Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 01

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох 1728001220112 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

                                                                     Тодорхойлох нь:

 Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын б-р баг Жаал-Уулын 2-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ц.Бийн бие эрх чөлөөнд халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Б гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017.11.05-ны орой нөхөр Н.Б Цагаан хадруу ажилдаа явна гэж байгаад орой хүүтэйгээ хамт эгчийндээ очоод ирье гээд гарсан юм. Орой болоод ирэхгүй байхаар нь залгасан чинь эгчийнд байна гэж хэлсэн. Тэгээд эгчийндээ хоноод маргааш нь  2017.11.06-ны өглөө нөхөр согтуу ирсэн. ...Тэгэхээр нь би унт гэж байгаад унтуулсан. Би 17 цагийн үед охиноо дагуулаад дүүгийн хүүхдийг цэцэрлэгээс авах гээд гарах гэж байхад нөхөр сэрээд чи 2 хүүхдээ хамт аваад яв гэхээр нь чи хүүгээ хараад байж бай гадаа хүйтэн шуургатай байна гэж хэлэхэд Н.Б чи хүүхдээ авч явж байгаа юм бол хоёр хүүхдээ хоёуланг хамт аваад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиноо үлдээхгүй гэж хэлсэн чинь чи намайг дутуу үнэллээ гээд надруу ойртож ирээд баруун гараа зангидаж байгаад миний духруу 1 удаа цохиж авсан. Тэгээд хэрүүл хийгээд байж байхад миний дүү охин Болорчимэг залгахаар нь би утсаа аваад Н.Б намайг зодоод байна цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн тэрийг сонсчихоод хувцас хунараа аваад гадагшаа гараад хашаа даваад яваад өгсөн. Би охиноо аваад цэцэрлэг явах гэхэд босч ирээд чи хүүхдээ алаг үзлээ гээд уурлаад байсан. Тэгээд наад хоёр хүүхдээ хамт үлдээ гэхээр нь чи согтуу байна чамд итгэхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь л босч ирээд миний духруу цохиж авсан. Манай охин миний нөхрийн дагавар хүүхэд байгаа юм. Тэгээд согтуу байхаар нь л итгэхгүй байна гэж хэлсэн юм бусдаар ямар нэгэн асуудал байхгүй. Миний дух хавдсан байсан өөр гэмтэл байгаагүй. Одоо толгой их өвдөж байгаа. Урьд нь нэг их зодоод байсан зүйл байхгүй. Намайг шалтгаангүй их хардаад байдаг. Сая миний духруу 1 удаа цохиж гэмтээсэн. Мөн хол байхдаа намайг утсаар их харддаг байсан. Бид хоёр гэр бүл болоод 4 жил болж байна. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Би тухайн үед уур хүрээд ахдаа Н.Б намайг олон удаа зодсон гэж хэлсэн байх тэгж олон удаа зодоод байсан юм байхгүй. Нэлээд согтуу байсан. Н.Б Цагаан хаданд явж байгаад сая ирсэн. Бид хоёр одоогоор ямар нэгэн харилцаагүй байгаа. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07-р хуудас/,

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017.11,06-ны орой гэртээ байж байхад манай дүү Болорчимэг гэрт ирээд дүү Ц.Бийг нөхөр Н.Б нь зодсон байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өдөр дүү Ц.Бийн гэрт очиход дүүгийн дух нь хавдсан байсан. Яасан гэхэд нөхөр Н.Б өдөржингөө гэрт ирэхгүй байж байгаад согтуу ирээд намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би дүүтэйгээ ярилцаж байгаад урьд нь хэд хэдэн удаа зодсон гэх асуудал гарсан. Тэгэхээр нь би цагдаад хандая гэж шийдсэн юм. Тэгээд би өргөдөл бичээд 2017.11.08-ны өдөр цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн. Манай хүргэн Н.Б манай дүүг зодож байсан гэж сонсож байсан яг зодож байхыг нь бол нүдээрээ хараагүй сая манай дүү нөхөртөө зодуулсан байна гэж сонсоод гэрт нь ирэхэд Ц.Б зодуулсан байдалтай байхаар нь би Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Н.Б нь Цогтцэций Цагаан хад хоёрын хооронд уртын тээвэрт явдаг. Ажилдаа явсан үедээ манай дүү Ц.Бийг байнга дарамтлаад байдаг юм байна лээ би энэ асуудлыг яаж мэдсэн юм бэ гэвэл дүү охин Ц.Брүү залгахаар утас нь холбогдохгүй байдаг. Тэгээд яасан юм бол гээд гэрт нь очиход гар утсаа унтраасан байдаг яагаад утсаа унтраасан юм бэ гэхэд Н.Б утсаар дарамтлаад байна гэж хэлдэг. Ц.Бийг утсаа хаасан тохиолдолд Ц.Бийн ойр орчимд байдаг хүмүүсрүү 20-30 түүнээс дээш залгаж залхаадаг юм утсаа авахаар Ц.Бийг асуудаг юм. Ер нь бол маш их хартай хүн байгаа юм. Мөн 2017.09.01-ний өдөр Ц.Бийг 1-р Цэцэрлэгийн гал тогоонд туслах тогоочоор ажилд оруулсан юм. Тэгэхэд Н.Б Цэцэрлэгийн ахлах тогоочруу нь утсаар залгаад танай байгууллагын манаач болон туслах тогооч нар ямар учраас эрэгтэй хүн байдаг юм бэ гэж хардаж дарамталсаар байгаад ажлаас нь гаргасан байгаа юм. Цагаан хадруу явсан гэсэн хаана явааг нь мэдэхгүй байна. Миний дүүг зодож нүдээд байгаа явдалд гомдолтой байна. Миний дүү Ц.Б бүрэг ноомой аймхай хүн байгаа юм түүнээс болоод манай дүүг дарамтлаад байдаг юм байна лээ. Энэ бүгдэд хуулийн арга хэмжээ авахуулмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой хүүгээ аваад эгчийнхээ гэрт очиж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа явах гээд гадуур явж байгаад найзуудтайгаа нийлж архи уусан. Тэгээд нэлээд согтоод гэртээ очсон. Гэрт очоод унтаж байгаад нэг сэрэхэд эхнэр намайг хүүхдээ хараад байж бай би цэцэрлэг явлаа гэсэн санагдаж байна. Тэгээд би эхнэртэйгээ маргалдсан маргалдаж байгаад би эхнэрийн нүүрлүү 1 удаа цохиж авсан. Тэгээд хэрэлдэж байгаад би гэрээсээ юмаа аваад гараад замын унаанд суугаад Цогтцэций сум явсан юм. Би ажилдаа явах гэхэд эхнэр намайг хүүхдээ хараад байж бай гээд байсан. Тэгэхээр нь эхнэрийг хүүхдүүдээ дагуулаад яв гэснээс болоод муудалцсан санагдаж байна. Согтуу байсан болохоор яг сайн санахгүй байгаа юм. Духыг нь хавтгаж гэмтээсэн юм. Цохиж, зодож байсан асуудал байхгүй. Хэрүүл маргаан бол болдог л юм. Гэрээсээ хол ажилладаг болохоор харддаг асуудал байдаг юм. Би эхнэрээ шалтгаангүй хардаж байсан нь үнэн. Одоо цаашдаа хардахгүй байх болно. Согтуу байсан хааяа архи уудаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11.09-ний өдрийн 552 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ц.Бийн биед тархины доргилт, дух, баруун бугалга, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Хуучин гэмтэл /сорви/ тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 12-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын б-р баг Жаал-Уулын 2-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ц.Бийн бие эрх чөлөөнд халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11.09-ний өдрийн 552 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ц.Бийн биед тархины доргилт, дух, баруун бугалга, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Хуучин гэмтэл /сорви/ тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 12-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Нэхэмжилж байгаа зүйл байхгүй“ гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Н.Б бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна

        Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

      Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

          Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэв.

 

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА