын ажлын гүйцэтгэлийн биелэлтийг үнэлж, сайн үнэлгээ авсан байгууллагын удирдлагад олгодог 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 2018, 2019, 2020, 2021 2022, 2023 онуудад авч байсан. 

2. Мөн миний удирдан ажиллаж байсан * төв нь нь НГ болон холбогдох дээд шатны байгууллагуудаас тавьсан шаардлага, шалгаруулалтыг цаг тухайд нь биелүүлснийг үнэлж 2019 онд Нийслэлийн шилдэг эрүүл мэндийн байгууллага 3-р байр, 2020 онд Шилдэг эрүүл мэндийн байгууллага 2-р байр мөнгөн урамшуулал, 2021 онд Шилдэг эрүүл мэндийн байгууллага 2-р байр, 2022 онд Нийслэлийн шилдэг байгууллага мөнгөн шагнал, 2023 онд Нийслэлийн шилдэг байгууллага 3-р байр мөнгөн шагнал мөн 2018, 2020, 2021 онуудад Хан-Уул дүүргийн тэргүүний шилдэг хэлтсээр тодорч мөнгөн шагналаар тус тус шагнагдаж байсан. Ийм байтал намайг ...хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай тохиолдолд мэдээ, мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй... зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж үндэслэлгүйгээр дүгнэж, үүрэгт ажлаас минь чөлөөлсөн нь миний нэр төр болон ажил хэргийн хүндэд халдсан төдийгүй намайг илтэд гүтгэсэн хууль бус үйлдэл болж байна. 

Түүнчлэн, НГ-ын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн Б/49 тоот тушаалын 1 дэх хэсэгт Эрүүл мэндийн газрын даргын удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах ..... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан... гэжээ. 

НГ Б.Б нь 2022.02.10 өдрийн 281 тоот албан бичгээр ... Х дүүргийн Ж.Агийн амаар болон бичгээр ирүүлсэн удаа дараагийн гомдол, шаардлага...-р албан үүргээс чөлөөлөх болсныг мэдэгдсэн мэдэгдлийг өгч байсан. Тухайн үед би No 281 тоот албан бичигт дурдсан ажлаас халах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тэгээд ч ажлаас халах үндэслэл тодорхойгүй талаар хариу мэдэгдэж, улмаар үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Миний шаардлага, хүсэлтэд Нийслэлийн Х дүүргийн болон НГ газраас ямар нэгэн хариу хэлээгүйн зэрэгцээ 2023 оны Хариуцлагын гэрээний үр дүнг Бүрэн хангалтай үнэлсэн төдийгүй Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 02 сарын 05-ны өдрийн А/69 дугаар захирамжаар мөн л 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон нь Э.Б намайг ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүйг баталж байна. 

НГ нь 2024 оны 03 сарын 12 өдрийн Б/49 тоот тушаал гаргаснаараа өөрөө НГ газрын Хөдөлмөрийн дотоод журам- г зөрчсөн байна. Учир нь * төв нь нь үйл ажиллагаандаа НГ-ын 2022.03.10 өдрийн А/46 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажилладаг. Тус журмын 18.3 дахь хэсэгт ...Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн шийтгэлийг сонгож хэрэглэнэ хэмээн заасан байдаг. Мөн тус журамд Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан байдаг атал надад ямар нэг сахилгын шийтгэл оногдуулах талаар огт мэдэгдэж байгаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ ... гэж заасныг биелүүлээгүй ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан нь батлагдаж байна. 

Иймд Э.Б намайг * төвийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НГ 2024 оны 03 сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ажлаас нь чөлөөлсөн байдаг. Чөлөөлөхдөө ямар нэгэн үндэслэл байхгүй. Удаа дараа үүргээ биелүүлээгүй гэсэн байдаг, ямар үүргийг биелүүлээгүй нь тодорхойгүй. Үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбартаа байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй сайжруулсан зүйл байхгүй гэж дурдсан боловч. Энэ нь нотлогдохгүй байгаа. Сонсох ажиллагаа явагдсан, мэдэгдсэн байдаг. Энэ сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсанд ямар сонсох ажиллагааг явуулах гэж байгаагаа дурдаагүй. Журмын заалтуудыг дурдсан байдаг. Эдгээр заалтуудын харахаар нэхэмжлэгчийн албан тушаалыг буруулах гэж байгаа юм уу, өөр ажилд шилжүүлэх гэж байгаа эсэх нь тодорхойгүй. Энэ сонсох ажиллагааны мэдэгдлийг яг сонсох ажиллагааны зорилго байхгүй гэж үзэж байна. Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас 03 сарын 11-ны өдөр хийгдсэн мөртөө, тэмдэглэл нь 03 сарын 01-ны өдөр үйлдэгдсэн ийм он сарын зөрүүтэй байна.

Хэрэв сонсох ажиллагаа явуулах гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасныг баримтлах ёстой. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1-д зааснаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байх ёстой. Ийм ажиллагаа хийгдээгүй. Тиймээс НГ газрын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн Б/49 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Э.Б нь 2018 оноос хойш ажиллах хугацаандаа * төвийн үйл ажиллагааг үр, бүтээлтэй сайжруулсан зүйлгүй. Албан тушаалаас нь чөлөөлөх болсон шалтгаан нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүднээс НГ газрын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга У.Бат-Очир, Байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн О.Цэрэндэжид нар албан үүрэг, байгууллагын дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалт болон * төвийн албан хаагчаас ирсэн гомдол мэдээллийн дагуу холбогдох тайлбар авах гэж ярьсан боловч удахгүй очно гэх мэтээр газар дээр хүрэлцэн ирээгүй, мессеж бичин удаа дараа залгасан боловч хариу өгөөгүй. * төвийн хүний нөөцийн тогтворгүй, ажлын байрны дарамт үүсгэж байгаад мөн тайлбар авах зорилгоор газар дээр хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн боловч санаатайгаар хүрэлцэн ирээгүйд ажлын хариуцлага, хууль журмаар хүлээсэн үүргээ эс биелүүлж байгаад хариуцлага тооцож албан үүргээс чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2.1 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг нь харахад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалд тодорхойгүй байгаа ч өмгөөлөгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ноцтой зөрчил нь нотлох баримтын хүрээнд тогтоогдсон. Шууд худалдан авах журмыг баримтлахгүйгээр гэрээ байгуулсан. 20 сая төгрөгөөс дээш хэмжээний худалдан авалт хийсэн. Хөдөлмөрийн гэрээний 8.14.15, 8.14.19, 8.14.22-т заасан ноцтой зөрчлүүдийг бодит байдалд гаргасан байдаг гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхний хуулбар, НГ газрын 2024.03.12-ны өдрийн Б/49 дугаар Э.Бийг албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 02 сарын 05-ны өдрийн А/69 дугаартай Урамшуулах олгох тухай захирамж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 02 сарын 05-ны өдрийн А/69 дугаартай Урамшуулах олгох тухай захирамж хавсралт, НГ-ын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны А/02 дугаар тушаал, НГ-ын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны А/02 дугаар тушаалын хавсралтын хамт, НГ-ын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/38 дугаар тушаал, НГ-ын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/38 дугаар тушаал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/89 дугаар захирамж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/89 дугаар захирамжийн хавсралт, НГ-ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/24 дугаар тушаал, , НГ-ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/24 дугаар тушаалын хавсралт, Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн хугацааны тайлан, Нийслэлийн байгууллагуудын 1 дүгээр сарын шийдвэрлэлтийн мэдээ, Нийслэлийн байгууллагуудын 14 хоногийн шийдвэрлэлтийн мэдээнүүд, хариутай бичгийн шийдвэрлэлтийн мэдээнүүд, фото зургуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас 2024.06.04-ний өдрийн 01/1043 дугаартай итгэмжлэл, 2024.07.08-ны өдрийн хариу тайлбар, * төвийн 2024.03.01-ний өдрийн гар бичмэл, 2024.03.11-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, НГ-ын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар тушаал, НГ газрын хөдөлмөрийн дотоод журам, Дотоод аудитын албаны 2024.05.03-ны өдрийн 2/143 дугаартай албан бичиг, Дотоод аудитын албаны 2024.05.03-ны өдрийн 38/02-09 дугаартай албан бичиг, Дотоод аудитын албаны 2024.05.03-ны өдрийн 38/02-10 дугаартай албан бичиг, Дотоод аудитын албаны 2024.05.03-ны өдрийн 38/02-11 дугаартай албан бичиг, Дотоод аудитын албаны 2024.05.03-ны өдрийн 38/02-08 дугаартай албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Бараа материалын орлогын гүйлгээний бүртгэлүүд, Сетунари ХХК-ийн 2023 болон 2024 оны худалдан авалтын харьцуулалт, Бараа материалын орлогын гүйлгээний бүртгэл Сетунари ХХК-иас худалдан авалтын тайлан, бүртгэлүүд, Төлбөрийн хүсэлтүүд, Бараа материалын орлогын гүйлгээний бүртгэлүүд, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ, Төлбөрийн хүсэлтүүд, Ар Ти Эс Жи ХХК худалдан авалтын тайлан, төлбөрийн хүсэлтүүд, Бараа материалын орлогын гүйлгээний бүртгэл, төлбөрийн хүсэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

5.Шүүхийн журмаар Авлигатай тэмцэх газрын 2024.10.07-ны өдрийн 03/15958 дугаартай албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 240200596 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, * төвийн 2024.08.13-ны өдрийн 01/406 дугаартай Өргөдөл гаргах тухай албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23/03 дугаартай худалдах худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Б нь НГт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд үүрэгт ажлаа чин үнэнчээр, тасралтгүй гүйцэтгэж ирсэн бөгөөд жил бүрийн эцэст байгууллагын ажлын гүйцэтгэлийн биелэлтийг үнэлж, сайн үнэлгээ авсан байгууллагын удирдлагад олгодог 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг авч байсан. 

* төв нь нь НГ болон холбогдох дээд шатны байгууллагуудаас тавьсан шаардлага, шалгаруулалтыг цаг тухайд нь биелүүлснийг үнэлж шагнагдаж байсан.

...зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж үндэслэлгүйгээр дүгнэж, үүрэгт ажлаас минь чөлөөлсөн нь миний нэр төр болон ажил хэргийн хүндэд халдсан төдийгүй намайг илтэд гүтгэсэн хууль бус үйлдэл болж байна. 

2023 оны Хариуцлагын гэрээний үр дүнг Бүрэн хангалтай үнэлсэн төдийгүй Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 02 сарын 05-ны өдрийн А/69 дугаар захирамжаар мөн л 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон нь Э.Б намайг ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүйг баталж байна. 

Хөдөлмөрийн дотоод журамд Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан байдаг атал надад ямар нэг сахилгын шийтгэл оногдуулах талаар огт мэдэгдэж байгаагүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг биелүүлээгүй ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ... 2018 оноос хойш ажиллах хугацаандаа * төвийн үйл ажиллагааг үр, бүтээлтэй сайжруулсан зүйлгүй. Албан тушаалаас нь чөлөөлөх болсон шалтгаан нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүднээс холбогдох албан тушаалтнууд болон * төвийн албан хаагчаас ирсэн гомдол мэдээллийн дагуу холбогдох тайлбар авах гэж ярьсан боловч удахгүй очно гэх мэтээр газар дээр хүрэлцэн ирээгүй, мессеж бичин удаа дараа залгасан боловч хариу өгөөгүй.

* төвийн хүний нөөцийн тогтворгүй, ажлын байрны дарамт үүсгэж байгаад мөн тайлбар авах зорилгоор газар дээр хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн боловч санаатайгаар хүрэлцэн ирээгүйд ажлын хариуцлага, хууль журмаар хүлээсэн үүргээ эс биелүүлж байгаад хариуцлага тооцож албан үүргээс чөлөөлсөн ...гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э.Б нь * төвийн даргаар томилогдон ажиллаж байгаад НГ-ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар Э.Бийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

НГ-ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.2, 42.2.7, 43 дугаар зүйлийн 43.1.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.1.5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2022 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/495 дугаар тушаалаар батлагдсан НГ газрын дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.1.6, 2.2.3.13, 2.2.3.14, 18.3.4, 18.4, 18.4.4, 18.4.5, 18.4.7 дахь заалтуудыг тус тус

үндэслэл болгожээ.

 

Ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлээ ...Эрүүл мэндийн даргын чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай тохиолдолд мэдээ мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, удирдлагын зүгээс ажил үүрэгтэй нь холбоотой чиглэл өгөх зорилгоор удаа дараа дуудахад хүрэлцэн ирээгүй, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан... гэж дурджээ.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т тус тус заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба талууд маргааныг харилцан тохиролцоогүй байна.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалд нэхэмжлэгч Э.Б шүүхэд гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан байна гэж шүүх үзсэн. Мөн зохигчид гомдол гаргасан хугацааны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ.

 

Ажил олгогч нь Э.Бийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ноцтой зөрчил нь нотлох баримтын хүрээнд тогтоогдсон. Шууд худалдан авах журмыг баримтлахгүйгээр гэрээ байгуулсан. 20 сая төгрөгөөс дээш хэмжээний худалдан авалт хийсэн. Хөдөлмөрийн гэрээний 8.14.15, 8.14.19, 8.14.22-д заасан ноцтой зөрчлүүдийг бодит байдалд гаргасан үндэслэлийг тусгажээ.

 

Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй.

 

Ажил олгогч болох НГ нь * төвийн дарга Э.Бийг албан тушаалаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг тодорхойлон заагаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Ажил олгогчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Э.Бийг урьд эрхэлж байсан ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тодорхойлоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг зөрчжээ.

 

Түүнчлэн, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлаагүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зохицуулалтыг энэхүү шийдвэрийн үндэслэл болгоогүй тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

НГ-ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Э.Бийг албан тушаалаас чөлөөлөхдөө хуулийн эдгээр зохицуулалтын аль ч үндэслэлүүдийг баримтлаагүй

 

Хариуцагчийн өмгөөлөгч ажлаас чөлөөлсөн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ноцтой зөрчил нь нотлох баримтын хүрээнд тогтоогдсон, шууд худалдан авах журмыг баримтлахгүйгээр гэрээ байгуулсан, 20 сая төгрөгөөс дээш хэмжээний худалдан авалт хийсэн, Хөдөлмөрийн гэрээний 8.14.15, 8.14.19, 8.14.22-т заасан ноцтой зөрчлүүдийг бодит байдалд гаргасан гэж тайлбарладаг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох, ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхийг, мөн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргахыг тус тус заасан байна.

 

Тодруулж хэлбэл, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлийг болон шийтгэл ногдуулахдаа ажилтанд мэдэгдэж, түүний үгийг сонсож, улмаар гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг хүлээлгэж, шийтгэл ногдуулсан шийдвэрийг танилцуулж, хувийг хүлээлгэн өгөх журмыг хуулиар тогтоосон байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч талаас гаргаж өгсөн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлээр Э.Бт сонсох ажиллагаа явуулах гэсэн боловч үүрэн холбооны утсаар холбогдохоор эргээд залгана гэж тасалдаг, НГт дуудахад ирдэггүй тул бусад хэлбэрээр сонсох ажиллагаа явуулах боломжгүй талаар дурдсан байна.

 

Хэдийгээр ажил олгогч ажилтанд сонсох ажиллагааг дээрх үндэслэлээр явуулж чадаагүй гэх боловч ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан ямар үндэслэлээр цуцлах болсон, энэ тухай шийдвэрийг хэзээ гаргах, ажилтан хэдий хүртэл ажил үүргээ гүйцэтгэх, ажлыг хүлээлцэх хугацаа зэргийг тодорхой тайлбарласан гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ ажил олгогч ажилтанд тайлбарлаж танилцуулах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.10-т заасан байх бөгөөд дээрхээс үзвэл энэ үүргээ ажил олгогч биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаар, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Эрүүл мэндийн даргын удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай тохиолдолд мэдээ мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, удирдлагын зүгээс ажил үүрэгтэй нь холбоотой чиглэл өгөх зорилгоор удаа дараа дуудахад хүрэлцэн ирээгүй, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэх үндэслэлийг дурдсан боловч уг зөрчлүүдийг гаргасан талаар баримтаар нотлоогүй байхаас гадна ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэсэн хуулийн зохицуулалт, тушаалд заасан үндэслэлтэй тохирохгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч тал нэхэмжлэгчийг төсвийг үр ашиггүй захиран зарцуулсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь улсын ахлах байцаагчийн акт болон дотоод аудитын дүгнэлт, Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа баримтаар нотлогдож байгаа гэж тайлбарлах боловч ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаснаас хойш бий болсон баримтуудыг үндэслэн ноцтой зөрчилд хамааруулж үндэслэсэн байх бөгөөд тушаал гаргах болсон үндэслэлд хамаарахгүй, тушаал гаргахад ноцтой зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй байна.

 

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно.

 

Ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажилтны гаргасан зөрчил нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

 

Ажид олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан байна.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

 

Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.4-т заасантай нийцэх юм.

 

Өөрөөр хэлбэл, ажилтан Э.Бийг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

 

Мөн ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.5 гэх заалтыг үндэслэсэн ба Хөдөлмөрийн тухай хуульд 123 дугаар зүйлийн 123.1.5 гэх зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд техникийн алдаа гаргасан талаар тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

Иймд НГ-ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Э.Бийг * төвийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Э.Бийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Э.Бийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Э.Бт нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нийт ажилгүй байсан хугацааны цалин нийт 11,927,727 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар шүүх хэрэгт авагдсан Э.Бийн хөдөлмөрийн гэрээнд заагдсан цалин хөлснөөс тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу Э.Бийн ажилгүй байсан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 11,927,727 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Э.Бт олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу НГт нэхэмжлэгч Э.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Э.Бийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+205,793 төгрөг/ нийт 275,993 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бийг * төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч НГ газраас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 11,927,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бт олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Э.Бийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг НГт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 275,993 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС