Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

 Б.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/2486 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Бхолбогдох эрүүгийн 220803079 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б, 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны шөнийн 1 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж, таксины мөнгө төлөх зорилгоор өөрийн дансандаа мөнгөгүй гэдгээ мэдсээр байж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч Н.Лтөөрөгдөлд оруулж, “Самсунг А-33” маркын гар утсыг хуурч авсны улмаас 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг нотлон тогтоох шаардлагатай. Хохирогч Н.Лийн “...Уг залуу гар утсаараа мөнгө шилжүүлэх гэтэл датагүй байна гэхээр нь би өөрийн утсаа өгөхөд уг залуу надаас код асуухаар нь хэлтэл машины арын хаалгыг онгойлгоод зугтсан. Хөөгөөд гүйцэхгүй, хүмүүсээс тусламж гуйгаад гүйж байтал жижиг машинтай хэдэн залуу уг залууг бариад авсан байсан...” /хх 10/, дуудлагын лавлагааны хуудаст “Утас дээрэмдээд хэдэн залуучууд барьж өглөө гэх” гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл өгсөн /хх 4/, яллагдагчаар Б.Бийн “...Би тухайн үед авч зугтаасан гар утсаа буцаагаад өгсөн. ...” /хх 28/-ээс дүгнэхэд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ялган зүйлчлэхдээ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжүүдийг анхаарахын зэрэгцээ гэмт үйлдэл эхэлж төгсөж буй цаг хугацаа, хохирогчийн санаа зорилго буюу түр хэрэглүүлэхээр өгсөн, эсхүл захиран зарцуулах эрхэд нь бүрмөсөн өгч дараа өөр ижил нэр төрлийн эд зүйл авахаар шилжүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг тогтоох нь чухал ач холбогдолтой төдийгүй Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208030701699 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тодорхойлсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан байхад уг зүйл заалтад заасан үндэслэлд хамааралгүй үндэслэл дурдаж хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргасан нь “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх хуулийн зүйл заалтуудтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж, таксины мөнгө төлөх зорилгоор өөрийн дансандаа мөнгөгүй гэдгээ мэдсээр байж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч Н.Лтөөрөгдөлд оруулж, “Самсунг А-33” маркийн гар утсыг хуурч авсны улмаас түүнд 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Лоос гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байсан 20-25 насны эрэгтэй миний самсунг А-33 маркийн гар утсыг аваад зугтсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх3/, Самсунг А-33 маркийн гар утсыг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх12-13/, хохирогч Н.Лийн мэдүүлэг /хх10/, шүүгдэгч Б.Бийн мэдүүлэг /хх28/ зэргээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримтууд цугларсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүд нь нэг тал болсон, шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн, хохирогч, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хүсэлтээр илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг дэмжиж оролцсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлсэн ажиллагаанд мөн зүйлийн 4 дэх хэсэгт Гучин гуравдугаар бүлэгт заасан журам буюу “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”-г баримтлахгүй гэж заасан атал уг заалтыг баримталсан нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална”, Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр...шийдвэр гаргана” гэсэн хуулийн агуулгаас үзэхэд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ердийн журмаас илүү богино хугацаанд, шуурхай оролцогчийн эрхийг хангаж хялбарчилсан байдлаар, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэр гаргахаар заажээ. Шүүгдэгч Б.Боос прокурорын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт шүүхийн шатанд хязгаарлагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх журам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд тус тус нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг...хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй хэдий ч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/2486 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийлгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Бхолбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/2486 дугаар шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн прокуророос Б.Бийн 2022 оны 8 дугаар сарын 27-ны шөнийн 1 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж, таксины мөнгө төлөх зорилгоор өөрийн дансандаа мөнгөгүй гэдгээ мэдсээр байж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч Н.Лтөөрөгдөлд оруулж, “Самсунг А-33” маркын гар утсыг хуурч авсны улмаас 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.  

Анхан шатны шүүхээс “... Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ялган зүйлчлэхдээ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжүүдийг анхаарахын зэрэгцээ гэмт үйлдэл эхэлж төгсөж буй цаг хугацаа, хохирогчийн санаа зорилго буюу түр хэрэглүүлэхээр өгсөн, эсхүл захиран зарцуулах эрхэд нь бүрмөсөн өгч дараа өөр ижил нэр төрлийн эд зүйл авахаар шилжүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг тогтоох нь чухал ач холбогдолтой төдийгүй Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж хуульчилсан ба энэ зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” талаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих үйл баримт болох нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд давж заалдах шатны шүүх прокурор С.Энхнямын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/2486 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/2486 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Энхнямын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ 

        ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

         ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ