Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0566

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Д*******" ХХК

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г.Ч*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б*******,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х, Г.С, Б.Г нарын хоорондын “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1 дугаартай шийдвэр хууль бус болохыг болон тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1 тоот мэдэгдлээр “танай тендер ... дараах шаардлагыг хангаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна ... уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдье” гэсэн.

1.2. Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2686 тоот албан бичгээр “... захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариу хүргүүлсэн.

1.3. Нэхэмжлэгч “Д*******” ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1 дугаартай шийдвэр хууль бус болохыг болон тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байна.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийн төлөөлөгч Г.Ч******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас БСШУ тендер шалгаруулалтын дугаартай Дотуур байрны барилга /******* чандмань сум/-ын ажлын тендер шалгаруулалтад оролцсон болно. Тендерийн баримт бичиг болон урилгад тусгасны дагуу бид материалаа хүргүүлсэн боловч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1 дугаартай мэдэгдлээр манай байгууллагын тендерийн материал нь Тендерийн баримт бичгийн ТШ319.1.1-т заасан Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл шаардлага хэсгийн 1. Автокран 5 тн болон түүнээс дээш хүчин чадалтай 1 ширхэг гэсэн шаардлагад нийцээгүй байна гэх шалтгаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу шаардлага хангаагүй байна гэж дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл манай байгууллагаас санал болгосон 02 улсын дугаартай авто краны мэдээллийг төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын мэдээллийн сангаас шалгахад 02 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ниссэн дизель маркийн ердийн тэвштэй автомашин байна. Тус зурагт өргүүрийн марк Zoomlion SQ200 байна. Харин ирүүлсэн өргөх байгууламжийн улсын бүртгэлд Zoomlion ZLJ5 162JSQE байх тул шаардлагад нийцэхгүй гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдсэн байна.

Манай байгууллагын тендерт илгээсэн баримт бичигт дээрх Төрийн худалдан авах ажиллагааны газрын мэдэгдэх хуудсанд дурдсанчлан авто краны мэдээлэл зөрсөн асуудал байхгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл үнэн зөв болохыг нотлохоор авто краныг биетээр авч ирэн захиалагчид үзүүлэх боломжтой байх бөгөөд энэ талаар Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан болно. Сангийн яамнаас гомдлыг авч хэлэлцээд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2686 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр хариу өгсөн бөгөөд энэхүү албан бичигт “Тендерийн шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 2-т ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд 5 тонн болон түүнээс дээш хүчин чадалтай авто кран 1 ширхэг шаардлагатай гэж, ТШЗ 19.2-т “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а/ Тендерт оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй” гэж заасан байна.

“Д*******” ХХК-ийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон 02 улсын дугаартай Ниссан маркийн авто краны мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын мэдээллийн сангаас захиалагчийн татсан лавлагаагаар 02 улсын дугаартай Ниссан маркийн тэвштэй автомашин байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэжээ.

Дээрх шийдвэрүүд нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Учир нь Тендерийн шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 2-т ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд 5 тонн болон түүнээс дээш хүчин чадалтай автокран 1 ширхэг шаардлагатай гэж заасан байх бөгөөд манай компанийн санал болгосон автокран нь энэхүү шаардлагыг хангаж байгаа бөгөөд Сангийн яамны гомдол хянасан тухай мэдэгдэлд дурдсан ТШЗ 19.2-т “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а/ Тендерт оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно гэх шаардлага нь тендерийн шаардлагад байхгүй болно.

Иймээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04-р сарын 01-ны өдрийн А1 дугаартай шийдвэр хууль бус болохыг болон тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Түрээсээр авч, ашиглаж байгаа кранд асуудал үүсэж байгаа. Тус краны бүртгэлтэй холбоотой бид мэтгэлцээд байгаа. 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орж ирэхэд суурилуулагдсан кран байсан юм байна. н.Б 2010 оны 09 дүгээр сард Монголд орж ирээд, жил гаран болоод номер авсан байна. Бид машины маркийг өөрчлөөд кран тавиагүй, тухайн үед орж ирсэн. Авто тээврийн үндэсний төв Хур системийн бүртгэлийн буруугаас болоод тус машин 2010 онд Монгол Улсын Авто тээврийн үндэсний төвийн бүртгэл ямар байсан, одоо ямар шатанд очсон, 2010 онд орж ирж байгаа машинуудыг нөхөж бүртгэж байгаа юм уу гэсэн бүртгэлийн зөрүү байгаад байна. Биднийг очиж үзэхэд би тендерт оролцохдоо хуурамч материал, хуурамч техник ашиглаж тендерт оролцоогүй, бодитой учраас өөрийн илгээсэн краныг нотлуулахын тулд бодитоор очиж үзье гэдэг хүсэлтийг тавьсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа төрийн худалдан авах газар ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж харж байгаа. Өөрсдийн компани шалгарахгүй учраас хүний компанийг ямар нэг аргаар удаа дараа унагадаг зарчимд нийцэхгүйн үүднээс өнөөдөр шүүхийн танхимд мэтгэлцээд сууж байна. Тус хүмүүсийн хувийн ашиг сонирхлоос болж ******* аймгийн Б сумын хүүхдүүд 2024, 2025 онд дотуур байргүй, улсын төсөвт зарсан байдалтай байгаа нь өрөвдөлтэй байна. Манай илгээсэн кран миний өмчийн эзэмшлийнх байсан бол өөрөө буруугаа хүлээх байсан. Түрээсээр оруулж байгаа учраас ямар ч асуудалгүй, бодит кран байгаа. Хэрэв болохгүй гэж мэдсэн бол олон түрээслэх кранууд байсан” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн хүрээнд миний үйлчлүүлэгч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгоод, тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоолгоод, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь дараахь байдлаар үндэслэлтэй гэж батлагдаж байна. Худалдан авах ажиллагааны газраас тус нэхэмжлэгч байгууллагын санал болгосон 02 улсын дугаартай тээврийн хэрэгслийг маркийн хувьд ZOOMLION SQ200 гэх зурагт байх боловч улсын бүртгэлийн гэрчилгээ буюу Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон манипуляторт краны улсын бүртгэлийн гэрчилгээнд заагдсан ZOOMLION ZLj5 162JSQE гэсэн улсын бүртгэлийн бүртгэлээс зөрсөн байна гэдэг утгаар тендерийн шаардлагад нийцэхгүй гэж үзсэн байдаг. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай мэдэгдэх хуудсаар нотлогдоно. Тендерийн баримт бичгийн шаардлагыг харвал 5 тонноос дээш авто кран гэж яг авто краны марк, бусад шаардлагатай бичиг баримтын талаар тусгайлан шаардлагад заагаагүй, гэтэл арлын дугаар, гадна хэсэгт наасан хуулга 2-ыг зөрсөн байна гэдэг талаар Хур системээс шүүж байгаа. Иймд ачаа өргөх манипуляторт автомашинд суурилсан ачаа өргөх төхөөрөмж дэх аюулгүй ашиглах дүрэм буюу Барилга, хот байгуулалтын яамнаас 02 улсын дугаартай манипуляторт краны улсын бүртгэлд олгосон улсын бүртгэлийн дагуу ашиглах дүрмээр Авто тээврийн төвд бүртгүүлэх ёсгүй. Зайлшгүй бүртгүүлэхээр заасан тээврийн хэрэгсэл тус кран нь биш байна. Гэтэл дүрмийн дагуу Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлэх шаардлагагүй хэрэгслийг шалгахдаа тээврийн хэрэгсэлд бүртгэдэг систем буюу Хур системээс шүүж зөрөөтэй байдлыг гаргаад байгаа нь тухайн авто кран нь тендерийн шаардлагад нийцэж байгаа гэдгийг шалгаруулж байгаа нь үндэслэлгүй байгаа. Хэрэв тухайн манипуляторт авто машинд суурилсан өргөх төхөөрөмж аюулгүй ашиглах дүрэмд тухайн манипуляторт краныг Авто тээврийн үндэсний төвд зайлшгүй бүртгүүлэхээр заасан тохиолдолд Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулиар Хур системээс шүүгээд, зөрүүтэй байдлыг арилгах боломжтой. Гэтэл тус краныг зайлшгүй Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлэхээр заагаагүй зүйлийг Хур системээс шүүгээд, зөрүүтэй байна гэдэг шийдвэрийг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ердийн тэвшигтэй гэдэг асуудал яриад байгаа. Хур системд ердийн тэвшигтэй гээд бүртгэсэн байна, бүртгэсэн нь 02 улсын дугаартай авто кран нь зөрсөн байна гэдгийг Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2686 дугаартай албан бичигт дурдсан байгаа. Гэтэл яагаад Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай албан бичигт энэ талаар дурдаагүй вэ? Ердийн тэвштэй гэж Авто тээврийн үндэсний төв бүртгэсэн байна, зөрж байна гэдэг. Худалдан авах ажиллагааны газрын үндэслэл болгоод байгаа ZOOMLION SQ200 зөвхөн хуулга хэлбэрээр байгаа. Гэтэл авто краны арлын дугаар Барилга, хот байгуулалтын яамны улсын бүртгэлийн гэрчилгээтэй таарч байгаа нь нотлогддог. Иймд тус үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газар тухайн тендерийн шалгаруулалтад заасан шаардлагад тохирсон бичиг баримтыг шаардах ёстой. Тус бичиг баримт ямар нэг байдлаар зөрүүтэй байгаа тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар тодруулга авахаар хуульчилсан. Тодруулга авахаар хуульчилсныг шүүх хуралдааны явцад хариуцагч нар тодруулгыг зөвхөн Хур системээс авсан, түргэн шуурхай төрийн үйлчилгээг түргэн шуурхай явуулахын тулд Хур системээс авахад болно гэж үзээд байгаа. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлд зайлшгүй төрийн үйлчилгээ хурдан шуурхай байхыг баримтлах биш, тухайн тендерийн шалгаруулалтын шаардлагад нийцсэн эсэхийг бодит, үнэнд тулгуурлаж зөрүүг арилгуулахаар зохицуулсан зохицуулалт байгаа. Өнөөдөр хурдан шуурхай явуулах гэж байгаа гээд ямар ч Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлэх шаардлагагүй механизмыг Хур системээс шүүж, үүнд байхгүй байна, зөрж байна гэх зүйл биш. Тендерийн баримт бичигт тухайн краны улсын бүртгэлийн гэрчилгээг хаанаас авсан, Барилга, хот байгуулалтын яамнаас оролцсон байгаа. Барилга, хот байгуулалтын яамнаас тодруулгыг авах ёстой байсан. Гэтэл Хур системээс шүүж аваад байгаа нь үндэслэлгүй. Иймд тендер шалгаруулалтын баримт бичгийг тодруулах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны газар буруу явуулснаар манай компанийн тендерийн баримт бичгийг шаардлагад нийцэхгүй гэж үзэх үндэслэл болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн дээрх төсөл, арга хэмжээний тендерийн баримт бичгийг боловсруулан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн үндэсний өдөр тутмын сонин болон худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан нийтэд зарласан байна. Тендерийн урилгад заасны дагуу тус төсөл, арга хэмжээний нээлтийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 40 минутад хийсэн бөгөөд тендер шалгаруулалтад нийт 5 компани тендер ирүүлсэн. Эдгээр компаниудаас ирүүлсэн үнийн санал, тендерийн баталгааг цахим системээс татаж, нээлтийн тэмдэглэл хөтлөн дараах байдлаар баталгаажуулсан. Үүнд:

Д/д

Тендерт оролцогчийн нэр

Тендерийн үнийн санал /төгрөг/

Тендерийн үнийн хөнгөлөлт

Тендерийн баталгаа ирүүлсэн эсэх

1

М ХХК

3,285,202,888.0

-

Ирүүлсэн

2

Г ХХК

3,230,147,628.0

-

Ирүүлсэн

3

Д******* ХХК

3,343,945,000.0

-

Ирүүлсэн

4

М ХХК

3,433,238,912.0

-

Ирүүлсэн

5

Т******* ХХК

3,308,513,150.0

-

Ирүүлсэн

Үнэлгээний хороо уг төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хийж, бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах тухай мэдэгдлийг оролцогчдод албан бичгээр нэгэн зэрэг хүргүүлсэн байна.

Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-д заасан автокранд “Д*******” ХХК нь 02 улсын дугаартай машин, механизмыг санал болгосон бөгөөд төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын мэдээллийн сангаас шалгахад 02 улсын дугаартай ердийн тэвштэй Ниссан Дизель маркийн ачааны машин байгаа бөгөөд өргөх байгууламжийн улсын бүртгэл дэх марк Zoomlion ZLJ5 162JSQE, материалд ирүүлсэн фото зураг дахь өргөх байгууламжийн марк Zoomlion SQ200 байгаа нь өргөх байгууламжийн маркийн нэр зөрүүтэй байгаа тул шаардлагад нийцээгүй гэж хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн үнэлгээний хорооны олонхын саналаар “Д*******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан.

Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А-1 дугаар албан бичгээр тендерээс татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлтэй холбогдуулан уг төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад “Д*******” хязгаарлагдмал хариуцлагатай компани гомдол гаргасан тул Сангийн яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2355 дугаар “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу сонгон шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлж, шаардлагатай материалыг Сангийн яаманд хүргүүлсний дагуу 2024 оны 4 дугаар сарын 16-ны өдрийн 03/2686 дугаар бүхий “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай” албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт гомдолд дурдсаны дагуу хянан үзэхэд “... Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 2-т ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд 5 тонн болон түүнээс дээш хүчин чадалтай авто кран нэг ширхэг шаардлагатай” гэж, ТШЗ 19.2-ын 2-т “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а) Тендерт оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй...” гэж заасан байна. “Д*******” ХХК-ийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон 02 улсын дугаартай Ниссан маркийн авто краны мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын мэдээллийн сангаас захиалагчийн татсан лавлагаагаар 02 улсын дугаартай Ниссан маркийн ердийн тэвштэй автомашин байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна” гэж мэдэгдсэн.

Мөн Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2713 дугаар “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгээр “... 14 дүгээр зүйлийн 14.6.3 дахь заалт, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.13-т заасныг үндэслэлийн дагуу дээрх тендер шалгаруулалтад оролцсон “Д*******” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тендерийн баталгааг улсын орлого болгохыг даалгасан. Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А-1/1635 бичгээр Худалдаа хөгжлийн банканд улсын орлого болгох тухай албан бичгийг хүргүүлсэн болно. Сангийн яамны мэдэгдлийн дагуу үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тендер шалгаруулалтыг дахин зарлаж, тендерийн нээлтийг хийхэд нэхэмжлэл гаргасан “Д*******” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон бусад 9 компани тендерийн материалыг ирүүлээд байгаа бөгөөд үнэлгээний шатанд хянагдаж байна. Иймд дээрх төсөл, арга хэмжээний үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийтийн эрх ашгийн шаардлага нийцээгүй гэх асуудал яригдсан. Тус дотуур байрны барилга ******* аймаг, Б суманд нэг ч компани шалгараагүй. Хэрэв компани шалгарсан бол энэ асуудал өнөөдөр өөрөөр явагдана. “Д*******” ХХК-ийн лавлагааны бүртгэлийг үл харгалзан тус компанийн шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан бол өнөөдөр ашиг сонирхлын зөрчлийн асуудлууд хөндөгдөх байсан. Тус шаардлагад нийцээгүй гэдэг нь Сангийн яамны буюу Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрээр, эрх бүхий этгээдийн шийдвэрээр шаардлага нийцэхгүй байгаа нь тогтоогдож байгаа. Мөн тус шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасныг баримтлан үнэлгээний хороо үндэслэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан тодруулга авах асуудлыг ярьж байна. Бид хуулийг дураар тайлбарлахгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлд тодруулга нь тодорхойгүй асуудал гэж яригдсан байгаа. Иймд Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанд бүрэн үндэслэн шийдвэр гаргаж байгаа асуудалд бид тодорхойгүй гэж үзэхгүй.

Улсын төсвийн хөрөнгийг царцаахаас илүү, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тоног төхөөрөмж нь шаардлагад нийцэхгүй байгаа Сангийн яамны шийдвэртэй компанийг шалгаруулаад, тус дотуур байранд барьж, байрлах этгээдүүдийн үндсэн эрхэд ямар нэг байдлаар хохирол учруулахад хэн хариуцах вэ? Улсын төсвийг царцаах асуудлыг бид нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоос дээгүүр тавих байсан уу? Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу үнэлгээг явуулсан. Эрх бүхий этгээдээс хөтөлж байгаа мэдээллийн санд байгаа нийтэд нээлттэй мэдээллийг үндэслэн үнэлгээг явуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар хууль үндэслэх зарчимд бүрэн нийцсэн гэж үзэж байна. Иймд хууль бус шийдвэр гаргахыг шаардсан тус компанийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн баримт бичигт зааснаар 02 дугаар сарын 17-ны өдөр Тендер сонгон шалгаруулах тухай журмын 19.2-т зааснаар техникийн чадавх болон туршлагын шаардлагын нотлох баримт бичгийн маягт 5 дугаар бүлэгт зааснаар Хур системээр дамжуулан шалгаж үзнэ гэсний дагуу шалгасан. Лавлахад 02 улсын дугаартай ердийн тэвштэй ачааны машин байсан. Үүгээр манайх татгалзсан. Тендерийн баримт бичигт заасны дагуу цахим системээр дамжуулан татах ёстой байдаг. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэдээллийн сангаас шалгахад Ниссан маркийн ердийн тэвштэй автомашин байна гэсэн лавлагаа, тодорхойлолт ирсэн. Үүний дагуу манайх тендерээс татгалзсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “Д*******” ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1 дугаартай шийдвэр хууль бус болохыг болон тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “анхнаасаа краны зориулалттай автомашин бөгөөд Барилга, хот байгуулалтын яамнаас манипуляторт кранаар бүртгэсэн байгааг анхаараагүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

3. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1 тоот мэдэгдлээр “танай тендер ... дараах шаардлагыг хангаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна ... уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдье” гэсэн.

4. Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2686 тоот албан бичгээр “... захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариу хүргүүлсэн.

5. Төрийн худалдан авах ажиллагааны газраас,

5.1. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “XIII.1.1.260 Дотуур байрны барилга/*******, Б сум/ төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтыг зарласан байна.

5.2. 2024 оны 03 дүгээр сарын 13-ны өдөр тендер шалгаруулалтыг нээсэн байх ба тус тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1 дэх хэсгийн ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, хэрэгсэл гэсэн 2 дахь хэсэгт “Автокран, 5 тн болон түүнээс дээш, 1 ширхэг” гэсэн шаардлагад “Д*******” ХХК-иас МТ24/001 тоот “Авто кран түрээслэх тухай гэрээ”-ний үндсэн дээр Р.Д*******гийн өмчлөлийн 02 улсын дугаартай тээврийн хэрэгслийг санал болгож,

- 02 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

- Барилга, хот байгуулалтын яамны 2023 он 05 дугаар сарын 04-ний өдрийн өргөх байгууламжийн улсын бүртгэлийн тодорхойлолт,

- машины фото зураг зэрэг баримтуудыг хавсарган хүргүүлсэн байна.

5.3. Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар дээрх тендер шалгаруулалтад оролцсон 5 компанийн тендерүүд бүгд шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан.

5.4. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А1/1393 тоот албан бичгээр энэхүү шийдвэрийг болон тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэснийг “Д*******” ХХК-д мэдэгдсэн.

5.5. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Дотуур байрны барилга /*******, Б сум/ төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх” тендер шалгаруулалтыг дахин зарласан.

6. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тендер шалгаруулалтыг дахин нээж, 05 дугаар сарын 30-ны өдөр тус тендер шалгаруулалтад оролцсон 10 компанийн тендерээс мөн шаардлагад нийцээгүй гэж татгалзсан тухайд болон тус тендер шалгаруулалт нь амжилтгүй болсон тендер шалгаруулалтын төлөвтэй байгаа тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан нь тендерт санал болгох техник төхөөрөмжид тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт урьдчилан тодорхойлох, уг тодорхойлсон хүрээнд тендерийг үнэлэх үүргийг хариуцагчид ногдуулсан агуулгатай байна. 

8. Тухайн тохиолдолд хариуцагч нь “Дотуур байрны барилга /*******, Б сум/ төсөл, арга хэмжээ”-ний ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гэсэн 2 дахь хэсэгт “Автокран, 5 тн болон түүнээс дээш, 1 ширхэг” гэж заасан атлаа нэхэмжлэгч хуулийн этгээдийг уг шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал,

8.1. Кран-толь бичиг, 1-р хэсэг: Ерөнхий нэр томъёо 4306-1:2010 стандартад “Дэгээ болон ачаа өргөх бусад тоноглолын тусламжтайгаар орон зайд ачааг өргөх ба шилжүүлэхэд зориулагдсан, үечилсэн ажиллагаатай машин” гэж краныг тодорхойлсон байх ба 1.1.3.6-д “шилжүүлэх болон байрлуулах боломжтой хөдөлгөөнтэй эсхүл хөдөлгөөнгүй хөвөгч дээр суурилсан кран”-ыг хөвдөг кран, 1.1.3.10-т “Өөрөө явдаг сумт (1.1.3.3), цамхагт (1.1.3.4), төмөр замын (1.1.3.5), хөвдөг (1.1.3.6) болон эргийн гадна байрладаг кранаас бусад төрлийн сумт кран”-ыг сумт кран, 1.3.5-д “ажлын үед шилжих боломжтой кран”-ыг шилждэг кран, 1.3.5.1-д “шилжүүлэх механизмаар тоноглосон, ажлын болон тээвэрлэх үед өөрөө явдаг кран”-ыг өөрөө явагч кран, 1.4.1-т “механизм нь гараар хөтлөгддөг кран”-ыг гар ажиллагаатай кран зэрэг олон төрлийн кран байж болохыг тодорхойлсон боловч яг автокран гэж юу болохыг тодорхойлоогүй байна.

8.2. Харин хариуцагч захиргааны байгууллагаас автокран санал болгох тендерийн баримт бичиг боловсруулсан атлаа мөн автокранаа тодорхойлоогүй, “Д*******” ХХК-ийн санал болгосон автомашиныг юунд Автотээврийн үндэсний төвийн бүртгэлд үндэслэн кран биш гэж үзсэн үндэслэлгүй байна. Учир нь:

8.2.1. Тендерийн баримт хавсаргасан, шүүхээс хийсэн үзлэгийн баримтад хавсаргасан фото зургуудаас үзвэл, 02УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь дээрх стандартад заасан “ачаа өргөх шилжүүлэх” төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

8.2.2. Барилга, хот байгуулалтын яамны улсын ахлах байцаагч П.Д*******гаас 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр гаргасан “улсын бүртгэлийн M******* дугаар, Zoomion zlj5 162jsqe маркийн автомашинтай төрөл, 8 тн даацын Р.Д*******гийн эзэмшлийн өргөх байгууламжийг манипуляторт кран” гэсэн өргөх байгууламжийн улсын бүртгэлийн тодорхойлолт тендерийн баримт бичигт авагдсан байна.

8.2.3. Барилга, хот байгуулалтын яамны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07/2076 тоот албан бичигт “… иргэн Р.Д*******гийн өмчлөлийн 02УНС улсын дугаартай Nissan diesel загварын автомашин дээр суурилсан ачаа өргөх төхөөрөмж нь “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-д хамаарах бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн M******* дугаарт бүртгэгдсэн” гэжээ.

8.2.4. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дугаар тушаалаар баталсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 1.3-т “Энэхүү дүрэмд  дараах манипуляторт кранууд хамаарна. Үүнд: а)  авто машин, хийн дугуй, богино арал,  гинжит, тусгай явах анги дээр байрласан, гинжит болон хийн дугуйт тракторын арал, зам төмөр, төмөр зам, чиргүүл, байнгын суурь дээр суурилуулсан, зөөврийн болон өөрөө суурилагддаг (хавсралт 1); гэж, 3.1.5-д “Манипуляторт краны хариуцлагатай метал хийц, эргүүлэг, ослоос хамгаалах хэрэгсэл  зэргийг тусад нь дагнан үйлдвэрлэх аж ахуйн нэгж байгууллага нь барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах”-аар, 5.1.1-д “Энэхүү дүрмийн 5.1.2-т зааснаас бусад манипуляторт краныг “Барилгын тухай хууль”-ийн дагуу ашиглалтад оруулахын өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ” гэж заажээ.

8.3. Дээрхээс үзвэл, хэдийгээр дээрх тээврийн хэрэгслийн үндсэн зориулалт нь тэвштэй ачааны машин байх бөгөөд, өргөх төхөөрөмж суурилуулсан нь илэрхий байх боловч уг машиныг краны зориулалтаар ашиглах боломжгүй гэж үзэхээргүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн санал болгосон иргэн Р.Д*******гийн өмчлөлийн Nissan diesel загварын 02УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь краны зориулалтаар ашиглагдахыг эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул маргаан бүхий акт нь хуулийн 26.9-д заасанд нийцээгүй үзэхээр байна.

9. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасны дагуу “Д*******” ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.1, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д****” ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А1 дугаартай шийдвэр хууль бус болохыг болон тус компанийн тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тус тус тогтоож, “Д*******” ХХК-тай “Дотуур байрны барилга /*******, Б сум/ төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах эрх олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ